Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/810

 

 

 

 

 

 

 

2024           10           14                                        2024/ШЦТ/810

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Уугантамир,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас И овогт Л-ын Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2403004770715 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Увс аймаг Зүүнхангай суманд төрсөн, *** настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын ХНН-ийн *** замчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүрэг *** хороо *** хороолол *** байр ***  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, И овогт Л-ын Т.

 

Шүүгдэгч Л.Т нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх “Б” сургалтын төвийн мэргэжлийн сургалтын байгууллагад “Төмөр замын замчин” мэргэжлээр төгсөөгүй атлаа “Төмөр замын замчин” хуурамч үнэмлэхийг бусдаас авч улмаар 2020 оноос Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангид замчин мэргэжлээр ажиллаж 2020/274 дугаартай хуурамч үнэмлэх ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Т мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/78 дугаартай албан бичиг. /хэргийн 38 дахь тал/

 

Улаанбаатар Төмөр замын даргын Журам батлах тухай 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А-474 дугаартай тушаал. /хэргийн 39-45 дахь тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 46-61, 114-119 дэх тал/

 

Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан Журам, загвар батлах тухай 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/505, А/267 дугаартай хамтарсан тушаал. /хэргийн 72-84 дэх тал/

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1/190 дугаартай албан бичиг. /хэргийн 87 дахь тал/

 

Мөрдөгчийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 120 дахь тал/

 

Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/798 дугаартай тушаал. /хэргийн 166 дахь ар тал/

 

Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/84 дугаартай тушаал. /хэргийн 167 дахь тал/

 

Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/732 дугаартай тушаал. /хэргийн 167 дахь ар тал/

 

Цалингийн карт, Ажлын байрны тодорхойлолт. /хэргийн 171-173, 174-175 дахь тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т-ын “ ... Тухайн гомдол мэдээлэлд дурдагдаж байгаа 2022/274 дугаартай мэргэжлийн үнэмлэх нь Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангийн замчин Л.Тийн мэргэжлийн үнэмлэх юм.

Л овогтой Т нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангийн захиргаан өргөдөл гаргасныг үндэслэн Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/732 дугаартай тушаалаар Л.Тийг дагалдан замчнаар ажилд авсан.

Үүний дараа Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангийн даргын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/84 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, мөн өдрөөс 2 дугаар зэрэгтэй замчнаар ажилд авсан.

... Тухайн ажилтны хувьд Улаанбаатар Төмөр замтай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэсэн. Түүнд тохирсон цалин хөлс авсан учраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангид хохирсон зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 127-128 дахь тал/

 

Гэрч Ч.Д-ын “... Манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй. Фото цаасан дээр гаргадаг байсан. Манай байгууллагын хувьд архивын нэг гэж хадгалаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 92-95 дахь тал/

“... УБТЗ-д ажиллаж байгаад мэргэжлийн үнэмлэх шаардлагатай ажлын байранд томилогдох гэж байгаа иргэдээс танил тал, миний таньдаг хүмүүсийн гуйлгаар бичиж, гаргуулан авсан мэргэжлийн үнэмлэх байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 108-111 дэх тал/

 

Гэрч С.Х-ы “... Mergejil.mn буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг.

Үүнд сургалтад хамрагдсан сургалцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 98-100 дахь тал/

 

Гэрч С.Б-ийн “... Боловсролын баримт бичиг гэдэг нь тухайн боловсролын түвшний мэдлэг, судлагдахууныг эзэмшсэнийг нотлох баримт бичиг.

... Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв болон мэргэжлийн сургалтын төвийн мэргэжлийн үнэмлэх нь боловсролын баримт бичигт хамаарна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 103-105 дахь тал/

 

Гэрч А.Н-ийн “ ... Л.Т нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дагалдан замчнаар томилогдон өнөөдрийг хүртэл замчнаар 3 жил 6 сар тасралтгүй ажиллаж байна. Одоо Замын 2 дугаар ангийн 7 дугаар хэсэгт 3 дугаар зэрэгтэй замчнаар ажиллаж байна.

Замчин ажилтай Л.Т нь Улаанбаатар Төмөр замын ХНН-ийн Замын 2 дугаар ангид замчнаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нийт цалин 76,821,345 төгрөг бодогдож, үүнээс хувь хүний орлогын албан татварт 6,124,526 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 8,827,272 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн татварт 747,749 төгрөгийг суутгуулж гарт 61,121,798 төгрөгийн цалин авсан байна ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 134 дэх тал/

 

Гэрч В.Г-ийн “ ... Л.Т нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагын захиргаанд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Б” сургалтын төвд суралцаж замчин мэргэжлээр төгссөн тул ажилд аваач гэж өргөдөл гаргасны үндсэн дээр Улаанбаатар Төмөр зам ХХН-ийн даргын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/474 тоот тушаалаар батлагдсан “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх журмыг баримталж сонгон шалгаруулалтад оруулж, шалгалт авах аргыг хэрэглэж ажилд авсан.

Гол шалгуур нь Төмөр замын замчин мэргэжлийн үнэмлэх, Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, шалгалтын материал зэрэг байдаг. Л.Т нь ажилд орохдоо манай байгууллагад 2020/274 дугаартай ОУЗХАҮ-ийн институтийн дэргэдэх “Б” сургалтын төвийн Төмөр замын замчин гэсэн мэргэжлийн үнэмлэхтэй ирсэн. Төмөр замын замчин гэсэн мэргэжлийн үнэмлэх нь ажилд авах гол шалгуур бөгөөд тухайн үнэмлэхгүй бол манай байгууллагын журмаар ажилд томилох боломжгүй юм. Мөн Төмөр замын замчины ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлага дээр бүрэн дунд боловсролтой, Төмөр замын замчин мэргэжилтэй, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн байх гэж заасан байдаг. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 137-138 дахь тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2494 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 2020/274 дугаартай Л овогтой Т гэсэн нэртэй Мэргэжлийн үнэмлэх гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Дээрх үнэмлэхийг энгийн цаасан дээр энгийн хэрэглээний лазер хортой хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна.

3. Дээрх үнэмлэхийн зүүн доор “Сургалтын төвийн захирал” гэсэн хэсэгт байх “Улаанбаатар хот Олон улсын зам харилцаа аж үйлдвэрийн институт ТББ, 1119279318, 8304017, АМТ703196” гэсэн дугаартай, баруун доор байх “Ягбу ХХК, сургалтын алба” гэсэн тэмдгийн дардсууд нь улаан өнгийн будагчтай бараар дарагдсан байна. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 145-148 дахь тал/

 

Л.Тийн яллагдагчаар өгсөн “... Би өөрийн эзэмшсэн вагон үзэгч мэргэжлээр ажилд орох гэсэн боловч тухайн үед орон тоо дүүрэн гэдэг шалтгаанаар ажилд орж чадаагүй юм.

Тэгээд 2020 оны 4,5 сарын үед байх яг хэзээ гэдгийг нь санахгүй байна нэг танил хүн маань facebook сургалтын төв байдаг гэдэг мэдээллийг аваад тэр танил хүнээрээ дамжуулаад Төмөр замын замчин гэсэн мэргэжлийн үнэмлэхийг худалдаж 1,000,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Би өөрийн худалдан авсан үнэмлэхээ үзүүлж Улаанбаатар Төмөр замд өргөдөл материалаа өгөөд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 161 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Л.Т нь ОУЗХАҮ-ийн институтийн дэргэдэх “Б” сургалтын төвд Төмөр замын замчин мэргэжлээр суралцаагүй мөртлөө Төмөр замын замчин мэргэжлээр 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус төвийг замчин мэргэжлээр төгссөн мэргэжлийн 2022/274 дугаартай үнэмлэхийг бусдаар гаргуулан авч, улмаар уг мэргэжлийн үнэмлэхийг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангид төмөр замын замчнаар ажиллажээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Л.Т нь ОУЗХАҮ-ийн институтийн дэргэдэх “Б” сургалтын төвийн Төмөр замын замчин мэргэжлээр төгссөн боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Улаанбаатар Төмөр замын Замын 2 дугаар ангид замчинаар ажилласан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн /хэргийн 127-128 дахь тал/ байх тул шүүгдэгч Л.Тийг төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Тийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгож, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2022/274 дугаартай мэргэжлийн үнэмлэх 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Л.Т баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Л-ын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Тийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Т торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Т торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Л.Т баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2020/274 дугаартай мэргэжлийн үнэмлэх 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ