Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2019/00542

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц овгийн З Э  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х  овгийн Д Т  холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 789 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, гэрч Ц.У, Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч Д.Т с 2017 оны 12 сарын 15-нд Nissan patrol Ү-61 маркийн жийп авто машины хуучин ZD30101973 А дугаартай моторыг ярилцан үнэ тохиролцож 2 300 000 төгрөгөнд бодож худалдаж авсан билээ. Тухайн үед Д.Т нь өөрийн хуучин муу, асдаггүй эвдэрхий мотороо бараг шинэ шахуу гэж худлаа ярьж зарсан. Энэ моторын талаар олон хүн надтай уулзаж ийм ч юмыг нь тийм ч юмыг нь зарчих, Моннис-ийнхан хүртэл над дээр ирж түлшний өндөр даралтын насосыг нь салгаад зарчих гэж гуйж байсан, би бүхлээр нь зарна гээд салгаж өгөөгүй, энэ моторыг чи тавиад л шууд түлхүүр түлхээд л асна, 100 километрт 8 литр түлш иддэг жоохон хүч муутай. Би өөрөө ГОК-ын чадалтай том мотортой машин унаад муу зан сурчихаж тэгээд зүгээр байсан мотороо авч оронд нь ТD-42 гэдэг чадалтай мотор авч тавьсан гэх мэтийн янз бүрээр толгойг эргүүлж би 2 300 000 төгрөгөө бэлнээр өгч худалдаж авсан. Ингээд мотороо тавиулан тэргээ асаах гэсэн боловч уг мотор асах битгий хэл тэсрэх ч үгүй дүлий байсан тул аргаа бараад Т утсаар дуудан авч ирч өөрөөр нь чирүүлэн асаах гэсэн боловч асаагүй. Тэгээд Т ...би хүн авч ирч цагаан сараас өмнө тэргийг чинь асааж өгнө гэж хэлээд явсан хэдий боловч өдийг хүртэл сураггүй, утсаа авахаа болиод байна. Энэ хүн зориуд санаатайгаар хөгшин хүнийг хуурч залилан мэхэлж луйврын үйлдэл хийж иргэн намайг хохироож байна. Уг моторыг Орхон аймаг дахь Ниссан моторс ХХК-аар компьютер оношилгоог хийлгэсэн баримт дээр тодорхой байна. Иймд иргэн намайг залилан мэхэлсэн иргэн Д.Т миний хохирол болох моторын үнэ 2 300 000 төгрөг, моторонд хийгдсэн тос тосолгооны материал 290 000 төгрөг, мотор тавиулсан 150 000 төгрөг, тээврийн зардал 35 000 төгрөг, оношилгоо үйлчилгээний хөлс 15 000 төгрөг зэрэг бүгд 2 789 000 төгрөг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...З.Э гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч З.Эрдэнэсүх нь намайг залилж хуурч мэхлээд мотор зарсан тухай бичсэн байна. Би Ниссан патрол Ү-61 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч бөгөөд 2017 оны 12 сарын эхээр өөрийнхөө тээврийн хэрэгсэлийн моторыг илүү хүчин чадалтайгаар сольж тавиулсан болно. Миний зарсан мотор нь зүгээр ажиллаж байсан бөгөөд би машиныхаа моторын хүчин чадлыг илүү сайжруулахаар сольж тавьсан болно. Тэгээд З.Э нь миний мотор сольсныг сайн мэдэж байсан тул миний моторыг худалдаж авах талаар санап тавьсан юм. Надаас авсан моторыг миний машинд ажиллаж байсан талаар сайн мэдэж байсан учраас надаас худалдаж авсан болно. Би машиныхаа моторыг Цагаанчулуутад байдаг засварын газрын засварчин Ганхуяг гээд хүнээр солиулсан юм. Би ажилгаагүй мотор зарахгүй тийм ч хүнийг залилдаг хүн биш. Намайг эвдэрхий, хуучин муу асдаггүй мотороо бараг шинэ шахуу моторын үнээр зарсан гээд байгааг ойлгохгүй байна. Миний мотор урьд нь задаргаа ороогүй ба З.Эрдэнэсүх нь надаас мотор авснаас хойш чаддаг чаддаггүй олон хүнээр үзүүлж, порсункийг хүртэл сольсон гэж байсан. Тэгэхээр задаргаа ороогүй моторыг одоо задаргаа орсон моторын хооронд ялгаа байгаа шүү дээ. Анх миний өгсөн мотор мөн эсэхэд эргэлзээтэй байна.

Тухайн үедээ З.Э надад хандаж нөхцөл байдлын талаар ярьж байгаагүй, гэнэт хэдэн сарын дараа шүүхэд хандсан байна. Тэр үедээ хүний моторыг элдэв хүнээр задлуулж эвдэрхий болгож байхын оронд надад буцаагаад аваад ирэхгүй яасан юм. Тэгвэл би газар дээр нь яасан талаар шалгах байсан юм. Би одоо итгэхгүй байна. Би нэхэмжлэгчийн нэхээд байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй гэж бодож байна. Би мотор зарсан болохоос машинд нь хийгдсэн моторын тосны үнийг төлөх учиргүй гэж бодож байна. Тухайн үед өвлийн хүйтний үе байсан тул машинаа дулаан гражид тавьж мотороо солиулаагүй байх гэж бодож байна. Тэгээд машин нь асахгүй болохоор намайг хуучин эвдэрхий мотор өгсөн гээд элдэв хүнээр задлуулж өөрөө эвдэлсэн байна гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Э хариуцагч Д.Т холбогдуулан моторын үнэ 2 300 000 төгрөг, моторонд хийгдсэн тос тосолгооны материал 290 000 төгрөг, мотор тавиулсан 150 000 төгрөг, тээврийн зардал 35 000 төгрөг, оношилгоо үйлчилгээний хөлс 15 000 төгрөг, нийт 2 789 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан. Хариуцагч Д.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа.

2017 оны 12 дугаар сард З.Эрдэнэсүх Д.Т Nissan patrol Ү-61 маркийн жийп авто машины хуучин моторыг 2 300 000 төгрөгөөр худалдаж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа ба хариуцагч энэ тухайд маргаагүй.

Нэхэмжлэгч уг моторыг доголдолтой, ажилладаггүй байсан гэж, хариуцагч доголдолгүй ажиллаж байсан моторыг хүлээлгэн өгсөн гэж маргаж байгаа. Зохигчдын хооронд худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн байна.

Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх үүрэг хүлээдэг.

Нэхэмжлэгч худалдан авсан мотороо 2017 оны 12 дугаар сарын 15-нд автомашиндаа тавьсан боловч машин асаагүй, мотор доголдолтой байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Э.Галдангийн мэдүүлэг, Моннис моторс засварын газрын засвар үйлчилгээний хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.

Мөн хариуцагч В.О гэх хүний эзэмшлийн автомашины моторыг нэхэмжлэгчид зарсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул энэ нь эрхийн зөрчилтэй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна.Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сард моторын доголдлыг илрүүлснээс хойш 2018 оны 04 дүгээр сард шүүхэд гэрээг цуцлах тухай шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д нийцэж байна.

Иймд хариуцагч Д.Т худалдах, худалдан авах гэрээний үнэ 2 300 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Э олгож нэхэмжлэлийн шаардлагаас моторонд хийгдсэн тос тосолгооны материал 290 000 төгрөг, мотор тавиулсан 150 000 төгрөг, тээврийн зардал 35 000 төгрөг, оношилгоо үйлчилгээний хөлс 15 000 төгрөг, нийт 489 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь дээрхи зардлууд нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан доголдлыг арилгахад гарсан зардалд хамаарахгүй, түүнчлэн Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д зааснаар өөрийнх нь хариуцах зардал юм.

Хариуцагч нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан буюу эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээж авсан гэж маргаж байгаа боловч автомашинаас салгасан байсан моторыг / хөдөлгүүр / дахин автомашинд суурилуулж, ажиллуулж байж доголдол илрэх боломжтой тул нэхэмжлэгчийг доголдлыг мэдэх боломжтой байхад эд хөрөнгийг хүлээж авсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн хариуцагч З.Э байгаа мотор миний худалдсан мотор гэдэг нь эргэлзээтэй гэсэн тайлбар гаргаж байгаа боловч тэрээр нэхэмжлэгчид байгаа моторыг өөрийнх нь зарсан мотор биш болохыг нотолсон баримтыг ирүүлээгүй.

Иймд нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 51 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Т 2 300 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Э олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 489 000 төгрөг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 750 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 51 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Р.ҮҮРИЙНТУЯА