| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0419/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/426 |
| Огноо | 2024-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/426
2024 10 18 2024/ШЦТ/426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Н.Д
Хохирогч А.Ж
Хохирогчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш-т холбогдох эрүүгийн 2425003030496 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.Ш
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Ш нь 2024 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэр Sugar баарны гадна насанд хүрээгүй хохирогч А.Ж-г гар утсаа авъя гэснээс маргалдан улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн хацар, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ “Хохиролд 500 000 төгрөг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид хохирогчийн нэхэмжлэх төлбөрийг төлнө. Эрүүгийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч А.Ж мэдүүлэхдээ “Сорвио арилгуулмаар байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Насанд хүрээгүй хохирогч А.Ж-гийн “2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Найрамдал багийн Их хаадын цуваа байрны гадаа тоглож байгаад гэртээ орох гэтэл түлхүүр байхгүй эгч Г руу залгахад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шугар бааранд ирээд авчих гэхээр нь яваад очсон. Тэгээд очсон чинь хамт явцгаая гэж эгч хэлсэн. Тэгэхээр нь би бааранд ундаа уугаад хүлээгээд сууж байтал Г ах үл таних хоёр гурван залуучуудтай бүЖ-ийн талбай дээр маргалдаж байсан. Тэгэхээр нь ахыгаа авах гээд очиход мөнгөн гинжийг нь гартаа ороочихсон байсан. Тэр гинжийг нь гартаа барьсан байсан ахыг сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд би буцаад сандал дээрээ очоод сууж байгаад 5-10 минут орчмын дараа гар утсаа гаргаж ирээд харах гэтэл байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь эгч Г-д хэлсэн. Бид хоёр гадаа гараад гар утас руу маань залгахад шивээстэй залуугийн халааснаас гарч ирсэн. Тэгснээ жижиг биетэй залуу нь манай С ахыг шууд цохиод авсан. Шивээстэй залуу нь намайг машинаас бууж ирэхэд шууд цохиод унгачихсан. Тэгсэн миний нүүрнээс цус гараад би эмнэлэг орж оёдол тавиулсан. Гарч ирээд явж байхад жижиг биетэй залуу, шивээстэй залуу хоёр эмнэлгийн ойролцоо явж байхаар нь Г эгч цагдаа дуудаж өгнө гэхээр нь би жижиг биетэй залууг бариад авсан. Тэгж байгаад шивээстэй залуу намайг ахиж цохиод авсан. Би тухайн шивээстэй залуутай маргалдаагүй. Гар утас маань халааснаас нь гарч ирсний төлөө эгчийг минь хэл үгээр янхан, гичийгээр дуудсан. Тэгтэл цаанаас С ах эгчийг өмөөрсний төлөө жижиг биетэй залууд цохиулсан. Шивээстэй, цээж нүцгэн залуу миний биед халдаж цохиж зодсон. Өөр хүн цохиж зодоогүй. Зүүн талын нүдний доод хэсэгт нийт найман оёдол тавиулсан байгаа. Одоо өвдөж хавдсан зүйл байхгүй. С ахыг жижиг биетэй залуу цохисон. Г, П хоёрыг ухаан алдуулчихсан байсан. Хэн цохиж зодсоныг хараагүй. Г эгч хүнд цохиулж зодуулаагүй. Миний гар утас самсунг маркийн А-90 загварын гар утас. Гар утасны хувьд ямар нэгэн гомдол, санал байхгүй. Буцаагаад бүрэн бүтэн байгаагаар нь авчихсан. Харин нүдний шил, чихэвч хоёр алга болчихсон хулгайд алдсан эсвэл хаясан уу хэлж мэдэхгүй байна. Намайг ганцхан Ш гэх залуу л цохиж зодсон. Сорвио арилгуулмаар байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 17, 18-р тал/
2. Гэрч Г.Г-ын “2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шугар” бааранд нөхрийн хамт орсон. Манай дүү харих гээд түлхүүр алга гэхээр нь байгаа баарандаа хүрээд ир цуг явъя гээд дуудсан. Удалгүй дүү маань нөхөр бид хоёр дээр ороод ирсэн. Тэгж байгаад гар утсаа нэг газар тавиад алга болгочихсон. Гадаа гараад гар утас руу нь залгахад намхан биетэй танихгүй залуугийн өмдний халаасанд манай дүүгийн гар утас дугарч таараад гаднах кэйсээр нь хараад таньсан. Тэгээд шууд хүүе дүүгийнхээ гар утсыг авъя та нар авчихсан байна шүү дээ гэж хэлээд авсан. Урдаас намайг хэл үгээр гичий минь зайл согтуу авгай гэх зэрэг үгээр доромжилсон. Тэгтэл манай дүү та эмэгтэй хүнийг гичий гэж хэллээ гэсний төлөө чамаас боллоо гээд шууд миний дүү рүү дайраад барьж аваад зодчихсон. Намайг гичий, согтуу авгай гэж доромжилсон болохоос биш муудалцаагүй. Манай дүү намайг өмөөрөөд та яахаараа эмэгтэй хүнийг гичий, ал гэж дууддаг юм гэж хэлсэнд дургүйцэж чамаас боллоо гээд дүүг минь ухаан алдаж унатал хоёр гурван залуу зодсон. Миний бие оройны үйл явдлаас болж зүрх өвдөөд байгаа тул мэдүүлгийг зогсоомоор байна. ...Тэгээд дүүгээсээ хаанаас гар утсаа алдсан юм гэж асуухад цамцных нь халаасанд байсан гэж хэлсэн. Манай дүүгийн гар утас алга болоод баарны гадаа гараад санамсаргүй залгаж үзэхэд манай дүүг цохисон гэх шивээстэй Ш гэх залуугийн өмдний халааснаас гарч ирсэн. Намайг Ш хэл үгээр янхан, гичий, банзал, ал минь гэж хэлсэн. Манай нөхөр, ажлын газрынх нь залуу болох Г хоёрыг шүүхийн шийдвэрт ажиллахаар ирсэн гэх хоёр залуу гараараа цохиж зодсон Ш бас манай нөхрийг ухаан алдтал цохисон. С, Ж хоёрыг шивээстэй Ш гэх залуу цохиж зодсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 22, 24-25, 33-р тал/
3. Гэрч Т.Ж-ийн “2024 оны 06 дугаар сарын 02-аас 03-ныг шилжих шөнө эхнэр Г, найз Г, С нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шугар” баарны караоке орох гэсэн цаг байхгүй гэхээр нь баар луу нь орцгоосон. Тэнд танихгүй хоёр гурван залуучууд бид нарыг өдөөд байсан. Манайхны гар утас, гинжийг авлаа гэж сонсогдож байсан.Тэгсэн над дээр намхан биетэй залуу ирээд маргалдах гээд байхад эхнэр холдуулсан. Гараад такси үйлчилгээ дуудаад явах гэтэл баарны үүдэнд манайхны дуу гараад орилж хашхиралдаад байсан. Тэгэхээр нь Г бид хоёр гүйгээд очсон. Тэгсэн урдаас нэлээн хэдэн залуучууд ирээд бид хоёрыг цохиж авсан. Намайг хар өнгийн цамцтай залуу хажуунаас цохиж унгаасан. Тэгээд эхнэр намайг машинд суулгаад цагдаа нар ирээд явцгаасан. Тэрнээс цааш би санахгүй байна. Ер нь манай дүү Ж-ийн гар утас алга болоод утсаа олж авсны төлөө тухайн зодоон болсон байсан. Шүүхийн шийдвэрт ажилладаг гэх өндөр биетэй хар цамцтай залуу цохиж авсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-р тал/
4. Гэрч Б.Г-ийн “2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр миний бие ажлын газрын П, С нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шугар” баар луу орсон. Тэнд П-ийн эхнэр Г.Г, таньдаг эгч нь нөхөртэйгээ нийлээд бид зургаа сууж байтал Г.Г-ын дүү 17 настай эрэгтэй Ж гэх хүүхэд ирсэн. Тэгсэн бүЖ-ийн талбай дээр бүжиглэж байтал үл таних залуутай юунаас болж муудалцсанаа санахгүй байна. Нэг мэдсэн миний гинжийг тас татаад хаячихсан байсныг Г хараад авсан байсан. Тэгээд гадаа гараад зогсож байтал Шүүхийн шийдвэрт ажилдаг гэх өндөр бор царайтай залуутай уулзаад юм яриад зогсож байтал хажуугаас нэг жижиг биетэй шар царайтай залуу намайг цохиод авсан. Хаашаагаа яаж цохиулснаа санахгүй байна. Тэнд байсан хүмүүс салгасан. Найз Пийн хамт цаашаа явж байтал баарны гадаа үл таних хоёр гурван залуучууд орилж хашхиралдаад байсан. Тэгээд би тэд нар дээр очоод хэн нэгэнд нь ухаан алдаж унтлаа цохиулсан. Тэгээд би харьж явах замдаа машин дотор сэрсэн. Цааш юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-р тал/
5. Гэрч Н.С-ын “2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр би ажлын газрын П ах, эгч Г, Г бид дөрөв Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шугар” баар орсон. Караоке орох гэтэл ширээ байхгүй гээд баар орсон. Шөнийн 00 цагаас 01 цаг хүртэл суусан. Тэр хугацаанд П ахыг бүжиглэж байхад нь намхан биетэй залуу мөрлөөд өдөөд байсан. Тэгж байгаад тухайн залуу яваад өгсөн. Цуг харих гээд Жг эгч Г нь бааранд дуудсан. Ж ирээд удаагүй явах гэж байтал гар утас нь алга болоод Г эгч гадаа гараад утас руу нь залгахад хүзүүн дээрээ шивээстэй залуугийн халааснаас утас нь гарч ирсэн. Тэгээд утасыг нь аваад явах гэтэл Г эгчийг хэл үгээр янхан гичийгээр доромжлоод байсан. Г эгчийг би өмөөрч намхан биетэй залуутай муудалцсан. Барьцалдаж авсан чинь хүмүүс салгасан. Явах гэтэл өөр танихгүй залуучууд гарч ирээд зодоон болсон. Г, П ах нарыг шар үстэй залуу цохиж унгаасан. Намайг буланд дээрээс хэн нэгэн цохиод байсан би танихгүй мэдэхгүй байна. Жг хэн цохисныг би хараагүй Г эгч зодуулаагүй” гэх мэдүүлэгэ /хх-ийн 31-р тал/
6. Гэрч Б.О-ийн “2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр найз Н, ажлын газрын ах Б түүний эхнэр бид дөрөв Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Шугар баар орсон. Бааранд ууж идээд бүжиглэсэн. Ажлын газрын ах Б түүний эхнэр түрүүлээд яваад өгсөн. Тэгсэн Н бид хоёр тэр хоёрын араас гарч гэртээ ирсэн. Тэгтэл Н Б ахын эхнэрийнх нь утас цэнэглээд үлдээсэн очиж авъя гэхээр нь буцаж очиход баарны гадаа зодоон болж байсан. Зодолдож байсан хүмүүс цээж нүцгэн шивээстэй залуучууд харагдаад байсан. Тэгтэл цагдаа дээр гомдол гаргаад байсан эгч над руу дайраад байсан. Учир нь чи намайг хайраа гэж дуудлаа гээд сонин юм яриад байсан. Бид хоёр маргалдаж цохиж зодсон зүйл байхгүй. Харин гомдол гаргасан эгч тэр хавиар хамаг хүмүүсийг буруутгаад та нар бүгд нийлээд бид нарыг зодлоо гээд орилж хашхираад гүйгээд байсан. Би хэнтэй ч зодолдоогүй. Хэнийг ч очиж айлгаж дарамталсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 35-р тал/
7. Гэрч Б.Н-ийн “Би тэр өдөр Төгсбаяраас салаад Т гэх охинтой уулзахаар явсан. Тэгээд орой над руу Төгсбаяр зодуулчихлаа Шугар баарны гадаа хүрээд ир гэж дуудсан. Тэгээд яваад очтол нүүр ам нь цус болчихсон байсан. Би юу болсон талаар асуухад тамхи билүү гал асуугаад цохиулчихлаа гэж надад хэлсэн. Дөнгөж очоод байж байтал юу болсныг би ойлгоогүй. Тэнд баахан хүмүүс маргалдаад байсан. Төгсбаярыг тэнд байсан хүмүүсээс салгаад байхад тэр хүмүүс руу дайраад очиж зодоон хийчих гээд байсан. Тэгээд хөөе пиздаа нараа гэж орилж хашхираад тэр хавиар яваад байсан. Тэгээд байж байтал намайг үл таних хүн араас татаж миний футболкыг ураад би цээж нүцгэн болсон. Тэгсэн ахиад нэг нь шүд рүү цохисон. Тэнд байвал зодуулах юм байна гээд яваад өгсөн. Тэгээд цааш юу болсныг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 37-р тал/
8. Гэрч Ө.Т-ын “Тэр үед Ш яг үнэндээ намайг өмөөрч зодолдсон. Тэгээд би найз Н руу залгаад би зодуулчихлаа гээд дуудсан. Би цохиулсан болохоор согтуудаа тэр хавиар орилж хашхирч, юу гэж хэлсэнээ мэдэхгүй байна. Согтуудаа хэн нэгнийг ганц хоёр цохисон. Гэхдээ би яг ямар хүмүүс цохисноо сайн санахгүй байна. Нэлээн согтчихсон байсан. Би согтууруулах ундааны зүйл нэлээн их хэрэглэсэн. Хаана юу болоод байгааг мэдэгдэхгүй байсан. Бааранд бүжиглэж байхад маргалдсан залуугийн хамт явсан хүмүүстэй гадаа гараад маргалдсан. Тус бааранд тэр орой бид нараас өөр хүмүүс бас зодолдож байсан. Тэгсэн гомдол гаргасан эмэгтэй бид нарыг тэр зодолдож байгаа хүмүүстэй нийлж яваа та нар олуулаа байна гэх мэт үг хэллэг хэлээд намайг загнаад байсан. Яг үнэндээ би ганцаараа тэр бааранд орсон. Ш надтай нэг бэлтгэлд явдаг болохоор намайг хараад өмөөрч орж ирсэн. Түүнээс би олон хүмүүстэй хамт нийлж зодолдоогүй. Ш бид хоёр л байсан. Гар утаснаас болж зодоон болсон. Би тэр гар утсыг гайхаад байгаа, хаана хэний ямар маркийн гар утас байсныг би үнэхээр мэдэхгүй. Бас дотор намайг гинж тастсан гээд байсан. Би тухайн үед гинжийг анзаараагүй, харин санаандгүй гинжийг нь тастсан уу мэдэхгүй байна. Гомдол гаргасан Г гэх эмэгтэй намайг цуг явсан хүмүүсээ зааж өг та нар олуулаа байсан, намайг зодоон үүсгэсэн гэж намайг буруутгаад байгаа. Тийм зүйл бол байхгүй. Дээр нь нийлж хулгай хийсэн гээд загнаад байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 39-р тал/
9. Гэрч А.Х-ийн “Манай доод ангийн хүүхэд байсан. Тэр цагаас хойш сургуулийн найз нөхөд болсон. Манай найз Б.Ш нь Улаанбаатар хотод холимог тулаанаар хичээллэдэг. Цэргийн алба хаагаагүй. Их дээд сургууль төгсөөгүй. Орхон аймагт ирэхээрээ надтай уулздаг. Аав нь нас бараад гурав, дөрвөн жил болж байна. Ээжтэйгээ байдаг гэж ярьж байсан. Шударга зан чанартай. Архи, шоу цэнгээнээс хол явдаг. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 41-р тал/
10. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 534 дугаартай “А.Ж-гийн биед зүүн хацар, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн хацар, духанд шарх зөөлийн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-ийн 44-45-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Ш нь 2024 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэр Sugar баарны гадна насанд хүрээгүй хохирогч А.Ж-г гар утсаа авъя гэснээс маргалдан улмаар хохирогчийн нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн хацар, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-т 800 нэгжтэй тэнцэх хэжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Улсын яллагчтай санал нэгтэй байна. Шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Хохирогч сорви арилгуулах зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч А.Ж-гийн “Шивээстэй залуу нь намайг машинаас бууж ирэхэд шууд цохиод унгачихсан. Шивээстэй, цээж нүцгэн залуу миний биед халдаж цохиж зодсон. Өөр хүн цохиж зодоогүй. Зүүн талын нүдний доод хэсэгт нийт найман оёдол тавиулсан байгаа” гэх мэдүүлэг, гэрч Г.Г-ын “Манай дүү намайг өмөөрөөд та яахаараа эмэгтэй хүнийг гичий, ал гэж дууддаг юм гэж хэлсэнд дургүйцэж чамаас боллоо гээд дүүг минь ухаан алдаж унатал хоёр гурван залуу зодсон. Ш бас манай нөхрийг ухаан алдтал цохисон. С, Ж хоёрыг шивээстэй Ш гэх залуу цохиж зодсон” гэх мэдүүлэг, гэрч Т.Ж-ийн “манай дүү Ж-ийн гар утас алга болоод утсаа олж авсны төлөө тухайн зодоон болсон байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Г-ийн “Найз Пийн хамт цаашаа явж байтал баарны гадаа үл таних хоёр гурван залуучууд орилж хашхиралдаад байсан. Тэгээд би тэд нар дээр очоод хэн нэгэнд нь ухаан алдаж унтлаа цохиулсан” гэх мэдүүлэг, гэрч Н.С-ын “Жг хэн цохисныг би хараагүй” гэх мэдүүлэг, гэрч Б.О-ийн “Зодолдож байсан хүмүүс цээж нүцгэн шивээстэй залуучууд харагдаад байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Нийн “Дөнгөж очоод байж байтал юу болсныг би ойлгоогүй. Тэнд баахан хүмүүс маргалдаад байсан. Төгсбаярыг тэнд байсан хүмүүсээс салгаад байхад тэр хүмүүс руу дайраад очиж зодоон хийчих гээд байсан. Тэгээд хөөе пиздаа нараа гэж орилж хашхираад тэр хавиар яваад байсан” гэх мэдүүлэг, гэрч Ө.Т-ын “Тэр үед Ш яг үнэндээ намайг өмөөрч зодолдсон. Гэхдээ би яг ямар хүмүүс цохисноо сайн санахгүй байна. Нэлээн согтчихсон байсан. Би согтууруулах ундааны зүйл нэлээн их хэрэглэсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 534 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Ш нь 2024 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэр “Sugar” нэртэй баарны гадна насанд хүрээгүй хохирогч А.Ж-гийн нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн хацар, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ш нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ш-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Ж-гийн эрүүл мэндэд нь зүүн хацар, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч “нүүрэнд үүссэн сорвийг арилгуулах хүсэлттэй байна. Өөр зүйлгүй” гэсэн боловч нэхэмжлэлийн дүн болон холбогдох баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.Ш-т оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А