Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 37

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: Ц.Баянмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэгз овогт Цэдэвдоржийн Баянмөнхөд холбогдох ... дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Баянмөнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр ... улсын дугаартай Тоёота приус-11 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7а дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ш.Цэндсүрэнгийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Баянмөнх мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ.. “Би 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Цэндсүрэнг Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд ажил дээр нь хүргэж өгөхөөр өөрийн эзэмшилийн ... улсын дугаартай Тоёота приус-11 маркийн автомашиныг жолоодоод Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас өглөөний 09 цаг өнгөрч байхад хөдлөж явсан. Ингэж явах замдаа эхнэр Цэндсүрэн бид хоёр 20 орчим километр яваад зогсож өргөл өргөх гэж аймгийн төвөөс гарахдаа авсан байсан 0,33 литрийн архи 1 шилийг задалсан. Тэгээд уг архинаасаа өргөлөө өргөчихөөд үлдсэн архиа эхнэр Цэндсүрэн бид хоёр хуваагаад уучихсан юм. Тэгээд уг архиа ууж дуусгаад машинаа би өөрөө дахиж бариад цаашаа хоёулхнаа явсан. Тэгээд явж байгаад 65 дахь километрт яасан юм мэдэхгүй гэнэт юу болсон мэдэхгүй машин далбилзаад явсан. Тэгээд би рулиэ хариулах шиг болсон. Хурдан явж байсан болохоор машины тэнцвэр алдагдсан байх. Гэтэл эсрэг урсгал руу ороод тэгээд бүр цаашаа замаас гараад онхолдсон. Би юу болсныг нарийн ойлгоогүй. Машин онхолдоод 4 дугуйн дээрээ ертөнцийн зүгээр баруун хойшоо гэхээр чигтээ хараад зогсож байсан. Тэгээд хартал хажууд сууж явсан эхнэр машины цонхоор шидэгдчихсэн байсан. Тэгээд очсон чинь хамар амнаас нь цус гарчихсан түрүүлгээ хараад хэвтэж байсан. Тэгээд би Даланзадгад сум руу чиглэлд явж байсан замын унааг зогсоогоод тэгээд эмнэлэг дээр буугаад үлдсэн. Нурууны 4 сэртэн хугарсан. Эхнэр Цэндсүрэн миний хажуу талын суудал дээр зүүн урд талын суудал дээр сууж явсан. Би бүс бүсэлсэн байсан. Манай эхнэр бүсээ бүслээгүй байсан. Би эхнэрийн хамт 0.33 литрийн архи 1 шилийг хувааж уусан байсан. Согтууруул хэмжих багажаар намайг цагдаа шалгасан тэгэхэд 0.52 хувьтай гарч байсан. Надад жолоочийн үнэмлэх байхгүй. Би жолооны курсэд суугаагүй. Би анх 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр машин худалдаж авсан. Тэрнээс хойш би ганцаараа бие дааж машин барьж байгаа юм. Урьд нь ганц нэг удаа хөдөө орос машин барьж үзэж байсан. Бусдаар машин барьж байгаагүй. Би 90 километр цагийн хурдтай явж байсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруугаа ойлгож байна. Би согтуугаар жолооны эрхгүйгээр машин барьсанаас л ийм хэрэг гарсан гэж бодож байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, “2 сарын 6-ны өглөө Цогт-овоо руу хүн хүргэж өгөх гэж явахдаа 0.33 архи аваад хангайдаа архи өргөөд үлдсэнийг нь хоёулаа уучихаад явж байсан. Гэнэт машин далбигнаад явсан рулээ /жолооны хүрдээ/ хариулъя гэсэн тогтоож чадаагүй. Нэг мэдэхэд би машиндаа сууж байсан. Би Бүсээ зүүсэн байсан. Манай хүн тээр тэнд шидэгдсэн байсан. Тэгээд машинтай 2 хүн явж байсан тэрийг зогсоогоод эхнэрээ дамжилж аваад ирсэн” гэв.

Хохирогч Ш.Цэндсүрэн мэдүүлэхдээ...“2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өглөө 08-09 цагийн үед нөхөр Баянмөнхийн хамт Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумруу аймгийн төвөөс Баянмөнхийн эзэмшилийн ... улсын дугаартай Тоёота приус-11 маркийн автомашинтай явсан. Би Цогт-Овоо суманд Баян хангай гэж бичил уурхайн үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлд тогоочийн ажил хийдэг юм. Тэр ажилдаа хүргүүлэхээр явж байсан юм. Тэгээд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс 20 орчим километр яваад замаас гарч зогссон. Тэгээд өргөл өргөхөөр Даланзадгад сумаас гарахдаа авсан байсан 0,33 литрийн Ерөөл нэртэй архийг хангай дэлхийдээ өргөчихөөд үлдсэн архийг нь нөхөр Баянмөнхтэй хамт хуваагаад уучихсан юм. Тэгээд уг архийг ууж дуусгаад цаашаа явсан. Тэгээд би түүнээс хойш ерөөсөө юу болсон талаар одооч санахгүй байгаа юм. Машин онхолдсон байсан. Би яаж байгаад онхолдсон. Онхолдсоноос хойш юу болсон талаар огт санахгүй байгаа юм. Бодвол тэр осолд орсноос болоод санахгүй байгаа байх гэж бодож байгаа. Нэг сэрсэн чинь Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Нурууны сэртэнгүүд хугарч зөөлөн эдээсээ салсан гэж байсан. Дэлүү задарч дэлүүгээ авхуулсан байгаа. Одоо бол ерөнхийдөө анх байснаасаа гайгүй байна. Саяханаас явж эхлэж байна. Баянмөнх жолоодож явсан. Баянмөнх бид хоёр л сууж явсан. Би урд талд жолоочийнг хажууд буюу зүүн урд талд сууж явсан. Ер нь бол тийм согтсон юм байгаагүй. Асфальтан хатуу хуурай замаар явж байсан. Яг хаана онхолдсон талаараа би санахгүй байгаа учраас онхолдсон газрын зам ямар байсныг мэдэхгүй байна. Уг асфальтан замаар явж байгаад л онхолдсон байх” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 дүгээр хуудас/

Замын цагдаагийн газрын 2017.02.06-ны өдрийн акт, зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 14-17 дугаар хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг шинжээчийн 2017.03.20 №12 дугаартай дүгнэлт /хх-ийн 09 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.10 №112 дугаар дүгнэлт

-Баянмөнхийн биед тархины доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн тохой, шууны цус хуралт гэмтэл үүсчээ.

-Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

-Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.10-ны өдрийн №113 дугаар дүгнэлт

-Цэндсүрэнгийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дотор ханын хугарал, дэлүүний няцрал, бүсэлхийн 2-5-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, дух, баруун шанааны зулгаралт, 2 нүдний зовхи, хэвлий, баруун гуяны цус хуралт гэмтэл үүсчээ.

-Дэлүүний няцрал гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус хуралдалт үүсчээ.

- Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

-Дэлүүний няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бүсэлхийн 2-5-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт бусад гэмтлүүд нь 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.

-Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 23 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2017.02.09-ний өдрийн №438 дугаар Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 4088000 төгрөг /хх-ийн 27 дугаар хуудас/

2017.02.06-ны өдрийн Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл Ц.Баямнөх нь 0.52 хувийн согтолттой /хх-ийн 43 дугаар хуудас/

Ц.Баянмөнхий иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатоор батлуулсан хуулбар /хх-ийн 44 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкнуудын тодорхойлолт /хх-ийн 45-56 дугаар хуудас/

Ц.Баянмөнхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2002.10.01-ний өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримт нь хэрэгт хамааралтай, эдгээрийг хуульд зассан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Баянмөнх нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн нутаг дэвсгэрт засмал зам дээр ... улсын дугаартай Тоёота приус-11 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “ жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн дүрмийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасаны улмаас онхолдож тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ш.Цэндсүрэнгийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан учруулсан болох нь хохирогч Ш.Цэндсүрэн мэдүүлсэн...“2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өглөө 08-09 цагийн үед нөхөр Баянмөнхийн хамт Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумруу аймгийн төвөөс Баянмөнхийн эзэмшилийн ... улсын дугаартай Тоёота приус-11 маркийн автомашинтай явсан. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс 20 орчим километр яваад замаас гарч зогссон. Тэгээд өргөл өргөхөөр Даланзадгад сумаас гарахдаа авсан байсан 0,33 литрийн Ерөөл нэртэй архийг хангай дэлхийдээ өргөчихөөд үлдсэн архийг нь нөхөр Баянмөнхтэй хамт хуваагаад уучихсан юм. Тэгээд уг архийг ууж дуусгаад цаашаа явсан. Машин онхолдсон байсан. Онхолдсоноос хойш юу болсон талаар огт санахгүй байгаа юм. Бодвол тэр осолд орсноос болоод санахгүй байгаа байх гэж бодож байгаа. Нэг сэрсэн чинь Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Нурууны сэртэнгүүд хугарч зөөлөн эдээсээ салсан гэж байсан. Дэлүү задарч дэлүүгээ авхуулсан байгаа. Одоо бол ерөнхийдөө анх байснаасаа гайгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн №113 дугаар дүгнэлт: 1.Цэндсүрэнгийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дотор ханын хугарал, дэлүүний няцрал, бүсэлхийн 2-5-р нугалмын хөндлөн сэртэнгийн хугарал, дух, баруун шанааны зулгаралт, 2 нүдний зовхи, хэвлий, баруун гуяны цус хуралт гэмтэл үүсчээ” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Ц.Баянмөнхийн “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруугаа ойлгож байна. Би согтуугаар жолооны эрхгүйгээр машин барьсанаас л ийм хэрэг гарсан гэж бодож байгаа” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 дүгээр хуудас/, Замын цагдаагийн газрын 2017.02.06-ны өдрийн акт, зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 14-17 дугаар хуудас/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг шинжээчийн 2017.03.20 №12 дугаартай дүгнэлт /хх-ийн 09 дүгээр хуудас/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд Ц.Баянмөнх нь 0.52 хувийн согтолттой /хх-ийн 43 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.02.10 №112, №113 дугаар /хх-ийн 23 дугаар хуудас/ дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулж үйлдсэн болох нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Баянмөнхийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

 Шүүгдэгч Ц.Баянмөнхөд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Ц.Баянмөнхийн иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатоор батлуулсан хуулбар /хх-ийн 44 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкнуудын тодорхойлолт /хх-ийн 45-56 дугаар хуудас/, Ц.Баянмөнхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2002.10.01-ний өдрийн 176 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 59-61 дүгээр хуудас/-оор Ц.Баянмөнхөд 2 жилийн хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялгүйд тооцогдсон байна.

Хохирогч Ш.Цэндсүрэн нь “Ямар нэг гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Баянмөнхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч Ц.Баянмөнх нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирол төлбөрийг төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Баянмөнх нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бэгз овгийн Цэдэвдоржийн Баянмөнхийг согтуугаар тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Цэдэвдоржийн Баянмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баянмөнхөд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Баянмөнх бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ц.Баянмөнхөд оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж засрал хүмүүжилд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баянмөнхөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баянмөнх тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журам, Захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлэх эсэхийг шүүх шийдвэрлэдэг журамтай болохыг тус тус мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баямөнхөд урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ

 

 

 

 

.