Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 1325

 

 

 

 

 

 

    2020           10            13                                       2020/ДШМ/1325                                    

 

                                   Ц.М д холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/504 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Ууганбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ц.М д холбогдох эрүүгийн 2011 00651 0358 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.М, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Марч” ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, /РД: /;

Ц.М  нь 2020 оны 3 дугаар сарын 4-ний орой 23 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.О , С.А нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “би шоронд сууж байсан хүн, та нарыг ална” хэмээн хүч хэрэглэхээр заналхийлж, энгэрийн камерийг булааж аван газарт шидэн эвдэж, цагдаагийн хантааз, төмөр шүгэл, мөрдөс зэргийг урж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.М т 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, шүүгдэгч Ц.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг цагдаагийн албаны энгэрийн камерийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Ц.М т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Прокурор Г.Ууганбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан хорих ялыг тэнсэхдээ мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх байтал шүүгдэгч Ц.М д 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байхад шүүхээс шүүгдэгч Ц.М д дээрх зүйл, хэсэгт заасныг журамлан тэнсэж хянан харгалзахдаа үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглээгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг зөвтгүүлж, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/504 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ц.М ын өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн миний үйлчлүүлэгчид тохирсон, хууль зүйн үндэслэлтэй. Харин уг шийдвэр дээр нэмж албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ц.М д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.М  нь 2020 оны 3 дугаар сарын 4-ний орой 23 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.О , С.А нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “би шоронд сууж байсан хүн, та нарыг ална” хэмээн хүч хэрэглэхээр заналхийлж, энгэрийн камерийг булааж аван газарт шидэн эвдэж, цагдаагийн хантааз, төмөр шүгэл, мөрдөс зэргийг урж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно: 1.2. энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх. ...” гэж хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, шүүх дээрх хуульд заасан шинж, нөхцөл байдлуудыг хангасан гэж үзвэл гэм буруутайд тооцогдсон этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас чөлөөлөх, хорих ялыг хөнгөрүүлэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх Ц.М д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзнэ.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх дээрх зохицуулалтыг хуульд заасан зарим шаардлагыг хангасан тохиололд хэрэглэхээр хуульчилсан.

Хэдийгээр, шүүгдэгч Ц.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн, хохирогч нарт хохирол төлбөр төлж барагдуулсан зэрэг нь дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн шаардлагыг хангаж байх боловч харин Ц.М ын хувийн байдал нь дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлийг хангахгүй байна.

Учир нь, Ц.М  нь урьд 4 удаа ял шийтгэгдсэний дотор олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг үйлдэж байсан нь шүүхийн шийдвэрүүдээр тогтоогджээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон боловч шүүх дээрх хуулийн заалтуудыг хэрэглэхдээ, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзэхийн сацуу, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Ц.М ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар , хэр хэмжээнээс үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.М д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Шүүх тэнсэх зохицуулалтыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно. ...” гэсэн үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэх хуулийн шаардлагатайг анхаарвал зохино.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/504 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.М д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ц.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР  

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР