Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2026/00127

 

С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10633 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2026/00406 дугаар магадлалтай

С-гийн нэхэмжлэлтэй,

Б-д холбогдох

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлого 64,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваацэрэн, хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч С- нь хариуцагч Б-д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлого 64,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10633 дугаар шийдвэр шийдвэрээр: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С-гийн хариуцагч Б-д холбогдуулан гаргасан *** орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 64,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 550,650 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2026/00406 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10633 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-д холбогдуулан гаргасан *** орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч С-гийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтыг “Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-аас 10,050,000 /арван сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 54,450,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлаж, “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Б-аас 175,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С-д олгосугай” гэж өөрчлөн нэмж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу хяналтын гомдол гаргаж байна.

4.1. Хэрэг үүссэн нөхцөл байдлын талаар.

Анхан шатны шүүхийн 2024.11.12-ны өдрийн шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан амины орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул 2025.01.31-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарсан. Үүний дараа 2025.06.02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, уг ажиллагааны хүрээнд амины орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн. 2025 оны 08 дугаар сард нэхэмжлэгчээс 55,000,000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд тухайн үед би амины орон сууцыг суллаж, түлхүүрийг шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгсөн. Өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө аваагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа.

4.2. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн талаар.

Давж заалдах шатны шүүхээс 2025.01.31-ний өдрөөс 2025.08.21-ний өдөр хүртэлх хугацаанд орон сууцыг түрээслэх боломжтой байсан гэж үзэн сарын 1,500,000 төгрөгөөр тооцож 10,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Гэвч уг хугацаанд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд тухайн амины орон сууц нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байсан тул нэхэмжлэгч уг эд хөрөнгийг бодитоор ашиглах, түрээслэх боломж бүрдээгүй байсан.

Шүүх бодит эзэмшил шилжсэн хугацааг шалгаагүй, өмчлөгч эд хөрөнгөө бодитоор аваагүй байсан, нэхэмжлэгч өөрөө мөнгөө өгөөгүйгээс хугацаа сунжирч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлэхэд хүргэсэн, түрээсийн орлого бодитоор нотлогдоогүй, ямар ч түрээсийн гэрээ хийгдэж байгаагүй, шүүх зөвхөн дундаж үнэ авч тооцоо хийсэн. Гэтэл энэ байр нь амины орон сууц болохоос орон сууц биш, дулаан байхгүй, паараар халдаг, ус нь гүний худаг, гэр хорооллын амины орон сууцыг нийтийн эзэмшлийн орон сууцны үнэлгээгээр тооцсон. Гэтэл байх ёстой нотолгоо түрээслэх санал, түрээслэгч, зар, гэрээ хийсэн баримт байхгүй.

4.3. Алдагдсан ашиг нотлогдоогүй тухай.

Нэхэмжлэгч нь тухайн амины орон сууцыг бодитоор түрээслэх боломжтой байсан, тодорхой түрээслэгч байсан, эсхүл түрээсийн гэрээ байгуулах шатанд байсан гэх нөхцөл байдлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй. Иргэний хуульд зааснаар алдагдсан ашиг нь бодитой, баталгаатай орлого байх ёстой бөгөөд зөвхөн таамаглал, дундаж үнэд үндэслэн тооцох боломжгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалын хариуцагчаас 10,050,000 төгрөг гаргуулахтай холбоотой хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч Б-ын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.04.15-ны өдрийн 001/ШХТ2026/00518 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч С- нь хариуцагч Б-д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлого 64,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Нэхэмжлэгч С- нь 2022.01.24-ний өдөр *** орон сууцыг 110,060,000 төгрөгөөр хариуцагч Б-д худалдахаар худалдах-худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 64,500,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг 2022.02.28-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон.

Хариуцагч төлбөрийг төлөхгүй олон жил өнгөрсөн учир үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.12-ны өдрийн 4638 тоот шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С-д буцаан шилжүүлэхийг Б-д даалгаж шийдвэрлэсэн.

Хариуцагч нь тус хувийн орон сууцыг 2022.01.24-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 43 сарын хугацаанд үнэ төлбөргүй эзэмшиж, нэхэмжлэгчийн олох байсан орлогын хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжиж байна. Маргаан бүхий орон сууцны зах зээлийн түрээсийн төлбөр 1 сарын 1,500,000 төгрөг. Нэхэмжлэгч нь орон сууцыг бусдад түрээсэлсэн бол 64,500,000 төгрөгийн түрээсийн ашиг олох байсан. Иймд хариуцагчаас 64,500,000 төгрөгийг гаргуулж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү...” гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа: “...талууд түрээсийн гэрээ байгуулаагүй, орон сууц захиалгын гэрээ байгуулсан. …нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар  шүүх  нэхэмжлэгчээс хариуцагчид орон сууцанд төлсөн 64,500,000 төгрөгийг олгох, хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцыг буцааж олгохоор шийдвэрлэсэн. ...нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл төлбөрийг бүрэн төлөөгүй ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээний үүргийг зөрчөөгүй, гэм хорын асуудал үүсгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй…” гэж тайлбарласан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183//ШШ2024/04638 дугаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б-д даалгаж, нэхэмжлэгч С-гаас 64,500,000 төгрөг гаргуулан хариуцагч Б-д олгож шийдвэрлэсэн. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *** үл хөдлөх эд хөрөнгийг 2025.08.25-ны өдөр нэхэмжлэгч С-гийн өмчлөлд буцаан шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ олгосон, мөн нэхэмжлэгчээс 55,621,250 төгрөгийн төлбөр гаргуулан хариуцагч Б-д шилжүүлсэн, 8,878,750 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тухайд талууд маргаагүй. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаа үйл баримт тогтоогдоогүй. ...нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүйгээс үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй болох нь тогтоогдсон... тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй...” гэж дүгнэсэн,

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.12-ны өдрийн 4638 дугаар шийдвэрээр орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч С-д буцаан шилжүүлэхийг хариуцагч Б-д даалгаж шийдвэрлэсэн тул хариуцагч Б- нь хувийн орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг С-гийн нэр дээр шилжүүлэхээс гадна орон сууцыг С-гийн эзэмшил, ашиглалтад бодитоор шилжүүлэн өгөх үүрэгтэй, ...нэхэмжлэгч С-гийн орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дээрх шүүхийн 4638 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар уг шаардлагад холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. ...шүүхийн дээрх шийдвэр гарснаар хариуцагч Б- орон сууцыг эзэмших, ашиглах эрхгүй болж түүний эзэмшил хууль бус буюу шударга бус болно. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б- нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.12-ны өдрийн 4638 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдсэн 2025.01.31-ний өдрөөс хойш орон сууцнаас зайлшгүй олох ёстой байсан орлого, үр шимийг хууль ёсны өмчлөгч С-д төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч С-гийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2025.01.31-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025.08.21-ний өдрийг хүртэлх хугацааны орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнийг 1,500,000 төгрөгөөр тооцож нийт 10,050,000 төгрөгийн хохирлыг хариуцагч Б-аас гаргуулж нэхэмжлэгч С-д олгох хууль зүйн үндэслэлтэй...” гэж дүгнэжээ.

9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримтыг адил тогтоосон боловч эрх зүйн өөр өөр дүгнэлт хийснээс зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хянан хэлэлцлээ.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзлээ.

11. Нэхэмжлэгч С- нь хариуцагч Б-д холбогдуулан *** орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлогод 64,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч С- нь хариуцагч Б-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.12-ны өдрийн 183/ШШ2024/04638 дугаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчээс 64,500,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн, хариуцагч Б- 2025.08.25-ны өдөр орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлж, улсын бүртгэлд С-г өмчлөгчөөр бүртгүүлсэн, нэхэмжлэгч нь 2025.08.25-ны өдөр хариуцагчид 55,621,250 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл 8,878,750 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь тогтоогдсон.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.12-ны өдрийн 4638 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

12. Хариуцагчийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

12.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.11.12-ны өдрийн 4638 дугаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр хариуцагчийн хууль бус эзэмшлээс хөрөнгөө чөлөөлүүлэх шаардлага гаргасныг давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлага нь Хан-Уул дүүргийн 2024 оны 4638 дугаар шийдвэрээр нэгэнт шийдвэрлэгдсэн, дахин нотлохгүй гэж дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, агуулгыг буруу тодорхойлж, нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан үүргээ үндэслэл бүхий хэрэгжүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон гэж дүгнэн, 117 дугаар зүйлийн 117.1 дэх заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

12.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний алдааг залруулна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч өмчлөгч байхыг шаардахаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д “Энэ хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй”, 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж тус тус зохицуулсан.

Хариуцагч Б- нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрт заасан 64,500,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр орон сууцыг чөлөөлөхөөс татгалзсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Б- нь орон сууцыг хууль ёсоор буюу шударгаар эзэмшиж байгаа этгээд юм.

Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардах эрхгүй. Хариуцагч нь зохигчийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний татгалзлын үр дагавар арилах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д заасан эрхийн хүрээнд орон сууцыг эзэмшиж байгаа тул түүнийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх ба хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хангахгүй. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээнэ.

 13. Хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу нэхэмжлэгчийн олох байсан орлого 64,500,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс хариуцагчийг орон сууцыг эзэмшиж эхэлснээс хойш үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд энэ хугацаанд бусдад түрээсэлсэн бол 64,500,000 төгрөгийн орлого олох байсан, хариуцагч нь энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд буюу үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 493 дугаар зүйлийн 493.1-д буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн ...нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус зохицуулсан.

13.1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагаас заримыг хангаж, хариуцагчаас 10,050,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. 

Тухайлбал, давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлдээ: “...хариуцагч нь шүүхийн шийдвэр гарснаар орон сууцыг ашиглах эрхгүй гэдгээ мэдэж байсан шударга бус эзэмшигчийн хувьд нэхэмжлэгчийн олох байсан орлого буюу хохирлыг арилгах үүрэг хүлээнэ,...иймд 2024 оны шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн 2025.01.31-ний өдрөөс хойших хугацааны орон сууцнаас зайлшгүй олох ёстой байсан орлого, үр шимийг хууль ёсны өмчлөгчид төлөх үүрэгтэй...” гэж дүгнэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хариуцагчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон байна. 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д “шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй” гэж зохицуулсан тул хариуцагч нь өөрийн шаардлагыг хангагдах хүртэлх хугацаанд орон сууцыг шударгаар эзэмшиж байгаа гэж үзнэ.

Төлбөр төлөгдөж дуусаагүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас бичигдсэнээс хойш хариуцагчийн эзэмшлийг шударга бус гэж үзэж, нэхэмжлэгчийг орлого олох байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 

Иймд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн, нэхэмжлэгчийн олох байсан орлогыг 10,050,000 төгрөг гэж тодорхойлон, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангана.

13.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн олох байсан орлого 64,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь хуульд заасан үндэслэлээр орон сууцыг өөрийн эзэмшилд байлгах хугацаанд нэхэмжлэгч тус орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй тул бусдад түрээсэлж ашиг олох боломжгүй юм.

 Иймд энэ хугацаанд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, нэхэмжлэгч нь орон сууцыг бусдад түрээсэлж орлого олох байсан гэж үзэх үндэслэлгүй тул олох байсан орлогод 64,500,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

14. Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2026/00406 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10633 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 94 дүгээр зүйлийн 94.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С-гийн хариуцагч Б-д холбогдох *** орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгах, үндэслэлгүй хөрөнгөжсөн 64,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б-ын гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б-аас 2026.03.24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Н.БАЯРМАА

                                 ШҮҮГЧИД                                                     Э.ЗОЛЗАЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД