| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0407/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/408 |
| Огноо | 2024-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/408
2024 10 07 2024/ШЦТ/408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай ирүүлсэн Д.Ц-д холбогдох эрүүгийн 2425000000504 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Д.Ц
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 21-03 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.Д-г гэрээсээ зайл гэж хөөж, хөлөөрөө нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөж “дээд баруун, зүүн нэг дүгээр шүднүүдийн ганхалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн харуцлагыг зөвшөөрнө” гэв.
Хохирогч О.Д “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл. /хх-н 07-р тал/
2. Хохирогч О.Д-гийн “2024 оны 07 дугаар сарын 13-ны өглөөний 07 цагийн үед би ажилдаа яваад орой 17 цагийн үед гэртээ ирсэн. Тухайн өдөр ажил дээрээ байхдаа нөхөр Ц-тай ярих үед гэртээ байна гэж хэлж байсан. Ингээд ажлаа тараад гэртээ ирсэн чинь нөхөр Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Намайг гэртээ орсон чинь надтай зөрөөд гараад явсан. Ингээд орой 22-23 цагийн үед нөхөр Ц нь гаднаас орж ирээд “зайл” гэж хэлээд хэрүүл маргаан хийгээд байсан. Хэрэлдэж маргалдаж байх үедээ намайг гараараа цохих гэхээр нь би доошоо тонгойсон чинь миний нүүр хэсэг рүү нүцгэн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Энэ үед миний шүд маш их өвдсөн, би шүдээ бариад үзсэн чинь хөдөлгөөн орчихсон байсан. Би энэ үед цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Цагдаа нар ирэхийн өмнө нөхөр Ц нь гэрээсээ гараад явчихсан. Тухайн үед бага хүү байсан ба унтаж байсан, өөр хүн байгаагүй. Миний зүгээс сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй” гэх мэдүүлэг. /хх-н 17, 20-р тал/
3. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 729 дугаартай: “О.Д-гийн биед дээд баруун, зүүн нэгдүгээр шүднүүдийн ганхалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, цохих, цохигдох хүчний үйлчлэлцэх нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээд баруун, зүүн нэгдүгээр шүднүүдийн ганхалт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдуулах нь эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт. /хх-н 23-24-р тал/
4. Сэжигтэн Д-Ц-ын “22-23 цагийн үед үед гэртээ орж ирээд эхнэр Дтэй хэрэлдэж маргалдаr байхдаа түүнийг гараараа нэг удаа нуруу хэсэг рүү цохиж хөлөөрөө өшиглөх үед эхнэр Д доош тонгойж түүний нүүр хэсэгт хүрсэн” гэх мэдүүлэг /хх-н 28-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 21-03 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр О.Д-г гэрээсээ зайл гэж хөөж, хөлөөрөө нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөж “дээд баруун, зүүн нэг дүгээр шүднүүдийн ганхалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч О.Д-гийн “...орой 22-23 цагийн үед нөхөр Ц нь гаднаас орж ирээд “зайл” гэж хэлээд хэрүүл маргаан хийгээд байсан. Хэрэлдэж маргалдаж байх үедээ намайг гараараа цохих гэхээр нь би доошоо тонгойсон чинь миний нүүр хэсэг рүү нүцгэн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Энэ үед миний шүд маш их өвдсөн, би шүдээ бариад үзсэн чинь хөдөлгөөн орчихсон байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 729 дугаартай дүгнэлт, сэжигтэн Д-Ц-ын “22-23 цагийн үед үед гэртээ орж ирээд эхнэр Дтэй хэрэлдэж маргалдаr байхдаа түүнийг гараараа нэг удаа нуруу хэсэг рүү цохиж хөлөөрөө өшиглөх үед эхнэр Д доош тонгойж түүний нүүр хэсэгт хүрсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Ц нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 21-03 тоотод байх гэртээ эхнэр О.Д-г гэрээсээ маргадаж, хөлөөрөө нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөж дээд баруун, зүүн нэг дүгээр шүднүүдийн ганхалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ц нь хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Д-гийн эрүүл мэндэд дээд баруун, зүүн нэг дүгээр шүднүүдийн ганхалт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А