| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0404/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/416 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/416
2024 10 09 2024/ШЦТ/416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Н.О, Э.З нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О, Э.З нарт холбогдох эрүүгийн 2425002120531 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. Н.О
2. Э.З
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч Н.О нь өр төлөх зорилгоор төрсөн охин Э.З-тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Ч.Н-ийн хүү Б.М-ыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулна гэж хуурч 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн Хаан банкны ************ тоот дансаар 10 000 000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Э.Зын Хаан банкны ************ тоот дансаар 1 500 000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөн Э.Зын Хаан банкны ************ тоот дансаар 3 500 000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн улмаас 15 000 000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Э.З нь бусдад өр төлөх зорилгоор төрсөн эх Н.Отэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Ч.Н-ийн хүү Б.М-ыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулна гэж хуурч 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Н.Оийн Хаан банкны ************ тоот дансаар 10 000 000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өөрийн Хаан банкны ************ тоот дансаар 1 500 000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөн өөрийн Хаан банкны ************ тоот дансаар 3 500 000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн улмаас 15 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.О, Э.З нарыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлын зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.З мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Ч.Н “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Ч.Н-ийн Хаан банкны *********** тоот дансны лавлагаа, хуулга. /хх-ийн 12-14-р тал/
2. Хохирогч Ч.Н-ийн “2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Зын ээж нь гэх эмэгтэй хүү М-ны хамт манай гэрт орж ирсэн. Тэгээд танилцаад цай уугаад нэлээн удаан суусан. Ингэж байхдаа 2 хүүхдийнхээ талаар ярилцаж байгаад М-ныг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө, би чадна, насаараа үйлдвэрт ажилласан, харин 15 сая төгрөг хэрэг болох байх, дам дамандаа хүнд өгнө гэж хэлсэн. 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Одгэрэлийн ************ дугаартай данс руу 10 сая төгрөг шилжүүлсэн, хэд хоногийн дараа мөнгөө өгчихсөн нөгөө ажилд оруулах хүн нь амралтаа авчихсан байна, ирэхээр нь үлдэгдэл мөнгийг нь өгье гэж хэлсэн. Ингээд хэд хоногийн дараа бэр охин залгаад ээж танаас үлдэгдэл мөнгө авчих гэнэ гэж хэлээд 1,5 сая төгрөгийг ************ дугаартай данс руу шилжүүлсэн... Би 15.000.000 төгрөгийг эргүүлэн авсан, одоо нэхэмжпэх зүйл байхгүй, миний сэтгэцэд ямар ч гэм хор учраагүй тул энэ талаар тогтоолгох шаардлага байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 20, 22-р тал/
3. Гэрч Б.М-ны “Э.З нь Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгөх таньдаг хүн байгаа, мөнгө төгрөгийг нь өгчихвөл оруулаад өгдөг ээжийн таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Үүнээс хойш хэдэн хоногийн дараа би ээж Нарангэрэлийн хамт гэртээ байж байтал Н.О, З нар ирээд манай ээжтэй танилцсан. Тухайн үед Н.О нь манай ээжид намайг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө, ажилд оруулаад өгчихвөл хэн хэндээ хэрэгтэй гэж хэлээд ажилд оруулахад 15.000.000 төгрөг хэрэг болно гэж хэлж байсан. Ингээд манай ээж Яргуйт багийн Толгодын 30-47 тоот хашаа байшингаа зарахаар болоод зар тавьсан чинь зарагдахгүй болохоор нь хашаа байшингаа барьцаалж зээл аваад Н.О-ийн данс руу 10,000,000 төгрөг шилжүүлж байсан. Энэ үеэр би хадлан руу явсан хойгуур Э.З ээж рүү утасдаж үлдэгдэл мөнгөө хийгээрэй гэж хэлээд 5,000,000 төгрөгийг авсан байсан. Үүнээс хойш ажилд оруулна хүлээгээд байж бай гээд байлгаад 2 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Э.З бид хоёр таарамжгүй харилцаатай болоод хоёр тусдаа амьдарч эхэлсэн” гэх мэдүүлэг. /хх- ийн 24-р тал/
4. Гэрч Э.О-ын “Надад мөнгөний хэрэг гараад авсан юм болов уу гэж бодож байна. Тэрнээс биш яг ямар зүйлд зарцуулах гэж дээрх мөнгийг авсан талаар мэдэхгүй байна. Ээж Н.О, эгч Э.З нар “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т хүмүүсийг ажилд оруулж байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-р тал/
5. Яллагдагч Э.З-ын “Надад сонсгосон дээрх хуульд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл ангийн уншиж танилцлаа. Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Н-ээс авсан 15,000,000 төгрөгийг эргүүлж өгсөн, одоо өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 41-р тал/
6. Яллагдагч Н.О-ийн “миний хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, яллагдагчаар татсан тогтоолд дурдагдсан бүх зүйл үнэн байна. Надад энэ үйл явдлын талаар ярихад ичмээр байна. Би төрсөн охин Э.З-ын хамт хүргэн болох гэж байсан М-ны ээж Н-ээс 15,000,000 төгрөгийг худлаа хэлж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. М-ныг “Эрдэнэт үйлдвэрт” ТӨҮГ-т ажилд оруулах ямар ч боломж байгаагүй. Уг мөнгөөр өөрийнхөө болон охин Зын өмнөх өрийг төлж барагдуулсан. Н-ээс авсан 15.000.000 төгрөгийг эргүүлж өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 49-р тал/
7. Н.О-ийн Хаан банкны ************ тоот дансны лавлагаа, хуулга. /хх-ийн 75-77-р тал/
8. Э.З-ын Хаан банкны ************ тоот дансны хуулга, лавлагаа. /хх-ийн 78-84-р тал/
9. Н.О-ийн Хаан банкны ************ тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл. /хх-ийн 85-86-р тал/
10. Э.З-ын Хаан банкны ************ тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл. /хх-ийн 87-р тал/
11. Хохирогч Ч.Н-ийн Хаан банкны үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ. /хх-ийн 95-105-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.О нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд байхдаа төрсөн охин Э.Зтай өрөө төлөх зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хохирогч Ч.Н-ийн хүү Б.М-ныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн Хаан банкны ************ тоот дансаар 10.000.000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Э.Зын Хаан банкны ************ тоот дансаар 1.500.000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөн Э.Зын Хаан банкны ************ тоот дансаар 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн улмаас 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Э.З нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд байхдаа төрсөн эх Н.Отэй өрөө төлөх зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хохирогч Ч.Н-ийн хүү Б.М-ныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Н.Оийн Хаан банкны ************ тоот дансаар 10.000.000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өөрийн Хаан банкны ************ тоот дансаар 1.500.000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөн өөрийн Хаан банкны ************ тоот дансаар 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийн улмаас 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, банкны дансны хуулга, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О, Э.З нарт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан Ч.Н-ийн Хаан банкны *********** тоот дансны лавлагаа, хуулга, хохирогч Ч.Н-ийн “М-ныг Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө, би чадна, насаараа үйлдвэрт ажилласан, харин 15 сая төгрөг хэрэг болох байх, дам дамандаа хүнд өгнө гэж хэлсэн. 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр О-ийн ************ дугаартай данс руу 10 сая төгрөг шилжүүлсэн, хэд хоногийн дараа бэр охин залгаад ээж танаас үлдэгдэл мөнгө авчих гэнэ гэж хэлээд 1,5 сая төгрөгийг ************ дугаартай данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.М-ны “Э.З нь Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгөх таньдаг хүн байгаа, мөнгө төгрөгийг нь өгчихвөл оруулаад өгдөг ээжийн таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Манай ээж Яргуйт багийн Толгодын 30-47 тоот хашаа байшингаа барьцаалж зээл аваад Н.О-ийн данс руу 10,000,000 төгрөг шилжүүлж байсан. Энэ үеэр би хадлан руу явсан хойгуур Э.З ээж рүү утасдаж үлдэгдэл мөнгөө хийгээрэй гэж хэлээд 5,000,000 төгрөгийг авсан байсан” гэх мэдүүлэг, яллагдагч Э.З-ын “Н-ээс авсан 15,000,000 төгрөгийг эргүүлж өгсөн, одоо өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг, яллагдагч Н.О-ийн “Би төрсөн охин Э.Зын хамт хүргэн болох гэж байсан М-ны ээж Н-ээс 15,000,000 төгрөгийг худлаа хэлж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, Н.О-ийн Хаан банкны ************ тоот дансны лавлагаа, хуулга, Эрдэнэбаатарын Зын Хаан банкны ************ тоот дансны хуулга, лавлагаа, Н.О-ийн Хаан банкны ************ тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Э.Зын Хаан банкны ************ тоот дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч Ч.Н-ийн Хаан банкны үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.О, Э.З нар нь өр төлөх зорилгоор хохирогч Ч.Н-ийн хүү Б.М-ныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилд оруулна гэж худал хэлж, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өөрийн Хаан банкны ************ тоот дансаар 10 000 000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Э.З-ын Хаан банкны ************ тоот дансаар 1 500 000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Э.Зын Хаан банкны ************ тоот дансаар 3 500 000 төгрөгийг шилжүүлэн авч хохирогч Ч.Нд 15 000 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.О, Э.З нар нь урьдчилан үгсэн тохирч, бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлын зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг авч 15 сая төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.О, Э.З нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Н.О, Э.З нарын үйлдлийн улмаас хохирогч Ч.Н-д 15 000 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Шүүгдэгч Н.О, Э.З нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирол нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдад харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Н.О, К овгийн Э.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Зыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О, Э.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О, Э.З нарт шүүхээс оногдуулсан 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Н.О, Э.З нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар 437-р нээлттэй хорих ангид даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А