| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0406/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/414 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/414
2024 10 09 2024/ШЦТ/414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгч Д.Э, Б.П нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э, Б.П нарт холбогдох эрүүгийн 2425000000506 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. Б.П
2. Д.Э
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч Б.П нь 2024 оны 08 дугаар сарын 18-19-ний шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 5-48 тоот Д.Э-ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэн маргалдаж, хохирогч Д.Э-ийн биед “баруун завьжинд шарх, баруун хацарт зөөлөн эдийн яцрал, зүүн нүдний зовхи, чихний урд ба ард хэсэг, цээж, зүүн буглага хэвлийн хоёр талд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2. Шүүгдэгч Д.Э нь 2024 оны 08 дугаар сарын 18-19-ний шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 5-48 тоотод байх гэртээ хохирогч Б.П-тэй согтууруулах ундааны зүйл хэрэглэн маргалдаж, хохирогч Б.П-ийн биед “баруун хөмсөгт нь шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э, Б.П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ “ Нэмж ярих зүйлгүй. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ “Найз Б-ын хамт Э найзындаа очсон. Хамт тэмжээнд оролцоод Э түрүүлсэн. Тэгээд пиво ууцгаасан. Э-ийн гэрт очиж ахиж пиво уусан. Тэгээд найз Этэй маргалдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Э мэдүүлэхдээ “Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.П мэдүүлэхдээ “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг. /хх-н 13-14-р тал/
2. Хохирогч Д.Э-ийн “2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт найз Б, П нар нь ирсэн бөгөөд Бүрэнбүстийн тэнд адуучин тэмцээн болж байна, очих уу гэж хэлсэн. Ингээд бид нар тийшээ явсан бөгөөд би тэмцээнд нь орж түрүүлсэн юм. Тэгээд би, Б, П нарын хамт харуй бүрий болж байхад гэртээ очсон бөгөөд бид гурав Домч бор нэртэй архи 1 шил, 2,5 литрийн пиво 4-5 ширхэгийг хувааж уусан. Сүүлд П-ийн дуудсан М гэх залуу ганцаараа ирсэн юм. Тэгээд би согтоод тасарчихсан нэг мэдсэн чинь манайд цагдаа нар ирчихсэн байсан. Маргааш нь миний зүүн нүд хөхөрч, улайчихсан байсан бөгөөд эхнэр О-ын хэлсэнээр би Птэй маргалдаж зодолдсон байсан юм. Би П-ээс өөр хүнтэй маргалдаагүй бөгөөд намайг түүнээс өөр хүн цохиж зодоогүй” гэх мэдүүлэг. /хх-н 18-р тал/
3. Хохирогч Б.П-ийн “Би 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн барагцаагаар 15-16 цагийн үед найз Б-ын хамт найз Э-ийн гэрт очсон юм. Тэгээд Бүрэнбүстийн тэнд адуучин тэмцээн болох гэж байгааг сонсоод Э болон түүний эхнэр, хүүхдийн хамт бид 3 тус газар руу очсон. Тэгээд Э, Б бид 3 тус тэмцээнд орж түрүүлсэн юм. Тус газарт нийт 6-7-уулаа 2,5 литрийн 2 пивог хувааж уусан бөгөөд Э уугаагүй юм. Ингээд Э-ийн руу очсон бөгөөд 21-22 цагийн үед очсон байх. Тэднийд Домч бор нэртэй тал шил архи, 2,5 литрийн 4-5 ширхэг пиво Б, Э бид 3 хувааж уусан юм. Бид нар гэрийн гадаа уусан бөгөөд гэтэл Э нь ууж байсан пивоний шавхруугаа цамц руу маань цацсан би яаж байна аа гээд дээр нь сууж байсан аяны хар өнгийн эвхэгддэг сандлыг авч миний нуруу руу 1 удаа цохисон юм. Тэгээд бид 2 барьцалдаж авсан бөгөөд Б дундуур орж салгасан юм. Энэ үед миний дуудчихсан байсан найз М нь эрүүл ганцаараа ирсэн. Намайг аваад явах гэж байтал араас Э нь хэл амаар доромжилсон юм. Тэгэхээр нь би буцаж ороод Этэй зодолдсон ба 1 удаа цохьсон. Тэгээд бид 2 зууралдаж гэрт дотор нь шалан дээр унасан. Би босохдоо түүний нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн. Э бид 2 зууралдаад уначихсан байх үед болон босохдоо миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохьсон юм. Тэгээд Э нь гэрээс гараад зугтаачихсан юм” гэх мэдүүлэг. /хх-н 11-р тал/
4. Гэрч А.О-ын “М нь П-ийн хажуунаас бас нөхөр рүү маань дайраад байсан бөгөөд нөхрийг маань цохьсон эсэхийг хараагүй. Тухайн үед цагдаа ирэхэд М нь байхгүй, зугтаачихаар нь би уурандаа Мыг зодсон гээд хэлчихсэн юм” гэх мэдүүлэг. /хх-н 27-р тал/
5. Гэрч О.Б-ын “Тэднийд бид гурав 2.5 литрийн 3 ширхэг пиво уусан бөгөөд тэгтэл П-ийн найз М гэх залуу нь 1 шил архи авчирсан. Ингээд тус архийг Э, П, М нар нь хувааж уусан бөгөөд би нэг их уугаагүй юм. Тэгтэл юунаас болсныг нь мэдээгүй Э, П нар маргалдаж эхэлсэн юм. Тэгээд удаагүй Э гэртээ орж П, М нар нь явах гээд хашаанаас гарсан бөгөөд Э гарч ирээд нэг хортой үг хэлсэн юм. Тэгтэл П М нар нь буцаж ороод хэн нь цохисныг хараагүй Э газарт уначихсан байсан. Тэгтэл П Э-ийн нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Би тэгээд салгаад Эийг аваад гэр рүү нь аваад орсон. Тэгтэл араас П орж ирээд Этэй цохилцоод байсан. М бид хоёр зодоонд оролцоогүй” гэх мэдүүлэг. /хх-н 31- р тал/
6. Гэрч Ч.М-ын “Би 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн барагцаагаар 20 цагийн үед над руу найз П залгаж намайг дуудсан юм. Ингээд би П-ийн байгаа айлд очсон бөгөөд тэгэхэд П, зүс таних Б нар нэг айлд пиво уугаад сууж байсан. Намайг очсоны дараа П надад хандан найз маань тэмцээнд ороод түрүүлчихлээ, ганц юм авч өгье, мөнгө байна уу гэхээр нь П бид хоёр дэлгүүр гарч Домч бор нэртэй архи 1шил, чихэр авч тус айлын эзэн залууд өгсөн. Ингээд П, Б, тэр айлын эзэн залуу бид 4 миний авсан архийг хувааж уусан юм. Архи дуусаж байхад гэрийн эзэн Э П рүү агсарч эхэлсэн юм. Тэгснээ аяны эвхэгддэг сандлаар П-г цохиод авахаар нь би П-г аваад хашаанаас нь гарсан юм. Тэгтэл Э нь араас гуйлгачин юм гуйлгачнаа авчирч гуйлгачингаа дагуулаад явлаа гэж хэлсэн бөгөөд П буцаж ороод Э-тай зодолдсон. Би араас нь ороод П-г татсан бөгөөд Э-г Б татаад цааш нь болгосон юм. Тэгээд эхнэр нь орилж, чарлаад байсан бөгөөд удалгүй цагдаа ирсэн юм. Би тэгээд яваад өгсөн юм. П, Э нар хэн нь хэнийгээ хэрхэн цохиж зодохыг би хараагүй бөгөөд би П-ийн араас жаахан байж байгаад орсон” гэх мэдүүлэг. /хх-н 34-р тал/
7. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 751 дугаартай: “Д.Э-ийн биед баруун завьжинд шарх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, чихний урд ба ар хэсэг, цээж, зуун бугалга, хэвлийн хоёр талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үйлдэгдсэн байна. Шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохйрлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоолоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-н 37-38-р тал/
8. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 765 дугаартай: “Б.П-ийн биед баруун хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоолоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-н 41-42-р тал/
9. Яллагдагч Б.П-ийн “Э нь намайг хэл амаар доромжилсон юм. Тэгэхээр нь би буцаж ороод Этэй зодолдсон бөгөөд би түүний нүүр рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгээд бид 2 зууралдаад газар унасан бөгөөд би түүний нүүр рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгээд бид 2 зууралдаж гэрт дотор нь шалан дээр унасан. Би тэгээд босохдоо түүний нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Э бид 2 зууралдаад уначихсан байх үед болон босохдоо миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохьсон юм. Тэгээд Э нь гэрээсээ гараад зугтаачихсан юм. Би тэднийхээс гартал цагдаа ирсэн бөгөөд Э бид 2 л хоорондоо зодолдсон” гэх мэдүүлэг. /хх-н 50-р тал/
10. Яллагдагч Д.Э-ийн “Би П-г цохиж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-н 56-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.П нь 2024 оны 08 дугаар сарын 18-19-ний шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 5-48 тоотод Д.Э-ийн гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар маргалдаж зодолдон хохирогч Д.Э-ийн биед “баруун завьжинд шарх, баруун хацарт зөөлөн эдийн яцрал, зүүн нүдний зовхи, чихний урд ба ард хэсэг, цээж, зүүн буглага хэвлийн хоёр талд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Э нь 2024 оны 08 дугаар сарын 18-19-ний шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 5-48 тоотод байх гэртээ хохирогч Б.П-тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар маргалдаж зодолдон хохирогч Б.П-ийн биед “баруун хөмсөгт нь шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч Д.Э-ийн “би согтоод тасарчихсан нэг мэдсэн чинь манайд цагдаа нар ирчихсэн байсан. Маргааш нь миний зүүн нүд хөхөрч, улайчихсан байсан бөгөөд эхнэр О-ын хэлсэнээр би Птэй маргалдаж зодолдсон байсан юм. Би П-ээс өөр хүнтэй маргалдаагүй бөгөөд намайг түүнээс өөр хүн цохиж зодоогүй” гэх мэдүүлэг, хохирогч Б.П-ийн “аяны хар өнгийн эвхэгддэг сандлыг авч миний нуруу руу 1 удаа цохьсон. Тэгээд бид 2 барьцалдаж авсан бөгөөд Б дундуур орж салгасан юм. Этэй зодолдсон ба 1 удаа цохьсон. Тэгээд бид 2 зууралдаж гэрт дотор нь шалан дээр унасан. Би тэгээд босохдоо түүний нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч А.О-ын “М нь П-ийн хажуунаас бас нөхөр рүү маань дайраад байсан бөгөөд нөхрийг маань цохисон эсэхийг хараагүй” гэх мэдүүлэг, гэрч О.Б-ын “П М нар нь буцаж ороод хэн нь цохисныг хараагүй Э газарт уначихсан байсан. Тэгтэл П Э-ийн нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч Ч.М-ын “гэрийн эзэн Э П рүү агсарч эхэлсэн юм. Тэгснээ аяны эвхэгддэг сандлаар Пг цохиод авахаар нь би П-г аваад хашаанаас нь гарсан юм. П буцаж ороод Этай зодолдсон” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 751 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 765 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.П-ийн “Э нь намайг хэл амаар доромжилсон юм. Тэгэхээр нь би буцаж ороод Этэй зодолдсон бөгөөд би түүний нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд бид 2 зууралдаад газар унасан бөгөөд би түүний нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд бид 2 зууралдаж гэрт дотор нь шалан дээр унасан. Би тэгээд босохдоо түүний нүүр рүү 1 удаа өшиглөсөн. Э бид 2 зууралдаад уначихсан байх үед болон босохдоо миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг, яллагдагч Д.Э-ийн “Би П-г цохиж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.П, Д.Э нар нь 2024 оны 08 дугаар сарын 18-19-ний шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 5-48 тоотод Д.Э-ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа маргалдан, харилцан зодолдож Д.Э-ийн биед “баруун завьжинд шарх, баруун хацарт зөөлөн эдийн яцрал, зүүн нүдний зовхи, чихний урд ба ард хэсэг, цээж, зүүн буглага хэвлийн хоёр талд цус хуралт” бүхий хөнгөн хохирол, Б.П-ийн биед “баруун хөмсөгт нь шарх” бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Э нь хүний эрүүл мэндэд санаатайгаар халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.П нь хүний эрүүл мэндэд санаатайгаар халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э, Б.П нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-ийн эрүүл мэндэд баруун завьжинд шарх, баруун хацарт зөөлөн эдийн яцрал, зүүн нүдний зовхи, чихний урд ба ард хэсэг, цээж, зүүн буглага хэвлийн хоёр талд цус хуралт бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.П-ийн эрүүл мэндэд нүүрэнд баруун хөмсөгт нь шарх бүхий хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э, Б.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Э, Б.П нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е овгийн Б.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Доржбалын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.П-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э, Б.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Б.П нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар 437-р нээлттэй хорих ангид даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А