| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0405/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/415 |
| Огноо | 2024-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/415
2024 10 09 2024/ШЦТ/415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ж.Б
Хохирогч А.О
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-т холбогдох эрүүгийн 2425000000509 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ц.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 08 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 24-39 тоотод хохирогч А.О-ыг бусадтай чатаар харилцсанд уурлаж улмаар гараараа алгадах, гар утасны цэцэглэгчээр ороолгох зэргээр зодож эрүүл мэндэд нь нуруу, зүүн буглага, зүүн шуу, баруун зүүн гуя, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ “Хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлсөн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч А.О мэдүүлэхдээ “Бид дундаасаа нэг охинтой. Би өөрөө өөртөө гэмтэл учруулаагүй. Энэ хүний өгсөн мэдүүлгийг гайхаж байна. Хохирлоо барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй. Энэ хүнээс хол баймаар байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 10-13-р тал/
2. Хохирогч А.О-ын “Би Цэнддоржийн Б гэх хүнтэй 2015 онд Орхон аймагт байхдаа танилцсан. Дундаасаа 1 охинтой. Ц.Б нь өөрөө эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багт оршин суудаг. Надтай анх танилцахдаа эхнэр хүүхэдгүй гэж хэлж байсан ба түүнээс хойш бид хоёр хүүхэдтэй болсон. Б-ыг эхнэр хүүхэдтэй гэдгийг мэдсэнээс хойш хамт амьдраагүй, миний охиныг төрснөөс хойш Б манайд ирж очоод явдаг байсан. 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үдээс хойш манай ажил дээр Б ирж надтай уулзчихаад Шандад түрүүлээд очоод хүлээж байх уу гэж хэлээд явсан. Би ажлаа тараад түрээсэлж байгаа байшин болох Шанд багийн 24-39 тоот хашаанд очиход Б ирчихсэн, машинаа хашаанд оруулчихсан байсан. Байшингийн нэг түлхүүр Бт байдаг юм. Шөнө 23 цагийн үед бид хоёр унтах гээд байж байхад Б миний утсыг үзэж байгаад өмнө 7 сард харилцаж байсан хүнтэй бичсэн чатыг харчихаад уурлаж надтай хэрүүл, маргаан үүсгэсэн. Улмаар миний гар утсыг надад өгөхгүй, эхлээд миний зүүн талын хацар хэсэг рүү гараараа нэг удаа алдагдсан, зүүн талын дал хэсэг рүү гараа атгаж байгаад олон удаа цохисон, утасны цэнэглэгчийн утсаар хоёр гуя, нуруу хэсэг рүү олон удаа ороолгож цохисон... Би тухайн гэмтлийн улмаас 7 хоног ажилдаа яваагүй тул ажилгүй байсан хугацааны цалин болох 954,576 төгрөгийг Ц.А-аас нэхэмжилж байна. Б худлаа мэдүүлэг өгсөн байна. Би ямарч хутга, сандаал, гурилын элдүүр барьж өөрийнхөө биед гэмтэл учруулаагүй. Энэ бүгд худлаа мэдүүлэг байсан. Бтай бэлгийн харьцаанд ороогүй, миний сэтгэцэд гэм хор учраагүй” гэх мэдүүлэг. /хх-н 17, 20-р тал/
3. Гэрч А.Э-ийн “2024 оны 08 дугаар сарын 26-ны өглөө 07 цаг 12 минутад А.О нь өөрийнхөө ********* дугаараас залгаж миний бие өвдөөд байна, хүрээд ирээч эмнэлэгт үзүүлмээр байна гэж хэлсэн. Би том эгч Ц.Н-ын хамт 08 цаг өнгөрч байхад Отгонжаргалын гэрт очиход орон дээрээ хэвтчихсэн, хаалганууд нь онгорхой охин Ш-ийн эцэг Б өнгөрсөн шөнө ирээд шөнөжингөө зодсон, гар утасны цэнэглэгчээр ороолгосон, шөнө дунд ухаан алдаад Б-ын машинаар эмнэлэгт очсон боловч үзүүлээгүй, дотогшоо ороогүй буцаад гэртээ ирсэн. Б намайг зодохдоо гар утасыг маань авчихсан, гэрийн хаалгыг дотроос нь цоожилсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-н 22-24-р тал/
4. Шинжээч Э.Б-ын “А.О-ын биед учирсан нуруу, зүүн шуу, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа хохирлын хөнгөн зэрэгт бусад гэмтэл нь нийтдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно” гэх мэдүүлэг. /хх-н 34-р тал/
5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 763 дугаартай “А.О-ын биед нуруу, зүүн буглага, зүүн шуу, баруун, зүүн, гуя, баруун зүүн шилбэ, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байна. Шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоолоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт. /хх-н 37-38-р тал/
6. Хохирогч А.О-аас гаргаж өгсөн гэрэл зургууд /хх-н 59-66-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 08 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 24-39 тоотод хохирогч А.О-ыг бусадтай чатар харилцсанд уурлаж улмаар гараараа алгадах, гар утасны цэцэглэгчээр ороолгох зэргээр зодож эрүүл мэндэд нь нуруу, зүүн буглага, зүүн шуу, баруун зүүн гуя, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд,хохирогч А.О-ын “эхлээд миний зүүн талын хацар хэсэг рүү гараараа нэг удаа алдагдсан, зүүн талын дал хэсэг рүү гараа атгаж байгаад олон удаа цохисон, утасны цэнэглэгчийн утсаар хоёр гуя, нуруу хэсэг рүү олон удаа ороолгож цохисон” гэх мэдүүлэг, гэрч А.Э-ийн “Б өнгөрсөн шөнө ирээд шөнөжингөө зодсон, гар утасны цэнэглэгчээр ороолгосон, шөнө дунд ухаан алдаад Б-ын машинаар эмнэлэгт очсон боловч үзүүлээгүй, дотогшоо ороогүй буцаад гэртээ ирсэн. Б намайг зодохдоо гар утасыг маань авчихсан, гэрийн хаалгыг дотроос нь цоожилсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, шинжээч Э.Б-ын “А.О-ын биед учирсан нуруу, зүүн шуу, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа хохирлын хөнгөн зэрэгт бусад гэмтэл нь нийтдээ хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 763 дугаартай дүгнэлт, хохирогч А.О-аас гаргаж өгсөн гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 08 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 24-39 тоотод хохирогч А.О-тай маргалдаж, гараараа алгадах, гар утасны цэцэглэгчээр ороолгох зэргээр зодож эрүүл мэндэд нь нуруу, зүүн буглага, зүүн шуу, баруун зүүн гуя, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Ц.Б нь хохирогч А.О-тай гэр бүлийн харилцаатай байсан болох нь тогтоогдож байх боловч прокурорын газраас гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйл баримтад дүгнэлт хийж, гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.О-ын эрүүл мэндэд нь нуруу, зүүн буглага, зүүн шуу, баруун зүүн гуя, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн гар утас цэнэглэгчийн 2 ширхэг кабель утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж, торгох ялын биелүүлэхийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн гар утас цэнэглэгчийн 2 ширхэг кабель утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А1