| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0090/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/150 |
| Огноо | 2024-10-16 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/150
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж, шүүгч З.Ууганбаяр, шүүгч Б.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч О.Батнасан,
Иргэдийн төлөөлөгч М.М,
Шүүгдэгч, хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Б,
Өмгөөлөгч Н.Нарангарав,
Шүүгдэгч, хохирогч иргэний нэхэмжлэгч Ц.Ба,
Өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овгийн Б-ы Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-ийн Ба нарт холбогдох 2428000000061 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруун сайхан ... тоот хашааны гадна Ц.Ба-тэй гэр бүлийн маргаанаас болж маргалдаж, түүний толгой хэсэгт архины шилээр, нүүр хэсэгт гараар цохиж биед толгойн дагз хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, толгойн хуйх, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.Ба нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруун сайхан ... тоот хашааны гадна Б.Б-тай гэр бүлийн маргаанаас болж маргалдаж, түүний цээжний зүүн хэсэгт хэвлий хөндий рүү хутгалж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн биед цээжний зүүн хэсэгт хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний цоорол, зүүн бөөрний хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б, Ц.Ба нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй гэв.
Шүүгдэгч Ц.Ба шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Хүү дээрээ очих гэж очоод ийм маргаан болсон. Хэл амаар доромжлоод машинаас буугаад очиход архины шилээр цохисон. Гэр бүлийн маргаан болсон. Би архи уугаагүй байсан. Б согтуу архи барьсан байсан. Манай эхнэртэй явдаг хүн гэдгийг мэдэхгүй байсан. Манай гэрийн үүдээр яах гээд эргэлдээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд ийм зүйл болсон гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Одоо байнга эмнэлгийн хяналтад байгаа. Мөнгөнгүүр эмнэлэгт удаа дараа үзүүлж байгаа. Мөн Баянхонгор аймагт очиж үзүүлсэн. Дотор шархны эдгэрэл удаан байгаа. Дөнгөж 8 сар болох гэж байна. Хагалгааны шарх аньсан боловч дотор шархтай. Бөөрний шархнаас болж эвэрхий үүссэн. Өтгөний уутыг жил болгож байж авна гэж хэлсэн. Хурдан авхуулах гэсэн боловч болоогүй байна гэж хэлсэн. Уутаа ойр ойрхон сольдог учраас цавуунд нь харшилдаг. Дотуур оёдол заримдаа чинэрдэг. Эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирол гаргуулж авмаар байна. Бөөрний хагалгаанд ороход даатгалын сангаас төлбөр төлөгдөөгүй учраас би өөрөө хувиараа төлсөн. Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс хагалгааны төлбөр нэхсэн. Мөн эм, замын зардал нэхэмжилж байна. Уут их үнэтэй. Хотоос захиалж авдаг. Дангаараа 7 хоног л хэрэглэдэг. 8 сарын турш сард 300,000 гаруй төгрөгийн уут хэрэглэдэг. Хэрвээ ийм байдал үүсээгүй байсан бол тухайн үедээ ажилд орохоор анкет өгөөд ажилд орох гэж байсан. Ажил эрхлэх боломжгүй болсон. Ажил эрхлэх чадвар алдсан. Эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлоо төлүүлбэл гомдолгүй. Гарсан бүх баримтаа өмгөөлөгчид өгсөн байгаа гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ба шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй гэв.
Иргэдийн төлөөлөгч гэм буруугийн саналдаа: Бие биедээ хөнгөн болон хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баруунсайхан ... тоотод Отай уулзаад Огийн машиныг нь хашаанд тавиад гэрт нь орсон. Тухайн үед би өмнө нь уугаад үлдээсэн байсан архинаас нэг удаа аяганд хийж уучихаад үлдсэнийг нь хувцасны энгэрт хийгээд гэрээс нь гараад явсан. Тухайн үед намайг гарах гэж байхад О-гийн хуучин нөхөр нь согтуу ирж байгаа талаар яриад байсан. Тэгээд би хашаанаас гараад хашааны хаалгыг нь хаачихаад явах гэж байтал машины гэрэл тусаад нэг “Приүс 20” загварын машин ирсэн. Уг машинаас нэг хүн буугаад ирсэн. Тухайн хүн нь О-гийн хуучин салсан нөхөр нь Ба буугаад ирсэн. Би Ба-ийг эр хүн шиг хэл амаараа учраа олчихъё гэж хэлсэн. Тэгсэн Ба намайг заамдаад боогоод бид хоёр заамдалцаад би Ба-ийг цааш нь түлхээд авсан. Тэгээд маргалдаж байгаад би эргээд явсан. Баруун сайханы ... тоот хашааны урдуур алхаж байтал Ба машины хаалгаа нээгээд хаах шиг болсон тэгсэн миний араас гүйгээд ирсэн. Ба араас ирээд надтай барилцаад авсан, би цааш нь дахиад түлхсэн чинь миний зүүн бөөр орчимд халуу асгаад нойтон оргиод эхэлсэн. Би гараараа дараад үзтэл гар цус болсон байсан. Би Ба-ийг хутгаар дүрчихсэн байна гэж хэлээд би энгэртээ байсан архиа гаргаж ирээд Ба рүү далайтал Ба тонгойгоод бултсан, би архиа газарт алдаад тухайн архины шил хагарсан. Тэгсэн чинь миний бие хүндрээд хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй болсон. Би Баруун сайхан ... тоот хашааны хаалганы гадаа алхаж очоод О-д хандан намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгсэн О хашааны хаалгаа нээсэн, тэгээд би ухаан балартаад ухаан алдсан. Тэрнээс хойш би болсон зүйлийг бүдэг санаж байна. Миний санаж байгаагаар намайг гэрт оруулчихсан цагдаа эмнэлэг ирчихсэн Ба цагдаад би хутгалсан гэж хэлж байсан. Нэг хэсэг юм мэдэхгүй байж байгаад эмнэлэг дээр очоод хагалгаанд орох гэж байх шиг байсан... Би Ба гэх хүнийг танихгүй. Тухайн өдөр анх харсан. Өмнө нь утсаар хэдэн удаа ярьж байсан. Би О-тай танилцаад 2 жил болж байна. О анх танилцаж байхдаа Баээс салаад 3 жил болж байгаа гэж хэлж байсан. Би эхнэрээсээ салаагүй хамт амьдардаг гэхдээ О-тай уулздаг дотно харилцаатай хүмүүс байгаа юм. Ба надтай хэд хэдэн удаа согтуу утсаар яриад ална тална чам шиг юмыг алаад шоронд явахад 10 жил шоронд яваад ирнэ гээд дандаа л хэрүүл маргааны зүйл ярьдаг байсан. Би сүүлдээ Ба-ийн утсыг огт авахаа байсан, огт залгахаа ч байсан. Би зүс царайг нь харж байгаагүй утасны цаанаас надтай хэд хэдэн удаа ярьсан өөр зүйл байхгүй... Би Ба-ийн үйлдэлд маш их гомдолтой байна. Би бүтэн байсан биедээ оёдол тавиулаад эрүүл мэндээрээ хохироод насаараа бөөрний асуудалтай болж байгаа явдалд гомдолтой байна. Би өөрийн биед хийгдсэн эмчилгээний зардал болон цаашид эмчилгээ хийхэд гарах зардлыг нэхэмжилмээр байна. Ба надад хоёр удаагийн гүйлгээгээр нийт 1 сая төгрөг өгсөн, өөр мөнгө өгсөн зүйл байхгүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 24-28 дахь тал)
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүүхэдтэйгээ уулзах гээд очсон чинь гэрт хүүхэд байхгүй эхнэр гэртээ байхаар нь гэртээ ороогүй хашааныхаа үүдэндээ машиндаа сууж байсан чинь архи барьсан хүн ирээд машины хаалга нээгээд томорсон. Чи яахаараа манай эхнэр дээр ирдэг юм чи Ба мөн биз дээ гэхээр нь машинаасаа буугаад ирсэн чинь намайг шууд цохиод авсан. Дараа нь намайг дахиад барьж явсан архиныхаа шилээр цохисон, тэгээд миний уур хүрээд уг нь бол айлгах гээд машинд байсан хутгаа аваад өмнөөс нь далайсан чинь намайг цохих гээд над руу явахдаа хутга дүрэгдсэн юм болов уу гэж би бодоод байгаа. Би уурлахаараа ухаанаа алдчихдаг, эрүүл ч бай согтуу ч бай юу хийж байгаагаа сайн мэддэггүй. Бусдаар бол би хутгалъя гэсэн бодол огт байгаагүй. Болсон хэргийн талаар би өмнөх гэрчийн мэдүүлэгт ерөнхийд нь мэдүүлсэн... Толгойн дагз хэсгийн хуйхны шарх, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлийг Б надтай маргалдаж байгаад архины шилээр миний толгойн ар дагз хэсэгт нэг удаа цохисны улмаас уг гэмтлүүд учирсан. Зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун хацрын зулгаралт гэмтлүүдийг мөн Б учруулсан. Тухайн үед би хашааны гадаа ирээд машинтайгаа зогсож байтал нэг том шилтэй архи барьсан хүн алхаад ирж байсан. Би хэн юм бол гэж бодоод байж байтал ирээд машины хаалга татаж нээгээд чи Ба мөн үү гэж хэлээд томроод хэл амаар доромжлоод буугаад ир гэхээр нь би машинаас буугаад очсон. Тэгсэн Б намайг цохиод авсан, тэгээд дараа нь барьж явсан архины шилээр миний толгой хэсэгт цохисон. Би уурлаад машинаас хутга аваад Б-ыг хутгалсан. Б эхлээд миний нүүр хэсэгт нэг удаа цохисон. Дараа нь Б хутгалуулсны дараагаар над руу дайраад нүүр хэсэгт дахиад цохиод бид хоёр зодолдсон. Тэр үед зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун хацарт зулгаралт, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан. Баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтлийн хувьд Б надад хутгалуулсны дараагаа дахиад намайг архины шилээр далайгаад цохих үед нь би баруун гараараа хаасан. Тэр үед уг гэмтэл учирсан. Надад хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Б надад хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй. Надад хохирол төлбөр гээд байх зүйл байхгүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 29-32 дахь тал)
Иргэний нэхэмжлэгч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Ба манай төрсөн ах байгаа юм. Тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна. Ба ах надад хэлэхдээ чиний хотоос авхуулсан хутгаар чинь хүн хутгалчихсан тэгээд уг хутгыг цагдаа эд мөрийн баримтаар хураагаад авсан гэж хэлсэн, өөр зүйл мэдэхгүй. Тухайн хэрэг болох үед Ба ахын барьж байсан хутгыг би 2024 оны 02 дугаар сард Улаанбаатар хотод байдаг Хар сүлд гэх нэртэй хутга зардаг дэлгүүрээс фейсбүүк лайваар зохион явуулдаг 100,000 төгрөгийн үнэтэй сугалаанд орсон. Тэгээд уг сугалаанаас тухайн хутгыг хожсон. Улаанбаатар хотоос буюу Хар сүлд хутганы дэлгүүрээс Өмнөговь аймаг явах замын унаанд хийж өгөөд Өмнөговь аймаг дээр Ба аваад Ноён сум руу унаанд өгч явуулах гэж байсан юм. Уг хэрэг гардаг өдөр Ба тухайн хутгыг замын унаанаас тосож аваад машиндаа авч явж байгаад хүн хутгалж гэмтээсэн байсан. Тухайн хутгаа биет байдлаар нь буцааж авмаар байна. Тухайн хутганы төмөр нь үнэтэй ховор сайн чанартай учраас хутгаа биет байдлаар нь буцааж авч хэрэглэмээр байна. Ба гэх хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй.” (1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал)
Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Ба гэх хүнийг танина. Манай дүү А-тай хамт ажилладаг. Танихаас өөрөөр холбоо хамаарал байхгүй. 02 дугаар сарын 26-ны өдрийн орой 18 цагийн үед би гарч мод авах гэсэн чинь унаа байхгүй байсан. Тэгээд би найзтайгаа яриад мод авах гэсэн унаа байхгүй байна мод аваад ир гэсэн чинь манай найз энд унаатай хүн байна энэ хүнийг явуулчихъя гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Ба манай гэрт мод аваад хүрээд ирсэн. Ба надад мод авчирж өгчихөөд гарсан. Туханй үед Ба өнөөдөр хүү дээрээ очиж хононо гэж яриад явж байсан. Ба мод авчирч өгчихөөд гарсан манайд нээх удаагүй. Тухайн үед Ба эрүүл явж байсан. Надад архи согтууруулах ундаа үнэртэхгүй байсан. Биед нь ямар нэгэн бэртэл гэмтэл огт байгаагүй. Ямар нэг хэрүүл маргаан зодоон хийсэн шинжгүй зүв зүгээр явж байсан. Нүүр толгой биеийн ил харагдах хэсэгт ямар нэг бэртэл гэмтэл огт байхгүй байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал)
Гэрч У.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 02 дугаар сарын 26-ны орой 17 цаг өнгөрч байхад Быг гэрээс нь очиж аваад гэртээ ирээд хамт байж байсан. Тэгсэн манай охин залгаад аав согтуу очиж байгаа юм шиг байна шүү гэж хэлсэн. Би Быг явъя хэрүүл маргаан болно гэсэн чинь Б би явахгүй Батэй эр хүн шиг уулзана чи салаад 4-5 жил хамт амьдраагүй байж яагаад энэ хүнээс айх ёстой юм бэ? би энэ хүнтэй эр хүн шиг уулзаж ярилцана гээд уурлаад яваагүй. Б-ыг явахгүй хашааны гадаа байхаар нь чи гэртээ харь хэрүүл маргаан болно гэж хэлээд би хашааны хаалгаа хаагаад цоожилсон. Тэгээд байж байтал гадаа хүмүүс маргалдаад байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь би гэрээс гарсан чинь Б чи эр хүн шиг ярилцчих чи хутга барьсан байна шүү дээ гэж хашхирсан. Тэгэхээр нь би айгаад ойртож очилгүй чагнаад зогсож байхад тэр хоёр хоорондоо хэрэлдээд маргалдаад зууралдаад байгаа чимээтэй байсан. Тэгж байснаа Б чи яаж байгаа юм бэ намайг дүрчихсэн байна шүү дээ эр хүн шиг ярилцаж гараараа үзэж чадахгүй яасан арчаагүй юм бэ гэх чимээ гарсан. Би юу болоод байгаа юм бэ хутга бариад байгаа юм уу гэсэн чинь Б хутгыг нь хаяулчихлаа намайг Ба дүрчихсэн байна гараад ир гэхээр нь би хашаанаас гараад очтол Ба Б хоёр хашааны гадаа зууралдаад байж байсан. Би Б-тай элбэж газарт унагаж байгаад чи ухаантай байгаач чи хүн хутгалчихсан байна гэсэн чинь Ба тайвшраад өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлаад Б-ыг надтай хамт түшиж яваад гэрт оруулаад Ба миний утсаар түргэн дуудсан. Тэгээд Ба Б-ын шархыг нь хараад цус гарсан газрыг нь гараараа дарж байгаад ороолтоор ороож боосон. Тэгээд удалгүй түргэн ирсэн мөн цагдаа нар ирсэн.” (1 дүгээр хавтаст хэргийн 40-43 дахь тал)
Шүүгдэгч Ц.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Эхнэр О-тай 2023 оны 12 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Эхнэр О сална гээд хөөж туугаад байдаг болсон учраас тусдаа амьдрах болсон. О-г ажилдаа явсан үед нь би гэртээ очдог. О-г гэртээ байх үед нь би машинтайгаа энд тэнд очоод байж байдаг. Эхнэр Б гэх хүнтэй уулзах болсноос хойш намайг гэрээсээ хөөгөөд байх болсон. Би одоо сард 2,200,000 төгрөгийн цалин авдаг... Б миний толгойн ар хэсэгт архины шилээр цохисон юм, тэгээд би уурлаад уурандаа Быг хутгалчихсан. Би уг нь Б-ыг хутгаар гэмтээнэ гэж бодоогүй байсан. Зүгээр айлгах гэж байгаад санамсаргүй байдлаар хутгалчихсан. Би Б-д эмчилгээний зардалд нийт 1,100,000 төгрөг өгсөн. Цаашид Б баримтаар хохирол төлбөр нэхэмжлэх юм бол би өгнө.” (1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дэх тал)
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би уг тогтоолыг ойлгосон. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ба намайг хутгалахаас өмнө бид хоёр заамдалцаад зууралдсан, тэрнээс би Ба-ийг цохиж зодоогүй. Ба намайг хутгалсны дараа би өөрийн энгэртээ байсан 1 литрийн шилтэй архиар цохих үед Ба бултаад би тухайн архийг газарт унагаад хагалчихсан. Тэгээд би цусаа хараад ухаан балартсан. Тэгээд Батэй барилцаад хоёр гурван удаа далайж байснаа санаж байна. Ба-ийн нүүр нүд хэсэгт нь цохисон гэдгээ санахгүй байна. Би Ба гэх хүнийг амралтаараа ирээд нэлээд олон хүнтэй архи уусан гэж сонссон. Ба надаас өмнө өөр хүнтэй хэрэлдэж маргалдаад зодуулж гэмтсэн байсан эсэхийг мэдэхгүй байна... Ба анх 1,100,000 төгрөг өгсөн, тэрнээс өөр мөнгө төгрөг өгөөгүй, Ба-тэй холбогдоогүй... Би гаргаж өгсөн баримтын дагуу өөрт учирсан хохирлоо нэхэмжилж авна. Манай аймгийн эрүүл мэндийн төвөөс надад яаралтай журмаар бөөрний хагалгаа хийсэн бөгөөд хагалгаа хийсэн эмчилгээний төлбөрт 6,590,800 төгрөгийн зардал гарсан, уг мөнгийг надаас нэхэмжилсэн. Тухайн бөөрний хагалгаа эрүүл мэндийн даатгалаар хийгдэхгүй учраас уг мөнгийг нэхэмжилсэн. Тухайн 6,590,800 төгрөгийг яаралтай Ба-ээс гаргуулж авмаар байна. Мөн сэтгэл санааны хохирлыг гаргуулж авна. Би бол маш их гомдолтой байна. Би эрүүл мэндээрээ хохироод дээр нь сэтгэл санаагаар хохироод байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 143-144 дэх тал)
Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Ба-ийн биед толгойн дагз хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, толгойн хуйх, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ц. Ба-ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Ба-ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал)
Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Бын биед цээжний зүүн хэсэгт хэвлийн хөндийрүү нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний цоорол, зүүн бөөрний хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.Б-ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Б.Б-ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” (1 дүгээр хавтаст хэргийн 57-60 дахь тал)
“Дамно” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хутга /модон иштэй, хар сүлдний дүрс бүхий тэмдэгтэй 32 см урт/, 1 ширхэг, нийт үнэ 108,000 төгрөг.” (1 дүгээр хавтаст хэргийн 130-134 дэх тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 942 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршиг нь түр зуурын эсвэл байнгын эсэх нь эрүүл мэндийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин зэргээс хамаарна. Энэ асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй.” (2 дугаар хавтаст хэргийн 49-51 дэх тал)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 16-20 дахь тал)
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал)
Эмнэлгийн бичиг баримтын хуулбарууд (1 дүгээр хавтаст хэргийн 63-126 дахь тал)
Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 157-158, 2 дугаар хавтаст хэргийн 01, 81-83 дахь тал)
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (1 дүгээр хавтаст хэргийн 159 дэх тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Ба, Б.Б нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь шүүгдэгч Ц.Ба-ээс эмчилгээний зардалд 8,506,812 төгрөг нэхэмжилснээс мөрдөн байцаалтын шатанд 2,100,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 942 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б-ын сэтгэцэд учирсан гэм хорыг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон. Б.Баас нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 8,506,812 төгрөгөөс өгсөн 2,100,000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөрийг, сэтгэл санааны хохиролд 15,173,400 төгрөг, ажилгүй байсан 9 сарын хугацааны цалин 5,940,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэж дээрх хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна гэж үзэж байна, мөн гэмт хэрэг гарахаас өмнө гарсан зардлыг хасаж тооцож хохирол төлбөрийг гаргуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч, хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Б-ын өмгөөлөгч Н.Нарангаравын зүгээс Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг дэмжиж байна. Ц.Ба нь Б.Б-ыг хутгалсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас Ц.Ба-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Үүн дээр маргаж мэтгэлцэх зүйл байхгүй. Хохирол төлбөрийн тухайд улсын яллагчтай санал нэг байна. Хэрэгт авагдсан баримтаар 8,506,812 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс нотлох баримт шинжлэн судлах явцад 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 9,800 төгрөгийн баримтыг хасаад, эцсийн байдлаар 27,510,412 төгрөг нэхэмжилж байгаа. Шатахууны зардал дээр маргаж байна. Энэ хүн хэрвээ зүгээр байсан бол шатахууны зардал гарахгүй. Тээврийн хэрэгсэлд шатахуун хийгээд эмнэлэг рүү явах, эмийн сан явах, хоол зөөх, мөн ах дүү нарыгаа эргэх үед олон зардал гарсан. Манай аймагт бөөрний хагалгаа хийгддэггүй учраас анх удаа хагалгаа хийгдээд аймагт байхгүй зарим эм, тариа, багаж хэрэгслийг захиад түүнийг нь гэр бүлийнхэн нь зөөсөн асуудал байгаа. Тийм учраас шатахууны зардлыг зайлшгүй гарсан зардал гэж үзэж байна. Хагалгаанд орсны дараа эмнэлэг рүү явах, мөн 2 удаа хот руу явж үзүүлсэн үеийн шатахууны баримтууд байгаа. Энэ нь тухайн үзүүлсэн үеийн цаг хугацаатай таарна. Нийт баримтаар авагдсан шатахууны баримтыг тооцоод үзэхэд 500,000 төгрөг хүрэхгүй баримт авагдсан байна. Эхнэр нь өөрөө сахиад хажууд нь байсан учраас гаднаас юм захиад авч ирсэн хүнд нь мэдээж хэдэн төгрөг өгч бензин хийж өгч байсан. Хүний эрүүл мэндэд хохирол учруулчхаад 15,000-20,000 төгрөгийн бензиний баримт дээр маргаж байгаа нь энэ хүний ямар байр суурьтай байгааг харуулж байна гэж ойлгож байна. Сэтгэцэд учирсан хохирлыг яагаад 22,99 хувиар нэмэгдүүлсэн хэмжээгээр нэхэмжилж байгаа вэ? гэхээр энэ хүний эрүүл мэндэд учирсан хохирол нь асар их, одоо ч бүрэн эдгээгүй. Цаашид орох 2-3 хагалгаа байгаа. Мөн байнгын зовуурь шаналгаатай, харшилж загатнадаг, байнгын нэг талаараа хэвтдэг, ердийн хүн шиг байх боломжгүй, энэ байдал нь 7-8 сарын хугацаанд үргэлжилж байна. Хамгийн багадаа 1 жилийн хугацаанд энэ зовуурь шаналгаатайгаа явах ёстой, цаашид хэзээ эрүүл болохыг тооцож чадахгүй нөхцөл байдлууд байгаа учраас хамгийн дээд хэмжээгээр нь нэхэмжлэх нь зүйтэй гэж үзсэн. Өмнөх шүүх хуралдаанаар Б-ын биед учирсан хохирол, мэс заслын сорви, шарх, эдгэрлийн байдлыг бид харсан. Нэг талдаа бөөр, нөгөө талдаа нарийн гэдэс зүсэгдсэн учраас заавал хэвлийн хөндийг 2 талд нь хагалсан. Тэгэхээр эдгэрэх хугацаа, шаналал зовуурь нь ямар байх вэ?, энэ нь хүний сэтгэл санаанд маш их нөлөөтэй байгаа. Шинжээчийн дүгнэлт 5 дугаар зэрэглэлээр тогтоогдох ёстой гэсэн боловч Бын зүгээс би одоо маргахгүй, залхаж байна, энэ хэргийг хурдан дуусгамаар байна гэсэн учраас өмгөөлөгчийн зүгээс дахин дүгнэлт гаргуулахаар маргаагүй. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөг байхаар тогтоосон. Энэ хэрэг нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гарсан ба тухайн үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийн 22,99 хувиар нэмэгдүүлсэн хэмжээгээр бодож олоход 15,173,400 төгрөг гарсан. Ажилгүй байсан хугацааны цалинг 02 дугаар сарыг оруулаад 10 дугаар сарыг дуустал гэж тооцоод 9 сарын ажилгүй байсан хугацааны цалин гэж 5,940,000 төгрөг гарч байгаа. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т заасан хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд тэр хүний олох байсан орлого, цалин, ажилгүй байсан хугацааны цалинг олгоно, тухайн үедээ ажилгүй байсан бол хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бууруулахгүйгээр нэхэмжилсэн цалинг олгоно гэж заасан учраас энэ аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 9 сараар үржүүлээд 5,940,000 төгрөг гарсан. Нийтдээ Баийн маргаж байгаа 9,800 төгрөгийн баримтыг хасаад үзэхэд 27,510,412 төгрөг гарч байгаа. Үүнийг нэхэмжилж байна. 6,590,800 төгрөгийн хохирол төлбөр дээр маргаж байна. Үүнийг авсан ч төлнө, аваагүй байсан ч төлнө. Хэрвээ бид нарт төлөхгүй гэж байгаа бол эмнэлэгт төлчих, энэ дээр маргаад байх зүйл байхгүй. Энэ хүн дээр нэхэмжлэл нь ирчихсэн, залгаж утасдаад байдаг, эмнэлэгт очоод үзүүлье гэхээр өмнөх төлбөрөө төл гэдэг учраас үүнийг төлүүлмээр байна. Өөр дээр нь нэхэмжлэх нь ирсэн учраас уг нэхэмжлэхийг нь үндэслэж төлбөрийг нэхэмжилсэн. Үүнийг заавал гаргуулах зардал гэж үзэж байгаа гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч, хохирогч иргэний нэхэмжлэгч Ц.Ба-ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн зүгээс Ц.Ба нь өөрийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөө мөн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ маргахгүй талаараа илэрхийлдэг. Энэ хүний үйлдлийн улмаас хүнд гэмтэл учраад байгаа үйлдэл нь үнэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь зөв үү? үгүй юу? гэдэг дээр хуульд заасан арга хэлбэрээр харьцуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг магадлах аргаар шинжлэн судалж хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй болов уу? гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс Ц.Ба-ийн үйлдлийн улмаас Б.Б-д хүнд хохирол учраад байгаа үйлдлийг зүйлчилсэн улсын яллагчийн хэргийн зүйлчлэл буруу байна гэж харж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг заасан. Энэ гэмт хэргийн шинжийг харвал өөрт нь хүч хэрэглэсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тус зүйл хэсгээр зүйлчлэхээр заасан байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Ц.Ба-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлэг, асуулт хариулт зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэлт хийгээд үзвэл хохирогчийн хууль бус болон зүй бус үйлдэл тус гэмт хэрэг гарахад нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл энэ нь өөрөө Ц.Ба-ийг гэнэт уурлаж буй физиологийн эффектэд орох нөхцөл байдлыг үүсгэж үүнээс болоод тухайн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж харж байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг судлаад үзэхээр Б.Б нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж Ц.Ба-ийн гэр бүлийн хүн болох О-тай дотно харилцаа үүсгэснээс энэ асуудал үүссэн нөхцөл байдал харагддаг. Хүүхэдтэйгээ уулзах гээд гэртээ очоод гэрийнхээ гадаа байж байхад Б.Б ирээд чи одоо манай гэрийн гадаа юу хийгээд байгаа юм, манай эхнэр дээр яах гээд ирээд байгаа юм гээд хэл амаар доромжилж байгаа асуудлууд яригдаж байна. Тэгэхээр хүний нийгэмд тогтсон жам ёсны харилцаа, хуульд нийцсэн асуудал мөн юм уу? биш юм уу? гэдэг дээр хуульчид дүгнэлт хийх хэрэгтэй. Баас өөрөөс нь энэ нь зөв үйлдэл юм уу? энэ байж болох асуудал юм уу? гэхээр энэ бол буруу байж болохгүй, хэрэг гарах болсон шалтгаан нь миний тэр гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой гээд өөрөө байж болохгүй үйлдэл гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэтэл гэрлэлтийн баталгаатай, 25 жил хамт амьдарсан, 2 хүүхдийнх нь ээж гэр бүлийнх нь гишүүн, эхнэр минь, гэр орон минь гэж бодож байдаг газраа очиход нэг согтуу танихгүй хүн гарч ирснээ чи Ба мөн үү?, яагаад манай гэрийн гадаа эргэлдээд байгаа юм, яагаад манай эхнэр дээр ирээд байгаа юм гээд үгийн зөрүүгүй толгой руу нь архины шилээр цохиод байгаа үйлдэл нь өөрөө хохирогчийн зүй бус хууль бус үйлдэл. Үүнээс болоод би уурлаад машин дотор байсан хутгыг аваад ийм асуудал үүсчихсэн юм гэдгээ Ба мөн мэдүүлж байна. Энэ нөхцөл байдал дээр үндэслээд дүгнэлт хийх юм бол тухайн хэргийн зүйлчлэл Ба-ийн үйлдэлд тохироогүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа юм. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж мөн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар тодорхой хуульчилсан. Өөрөөр хэлбэл хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэмт хэргийн улмаас учирсан үр дагаврыг хор уршигт, хохиролд тооцохоор хуульчилсан. Энэ гэмт хэргийн улмаас Б.Б-д ямар хохирол хор уршиг учирсан юм бэ? гээд хэрэгт авсан баримтуудыг шинжлэн судлаад үзвэл эрүүл мэнд эмчилгээтэй холбоотой зардлууд гарчээ. Үүнийг төлөх нь зүйтэй. Энэ дээр маргахгүй байна. Харин эргэлзээтэй баримтууд байна. 6,590,000 төгрөгийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нэхэмжлэхийг үндэслээд Ц.Ба-ээс гаргуулна гэсэн байр сууриас нэхэмжилж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б-аас тухайн төлбөрийг та өөрөө төлсөн үү? гэдэг асуултад төлөөгүй байгаа гэсэн зүйл хэлсэн. Тэгэхээр үнэхээр энэ төлөгдөх төлбөр мөн юм уу?. 110 дугаар хуудсанд авагдсан баримтаас харахад нийгмийн даатгалын сангаас 2,000,000 гаруй төгрөг гаргуулсан гэж байгаа ба эмчлүүлэгчээс гарсан зардал нь 400,000 төгрөг гээд гарчихсан. Тэгэхээр энэ төлбөр нь Бын нэхэмжлэх ёстой төлбөр мөн юм уу? биш юм уу? гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Магадгүй нийгмийн даатгалын сангаас гарсан юм уу? гараагүй бол нийгмийн даатгалын сан нь юм уу? эсвэл БОЭТ өөрөө иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоод энэ асуудал яригдах нь зүйтэй. Тэгэхээр 6,590,000 төгрөгийн хохирол нь Б.Б-аас гарсан бодит хохирол биш байгаа учраас энэ асуудлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж бодож байна. Шатахууны баримтуудыг Ц.Ба хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн агуулга биш. Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаагийн хувьд авагдсан баримтууд үнэхээр хуульд нийцэж байна уу? үндэслэл бүхий байна уу?, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь өөрөө үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай. Тэгэхээр энэ баримтуудыг шинжлэн судлаад үзэхээр шатахуунтай холбоотой баримт яг гэмт хэргийн улмаас үүссэн хохирол төлбөрт тооцогдох уу? үгүй юу? гэдэг нь эргэлзээтэй байсан учраас шинжлэн судалсан. Үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой. Нэг бүрчлэн аваад үзвэл 02 дугаар сарын 25-ны өдөр буюу гэмт хэрэг гарахаас өмнө хүртэл авагдсан шатахууны баримт байсан учраас энэ баримтууд эргэлзээтэй байна гэдэг байдлаар өмгөөлөгч нотлох баримтыг шинжлэн судалсан байгаа. Хохирол төлбөрийг тооцож үзэхэд эрүүл мэндтэй холбоотой гарсан зардал 1,341,522 төгрөгийн нийт бодит зардал гарсан байна гэж харж байгаа. Сэтгэл санааны хохирлыг 22,99 дахин нэмэгдүүлэхээр буюу 3 дугаар зэрэглэлийн хамгийн их хэмжээгээр тооцох нь үндэслэлгүй байна. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тушаал байгаа. Тус тушаалын хавсралтын 2 дахь хэсгийн 2.2 дээр энэ журмын 2.1.1-ээс 2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно гэж заасан. Шүүх шинжилгээний байгууллага тогтоосноор хохирлыг тооцвол тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг шүүх харж үзэхийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор заасан. Тэгэхээр энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь өөрөө хохирогчийн зүй бус үйлдэлтэй, хохирогчийн үйлдэлтэй яах аргагүй шалтгаант холбоотой учраас шууд зэрэглэлийг хамгийн хүнд хэлбэрээр нь буюу хамгийн их хэмжээгээр нь тооцох нь учир дутагдалтай. Иймээс тухайн хүснэгт буюу журамд заасны дагуу 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож өгөөч гэсэн саналтай байна гэх дүгнэлтүүдийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын зүгээс 6,000,000 гаруй төгрөг нь зөвхөн бөөрний хагалгаанд орсон зардал байгаа. Ор хоногийн зардал болон эм тарианы мөнгийг хольж яриад байна гэх,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ба нь хэлэх зүйл байхгүй гэх,
Шүүгдэгч Ц.Ба-ийн хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх,
Шүүгдэгч Б.Б-ын зүгээс өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, өөрийн буруугаа хүлээж байна гэх тайлбаруудыг тус тус гаргав.
Шүүгдэгч Ц.Ба-ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн зүгээс шүүгдэгч Ц.Ба-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж мөн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэх дүгнэлтийг гарган мэтгэлцэж оролцов.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь ихэвчлэн хохирогчийн өдөөн хатгасан болон ёс бус авирласантай холбоотойгоор санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ гэмт хэрэг үйлддэг байна. Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг ойлгоно.
Мөн хохирогчийн зүгээс гэм буруутай этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдахад хүргэсэн өдөөн хатгалт нь хүчээр дарлагдсан, хүндээр доромжлох, хууль бус бусад үйлдэл гэсэн хэлбэртэй байна. Хүндээр доромжлох гэж нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр гутаасан үйлдлийг хэлнэ. Энэ нь хүнийг үндэс угсаа хэл арьсны өнгө, нас, хүйс, хөрөнгө чинээ, эрүүл мэнд, гадаад төрх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдэл, бичгээр, дохио зангаагаар зураг дүрсээр гутаасан зэргээр илрэхээр хуульчилсан.
Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг (Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйл) нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг (Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл)-тэй объект, гэмт хэргийн объектив талын хохирол, субъектив талын үндсэн шинж болох гэм буруугийн хэлбэрээр ижил боловч субъектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэрэг үйлдэх үеийн гэмт этгээдийн сэтгэл санааны байдлаар нь ялгагддаг байна.
Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын “...Уг машинаас нэг хүн буугаад ирсэн. Тухайн хүн нь О-гийн хуучин салсан нөхөр нь Ба буугаад ирсэн. Би Ба-ийг эр хүн шиг хэл амаараа учраа олчихъё гэж хэлсэн. Тэгсэн Ба намайг заамдаад боогоод бид хоёр заамдалцаад би Ба-ийг цааш нь түлхээд авсан. Тэгээд маргалдаж байгаад би эргээд явсан. Баруун сайханы ... тоот хашааны урдуур алхаж байтал Ба машины хаалгаа нээгээд хаах шиг болсон тэгсэн миний араас гүйгээд ирсэн. Ба араас ирээд надтай барилцаад авсан, би цааш нь дахиад түлхсэн чинь миний зүүн бөөр орчимд халуу асгаад нойтон оргиод эхэлсэн. Би гараараа дараад үзтэл гар цус болсон байсан... Өмнө нь утсаар хэдэн удаа ярьж байсан. Би О-тай танилцаад 2 жил болж байна. О анх танилцаж байхдаа Баээс салаад 3 жил болж байгаа гэж хэлж байсан. Би эхнэрээсээ салаагүй хамт амьдардаг гэхдээ О-тай уулздаг дотно харилцаатай хүмүүс байгаа юм. Ба надтай хэд хэдэн удаа согтуу утсаар яриад ална тална чам шиг юмыг алаад шоронд явахад 10 жил шоронд яваад ирнэ гээд дандаа л хэрүүл маргааны зүйл ярьдаг байсан. Би сүүлдээ Баийн утсыг огт авахаа байсан, огт залгахаа ч байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 24-28 дахь тал),
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ба-ийн “2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүүхэдтэйгээ уулзах гээд очсон чинь гэрт хүүхэд байхгүй эхнэр гэртээ байхаар нь гэртээ ороогүй хашааныхаа үүдэндээ машиндаа сууж байсан чинь архи барьцан хүн ирээд машины хаалга нээгээд томорсон. Чи яахаараа манай эхнэр дээр ирдэг юм чи Ба мөн биз дээ гэхээр нь машинаасаа буугаад ирсэн чинь намайг шууд цохиод авсан. Дараа нь намайг дахиад барьж явсан архиныхаа шилээр цохисон, тэгээд миний уур хүрээд ууг нь бол айлгах гээд машинд байсан хутгаа аваад өмнөөс нь далайсан чинь намайг цохих гээд над руу явахдаа хутга дүрэгдсэн юм болов уу гэж би бодоод байгаа...” (1 дүгээр хавтаст хэргийн 29-32 дахь тал)
Гэрч У.О-гийн “...гадаа хүмүүс маргалдаад байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь би гэрээс гарсан чинь Б чи эр хүн шиг ярилцчих чи хутга барьсан байна шүүдээ гэж хашхирсан. Тэгэхээр нь би айгаад ойртож очилгүй чагнаад зогсож байхад тэр хоёр хоорондоо хэрэлдээд маргалдаад зууралдаад байгаа чимээтэй байсан. Тэгж байснаа Б чи яаж байгаа юм бэ намайг дүрчихсэн байна шүү дээ эр хүн шиг ярилцаж гараараа үзэж чадахгүй яасан арчаагүй юм бэ гэх чимээ гарсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 40-43 дахь тал) гэх мэдүүлгийн нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Ц.Ба-т өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санаа нь гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ц.Ба-ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн дүгнэлт няцаагдаж байна.
Дээрх мэдүүлгийн нотлох баримтуудад авагдсанаар шүүгдэгч Ц.Ба нь хохирогч Б.Б-тай гэр бүлийн маргаанаас болж маргалдаж салсны дараа шүүгдэгч машинд нь байсан хуйтай, гадна талаараа хүнсний скочоор ороочихсон тодорхой хэмжээний битүүмжлэлтэй хутгыг задалж, хуйнаас нь салган авч улмаар хохирогчийн араас нь очиж дахин маргалдах явцад хутгалсан бөгөөд гэмт хэрэг тодорхой хугацаанд үргэлжилсэн, мөн уг гэмт хэрэг гарахаас өмнө шүүгдэгч, хохирогч нар энэхүү асуудлаар хэд хэдэн удаа утсаар маргалдаж байсан үйл баримтаас дүгнэхэд гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд шүүгдэгч Ц.Баийн сэтгэл санаа гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин урьдын гэр бүлийн маргаанаас болж тухайн цаг хугацаанд шүүгдэгч Ц.Ба нь хохирогч Б.Б-ын биед халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны оройн 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруун сайхан ... тоот хашааны гадна Ц.Ба-тэй гэр бүлийн маргаанаас болж маргалдаж, түүний толгой хэсэгт архины шилээр, нүүр хэсэгт гараар цохиж биед толгойн дагз хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, толгойн хуйх, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.Ба нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны оройн 21 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Баруун сайхан ... тоот хашааны гадна Б.Б-тай гэр бүлийн маргаанаас болж маргалдаж, түүний цээжний зүүн хэсэгт хэвлий хөндий рүү хутгалж, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн биед цээжний зүүн хэсэгт хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний цоорол, зүүн бөөрний хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ц.Ба нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-28 дахь тал), хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ба-ийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29-32 дахь тал), иргэний нэхэмжлэгч Т.Нгийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал), гэрч М.М-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал), гэрч У.Огийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40-43 дахь тал), Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал), Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 57-60 дахь тал), “Дамно” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 65 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 130-134 дэх тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 16-20 дахь тал), эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Иргэдийн төлөөлөгч М.М гэм буруугийн саналдаа: Бие биедээ хөнгөн болон хүнд хохирол учруулсан гэм буруутай гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасан ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг нотлох баримтад тулгуурлаж гаргасан эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Ба-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын эрүүл мэндэд цээжний зүүн хэсэгт хэвлийн хөндийрүү нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний цоорол, зүүн бөөрний хатгагдсан шарх бүхий хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 57-60 дахь тал)-ээр,
Мөн шүүгдэгч Б.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Ба-ийн эрүүл мэндэд толгойн дагз хэсгийн хуйханд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, толгойн хуйх, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 124 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал)-ээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэж заасан ба шүүгдэгч Ц.Ба нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хутга нь ердийн шинж чанараараа ахуйн хэрэглээний эд зүйл боловч бусдад хор уршиг, хохирол учруулснаар хүйтэн зэвсэгт хамаарна.
Хутга нь зэвсэг гэх ойлголтод хамаарах тул шүүгдэгч Ц.Ба-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Ба нь зэвсэг хэрэглэн хохирогчийн биед халдаж хүнд хохирол санаатай учруулсан байх тул “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн, төгссөн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн болон хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Б-ын хохирогч Ц.Ба-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Ц.Ба-ийн зэвсэг хэрэглэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Ба-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Ц.Ба нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон бөгөөд хохирогч Ц.Ба нь шүүхэд хандан “Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ба, түүний өмгөөлөгч Н.Нарангарав нарын зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,173,400 төгрөг, эмчилгээ, шатахуунтай холбоотой 8,506,812 төгрөг, олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 9 сараар тооцож, 5,940,000 төгрөг, нийт 29,620,212 төгрөгөөс шүүгдэгч Ц.Ба-ийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогчид хохирол төлбөрт төлсөн 2,100,000 (2 дугаар хавтаст хэргийн 01, 81-82 дахь тал) төгрөгийг хасаж, үлдэх 27,520,212 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохирол, олох байсан орлогыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бол шүүгдэгч Ц.Ба төлөх үүрэгтэй байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”,
2.10-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж тус тус тайлбарласны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 942 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршиг нь түр зуурын эсвэл байнгын эсэх нь эрүүл мэндийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин зэргээс хамаарна....” (2 дугаар хавтаст хэргийн 49-51 дэх тал) гэж тогтоосон нь хууль болон журамд нийцсэн байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар, мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж хуульчилсан ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд оруулсан эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд хүчин төгөлдөр үйлчилж байна.
Шүүгдэгч Ц.Ба-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бын сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч, уг шинж сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 942 дугаартай шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 49-51 дэх тал)-ээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн нас, гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөл, зовуурь, шаналал, гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоож шийдвэрлэлээ.
Ингэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,173,400 төгрөг нэхэмжилснийг шүүх бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гэмт хэрэг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гарсан бөгөөд хохирогч болон өмгөөлөгчийн зүгээс олох байсан орлогын хэмжээг тодорхойлохдоо 2 дугаар сарыг оруулан нийт 9 сарын хугацаагаар нэхэмжилснийг хэрэгт авагдсан хохирлын талаарх нотлох баримтуудад тулгуурлан олох байсан орлогыг 3 дугаар сараас эхлэн 10 дугаар сар хүртэл ажилгүй байсан хугацааг 8 сараар тооцож, нийт 5,280,000 төгрөгийг хангаж, үлдэх нэг сарын олох байсан орлого болох 660,000 төгрөгийг, мөн хавтаст хэргийн 158 дахь талд авагдсан шатахууны 60,000 төгрөгийн баримт, зарцуулалт нь тодорхойгүй 9,800 төгрөгийн баримтууд гэмт хэрэг гарахаас өмнө буюу 2023 оны 12 дугаар сарын 16, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрүүдэд худалдан авалт хийсэн баримтууд байх тул эдгээр нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд нэг сарын олох байсан орлого болох 660,000 төгрөг дээр 69,800 төгрөгийг нэмж, нийт 729,800 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 26,790,412 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын байгууллагад 2,747,900 төгрөгийн хохирол учирсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь талд авагдсан баримтаар тогтоогдсон боловч уг байгууллагыг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоох, мэдүүлэг авах, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зэрэг холбогдох ажиллагааг хийгээгүй орхигдуулсан байх тул уг хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээр нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч Ц.Ба нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын эрүүл мэндэд цээжний зүүн хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний цоорол, зүүн бөөрний хатгагдсан шарх бүхий хүнд хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээр нь хангаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.Ба-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Ц.Ба завсарлага авч, шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-д олгохоор тогтоосон 26,790,412 төгрөгөөс бэлнээр 3,700,000 төгрөг төлж, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгөөр үнэлж хохиролд тооцон, нийт 13,700,000 төгрөгийг төлсөн болох нь оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байх тул уг төлсөн төлбөрийг хасаж, үлдэх 13,090,412 төгрөгийг шүүгдэгч Ц.Ба-ээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Ц.Ба-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч, хохирогч иргэний нэхэмжлэгч Б.Б-ын өмгөөлөгч Н.Нарангаравын хувьд миний үйлчлүүлэгч Б.Б нь эрүүл мэндийн шалтгаантай, одоогоор ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа, мөн дахиад мэс засалд орох төлөвлөгөөтэй байх тул түүнд 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоох нь богино хугацаа байна гэж үзэж байна. Тийм учраас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Ц.Ба-т оногдуулах ялын тухайд үйлдсэн гэмт хэрэг нь 5-12 жилийн ялтай байгаа. Тийм учраас түүний хохирол, төлбөрийг төлөх санаачилга гаргасан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү. Тусгайлан жил санал болгох санал алга. Хамгийн хөнгөн ялыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч, хохирогч иргэний нэхэмжлэгч Ц.Ба-ийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа харгалзан үзвэл зохих нөхцөл байдлын талаар хуульчилсан. Үүн дээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзнэ гэж заасан. Ц.Ба-ийн тухайд гэвэл хуульд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс тогтоосон хохирол, төлбөрийг төлөхөөр завсарлага авах санал хүсэлт гаргасан. Үүний дагуу 5 хоногийн завсарлуулсан хугацаанд 13,700,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа. Иймд хохирол, төлбөрөөсөө тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан нөхцөл байдлыг нь ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой. Өөрөөр хэлбэл хохирогчийн үйлдлээс болж тус гэмт хэрэг гарах болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа учраас эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнд хуульд заасан хамгийн бага хэмжээгээр нь хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д гэм буруугаа хүлээж, хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол гээд хүндрүүлэх нөхцөл байдлын талаар хуульчилсан. Гэхдээ энэ нь Ц.Ба-т хамаарахгүй гэж үзэж байгаа. Учир нь үүрэг хүлээлгэсэн зохицуулалт биш. Ц.Ба өөрөө хохирлоо төлье гэж санаачилга гаргаад хуульд заасан боломжоо эдэлж завсарлага авсан байгаа. Өөрөөр хэлбэл шүүх заавал энэ хохирол, төлбөрийг төлөх ёстой гэж үүрэг хүлээлгэсэн зохицуулалт биш учраас дээрх зүйл хэсгээр хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасны дагуу хуульд заасан хамгийн бага санкцаар нь хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтүүдийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь хэдийгээр бид хоёр маргалдаж гэмтэл учруулсан хэдий ч хохирол төлбөр барагдуулж байгаа нөхцөл байдлыг харгалзан, мөн миний буруутай үйлдэл байгаа учраас бага ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ба нь хэлэх зүйл байхгүй гэх,
Шүүгдэгч Ц.Ба-ийн зүгээс өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх,
Шүүгдэгч Б.Б-ын зүгээс өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Дахин алдаа дутагдал гаргахгүй гэж бодож байна гэх тайлбаруудыг тус тус гаргав.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч Ц.Ба-ийн үйлдэлд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан байдал тогтоогдсон тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Ба-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүл мэндийн хувьд байнгын эмчийн хяналтад байдаг хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Ц.Ба-ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлбөрт 15,800,000 төгрөг төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын хамгийн доод хэмжээ болох 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Ц.Ба-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ба-ийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг шүүгдэгчийн эдлэх хорих ялд оруулан тооцож, мөн шүүгдэгч Б.Б-ын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг эдлэх торгох ялаас хасаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ба-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ц.Ба-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутга нь иргэний нэхэмжлэгч Т.Н-г болох нь оролцогчдын гаргасан мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд иргэний нэхэмжлэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ хутгаа буцаан авах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Т.Н-д буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 15,800,000 /арван таван сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ба хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ц.Ба-т шүүх хуралдааны танхимаас авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овгийн Б-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Ц-ийн Ба-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ба-ийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ба-т оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ба-ийн цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 180,000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг эдлэх торгох ялаас хассугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Т.Н-д буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ба-ээс 13,090,412 /арван гурван сая ерэн мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-д олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын иргэний нэхэмжлэлээс 729,800 /долоон зуун хорин есөн мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд, мөн Эрүүл мэндийн даатгалын байгууллага 2,747,900 /хоёр сая долоон зуун дөчин долоон мянга есөн зуу/ төгрөгтэй холбоотой нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шүүгдэгч Ц.Ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 15,800,000 /арван таван сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ба хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ба-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Ц.Ба-т шүүх хуралдааны танхимаас авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ
ШҮҮГЧИД З.УУГАНБАЯР
Б.ТӨРБОЛД