| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2019/00704/И |
| Дугаар | 142/ШШ2019/00692 |
| Огноо | 2019-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 142/ШШ2019/00692
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 7 405 533,38 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймаг Жаргалант сумын засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангаас Жаргалант багийн булгийн 16-12 тоотод оршин суугч Нэргүй овогтой Гэрэлчулуун нь 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гахайн аж ахуйн-ний зориулалтаар 3 500 000 төгрөгийг сарын 0,25 хувийн хүүтэй жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн ашиглалт эргэн төлөлтийн талаар аймгийн Аудитын байгууллагаас удаа дараа албан шаардлага ирж төлбөрийг барагдуулах талаар сумын Засаг даргын Тамгын газраас мэдэгдэл өгч хувиарт төлөлтөндөө орохыг шаардан ажилласан. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 3 648 046 төгрөг, алданги 3 757 487,38 нийт 7 405 533,38 төгрөгийг барагдуулаагүй тул хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сумын Жаргалант багийн иргэн ******* миний бие Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 03 сард гахайн аж ахуйтай болох зорилгоор Сумын хүн амд эрүүл хүнс нийлүүлэх ажлын байр бий болгох гэж 15 000 000 төгрөгийн зээл хүссэн юм. 2013 оны 06 сарын 20-ны өдөр сум хөгжүүлэх сангаас санхүүжилтээ авах болоход надад 3 500 000 төгрөгийн зээл олдов. Учрыг лавлахад зөндөө олон хүн байгаа болохоор хуваагаад л тэр гэсэн. Би тухайн үедээ Дархан хотоос хүнээс гахай авна гээд ярилцсан байсан тул гахайгаа аваарай гэхээр нь авахаас өөр аргагүй болж африкийн Ландрос үүлдэрийн 8 тооны гахай авсан юм. Ингээд надад гахайн дулаан байр барих, хоол будаа болон эрдэс тэжээл зэргийг авах санхүүжилт байхгүй болсон. Гэвч өөрийн
нөөц боломжоо ашиглан тоосогны хогоор гахайн байр барьж гахайгаа өвөлжүүлэх болсон юм. Өвөл 2 сард цочир хүйтрээд гахай маань уван цуван осгож үхсэн юм. Хэрэв надад 15 000 000 төгрөгөө гүйцэт өгсөн болвол дулаан байр, хоолны хомсдолгүй, вакцин, туулга, зэрэг урьдчилан сэргийлэх тарилга гэх зэрэг бүх юмандаа хүрэлцэхүйц байлаа. Одоогоор биеийн байдал зүрх судасны эмчийн хяналтан дор байдаг. Зээлийг төлж чадаагүй байгаа нь үнэн. Уг нь төслийн мөнгө нь бүрэн бүтэн ирсэн бол гахайн аж ахуйнтай болохын хамт 2-3 хүнийг байнгын ажлын байраар хангах байв. Гэвч 3 500 000 төгрөг бол байнд үгүй банзанд ч үгүй гэдэг нь болж зүгээр л өрөнд ороод үлдлээ. Иймд зээлийн эргэн төлөлтийг дахин нэг харж, уян хатан нөхцөлөөр төлөх боломж олгоно уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Жаргалант сумын засаг дарга хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 7 405 533,38 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
******* Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 тоот гэрээ байгуулж 3 500 000 төгрөгийг сарын 0.25 хувиар тооцож, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай авсан нь 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 тоот зээлийн гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Орхон аймгийн Жаргалант сумын засаг дарга зээлдэгч *******ы өмчлөлд 3 500 000 төгрөгийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийг гэрээгээр тохирсон хугацааны хүү, алдангийн хамт хариуцагчаас шаардах эрхтэй. Хариуцагч ******* зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул түүнээс зээлийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.
Зээлийн гэрээний 2.3-д зээлийн хүүг сарын 0,25 хувиар, 2.4-д зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна хоногийн 0,1 хувийн торгууль төлнө гэж заасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...үндсэн зээлийн үлдэгдэл 3 500 000 төгрөгөөс хоногийн 0,1% торгууль тооцож 3 757 487 төгрөг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байгаа.
Анз нь торгууль, алданги гэсэн 2 төрөлтэй бөгөөд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног
тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэдэг.
Талуудын хооронд байгуулагдсан 19 тоот зээлийн гэрээнд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь 0,1 % торгууль төлөхөөр тохиролцсон байх тул үндсэн зээл 3 500 000 төгрөгийн 0,1%-иар тооцож 3 500 төгрөгийн торгууль, үндсэн зээл 3 500 000 төгрөг, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээний хүү 148 046 төгрөг, нийт 3 651 546 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч Орхон аймаг Жаргалант сумын засаг даргад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 753 987 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 73 375 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн дугаар зүйлийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч *******аас 3 651 546 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 753 987 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 73 375 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА