Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/800

 

 

 

 

 

 

 

  

    2024          10           09                                    2024/ШЦТ/800

 

 

                               

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Уугантамир хөтлөн,

улсын яллагч Г.Ариунзул,  

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Х овогт Н-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын ***-ний өдөр **** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, “* *” хотхоны ** дугаар байр ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, * овогт ** ** /Регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н.Б Оросын Холбооны Улсад цэргийн зориулалттай үйлдвэрлэсэн 9х19 миллметр голчтой, их бие болон замагийн *** дугаартай, байлдааны зориулалттай, гол төмөр гар аргаар суурилуулсан галт зэвсгийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” барилгын баруун талын авто зогсоолд бусдад борлуулахыг завдсан, дээрх байлдааны зориулалттай галт зэвсгийг 2019 оны 11 дүгээр сард хууль бусаар олж авсан, 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл өөртөө хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Н.Б Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-12 дахь тал/,

 

          Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19-23 дахь тал/, 

 

          Гэрч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хуурай ах болох Б- руу утсаар залгаж “та боломжоороо мөнгө зээлэх үү, 500.000, 600,000 төгрөг байсан ч хамаагүй” гэж хэлэхэд Б- ах “хотоос зайдуу лагерь дээрээ байна, ярих завгүй байна” гээд утсаа тасалсан юм. Гэтэл 2024 оны 5 дугаар сарын 29-ний өглөө 6 цагийн үед Б- утасдаад уулзъя, баруун 4 замын ***” дээр 10 цагт хүрээд ир гэж хэлэхээр нь би угаасаа уулзаж мөнгө зээлэх ажилтай юм чинь гэж бодоод уулзахаар тохироод 8 цаг 30 минутын үед уулзахаар тохирсон газар руугаа явсан. Тэр өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн ***  дүүргийн хороо, ***” -ийн машины зогсоол дээр ирээд Б- ах руу ярихад зогсоолынх нь зүүн талын хаалган дээр байна гэж хэлэхээр нь зүүн талын хаалган дээр нь яваад очтол Б- ах том хар цүнх барьчихсан байсан. Би тухайн үедээ цүнхэнд нь буу байгаа байх гэж гадарлаж байсан ч нэг их тоогоогүй юм. Тэгээд бид 2 ойр зуурын юм ярьж байгаад зогсоолоос нь гараад үүдэнд байх автобусны буудал дээр ирэхэд Б- ах приус-30 маркийн тээврийн хэрэгсэл рүү ороод суучихсан. Би такси барих гэж байгаа юм байна гэж ойлгоод юм бодолгүй араас нь суутал Б- ах авч явсан цүнхнээсээ “макаров-пм” маркийн галт зэвсэг гаргаж ирээд тухайн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочид үзүүлээд байж байтал гэнэт миний суусан суудлын эсрэг талаас нэг хүн хаалга онгойлгоод алив цаашаа суу гээд мөн миний талын хаалгыг нэг хүн толгой дараад хоёр гарыг минь хойно гавлачихсан. Тэгэхэд л би цагдаа нар юм байна гэж мэдсэн. Удалгүй бид хоёрыг цагдаагийн машинд суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

          Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн бууг биет байдлаар ирүүлсэн тул шинжилгээнд тэнцэнэ.  Шинжилгээнд ирүүлсэн их бие “***”, замаг “**” дугаартай  буу ажиллагаатай буудна. Хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад цэргийн зориулалттай үйлдвэрлэсэн, 9х18 мм-ийн  калибрын “ПМ” /***/ бууны гол төмрийг хийц хэлбэрийн хувьд ижил хийгдсэн **** /**/ загварын травматик  /бэртэл учруулах/ бууны их бие, сангийн ангид гар аргаар суурилуулж  хийсэн, үйлдвэрийн хийц, загварыг өөрчилсөн, гар хийцийн галт зэвсэг байна. Шинжилгээнд ирүүлсэн буу гар хийцийн галт зэвсэг тул хэзээ, хаана, ямар зориулалтаар үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн буу цэргийн зориулалттай ПМ /** **/ бууны гол төмрийг травматик  /бэртэл учруулах/ бууны эд ангид залгаж хийсэн гар хийцийн галт зэвсэг байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-40 дэх тал/,

 

           Шинжээч Э.С-нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цэргийн зориулалттай гэдэг нь байлдааны зориулалттай гэсэн үг. Учир нь уг гар хийцийн галт зэвсгийн гол төмөр байлдааны зориулалттай ПМ загварын гар бууны гол төмөр байгаа юм. Уг байлдааны зориулалттай гол төмрөөр буудлага үйлдэхэд бусдын амь насанд хор хөнөөл учруулна. *** зэвсэг нь сумны хошуу нь резинэн буюу галт зэвсгийн металл хошуунаас зөөлөн, дарин цэнэгтэй боловч хүний биеийн амин бус газарт буудаж, бэртэл гэмтэл учруулах зориулалттай үйлдвэрлэсэн гадаад хэлбэр хийцийн хувьд галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн хууль сахиулах байгууллагад ашиглагддаг зэвсэг юм. Шинжилгээнд хүргүүлсэн гар буу нь *** бууны их бие, сангийн ангид байлдааны зориулалттай галт зэвсгийн гол төмрийг гар аргаар залгаж хийсэн байлдааны сумаар буудлага үйлдэх боломжтой үйлдвэрийн хийц загварыг өөрчилсөн, гар хийцийн галт зэвсэг байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

 

         2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 47-54 дэх тал/,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Б-н яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сард Н зах дээрээс бууны сум сураглаж явж байгаад нэг үл таних залуугаас уг ***” буюу Макарав загварын гар хийцийн байлдааны зориулалттай гар бууг бэлэн мөнгөөр худалдаж авсан юм. Миний хувьд цэргийн хувцас хэрэглэл цуглуулах хоббитой учраас уг гар бууг сонирхоод худалдаж авсан. Тэрнээс хойш уг бууг Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, “***” хотхоны *** тоот гэртээ хадгалж байгаад 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр уг гар бууг бусдад худалдаж зарах зорилгоор гэрээсээ авч гараад, Баянгол дүүргийн ** дугаар хороо, ***” барилгын хажуу ойролцоох авто зогсоол дээр зарах хүндээ үзүүлж байгаад цагдаа нарт баригдчихсан юм. Анх авахдаа цэргийн буюу байлдааны зориулалттай гар буу гэдгийг нь мэдэж байсан. Гэхдээ уг гар бууг надад зарсан залуу “ах аа та энэ буунд байлдааны сум хийц буудаж болохгүй шүү, зөвхөн резинэн юм уу, өөр зориулалттай дохионы сум ч юм уу хийж буудаарай” гэж хэлж байсан. Би ч өөрөө энэ бууг авснаасаа хойш нэг ч удаа буудаж үзээгүй, анх аваад л тостой чигээрээ байсан, цагдаа нарт хураалгахад ч хүртэл тостой чигээрээ л байсан. Би анх 680.000 төгрөгөөр энэ бууг худалдаж авч байсан болохоор ойролцоогоор 1 сая орчим төгрөгөөр зарах гэж байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67-69 дэх тал/,

 

 Шүүгдэгч Н.Б-н хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 85 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б байлдааны зориулалттай галт зэвсгийг бусдад борлуулахыг завдсан, хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн гэрч Ч.Н-н “...2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б- ах авч явсан цүнхнээсээ “макаров-пм” маркийн галт зэвсэг гаргаж ирээд тухайн приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочид үзүүлээд байж байтал гэнэт миний суусан суудлын эсрэг талаас нэг хүн хаалга онгойлгоод алив цаашаа суу гээд, мөн миний талын хаалгыг нэг хүн толгой дараад хоёр гарыг минь хойно гавлачихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн их бие “**”, замаг “**” дугаартай  буу ажиллагаатай буудна. Шинжилгээнд ирүүлсэн буу хуучнаар Зөвлөлт холбоот Улсад цэргийн зориулалттай үйлдвэрлэсэн, 9х18 мм-ийн  калибрын “ПМ” /**/ бууны гол төмрийг хийц, хэлбэрийн хувьд ижил хийгдсэн ** /**/ загварын травматик  /бэртэл учруулах/ бууны их бие, сангийн ангид гар аргаар суурилуулж  хийсэн, үйлдвэрийн хийц, загварыг өөрчилсөн, гар хийцийн галт зэвсэг байна. Шинжилгээнд ирүүлсэн буу гар хийцийн галт зэвсэг тул хэзээ, хаана, ямар зориулалтаар үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн буу цэргийн зориулалттай ПМ /***/ бууны гол төмрийг травматик  /бэртэл учруулах/ бууны эд ангид залгаж хийсэн гар хийцийн галт зэвсэг байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-40 дэх тал/,  шинжээч Э.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цэргийн зориулалттай гэдэг нь байлдааны зориулалттай гэсэн үг. Учир нь уг гар хийцийн галт зэвсгийн гол төмөр байлдааны зориулалттай ПМ загварын гар бууны гол төмөр байгаа юм. Уг байлдааны зориулалттай гол төмрөөр буудлага үйлдэхэд бусдын амь насанд хор хөнөөл учруулна. Травмитик зэвсэг нь сумны хошуу нь резинэн буюу галт зэвсгийн металл хошуунаас зөөлөн, дарин цэнэгтэй боловч хүний биеийн амин бус газарт буудаж, бэртэл гэмтэл учруулах зориулалттай үйлдвэрлэсэн гадаад хэлбэр хийцийн хувьд галт зэвсэгтэй төсөөтэй хийгдсэн хууль сахиулах байгууллагад ашиглагддаг зэвсэг юм. Шинжилгээнд хүргүүлсэн гар буу нь травмитик бууны их бие, сангийн ангид байлдааны зориулалттай галт зэвсгийн гол төмрийг гар аргаар залгаж хийсэн байлдааны сумаар буудлага үйлдэх боломжтой үйлдвэрийн хийц загварыг өөрчилсөн, гар хийцийн галт зэвсэг байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 47-54 дэх тал/, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Н.Б өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Н.Б-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байлдааны зориулалттай галт зэвсгийг бусдад борлуулахыг завдсан, хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Иймд прокуророос Н.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Н.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “байлдааны зориулалттай галт зэвсгийг бусдад борлуулахыг завдсан, хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Н.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг 9х18 мм-ын голчтой, их бие болон замагийн *** дугаартай байлдааны зориулалттай гол төмөр гар аргаар суурилуулсан галт зэвсгийг зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х овогт Н-н Б-г “байлдааны зориулалттай галт зэвсгийг бусдад борлуулахыг завдсан, хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 /зургаан мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг 9х18 мм-ын голчтой, их бие болон замагийн 2044202544 дугаартай байлдааны зориулалттай гол төмөр гар аргаар суурилуулсан галт зэвсгийг зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Н.Б энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ