Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2019/00693

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******/ холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 5 312 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Орхон аймгийн Жаргалант сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* хөгжүүлэх сангаас Жаргалант багийн булгийн 7-2 тоотод оршин суугч ******* овогтой ******* нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр мал аж ахуйн-ний зориулалтаар 2 500 000 төгрөгийг сарын 0,25 хувийн хүүтэй жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн ашиглалт эргэн төлөлтийн талаар аймгийн Аудитын байгууллагаас удаа дараа албан шаардлага ирж төлбөрийг барагдуулах талаар сумын Засаг даргын Тамгын газраас мэдэгдэл өгч хувиарт төлөлтөндөө орохыг шаардан ажилласан. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 2 656 250 төгрөг, алданги 2 656 250 нийт 5 312 500 төгрөгийг барагдуулаагүй тул хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний талийгаач нөхөр ******* овогтой ******* бид хоёр 2016 оны 5 сард ******* хөгжүүлэх сангаас өөрсдийн хүүхдүүд гэр бүлийнхээ амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилгоор өөрсдийн хүчээр ажиллах хүсэлтэйгээр мал аж ахуйн зориулалтаар 2019 оны 05 сард төлөхөөр гэрээ хийж 2 500 000 төгрөгийн зээл авсан нь үнэн билээ. Энэ хугацаанд 2017, 2018 онд манай нутаг хүндхэн хүйтэн өвөл болж авсан мал маань онд ороогүй. Тухайн үед үнээ 1 500 000 төгрөг байсан. Энэ үед миний нөхөр ******* хүндээр өвдөж бидний асрамжинд 2 жил гаруй

 

байгаад нас барсан. Бид өөрөө 300 000 төгрөгийн тэтгэвэртэй. Би 4 хүүхэдтэй, ажил хийдэг хүүхэд байхгүй. Би өөрөө хөл муутай нөхрийнхөө үлдсэн зээлийг өөр өөрийн зээлтэй хамт сар болгон төлдөг. Бидний амьдрал хүнд байгаа. Иймээс бид 2 500 000 төгрөгийн зээл авсан болохоос 5 312 000 төгрөг аваагүй гэрээний хугацаа арай болоогүй. Хамт авсан нөхөр маань нас барсан, амьдралын хүнд байдлыг минь харгалзан үндсэн зээлийг минь 40 000-50 000 төгрөгийг суутгаж авах боломжоор шийдвэр гаргаж өгнө үү. Би авсан зээлээ төлөх болно. Хугацаа л хэрэгтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 5 312 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Ч.*******, ******* нар Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02 тоот гэрээ байгуулж 2 500 000 төгрөгийг сарын 0.25 хувиар тооцож, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай авсан нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02 тоот зээлийн гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны жагсаалт, зээл хүү төлөх хуваарь, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч  зээлдэгч Ч.*******, ******* нарын өмчлөлд 2 500 000 төгрөгийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийг гэрээгээр тохирсон хугацааны хүү, алдангийн хамт хариуцагчаас шаардах эрхтэй.

Зээлдэгч Ч.******* нас барсан учраас нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч *******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх ба зээлдэгч нар нь гэр бүл, авсан зээлийг гэр бүлийн аж ахуйн үйл ажиллагаанд зориулан авсан байх тул хамтран хариуцагч Ш.*******гээс зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д нийцэж байна.

Хариуцагч ******* зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул түүнээс зээлийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Зээлийн гэрээний 2.3-д зээлийн хүүг сарын 0,25 хувиар, 2.4-д зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна хоногийн 0,1 хувийн торгууль төлнө гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...үндсэн зээлийн үлдэгдэл 2 500 000 төгрөгөөс хоногийн 0,1% торгууль тооцож 2 656 250 төгрөг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байгаа.

 

 

Анз нь торгууль, алданги гэсэн 2 төрөлтэй бөгөөд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэдэг.

Талуудын хооронд байгуулагдсан 02 тоот зээлийн гэрээнд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь 0,1 % торгууль төлөхөөр тохиролцсон байх тул үндсэн зээл 2 500 000 төгрөгийн 0,1%-иар тооцож 2 500 төгрөгийн торгууль, үндсэн зээл 2 500 000 төгрөг, гэрээгээр тохирсон хугацааны хүү 312 500 төгрөг, нийт 2 815 000 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 497 500 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл торгуулийг алдангийн адил хоног тутамд тооцох боломжгүй гэж дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 59 990 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн дугаар зүйлийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 2 815 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 497 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 59 990 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА