| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0145/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/151 |
| Огноо | 2024-10-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/151
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М, түүний өмгөөлөгч Р.Мө,
Иргэний нэхэмжлэгч Д.Эын өмгөөлөгч Б.Б,
Иргэний хариуцагч Б.А,
Шүүгдэгч О.П, түүний өмгөөлөгч И.О,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн О-ын П-ид холбогдох 2328002890023 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.П нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар Даланзадгад чиглэлийн авто зам дээр тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, ... улсын дугаартай “Норд бенз” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй, ... дугаартай чиргүүл чирч замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг. 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг тус тус зөрчин иргэн С.М-ыг ... улсын дугаартай “Норд бенз” загварын тээврийн хэрэгслийг ... дугаартай чиргүүлтэй чирч замын хөдөлгөөнд оролцож байхад нь мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, жолооч С.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Д.Э-ын эд хөрөнгөнд 45,400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.П-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Осол гарснаас хойш сэтгэл санааны хувьд хүнд байсан. Одоо арай гайгүй болсон. Сэтгэл санааны хохирол төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйлгүй гэв.
Иргэний хариуцагч Б.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн тээврийн хэрэгслийг О.П-ийн эзэмшлийнх гэж мэдээгүй. Манай компанид өөр хүнээр дамжиж орж ирсэн. Тухайн үед манайх Ханги руу тээвэр явуулах гэж байсан. Би Ханги тээвэрт явуулах гэж байсан тээврийн хэрэгсэл байх гэж бодоод байгаа. Манайд хүнээр дамжиж орж ирээд манай ажил эхлээгүй байхад буцаад гараад явсан асуудал байна. Манай компани Эрдэнэс Таван толгой уурхайгаас Цагаан хад, Ханги руу уртын тээвэр хийдэг. ... ХХК-ийн захирал Ц гэдэг хүнээр дамжиж орж ирсэн санагдаад байна. Тэр хүнээс 7 машин орж ирсэн. Тухайн үед хувь хүний машин гэж хэлээгүй. Манайх тээвэр явуулаагүй байхад буцаад гарсан. Энэ хэргийн талаар 2024 оны 05 дугаар сард анх мэдүүлэг өгөхдөө мэдсэн. О.П гэдэг хүнийг өнөөдөр л анх харж байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би “...” ХХК-д 2023 оны 10 дугаар сарын дундуур зарын дагуу жолоочоор ажилд орж байсан. “...” ХХК нь Өмнөговь аймагт нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм билээ. Тэгээд уг компани “жолооч авна” гэсэн зарын дагуу би очиж уулзаад ажилд орохоор болсон. Ингээд эхний ээлжид Говьсүмбэр аймгийн Чойр суманд нүүрсний ажилд явж байсан ... улсын дугаартай, ... чиргүүлийн дугаартай “Норд бенз” загварын автомашиныг очиж аваад тэр машинаа Өмнөговь аймгийн Ханги боомт руу авч явах ажилтай байсан. Тэгээд Өмнөговь аймаг руу явах гэхээр хоосон байсан болохоор Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас “Мак” цементийн үйлдвэрээс 60 тонн цемент ачиж Өмнөговь аймаг руу явсан. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш 15-16 цагийн үед (цагийг яг нарийн санахгүй байна) Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын замын хяналтын постоор гараад 20 орчим км явж байтал урдаас ирж явсан /эсрэг урсгалд/ миний унаж явсан машинтай адилхан урт шаланз машин ирж яваад урдуур зүүн гар тийшээ эсрэг урсгал руу дараад эргэчихсэн. Тэгэхээр нь би зогсоох арга хэмжээ авсан боловч амжихгүй тулаад ирэхээр нь бага зэрэг баруун тийш дараад мөргөчихсөн. Тэгээд машины толгой хэсэг тухайн тээврийн хэрэгслийг яг чиргүүлийнх нь урд хавьцаа байж мөргөөд л би ухаан алдчихсан. Тэрнээс хойш юу болсон гэдгийг мэдэхгүй байж байгаад эмнэлгийн машинд явж байхдаа ухаан орсон, ийм л зүйл болсон... Ослын улмаас миний зүүн хөл шагайны дээгүүр хугарчихсан. Шилбэнд бүдүүн, нарийн гээд 2 яс байдаг гэсэн уг хоёр хоёулаа хугараад Гэмтлийн эмнэлэгт 20 орчим хоног хэвтэн эмчлүүлж шилбэний 2 ясаа хадуулсан байгаа. Мөн зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 хавирга хугарсан, баруун талын 1-р хавирга бага хугаралтай, зүүн талын эгэм яс бяцарсан гэмтэл учирсан байгаа. Манай ар гэрийнхэнд нөгөө жолооч талаас эхлээд 320,000 төгрөг, дараа нь 400,000 төгрөг бас 200,000, 100,000 гээд нийт 4 удаа 1,020,000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Намайг ажилд авсан компаниас ч ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй. Надаас эмчилгээнд нийт 1,358,520 төгрөгийн зардал гарсан баримт байгаа, яг хэдэн төгрөгийн зарлага гарсныг нарийн тооцоогүй байгаа... Уг ослоос болж өр ширээ дарж чадахгүй, ажилгүй болсондоо гомдолтой байна. Сэтгэл санааны хохиролдоо дүгнэлт гаргуулж шийдүүлмээр байна.” (1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дахь тал/)
Иргэний нэхэмжлэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед осол гарахаас 4 хоногийн өмнө Дундговь аймгийн Даланжаргалан сумаас цемент ачаад замдаа хонож явсаар байгаад осол гардаг өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны үдээс хойш Цогт-Овоо сум өнгөрөөд Өмнөговь аймаг руу явж байсан. Тухайн үед би араас Хулд сумаас жижиг машинтай явж байсан. Тэгсэн ачааны эзэн над руу утсаар ярихдаа Цогт-Овоо сумын наана машины осол гарсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад ирэхэд манай машин өөр машинтай мөргөлдсөн байсан. Тухайн үед манай машиныг С.М гэх хүн жолоодож явсан. С.М-ыг сайн танихгүй зарын дагуу ирээд анхны рейсэд явж байхдаа осолд орсон. Надтай ямар нэгэн хамаарал байхгүй. ... дугаартай зүтгүүр толгой бүхэлдээ авах юмгүй ашиглах боломжгүй болсон. Харин ... дугаартай чиргүүлийн урд хэсэгт байрлуулсан нэмэлт банк эвдэрч ашиглах боломжгүй болсон. ..., ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг би анх 2020 оны намар 70 сая төгрөгөөр авч байсан, хохирлын үнэлгээ гаргуулна.” (1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал)
Иргэний хариуцагч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “О.П гэх хүнийг танихгүй байна. Манай байгууллагад П гэх нэртэй хэд хэдэн хүн ажиллаж байсан. Яг аль хүн нь болохыг мэдэхгүй байна. Би уг ослын талаар ямар нэгэн зүйл огт мэдэхгүй байна. Манайх Улаанбаатар Даланзадгад чиглэлийн зам буюу тухайн осол гарсан замаар ямар нэгэн тээврийн үйл ажиллагаа огт явуулдаггүй юм. Яг манай байгууллагын өмчлөлд тухайн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд байхгүй. Манай байгууллагын өмчлөлийн тээврийн хэрэгслүүд биш. Урьд өмнө нь байсан байж магадгүй тэрийг яг хэлж мэдэхгүй байна. Хэрэв манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан бол хувь хүний өөрийнх нь хувийн тээврийн хэрэгсэл байж байгаад нүүрс тээвэр хийх зорилгоор манай байгууллагын нэр дээр шилжүүлж хувь хүн өөрөө нүүрс тээвэр хийж байгаад буцаагаад шилжүүлээд авсан байж магадгүй.Манай байгууллага тухайн нөхцөл байдалд гарсан эрсдэлийг хариуцах үүрэг хүлээдэггүй. Бүх эрсдэлийг тухайн хувь тээврийн хэрэгслийн эзэн өөрөө хариуцдаг. Манай байгууллага өөрийн өмчийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой эрсдэлийг хариуцдаг. Уг ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай байгууллагын өмчийн тээврийн хэрэгсэл биш. Манай байгууллагын зүгээс уг О.П гэх хүн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж бусдад учруулсан хохирлыг төлөх үүрэг хүлээхгүй. Манай байгууллага уг осол гарсан талаар огт мэдээгүй, тухайн осол болсон замаар манай компани огт тээврийн үйл ажиллагаа явуулдаггүй, мөн уг тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын өөрийн өмч биш хувь хүн болох О.П-ийн тээврийн хэрэгсэл учраас О.П уг ослын улмаас бусдад учирсан хохирлоо төлж барагдуулна. Манай байгууллагын зүгээс бусдад хохирол төлбөр төлж барагдуулахгүй. Тухайн осол болох үед О.П нь манай байгууллагатай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа мөн явуулаагүй байна. Манай байгууллага зөвхөн Хангимандал, Цагаан хад гэсэн чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг.” (1 дүгээр хавтаст хэргийн 238-239 дэх тал)
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг Цогт-Овоо сумаас Өмнөговь аймгийн чигт хатуу хучилттай засмал замаар Цогт-Овоо сумаас 12 дахь километрт ... ... чиргүүлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахад өөдөөс ирж явсан улмын дугаарыг нь мэдэхгүй байна Норд бенз загварын машин урсгал сөрж буюу зүүнээс баруун тийш эргэсэн. Ойрхон байсан болохоор тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах хооронд мөргөлдсөн. Би тухайн үед тээврийн хэрэгслийн кардан татсан. Тэгээд зогсолт хийж амжилгүй урсгал сөрж орж ирсэн тээврийн хэрэгслийн баруун талаас толгой хойд хэсэгт мөргөсөн. Тэр үеэс хойш би юм мэдээгүй нэг мэдэхэд түргэний эмч ирсэн том ачааны машины хажууд байсан. Тэгээд түргэний машинтай Өмнөговь аймгийн эмнэлэгт ирсэн.” (1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал)
Шүүгдэгч О.П мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 дахь километрээс ... улсын дугаартай чиргүүлийн 22-95 ач улсын дугаартай “Норд бенз” загварын тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотын чиглэлд явж байсан бөгөөд Улаанбаатар Өмнөговь аймгийг холбосон хатуу хучилттай засмал замаар явж байгаа Цогт-Овоо сум орохоос 12 километр дутуу байхад тухайн зорчих хэсгийн эсрэг талд байх шороон зогсоолд урдаасаа хойшоо чиглэлд явж байгаа тухайн зогсоолд орж зогсох гэж байхдаа өөдөөс ирж явсан ... чиргүүлийн ... улсын дугаартай “Норд бенз” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэл удаан явж байхаар нь зүүн гар тийш эргээд замаас гарах гэж байхад баруун гар талаас буюу тээврийн хэрэгслийн толгойны хойд дугуй хэсгээс ирж мөргөсөн. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн чиргүүлд хамагдаад мөргөлдсөн машины кабин буюу толгой нь унасан. Би тэр үед тээврийн хэрэгслээ зогсоогоод бууж ирэхэд мөргөлдсөн машины кабин нь газар унасан байсан. Би тэгээд жолоочийг хайсан тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч кабин дотроо хүрдэнд хавчигдсан дарагдсан байсан, зам зуур явсан хүмүүс ирж туслан жолоочийг гарган таталцсан. Тухайн үед зогссон хүмүүс дунд эмч хүн байсан бөгөөд анхан шатны тусламж үзүүлсэн. Тэр үед Цогт-Овоо сумаас эмч ирээд Өмнөговь аймгийн эмнэлэг рүү авч явсан. Өөдөөс ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй урдуур орсноос болсон. Миний машины 80 хувь нь засмалаас гарсан байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, цагдаагийн алба хаагч ирээд согтууруулах ундаа уусан эсэхийг шалгахад 0.94 хувийн согтолттой байсан. ... Би 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр архи уугаагүй миний архи өмнө өдөр уусан архи гарахгүй их уддаг юм. Миний өөрийн эзэмшлийн хувийн тэрэг боловч улс хооронд ачаа тээвэрт орох гээд тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлсэн байдаг. Ослоос болж миний биед ямар ч гэмтэл үүсээгүй, харин мөргөлдсөн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Мын биед гэмтэл үүссэн, миний мэдэхээр хавирга хугархай хөлийн шилбэ хугархай гэж эмч тэгж байсан.” (1 дүгээр хавтаст хэргийн 41 дэх тал)
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт А. а/ ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Харин ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, мөн дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хариулт Б. 6/ Уг осол болоход зам, замын байгууламж нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Хариулт В. Уг асуултад А, Б хариултаар хариулсан болно.” (1 дүгээр хавтаст хэргийн хавтаст хэргийн 44-45 дахь тал)
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 226 дугаартай хөрөнгө, үнэлгээний шинжээчийн дүгнэлтэд: “Northbenz Beiben” загварын 74-82 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоосон дүн: 44,760,000 төгрөг.” (1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал)
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 247 дугаартай хөрөнгө, үнэлгээний шинжээчийн дүгнэлтэд: “Jin Hong Li” ... улсын дугаартай чиргүүлд үнэлгээгээр тогтоосон дүн: 640,000 төгрөг.” (1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “С.М-ын биед зүүн шаант тахилзуурын хугарал, цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугарал, зүүн дал эгэмний хугарал, гавал тархины битүү гэмтэл, хуйхны язарсан ил шарх, нүүр, зүүн мөр, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. С.М-ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. С.М-ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” (1 дүгээр хавтаст хэргийн 54-56 дахь тал)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал)
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 15-21 дэх тал)
“...” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2/88 дугаартай албан тоот /1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал)
Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 43 дахь тал)
С.М-ын өвчний түүхийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 60-88 дахь тал)
О.П-ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 97-105 дахь тал)
С.М-ын гаргаж өгсөн хохирлын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 107-108 дахь тал)
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дахь тал)
Цагдаагийн байгууллагын сангаас олгосон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар О.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасагдсан талаарх жолоочийн лавлагаа, жолоочийн мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал)
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (1 дүгээр хавтаст хэргийн 142 дахь тал)
Хохирогчоор тогтоох тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал)
Иргэний хариуцагчаар татах тухай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 237 дахь тал)
“...” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 24/097 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 248 дахь тал)
С.Э-ын Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан тайлбар (2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.П-ид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тухайн гэмт хэргийн улмаас Д.Э-т 45,400,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсныг шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан. Нийт баримттай 1,358,520 төгрөгийн нэхэмжлэлээс эмчилгээний зардалд 1,020,000 төгрөгийг шүүгдэгч мөрдөн байцаалтын шатад төлж барагдуулсан, үлдэгдэл эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. Сэтгэл санааны хохиролд 4 дүгээр зэрэглэл тогтоогдсон байгаа. Үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн төлбөрийг тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг холбогдох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг оруулж байна. Хавтаст хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар ажилгүй байсан хугацааны цалингийн хэмжээ хангалттай тогтоогдохгүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна. Мөн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.Э нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ тээврийн хэрэгсэл минийх гэсэн байдаг. Тиймээс “...” ХХК-аас хохирол төлбөр нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-ын өмгөөлөгч Р.М-ийн хувьд гэмт хэргийн улмаас миний үйлчлүүлэгч С.М-т биед хүндэвтэр хохирол учирсан ба уг хохирол, хор уршиг арилаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “...” ХХК ажил олгогч бөгөөд уг зүйлийн 4.1.9-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хийсэн тул хөдөлмөрийн гэрээ хийсэн гэж үзнэ. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж заасны дагуу хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. Тиймээс тухайн осол болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд С.М нь хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан гэдэг нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байх тул тухайн хугацаанд ажил хийж чадаагүй төлбөрөө “...” ХХК-аас нэхэмжилнэ. Шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хохирлын хор уршгийг үнэлгээгээр гаргасан зардлууд байгаа. Сэтгэцэд учирсан хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хор уршиг, нөхөн төлөх дүнг тооцно. Мөн дээр нь хохирол төлсөн зөрүүний 300,000 төгрөгийг нэхэмжилнэ. Тухайн зам тээврийн ослын улмаас С.М-т хүндэвтэр гэмтэл учирсан боловч өнөөдрийн байдлаар биеийн байдал нь гүйцэд эдгэрээд ажил үүрэг гүйцэтгээд явах боломжгүй байна. Тиймээс дээрх 3 төрлийн хохирол төлбөрөө нэхэмжилнэ. “...” ХХК нь Д.Э-ыг иргэний нэхэмжлэгчээр томилсон тогтоол байгаа болохоос биш энэ хүн шийдээд өгчих эрх зүйн үндэслэл байхгүй байна. Тиймээс “...” ХХК-иас шүүгдэгч О.П-оос нэхэмжилсэн машинд учирсан хохирол 45,400,000 төгрөгийн хохирлыг барагдууллаа гэсэн албан ёсны албан бичиг хавтаст хэрэгт байхгүй. Тухайн осол гарах үед хариуцаж авсан “...” ХХК-ийн хариуцагчийн хэлж байгаа асуудал нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар тухайн компанитай холбогдолтой гарсан гэм хорын хохирлыг Иргэний хуульд зааснаар гаргах үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хохирсон хор уршиг, хохирлыг тухайн гэм буруутай этгээд нь төлж өгөх үүрэгтэй. Мөн хойшид гаргах эмчилгээний зардал болон бусад зардлыг хохирогч болон буруутай байгууллагаас иргэний журмаар нэхэмжлэхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх дүгнэлтийг,
Иргэний нэхэмжлэгч Д.Э-ын өмгөөлөгч Б.Б-ийн зүгээс шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Д.Э-ын нэхэмжилсэн хохирол, төлбөрийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан. Манай талаас цаашид хор уршгийг арилгах иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. С.Мын өмгөөлөгчийн хэлж байгаа саналын тухайд хурал эхлэхэд хохирол, хор уршгийг иргэний хариуцагч болон шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байгаа юм байна гэж ойлгосон. Гэтэл хурлын дундуур “...” ХХК-иас гаргуулах хүсэлтэй буйгаа илэрхийлж байна. Хууль хэрэглээг нь мэдээж шүүх шийднэ. Гэхдээ хууль хэрэглээгээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирол учруулсан этгээд буюу гэм буруутай этгээд, тодруулбал О.П хохирлыг хариуцах ёстой. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь хохирлыг хариуцах ёстой. Иргэний хариуцагчаар тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөр бүртгэлтэй компани татагдсан тул уг компани хуульд зааснаар хариуцаад явна гэж ойлгоод байна. Гэтэл иргэний хариуцагч биш компаниас С.М-ын хохирлыг төлүүлэх шийдвэр гаргах боломжгүй. Тиймээс хохирогч С.М-ын өмгөөлөгчийн хэлж байгаа санал хууль зүйн үндэслэлгүй байна. Нөгөө талаас хэдэн төгрөг хэнээс нэхэмжлэхээ өнөөдрийн шүүх хуралдаанд мэдэхгүй байгаа бол хохирогч дараа нь энэ хохирлоо тодорхой болгоод хэнээс яаж нэхэхээ иргэний журмаараа нэхэх нь зүйтэй болов уу гэж ойлгож байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О-ийн хувьд ...Тухайн үед болсон хэрэг асуудлын талаар хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалж үзлээ. Хэрэг бүртгэлтийн шатанд О.П гэрчээр хоёр удаа, хэрэг үүсгэснээс хойш яллагдагчаар нэг удаа тус тус мэдүүлэг өгсөн бөгөөд гэм буруу хүлээн зөвшөөрсөн байдаг. Хохирол, төлбөрийн тухайд О.П нь шүүх хуралдаан болохоос өмнө сайн дураараа хохирол төлбөрөө төлөх санаачилгыг гаргасан байгаа. Иргэний нэхэмжлэгч Д.Э-ын хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба энэ талаарх нотлох баримт 2 дугаар хавтаст хэргийн 11 дэх талд авагдсан. Д.Э-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, энэ гэмтлийн улмаас учруулсан эмчилгээний төлбөрт 4 удаагийн гүйлгээгээр нийт 1,020,000 төгрөг төлсөн талаар С.М хохирогчоор мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байдаг. Хохирогчийн нэхэмжилсэн 1,358,000 гаруй төгрөгөөс 1,020,000 төгрөг төлөгдсөн. Хохирогч ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин нийт 30,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны явцад С.М-аас гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримтуудыг үзэхэд 2018 оны 07 дугаар сараас 120,000 төгрөгийн цалинтай, 2022 оны 07 дугаар сард 240,000 төгрөгийн цалинтай байсан гэж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан байна. Түүнээс хойш 5,000,000 төгрөгийн цалинтай гэдгийг нотолсон баримт авагдаагүй тул төлөх боломжгүй байна. Энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэсэн саналыг оруулж байна. Мөн хэрэглээний лизинг аваад тэр мөнгөө төлж барагдуулсан талаар лизингийн компаниас ирүүлсэн албан бичиг нотолж байх тул уг төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Сэтгэцэд учирсан хохирлыг Улсын дээд шүүхээс батлан гаргасан аргачлалын дагуу шийдвэрлэхдээ хохирогч С.М-ын эрүүл мэндийн байдал болон бусад нөхцөл байдлуудыг нь харгалзан үзээд энэ асуудлыг хөнгөрүүлэн шийдэх боломжтой юм. О.П-ийн унаж явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр “...” ХХК тогтоогдсон байдаг. Иймээс үүнийг анхааран үзэж Иргэний хуульд заасны дагуу хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М нь өмгөөлөгчийн дүгнэлтийг бүрэн дүүрэн дэмжиж байна гэх,
Иргэний хариуцагч Б.А-ын хувьд тээврийн хэрэгслийн өмчлөгч нь О.П мөн бөгөөд өөрөө энэ талаар тодорхой мэдүүллээ. Түрүүн би О.П гуайтай уулзаад тодруулахад Т гэдэг дүүгээрээ дамжуулаад машинаа танай компани руу шилжүүлсэн гэж ярьж байна. Шилжиж ирээд удаагүй буцаад шилжээд явсан тул гэрээ хэлцэл хийх боломж бололцоо, цаг хугацаа байгаагүй. Хоёрдугаарт би танай энэ машинууд хаана байна вэ гээд Т, “...” ХХК-ийн захирал Цогоо гэдэг хоёр хүнийг дагуулаад очиж үзэхэд баахан эвдэрхий машинууд байсан бөгөөд номерыг нь тулгаж үзсэн. Тэгээд одоо эд нар явах боломж байхгүй, хөдлөх боломж байхгүй, засаж янзлаад хятад машин авна гэдэг юмыг ярьж байсан. Тухайн үед гэрээ нь ороогүй байгаа болохоор юм яриагүй. Гэрээ нь ороод ирэхээр хуулийн этгээдийн хооронд хийдэг гэрээгээ хийгээд явах нь тодорхой. Ачаа тээвэр бэлдээд ирэхээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаагаа өгөөд, эмчийн үзлэг оношилгоондоо оруулаад явуулах нь тодорхой гэж бодоод байж байтал буцаагаад шилжүүлээд авсан. Тиймээс манайх хариуцах ёсгүй юм болов уу гэж би хувьдаа бодож байна. Хууль яг ямар байдгийг би мэдэхгүй байна гэх,
Шүүгдэгч нь С.М-аас дахин уучлалт гуйя. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүн хохироосон учраас төлөх ёстой хохирол төлбөрөө төлнө. Машины нэр шилжсэн талаар өнөөдөр мэдсэн. ... гэдэг компанийн нэр дээр миний машины гэрчилгээ байдаг гэх тайлбаруудыг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, мэдүүлгийн хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч О.П нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар Даланзадгад чиглэлийн авто зам дээр тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, ... улсын дугаартай “Норд бенз” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй, ... дугаартай чиргүүл чирч замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг. 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг тус тус зөрчин иргэн С.М-ыг ... улсын дугаартай “Норд бенз” загварын тээврийн хэрэгслийг ... дугаартай чиргүүлтэй чирч замын хөдөлгөөнд оролцож байхад нь мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, жолооч С.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Д.Э-ын эд хөрөнгөнд 45,400,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-28 дахь тал), иргэний нэхэмжлэгч Д.Эын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал), иргэний хариуцагч Б.А-ын мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 238-239 дэх тал), Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн хавтаст хэргийн 44-45 дахь тал), “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 226 дугаартай хөрөнгө, үнэлгээний шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал), “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 247 дугаартай хөрөнгө, үнэлгээний шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 54-56 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 11 дэх тал), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 15-21 дэх тал), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дахь тал), Цагдаагийн байгууллагын сангаас олгосон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар О.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасагдсан талаарх жолоочийн лавлагаа, жолоочийн мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал), С.М-ын өвчний түүхийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 60-88 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, мөн дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн байна... ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.П нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна...” (1 дүгээр хавтаст хэргийн хавтаст хэргийн 44-45 дахь тал) гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч О.П-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч О.П-ийн амьсгал дахь спиртийн агууламж 0.94 промиль болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.П нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Цагдаагийн байгууллагын сангаас олгосон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар О.Пийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасагдсан талаарх жолоочийн лавлагаа, жолоочийн мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал)-ээр нотлогдож байна.
Шүүгдэгч О.П-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-ын биед зүүн шаант тахилзуурын хугарал, цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугарал, зүүн дал эгэмний хугарал, гавал тархины битүү гэмтэл, хуйхны язарсан ил шарх, нүүр, зүүн мөр, баруун шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдсон болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 423 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 54-56 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч О.П нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.П нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч О.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.П-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.П-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Э-ын эд хөрөнгөд 45,400,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-ын хувьд эмчилгээний төлбөрт нэхэмжилсэн 1,358,520 төгрөгөөс төлөгдсөн 1,020,000 төгрөг хасаж үлдэх 338,520 төгрөг, ажилгүй байсан 6 сарын хугацааны цалин 30,000,000 төгрөг, хэрэглээний зээл 1,492,690 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүхийн тогтоосон хэмжээгээр тус тус нэхэмжилнэ гэх тайлбарыг гаргасан бол иргэний нэхэмжлэгч Д.Э-ын өмгөөлөгч Б.-ийн зүгээс олох байсан орлогыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх тайлбарыг гаргав.
Шүүгдэгч О.П нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 04, 05-ны өдрийн 226, 247 дугаартай хөрөнгө, үнэлгээний шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 50, 51 дэх тал)-ээр иргэний нэхэмжлэгч Д.Э-ын эд хөрөнгөд учирсан 45,400,000 төгрөгийн хохирол, төлбөрийг төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч Д.Э-ын Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал), өмгөөлөгчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч Д.Э-т 45,400,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-ын зүгээс эмчилгээний төлбөртэй холбоотой нийт 1,358,520 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан байх бөгөөд уг төлбөрөөс шүүгдэгчийн төлсөн 1,020,000 төгрөгийг хасаж, үлдэх 338,520 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,250,000 төгрөгийг тус тус хангаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэжээ.
Мөрдөгчийн зүгээс “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-ын сэтгэцэд учирсан хор уршгийг Дөрөвдүгээр зэрэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 142 дахь тал)-ээр тогтоосон байна.
Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэмт хэрэг гарсан байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, эмчилгээ хийлгэсэн байдлууд, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал зэргийг үндэслэн түүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 35 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,250,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-ын зүгээс хөдөлмөрийн чадвараа алдсан 6 сарын хугацаанд олох байсан орлогод нийт 30,000,000 төгрөг нэхэмжилж байх боловч сарын цалинг тодорхойлсон хүн амын орлогын албан татвар болон 2023, 2024 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, мөн “Хэрэглээний зээл” ХХК-иас зээлсэн үлдэгдэл 1,492,690 төгрөгийг компанийн тодорхойлолт (хавтаст хэргийн 22 дахь тал), Лизингийн эргэн төлөлтийн хуваарь (2 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжилж байх боловч уг баримтууд гарын үсэггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа тус тус бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээр нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хариуцагч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ын зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгсэл манай компанийн өмчлөлд байдаггүй, манай тээврийн маршрутаар тээвэр хийж яваагүй байна. Мөн жолооч О.П-ийн эзэмшлийн машин, манайх хувь хүний эзэмшлийн машиныг эд хөрөнгө түр шилжүүлэх гэрээгээр шилжүүлж авдаг. Тээвэр эхлээгүй, гэрээ хийгээгүй байхад бусад компанийн эзэмшилд шилжсэн байх тул хохирол, төлбөр хариуцах үндэслэлгүй” гэж маргаж мэтгэлцэв.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж хуульчилсан байна.
Гэмт хэрэг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн байх ба тухайн үед яллагдагч О.П-ийн унаж явсан ... улсын дугаартай “Норд бенз” загварын тээврийн хэрэгсэл нь “...” ХХК-ийн өмчлөлд 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “... техник” ХХК-ийн өмчлөлд шилжсэн болох нь Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн түүхчилсэн мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 225-226 дахь тал)-ээр тогтоогдсон бөгөөд “...” ХХК болон шүүгдэгч О.П нарын хооронд зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн тохиолдолд хэн хариуцаж арилгах талаар албан ёсны гэрээ байгуулагдаагүй, энэ талаарх холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул иргэний хариуцагчаар “...” ХХК-ийг татаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэгдэх үед ... улсын дугаартай “Норд бенз” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигчээр “...” ХХК-ийн бүртгэгдсэн болох нь тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг компани хариуцан арилгах үүрэг хүлээнэ.
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-т олгохоор шийдвэрлэсэн эмчилгээний төлбөр 338,520 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 19,250,000 төгрөг, нийт 19,588,520 төгрөгийн хохирол төлбөрийн 70 хувь буюу 13,711,964 төгрөгийг шүүгдэгчээс, үлдэх 30 хувь буюу 5,876,556 төгрөгийг “...” ХХК-иас тус тус гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-т олгож шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүх хохирол, төлбөрийг шүүгдэгчийн согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч О.П-оос нийт хохирлын 70 хувийг, үлдсэн 30 хувийг иргэний хариуцагчаар гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Д.Э нь олох байсан орлоготой холбоотой нотлох баримтыг хэрэгт шүүхэд ирүүлээгүй, харин Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас С.Мын хэвтэн эмчлүүлэхтэй холбогдуулан гаргасан төлбөрт 1,259,000 төгрөг (1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал) зарцуулан талаар баримт хэрэгт авагдсан байх боловч уг байгууллагыг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоох, мэдүүлэг авах, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зэрэг холбогдох ажиллагааг хийгээгүй орхигдуулсан байх тул эдгээр хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Иргэний нэхэмжлэгч Д.Э болон Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээр нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгчээс 13,711,964 төгрөг, “...” ХХК-иас 5,876,556 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-т олгох шийдвэр гаргасантай холбогдуулан шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс түр завсарлага авч шүүхээс тогтоосон дээрх төлбөрөөс 712,000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-ын дансанд шилжүүлж, үлдэх 13,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд хэсэгчлэн хувааж төлж барагдуулахаар хоёр тал харилцан тохиролцсон болох нь хохирол төлбөр төлөх тухай баталгаа (2 дугаар хавтаст хэргийн 31-32 дахь тал) болон оролцогчдын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчээс 13,000,000 төгрөг, иргэний хариуцагч “...” ХХК-иас 5,876,556 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-т олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч О.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг хувийн байдлаас шалтгаалан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоолгох саналтай байна гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-ын өмгөөлөгч Р.М-ийн хувьд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учруулсан эд хөрөнгийн хохирол, хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээтэй холбоотой гарсан хохирол, төлбөрийг төлж барагдуулж, үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлж байна. Улсын яллагчаас санал болгосон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулбал бидний үлдэх хохирол, төлбөрийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулж чадах эсэх дээр анхаарч үзэхийг хүсэж байна. Өөрөө хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэн харгалзах ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах боломжтой тул уг ялыг оногдуулж өгнө үү. Зорчих эрхийг хязгаарлах ял нь хорих ялтай адилхан байдаг учраас тухайн хүн амьдралаа залгуулахад хэцүү байдаг. Тиймээс шүүгдэгчийн хувийн байдал, нас, бага насны олон хүүхэдтэй байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг,
Иргэний нэхэмжлэгч Д.Э-ын өмгөөлөгч Б.Б-ийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.О нь шүүгдэгч О.П хохирол төлбөрийн асуудлаар хохирогчтой харилцан тохиролцож 13,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн. Шүүгдэгчийн хувьд өөрт нь машины толгой байгаа тэрийгээ зарчихвал богино хугацаанд төлж барагдуулах боломжтой гэдгээ илэрхийлж байгаа гэдгийг хэлье. Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэм буруутайд тооцсон учраас энэ зүйл хэсгээр ял, хариуцлагыг оногдуулахад хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлүүд илүү давамгай тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар болгоомжгүй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, урьд нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй. Мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаар авагдсан нотлох баримтууд, бага насны хүүхэдтэй хамгийн бага хүү нь төрөөд 7 сар болж байгаа. Ингээд бага насны 4 хүүхдийн хамт эхнэртэйгээ амьдардаг байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэн харгалзах ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулбал О.П нь Төв аймагт мал аж ахуй эрхэлдэг тул түүнд очиход хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэн харгалзах ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М нь хэлэх зүйл байхгүй гэх,
Иргэний хариуцагч Б.А нь хэлэх зүйл байхгүй гэх,
Шүүгдэгч нь өөрийн буруугаас болж өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүллээ. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Надад машинаас өөр мэдэх зүйл байхгүй. Цаашид машин тэрэг янзалж амьдралаа залгуулна. Мөн би Төв аймагт хэдэн мал малладаг. Тиймээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэх тайлбаруудыг тус тус гаргав.
Шүүгдэгч О.П нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-т 1,732,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Э-т 45,400,000 төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Их хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялд өөрчлөлт оруулсан бөгөөд уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасныг “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчилжээ.
Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын доод, дээд хэмжээ, хорих, зорчих эрхийг хязгаарлах зэрэг үндсэн ялын доод хэмжээ тус тус нэмэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсны дагуу шүүгдэгч О.П-ид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр зохицуулжээ.
Шүүгдэгч О.П-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байхаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогч С.М-т учруулсан 13,000,000 төгрөгийн хохирол төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд хувааж төлж барагдуулахаа илэрхийлсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг нь дээрх хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.П-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.П-ид оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч О.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-т 1,732,000 /нэг сая долоон зуун гучин хоёр мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Э-т тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 45,400,000 /дөчин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн О-ын П-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.П-ид оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч О.П-ид хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.П-оос эмчилгээний болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 13,000,000 /арван гурван сая/ төгрөг, иргэний хариуцагч “...” ХХК-иас 5,876,556 /таван сая найман зуун далан зургаан мянга таван зуун тавин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-т олгож, түүний нэхэмжлэлээс хэрэглээний зээл 1,492,690 /нэг сая дөрвөн зуун ерэн хоёр мянга зургаан зуун ер/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 30,000,000 /гучин сая/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Д.Э-ын олох байсан орлого, Эрүүл мэндийн даатгалын байгууллага 1,259,000 /нэг сая хоёр зуун тавин есөн мянга/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа тус тус бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шүүгдэгч О.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-т 1,732,000 /нэг сая долоон зуун гучин хоёр мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Э-т тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 45,400,000 /дөчин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.П-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ