Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 1326

 

 

 

 

 

 

    2020           10            13                                       2020/ДШМ/1326                                                    

 

                               Т.Т, Л.У нарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

хохирогч Л.Б, Н.П, Г.А,

иргэний нэхэмжлэгч Х.В,

шүүгдэгч Т.Т өмгөөлөгч Г.Энхтүвшин, П.Гансүх,

шүүгдэгч Л.У өмгөөлөгч Я.Батханд, Б.Түвшинтөгс,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/1534 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Ариунаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Т.Т, Л.У нарт холбогдох эрүүгийн 2017 2501 2041 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т.Т, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ... тоотод түр оршин суудаг гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД: /;

2. Л.У, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цөмийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:/;

Л.У нь шүүгдэгч Т.Т т “Солонгос явах иргэдийг өөрөө бүртгэж, мөнгийг нь хураан авч, шилжүүлж өгье” гэж урьдчилан амлаж, иргэн Б.Э-с 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 3.000.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 800.000 төгрөг, нийт 3.800.000 төгрөгийг,

- иргэн А.М-с 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Содон хорооллын Хаан банкны салбараас 3.500.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 26 дугаар хороо, Хүннү 2222 хотхоны дэлгүүр дотроос 1.400.000 төгрөг, нийт 4.900.000 төгрөгийг,

- иргэн Б.Х-с Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Хаан банкны салбараас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 3.500.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг,

- иргэн А.Ц-с 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Өргөө кино театрын баруун талд байрлах нотариатын газарт зээлийн гэрээ бичгээр байгуулан бэлнээр 10.500.000 төгрөгийг,

- иргэн Д.Н, Л.Б нараас 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах нотариатын газарт зээлийн гэрээ бичгээр байгуулан бэлнээр 15.000.000 төгрөгийг,

- иргэн Д.Э-с 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороололд үйл ажиллагаа нотариатын газарт зээлийн гэрээ бичгээр байгуулан бэлнээр 3.000.000 төгрөгийг,

- иргэн Н.П-с 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ТБД андууд худалдааны төвийн хажууд үйл ажиллагаа явуулах нотариатын газарт зээлийн гэрээ бичгээр байгуулан бэлнээр 10.000.000 төгрөгийг,

- иргэн С.Б-с 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх, дүүргийн 28 дугаар хороо, Гачууртад байрлах Хаан банкны гадаа 3.500.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололд байхад нь 800,000 төгрөгийг бэлнээр тус тус авч, нийт 4.300.000 төгрөгийг,

- иргэн Д.Г-с 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа бэлнээр 5.000.000 төгрөгийг,

- иргэн Х.Д-с 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Жуков” худалдааны төв дотор байрлах Хаан банкнаас 3.000.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1.500.000 төгрөгийг, 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 16-99 тоот гэртээ байхад нь 500.000 төгрөгийг тус тус авч, нийт 5.000.000 төгрөгийг,

- иргэн Я.Б, Я.А нараас 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагааны гудамжинд байхдаа 10.000.000 төгрөгийг, 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний орчимд байхдаа 7.400.000 төгрөгийг тус тус авч, нийт 17.400.000 төгрөгийг,

- иргэн Ч.Б-с 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд байхдаа Хаан банкны 5735190578 тоот данснаас 3.000.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 700.000 төгрөгийг тус тус авч, нийт 3.700.000 төгрөгийг,

- иргэн Ч.Б-с 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ТБД андууд худалдааны төв дотор байрлах Экспресс банк дотор бэлнээр 3.300.000 төгрөгийг,

- иргэн Ч.Н-с 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Техникийн зах дээр байхад нь 3.500.000 төгрөгийг,

- иргэн Г.А-с Австрали Улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Стар төв дотор үйл ажиллагаа явуулах нотариатын газарт зээлийн гэрээ бичгээр байгуулан 9.500.000 төгрөгийг тус тус залилан мэхлэн авч, бусдаас нийт 103.400.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5735138405, 5030537271 тоот дансуудаар болон бэлнээр төвлөрүүлж, улмаар шүүгдэгч Т.Т т дээрх мөнгийг шилжүүлэн өгч, бусдыг залилах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт,

 Т.Т  нь “Бүгд Найрамдах Солонгос Улсад гурван жилийн хугацаатай гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө” хэмээн Л.У ийг, мөн Л.У т “Солонгос явах иргэдтэй гэрээ байгуулаад мөнгийг нь авчих” хэмээн хэлж үүрэг, оролцоог нь хуваарилан удирдаж, улмаар түүний дэмжлэгтэйгээр дансаар нь дамжуулан хохирогч Б.Э, А.М, Б.Х, А.Ц, Д.Н, Л.Б, Д.Э, Н.П, С.Б, Д.Г, Х.Д, Я.Б, Я.А, Ч.Б, Ч.Б, Ч.Н нар зэрэг нэр бүхий 16 иргэнээс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс  2017 оны 3 дугаар сарын 6 хүртэлх хугацаанд Хаан банкны 5735138405, 5030537271 данснаас  нийт 76.601.000 төгрөгийг,

- Австрали Улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан виз гаргаж өгнө” хэмээн хохирогч Г.А тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан иргэн Г.М эзэмшлийн Хаан банкны 5113113932 тоот дансаар 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын Хаан банкны салбараас 11.000.000 төгрөгийг,

- хүү Г нь “Цагдаагийн академид /Хууль сахиулах их сургууль/ оруулж өгнө” хэмээн хуурч Х.А-с Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 3.340.000 төгрөгийг авч, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэхдээ бусдад нийт 90.941.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Т ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, Л.У ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоогоогүй, шүүгдэгч Л.У ийн Д.Н, О.Г, А.Ц нарыг залилсан гэх үйлдэлд дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул дээрх хохирогч нарын хувьд гэмт хэргийн шинжтэй бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөв тогтоох, иргэний эрх зүйн маргаан эсэхийг шалган тогтоох шаардлагатай гэж үзэж хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Т.Т, Л.У нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор А.Ариунаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын зүгээс яллагдагч Т.Т  нь үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Л.У ийн үүрэг, оролцоог нь хуваарилан удирдсан, яллагдагч Л.У нь үргэлжилсэн үйлдлээр яллагдагч Т.Т т урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн тухай асуудалд 201725012041 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, улмаар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар яллагдагч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтооход хангалттай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа” гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгчдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй. Хэрэгт хохирогч Д.Н, О.Г, А.Ц, Б.Э нар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шүүгдэгч Л.У-г үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр хохирол төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үйл баримт авагдсан байдаг. Шүүгдэгч Л.У нь Б.Э, А.М, Б.Х, А.Ц, Д.Н, Л.Б, Д.Э, Н.П, С.Б, Д.Г, Х.Д, Я.Б, Я.А, Ч.Б, Ч.Б, Ч.Н нар зэрэг нэр бүхий 16 иргэнээс “Бүгд Найрамдах Солонгос Улсад гурван жилийн хугацаатай гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан нийт 94.000.000 төгрөгийг дансаар болон бэлнээр авсан үйлдэл нь хохирогч нарын мэдүүлэг, хохирогч Б.Э, Ч.Б, Я.Б, А.Ц, Д.Н, Э.Э, Н.П, гэрч О.Г нартай яллагдагч Л.У ийн байгуулсан “Зээлийн гэрээ”, гэрч Ц.Д, С.Д, О.Г, А.У, П.Х, Г.Э, Б.А, Г.М, Б.М, А.Б, А.Т нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Оюунтуулын 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 23 дугаартай дүгнэлт, яллагдагч Л.У ийн эзэмшлийн Хаан банкны 5735138405, 5030537271 тоот данснуудын дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан үйл баримтуудаар тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж хуульчилсан бөгөөд хохирогч Д.Н, О.Г, А.Ц, Б.Э нар нь Бүгд Найрамдах Солонгос Улсад гурван жилийн хугацаатай гэрээгээр ажиллах виз гаргуулах зорилгоор яллагдагч Л.У т бэлнээр болон дансаар мөнгө шилжүүлэн өгсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тогтоогдсон. Иймд дээрх иргэд нь бусад хохирогч нарын нэгэн адил залилах гэмт хэргийн хохирогчид ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хохирол төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирогч нарын хуулиар хамгаалагдсан хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх талаарх шийдвэр биш юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон ба шүүх хуралдааны явцад дээрх нөхцөл байдлыг мэтгэлцээний үндсэн дээр, нотлох баримтыг шинжпэн судлах замаар дахин нотлохоор зохицуулсан байдаг. Гэтэл шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шинжлэн судлах замаар залилах гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтоосон байхад иргэний шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирол давхцаж аль аль нь шийдвэрлэх боломжгүй болж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тодорхойлох хэрэгтэй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тохиолдолд ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй, ойлгомжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/1534 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Т ийн өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс хэрэг буцах үед шүүгдэгч Т.Т ийн нэр бүхий 4 иргэнийг залилсан гэх үйлдлийн хохирлыг шүүгдэгч Л.У ээс гаргуулахаар шийдвэрлэсэн. 2018 онд тухайн иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Т.Т, Л.У нарын бусдад учруулсан хохирлын хэмжээг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэсэн байхад яллах дүгнэлт үйлдэхдээ хохирлын хэмжээнд оруулсан. Т.Т ийн төлөх ёстой хохирол дангаараа 83.000.000 төгрөг болж, уг мөнгийг Л.У ээс шилжүүлж авсан гэдэг. Үүнээс иргэний журмаар хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн хохирогч нарын хохирлыг хасвал 49.000.000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй. Мөн хохирогч нарт 35.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Эндээс ерөнхий байдлаар хэргийг шийдвэрлэвэл Т.Т ийн учруулсан нийт хохирол 49.000.000 төгрөг, түүнээс 35.000.000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл хохирол 14.000.000 төгрөг гэж харагддаг. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэрэгт иргэний журмаар хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн 4 хохирогчийн хохирлыг нэмж оруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасантай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, гэм буруутай нь тогтоогдсон хэрнээ хохирол, хор уршгийн асуудал иргэний журмаар шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр хохирол нь арилаагүй байгаа болохоос иргэний хэргийн шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шийдвэр гараагүй. Хохирлыг иргэний журмаар, ял халдаах, гэм буруугийн асуудлыг дангаар нь эрүүгийн журмаар шийдвэрлэж таарахгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Т ийн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Гэтэл энэ хэргийн хохирлын хэмжээ янз бүрээр бичигдсэн байгаа нь эргэлзээтэй байдал үүсгэдэг. Мөн иргэний хэргийн шүүхээр тогтоолгосон шийдвэр нэг хэрэг маргаан нэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Уг шүүхийн шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа учир эрүүгийн хэрэг болохгүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох талаар хуульчилсан” гэв.

Шүүгдэгч Л.У ийн өмгөөлөгч Я.Батханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс 4 хохирогчийн асуудлыг иргэний журмаар шийдвэрлэсэн байхад прокурорын яллах дүгнэлтэд хохирол дээр тооцон оруулж ирсэн байгааг шалгаагүй, хохирлын тооцоо зөрүүтэй байна гэдэг үндэслэлээр хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хохирол, хор уршгийн асуудлыг заавал тогтоох ёстой гэдэгт нийцнэ. Өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Учир нь, миний үйлчлүүлэгчийг 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр цагдан хорьсон. Гэтэл шүүхийн гадна талд автомашинд миний үйлчлүүлэгчийн 6 болон 1 настай хоёр хүүхэд үлдсэн. Одоо хүүхдүүд хаана байгаа нь тодорхойгүй. Гэтэл энэ хооронд миний үйлчлүүлэгч хоригдсон байна. Шүүгч захирамждаа хэрэг прокурорт очтол шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай гэж дурдсан. Өнөөдөр 2 хүүхдийн эрхийн асуудал яригдаж байгаа учир таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Түүнчлэн давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн хүсэлтэд хоёр хүүхдийн төрсний гэрчилгээ, өрх толгойлсон эх гэдгийг тодорхойлсон нотлох баримтуудыг хавсаргасан байгаа” гэв.

Шүүгдэгч Л.У ийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Я.Батхандтай санал нэг байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.Т, Л.У нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн нэр бүхий 4 хохирогч болох Д.Н, О.Г, А.Ц, Б.Э нарын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Л.У ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шүүхийн шийдвэр гарч, төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байх тул дээрх хохирогч нараас мөнгө залилсан гэх асуудал нь иргэний эрх зүйн маргаан, эсхүл эрүүгийн эрх зүйн гэмт хэрэг эсэхийг тогтоох шаардлагатай төдийгүй энэ нь хохирлын хэмжээг үнэн зөв тогтоох ач холбогдолтой гэж үзэж хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно” гэж, мөн хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” гэж, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” гэж, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэж, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж тус тус заажээ.

Дээрх хэм хэмжээний агуулга нь мөрдөгч тодорхой нэг үйлдэл, үйл баримтын талаар шалгах ажиллагаа эхлүүлсэн бол дээр заасан асуудлуудын хүрээнд тухайн үйлдлийг бүрэн гүйцэт шалгаж, гэмт хэрэг мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжийг шүүхэд бүрдүүлсэн байх учиртай.

Мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж, мөн хэсгийн 1.1-д “хэргийг буруу тусгаарласан бол” гэж, 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж, 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж тус тус заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг ажиллагаа хийгдээгүй бөгөөд тухайн ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэл бүрдэнэ.

Гэтэл анхан шатны шүүхээс иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөдөр болсон эсэх, иргэний эрх зүйн маргаан эсэхийг шалган тогтоолгох үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон нь гэмт хэргийн шинжтэй үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй болохыг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд шүүх тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийнэ.

Иймд, анхан шатны шүүх шүүгдэгч тус бүрийн холбогдсон үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлуудыг бүрэн шалгасан эсэх талаар нягталж, аль үйлдлийн ямар асуудлыг шалгах талаар тодорхой заах, уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар тодорхой дүгнэх шаардлагатай байна.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Т.Т, Л.У нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр буцаав.

Шүүгдэгч Л.У ийн хувьд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж гарах үед цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх болох талаар хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байна.

Хэдийгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.”,

мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. ...” гэж тус тус хуульчилсан бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд тусгайлан зохицуулсан байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Л.У т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа хуульд тусгайлан зохицуулсан үндэслэлээр бус “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн” хэмээн ерөнхий нөхцөл дурдсан нь дээрх хуулийн үндсэн шаардлагад нийцэхгүй байна.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;” гэж,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, ...” гэж,

Монгол улсын нэгдэн орж соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.” гэж тус тус заасныг үндэслэн яллагдагч Л.У ийн бага насны хүүхдийн язгуур эрх ашиг, хүүхдийн эрүүл, аюулгүй өсөж торних боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Л.У т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хуульд харшлах зүйлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх яллагдагч Л.У т 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа 2020 оны мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.

Гэвч давж заалдах шатны шүүхээс Л.У т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлөн өөрчилсэн тул анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл өмнө авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/1534 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Т.Т, Л.У нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл Т.Т т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Л.У т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах болон хилийн хязгаарлалт тогтоох тухай тус тус таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                            Д.МЯГМАРЖАВ

 

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР