| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 101/2024/00210/И |
| Дугаар | 001/ХТ2026/00015 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2026/00015
“С” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Г.Г, Б.М нарт холбогдох
973,949,601 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Г.Г, Б.М нарт холбогдуулан 973,949,601 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/05839 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Г-оос 973,949,601 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, хариуцагч Б.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,027,700 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5,027,698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/01479 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/05839 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Г-оос 649,299,734 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 324,649,867 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-д холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч “С” ХХК нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,027,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 3,404,448 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.03- ны өдрийн 210/МА2025/01479 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т тус тус заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүхийн 191/ШШ2025/05839 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээс алданги 324,649,867 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1- д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэрлэснийг хүснэгтээр харуулав.
Анхан шатны шүүх талуудын хооронд 2019.05.02-ны өдөр байгуулагдсан 2019/051 дугаартай “Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ”-г 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу талууд хүсэл зоригоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн тул алдангийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс дээрх гэрээ нь бие даасан гэрээ биш хэмээн дүгнэж өмнөх харилцаагаар алданги тохиролцоогүй тул алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус хэмээн үзэж байна. Нэхэмжлэгч талын зүгээс талуудын хооронд байгуулагдсан “Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ”-г Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5 дахь хэсэгт зааснаар нэрлэгдээгүй гэрээ гэж үзэж, талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ хэмээн үзэж байгаа ба энэхүү гэрээгээр алданги шаардах эрхтэй болно. Учир нь, талууд гэрээний гол нөхцөл болох төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, хариуцлагын хэмжээ, журмыг тохиролцоогүй өмнөх ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын дагуу төлбөрийг амаар, цахим захидлаар нэхэх зэргээр харилцаа явж байсныг өөрчлөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.2.1, 43.3, 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу бичгээр хийх хэлцлийн шаардлагыг хангаж, мөн талууд гол нөхцөл болох төлбөрийн хэмжээ түүнийг төлөх хугацаа, журмыг зохицуулж өмнөх тээвэрлэлтийн гэрээний харилцааг өөрчилж нэрлэгдээгүй гэрээ буюу “Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ”-г Иргэний хуульд заасны дагуу бичгээр гэрээ байгуулсан юм. Давж заалдах шатны шүүхээс тустаа бие даасан гэрээ биш гэсэн мөртлөө Үндэслэх хэсгийн 6-д хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо дээрх гэрээг баримтлан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж заасан нь магадлал дотроо агуулгын хувьд алдаатай хэмээн үзэх үндэслэлтэй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж өгнө үү.
Нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүхээс алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хяналтын шатны шүүхээс хянаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4 дэх хэсэгт заасан “эсхүл хууль хэрэглээг тогтоох зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой" гэх хэсэгт нийцнэ хэмээн үзэж байна. Учир нь, практикт иргэний эрх зүйн харилцаанд оролцож буй этгээдүүд нь амаар гэрээ байгуулж, тухай бүртээ бичгэн гэрээ үйлдэлгүй, бие биедээ итгэх итгэлээр эрх зүйн харилцаанд оролцдог. Гэвч хэсэг хугацааны дараа талуудаас шалтгаалсан, эсхүл үл шалтгаалсан нөхцөл байдлаас шалтгаалан амаар байгуулсан гэрээний дагуу өгч авалцсан зүйлсээ бичгэн гэрээгээр баталгаажуулах тохиолдол гардаг бөгөөд тэрхүү бичгэн гэрээндээ талуудын эдлэх эрх, үүрэг, гол нөхцөл болох төлбөрийг хэрхэн төлөх, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах, хэнээр шийдвэрлүүлэх зэрэг асуудлыг тусгадаг. Тус хэргийн зохигчид мөн дээрх жишээгээр “Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан бөгөөд давж заалдах шатны шүүхээс дүгнэх өмнөх харилцаанд талууд алданги тохиролцоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны байр сууринаас үзвэл практикт гарч буй “Төлбөр барагдуулах гэрээ” нь гэрээний харилцаа бус зөвхөн төлбөр тооцоо нийлсэн баримт хэмээн үзвэл тэрхүү гэрээгээр зохицуулж буй өмнө нь тохиролцоогүй асуудлыг хэрхэн авч үзэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй хэмээн үзнэ. Жишээлбэл, талуудын хооронд байгуулсан “Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ”- ээр тохиролцсон төлбөр төлөх хэмжээ, түүнийг төлөх хугацаа, хариуцлага, маргаан гарсан тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэх зэрэг асуудлыг өмнө нь амаар байгуулагдан хэрэгжсэн тээвэрлэлтийн гэрээний дагуу тохиролцоогүй боловч шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн зэрэг байдлаас үзвэл давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэг утгаар гэрээ хэмээн үзэж түүний зохицуулалтыг хүлээн зөвшөөрсөн атлаа зөвхөн алдангийн хэсэгт холбогдуулан гэрээ хэмээн үзэхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байдлыг бий болгож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4 дэх хэсэгт заасны дагуу хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой буюу практикт шийдвэрлэгдсэн “Төлбөр барагдуулах гэрээ” тус хэргийн хувьд “Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ”-г гэрээний бие даасан харилцаа мөн эсэх, хэрэв бие даасан гэрээний харилцаа болж чадна гэвэл тухайн гэрээг хэрхэн тайлбарлаж хэрэглэх талаарх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоож өгнө үү. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлүүд болох төлбөр төлөх хугацаа, хэмжээ зэрэг нь хариуцагч этгээдийн хүсэл зориг буюу төлбөр төлөх эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан хагас жилээр зааж өгсөн зэрэг нь талуудын хооронд гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байсныг илтгэх юм. Нөгөө талаар нэхэмжлэгч нь өмнөх Тээвэрлэлтийн гэрээний дагуу төлбөрөө төлөхийг шаардаж байсан ба ийнхүү шаардахдаа боломжит хэмжээгээр шаардаж байсан болох нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдох бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний хэмжээгээр шаардаж байсан зэргээс үзэхэд тусдаа бие даасан гэрээний эрх зүйн харилцааг бий болгоогүй гэх давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй болох нь харагдаж байна. Хариуцагч Г.Г нь маргааны зүйл болох 92 чингэлэг ачаанд ирсэн 280 гаруй авто тээврийн хэрэгслийг зарж борлуулж ашиг олж түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулсан атлаа тухайн тээвэрлэлтийг зохион байгуулсан этгээдийн хөлсийг төлөөгүй нь зөвтгөх боломжгүй талаар анхан давах зөв дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгч тал төлбөрөө авалгүй 4 жил гаруй хугацаа өнгөрч тухайн үед авах ёстой төлбөр эдийн засгийн уналт, инфляц, аж ахуйн үйл ажиллагааны онцлогийг харгалзан алданги авах зохицуулалтыг харилцан тохиролцож тусгасан зохицуулалтыг хүчингүй мэтээр дүгнэсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй хэмээн үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025.09.03-ны өдрийн 210/МА2025/01479 дугаартай магадлалын Тогтоох хэсгийн 1.1- т “...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 324,649,867 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хүчингүй болгож, 191/ШШ2025/05839 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.12.02-ны өдрийн 001/ШХТ2025/01186 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна
7.Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Г.Г, Б.М нарт холбогдуулан 973,949,601 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, “...Г.Г автомашин худалдан борлуулах ажиллагаа явуулдаг ба тэрээр өөрийн ажилтан Б.М-ийн нэр дээр манай компаниар зуучлуулан Япон Улсаас 2017.03.10-2019.04.23 хүртэл нийт 92 чингэлэг ачааг тээвэрлүүлсэн ба ачааг Улаанбаатар хотод ирсний дараа хөлсийг Г.Г төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч нь тээвэр зуучлалын хөлс 284,550 ам доллароос 80,000 ам.долларыг төлж, үлдэгдэл 204,550 ам.долларыг төлөөгүй байсан. Талууд 2019.05.02-ны өдөр харилцан тохиролцож, 2019/051 дугаартай “Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан ба гэрээний 2.1-д “... Г.Г нь гэрээгээр тохирсон нийт тээврийн хөлс болох 204,550 ам.долларыг үл маргах журмаар 2019 онд 50,000 ам.доллар, 2020 онд 50,000 ам.доллар, 2021 оны эхний хагас жилд 50,000 ам.доллар, 2021 оны 2-р хагаст 54,550 ам.долларыг “С” ХХК-д төлөхөөр хоёр тал харилцан тохиролцов” гэж заасан, Г.Г 15,000 ам.доллар төлж, үлдэгдэл 189,550 ам.долларыг төлөхгүй тус компанийг хохироож байна. Хариуцагч Г.Г-д төлбөрөө төлөх талаар мэдэгдэж байсан ч удахгүй төлнө гэсээр гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Төлбөр барагдуулах гэрээний 2.2-т “...0.5 хувийн алданги үл маргах журмаар төлнө” гэсний дагуу Ковид-19 цар тахлын хугацааг хасаж, 2023.07.12-2023.12.12 хүртэл алдангид нийт 145,953.5 ам.доллар тооцогдсон бөгөөд анзын дээд хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 94,775 ам.долларыг нэхэмжлэгч талд төлөх хууль зүйн үндэслэлтэй болно. Монгол банкны албан ёсны ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 3,425.48 төгрөгөөр тооцож нийт 284,325 ам.доллар буюу 973,949,601 төгрөгийг Г.Г-оос гаргуулна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч Б.М-оос татгалзсан байна.
Хариуцагч Г.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Ц гэдэг хүнтэй хувийн харилцаатай байсан болохоор гэрээ хэлцэл байхгүй, итгэлцлийг үндэслээд 3 жилийн хугацаанд ачаа тээвэр хийлгүүлсэн ба хувийн харилцаа төгссөнөөр 5 жилийн дараа шүүхэд дуудагдсан. “С” ХХК нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудлаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс цагдаад хандаж шалгуулсан ба мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан. Энэ шаардлага нь тээврийн хэрэгсэлтэй холбоотой биш, чингэлэг тээвэрлүүлсэнтэй холбоотой төлбөрийн асуудал ба 92 чингэлэг тээвэр 280 удаа Монгол Улсын гаалиар орж гарсан. Үүнээс хэдийг нь Г.Г-д хамаатуулаад төлбөр нэхээд байгаа нь ойлгомжгүй. “С” ХХК чингэлгийн төлбөр төлсөн талаар баримт байхгүй. 28 чингэлэг ачааны мөнгө төлөх ёстой боловч тооцооллоо тодорхой гаргаагүй тул зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн хавсралтад дурдсан төлбөрүүдийг төлсөн асуудал байдаг. Шаардах эрх нь яаж үүсээд төгрөгөөр яригдах асуудлыг долларт хөрвүүлж байгаа нь ойлгомжгүй. Хариуцагчийн зүгээс хэдэн төгрөг өгөх боломжтой гэдгээ тодорхойлох боломжгүй” гэсэн агуулгатай тайлбар гарган маргасан байна.
8.Анхан шатны шүүх хариуцагч Г.Г-оос ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 649,299,734 төгрөг, алдангид 324,649,867 төгрөг, нийт 973,949,601 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ “... “С” ХХК нь ачаа тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг ба талуудын хооронд гэрээ аман хэлбэрээр хийгдсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Г-ын Япон Улсаас худалдан авсан автомашиныг Монгол Улс руу тээвэрлэн хүлээлгэн өгөх, Г.Г автомашиныг хүлээн авах, гаалийн бүрдүүлэлтийг өөрөө хийх, тээврийн зардлыг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн буюу тээвэрлэлтийн гэрээ нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч шаардах эрхтэй. 2017.03.10-2019.04.23-ны хооронд Г.Г-ын 92 ширхэг автомашиныг “С” ХХК Монгол Улсад тээвэрлэн ирсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн төлөөлөгчийн “...Б.Ц-тэй гэрээ байгуулсан, 28 чингэлгийн төлбөр төлөх боловч тооцоолол тодорхойгүй...” гэсэн тайлбар баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч талын хэрэгт өгсөн баримтуудыг няцаасан баримтыг гаргаж өгөөгүй тул энэ тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй.
Талууд 2019.05.02-ны өдөр тооцоо нийлж, 92 ширхэг авто машиныг тээвэрлэсэн, нэг бүрийн үнэ, нийт төлөх төлбөрийн хэмжээг 284,550 ам.доллар болсон, үүнээс төлсөн 80,000 ам.долларыг хасаж, 204,550 ам.долларыг төлөх хуваарийг тохирч, төлөөгүй тохиолдолд хоногт 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч нь тооцоо нийлсэнээс хойш 15,000 ам.долларыг төлж, үлдэх 189,550 ам.долларыг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай байх тул 189,550 ам.долларыг хариуцагч Г.Г-оос гаргуулж нэхэмжлэгчид олгоно. Алдангийг 2023.07.12-2023.12.12-ны өдрийг дуустал бодоход 145,953 ам.доллар, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож хариуцагчаас алдангид 94,775 ам.доллар гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэн, 1 ам.долларын Монгол төгрөгтэй харьцах ханшийг 2023.12.11-ний өдрийн Монгол банкны ханшаар 3,425.48 төгрөгөөр тооцсон байна.
9.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангасан байна. Магадлалд “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Б.М-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Харин анхан шатны шүүх уг хэсэгт холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг залруулсан өөрчлөлт оруулна. Талууд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2019/051 дугаар “Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ” гэх баримт үйлдэж, төлбөр төлөгч Г.Г нь гэрээгээр тохирсон нийт тээврийн хөлс болох 204,550 ам.долларыг үл маргах журмаар төлөхөөр харилцан тохиролцсон нь “... гэрээ” гэх нэртэй боловч талууд өмнө нь үүссэн тээвэрлэлтийн хэлцлийн үлдэх үүргийг дүгнэн тооцоо нийлж, үлдэх төлбөрийг хэрхэн төлж барагдуулах талаар акт үйлдсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн хөлсийг шаардах эрхтэй гэж үзэн хариуцагчаас 649,299,734 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг алданги шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагчаас алданги 324,649,867 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй буюу Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээний 2.2-т алданги төлбөр авагч талд үл маргах журмаар төлнө гэж заасан боловч тус баримт нь талуудын өмнөх харилцааг дүгнэсэн тооцоо нийлсэн акт байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, талууд өмнөх тээвэрлэлтийн хэлцлийн үүргийн харилцаандаа алдангийн талаар тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй. Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ-нд хэдийгээр алдангийн талаар заасан боловч үндсэн суурь гэрээний харилцаа болох тээвэрлэлтийн хэлцэл нь бичгээр байгуулагдаагүй буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу алданги шаардсан нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт алдангийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна” гэжээ.
10.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хариуцагчийн “алданги” төлөх үүргийн талаар эрх зүйн ялгаатай дүгнэлт хийж, хоёр өөр шийдэл гаргасан ба давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
11.Хэргийн баримтаас үзэхэд “С” ХХК нь Г.Г-ын Япон Улсаас худалдан авсан автомашиныг Монгол Улсад тээвэрлэн хүргэх, Г.Г нь тээвэр зуучлалын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон ба 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Г.Г-ын 92 ширхэг чингэлгийг Монгол Улсад тээвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.
12.Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв. Талууд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ”-гээр тээвэрлэлтийн төлбөрийн үүргийг хэзээ, ямар хэмжээгээр төлөх талаар тусгайлан тохиролцсон байна. Тухайлбал, төлбөр төлөгч Г.Г нь нийт тээврийн хөлс болох 204,550 ам.долларыг үл маргах журмаар 2019 онд 50,000 ам.доллар, 2020 онд 50,000 ам.доллар, 2021 оны эхний хагас жилд 50,000 ам.доллар, 2021 оны 2 дугаар хагас жилд 54,550 ам.долларыг төлбөр авагч “С” ХХК-д төлөх үүрэгтэй, энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцжээ.
13.Хариуцагч Г.Г нь төлбөрийн үлдэгдэл 204,550 ам.долларыг төлөөгүй байх тул үүнийг зохих журмын дагуу төгрөгт шилжүүлэн тооцоолж, хариуцагчаас 649,299,734 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт нийцсэн байна. Түүнчлэн “Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ”-нд зааснаар хариуцагч нь төлбөрийг 2021 оны 2 дугаар хагаст төлж дуусгах үүрэг хүлээсэн, нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хугацаа хэтрээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
14.Нэхэмжлэгчийн “алданги шаардах эрх”-ийн талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэнгүй. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх “Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ”-ний 2.2-т алдангийн талаар тохиролцсон боловч тус баримт нь талуудын өмнөх харилцааг дүгнэсэн тооцоо нийлсэн акт байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй” гэж, улмаар “...үндсэн суурь гэрээний харилцаа болох тээвэрлэлтийн хэлцэл нь бичгээр байгуулагдаагүй буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт алдангийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.6-д зааснаар “хууль болон гэрээнд заасан анз төлүүлэх” нь хамгаалалтын нэг арга мөн. Хариуцагч нь тээвэрлэлтийн гэрээний төлбөрийг төлөөгүйгээс талууд төлбөр төлөх талаар шинэ гэрээ байгуулж, гэрээний үүрэг зөрчигдөх тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анзыг сонгож хэрэглэх эрхтэй бөгөөд хуульд энэ тухайд тусгайлан хориглоогүй байна.
Нэхэмжлэгчийн алданги шаардах эрхийн үндэслэл болж буй “Тээврийн хөлсний төлбөр барагдуулах гэрээ”-гээр талууд алданги төлөхөөр бичгээр тохиролцсоныг хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд талууд харилцан тохиролцож, хариуцагч Г.Г-ын төлбөр төлөх үүргийн хэмжээ, хугацааг нэг бүрчлэн нарийвчлан тогтоож, улмаар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд анз шаардахаар гэрээнд заасан нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл хийгдсэн, улмаар алдангийн нөхцөл нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2025/01479 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/05839 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 1,781,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД