Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2518

 

Н.Г, Д.Г, Г.О нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/02104 дугаар шийдвэртэй, Н.Г, Д.Г, Г.О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “П”  ХХК-д холбогдох шинжээчээр ажилласны хөлс болох 974 660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г, Д.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нэхэмжлэгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/Ш32016/09912 дугаар захирамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Г, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.О, Д.Г нар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн нэхэмжлэлтэй “П”  ХХК-д холбогдох хэргийг 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ1017/01556 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэгт шинжээчээр ажилласан.

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 182/Ш32016/04722 дугаартай захирамжаар дахин дээрх хэрэгт шинжээчээр ажиллаж 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 07/103-01 дугаартай дүгнэлтийг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 7/777 дугаартай албан бичгээр 21 хуудас бүхий шинжээчийн дүгнэлтийг тус тус гаргаж, ажлын зардлын тооцоог хавсарган хүргүүлсэн. Шинжээч Н.Г 427 360 төгрөг, Г.О 463 100 төгрөг, Д.Г 84 200 төгрөг, нийт 974 660 төгрөг бөгөөд шүүхийн шийдвэрээр уг зардлыг шийдвэрлээгүй.

Иймд шүүгчийн захирамжаар томилогдон ажилласан шинжээчийн ажлын хөлсөнд барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Г, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.О, Д.Г нарт нийт 974 660 төгрөгийг дээрх иргэний хэрэгт хариуцагчаар оролцсон “П”  ХХК-иас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэр бүхий гурван иргэн Монгол Улсын Эрдмийн их сургуулийн нэхэмжлэлтэй “П”  ХХК-д холбогдох маргаанд шинжээчийн хувьд оролцсон. Өөрөөр  хэлбэл, тусгай мэргэжлийн хяналтын байгууллагын боловсон хүчин, тусгай мэргэшсэн мэргэжилтэнгээр оролцсон. Шүүх шинжилгээний тухай хуульд тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн этгээдийг шинжээч гэж ойлгоно гэж заасан. Харин мэргэжсэн гэдэг ойлголтыг Боловсрол сургалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар тодорхойлсон. Иймд, тусгай боловсрол ур чадвар эзэмшсэн этгээдүүд шинжээчийн дүгнэлт хийсэн гэж ойлгож өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээс татгалзаагүй. Уг дүгнэлтийг үндэслэж гурван шатны шүүх шийдвэр гаргасан. Тухайн хэрэг маргаанд “Барилга хөгжлийн төв”, “Харандаа” ХХК гэх хэд хэдэн шинжээч нар ажлын гүйцэтгэлтэй холбоотой дүгнэлтүүд гаргасан.

Хамгийн сүүлд шүүхээс нэхэмжлэгч нарыг нэр заан шинжээчээр томилсон. Ингэж томилоод хэргийг түдгэлзүүлэхдээ шинжээчийн төлбөрийг зохигчдоос гаргуулахаар шийдвэрлэсэн. Зохигчид гэдэг нь “П”  ХХК, Монгол улсын эрдмийн их сургууль гэж ойлгож байна. Мэргэжлийн хяналтын шинжээч нар мэргэжлийн байж чадаагүй. Шинжээчийн дүгнэлт алдаатай гарснаас болж “П”  ХХК гурван шатны шүүхээр төлбөртэй гарсан. Нэхэмжлэгч нар зохигчдоос шинжээчийн төлбөрийг хувааж шаардах ёстой байсан. Нэхэмжлэлийн агуулга дээр үнийн дүнгээ тавиад нэхэмжлэлийн төгсгөлд төлбөрийг Монгол улсын Эрдмийн их сургуулиас гаргуулж өгнө үү гэж шаардсан нь ойлгомжгүй байсан тул хариу тайлбар гаргахад хүндрэлтэй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан “П”  ХХК-иас 974 660 төгрөгийг гаргуулж Н.Г-т 427 360 төгрөг, Г.О-т 463 100 төгрөг, Д.Г-т 84 200 төгрөг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 27 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 27 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Эрдмийн их сургуулийн нэхэмжлэлтэй “П”  ХХК-д холбогдох иргэний хэрэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилгын техник хяналтын улсын ахлах байцаагч Н.Г, барилгын техникийн улсын байцаагч Г.О, Д.Г нар барилгын хийц бүтээц, барилгын төсөв гүйцэтгэлийн талаар хоёр удаа шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан. Эхний удаа буюу барилгын хийц бүтээцийн талаар дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгчийн хүсэлтээр, хоёр дахь удаад шүүхийн санаачилгаар шүүгчийн захирамжаар нэр заан томилогдож шинжээчээр ажилласан.

Анхан шатны шүүхийн 2016 оны 04722 дугаар Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 8-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын зардлыг зохигчдоор нөхөн төлүүлэх тул холбогдох материалыг дүгнэлтэд хавсаргаж ирүүлэхийг мэдэгдсүгэй” гэж захирамжилсан. Шүүх нэр бүхий иргэдийн шинжээчийн хөлс шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-д заасан шинжээчийн зардал, мөн хуулийн 56.1-д заасан шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэснийг үндэслэл болгосон.

Гэтэл дээрх хэрэгт Эрдмийн их сургууль нь “П”  ХХК-иас 1 343 577 824 төгрөг гаргуулахаар шаардсан ба УДШ шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 350 394 278 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн нийт шаардлагын 26 хувийг хангаж, үлдсэн 74 хувь үндэслэлгүй гэж үзсэн. 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримталж зөв үндэслэл гаргасан атлаа мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч, нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэснийг хэрэглэхгүй орхигдуулж, хууль буруу хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэснийг өөрчлөн залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Н.Г, Д.Г, Г.О нар хариуцагч “П”  ХХК-д холбогдуулан шинжээчээр ажилласны хөлс болох 974 660 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-3,94-95,132/

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл Монгол Улсын Эрдмийн их сургуулийн нэхэмжлэлтэй, “П”  ХХК-д холбогдох 1 343 577 824 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, хариуцагч нь нэхэмжлэгчээс 1 042 376 299 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл бүхий хэрэгт Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын байцаагч Н.Г, Д.Г, Г.О нар хоёр удаа шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2016/09912 дугаар захирамж, мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШЗ2016/04722 дугаар захирамжаар тогтоогджээ. /хх28-31, 33-37, 40-48 /

 

Шинжээчээр ажилласан улсын байцаагч нарын ажлын зардал нийт 974 660 төгрөг болсон нь хэргийн 38, 60 дугаар талд авагдсан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 07/618 тоот албан бичиг болон уг ажлын тооцоо гэх баримт зэргээр нотлогдсон болно. Дээрх хэргийг шийдвэрлэх үед шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч нарын ажлын зардлыг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан нь талуудын тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/01102 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1726 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2017 оны 001/ХТ2017/01556 тогтоолоор тогтоогдож байна./хх5-24/

 

Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Улсын Дээд Шүүхийн тогтоолд зааснаар Монгол Улсын Эрдмийн их сургууль нь “П”  ХХК-иас нэхэмжилсэн 1 343 577 824 төгрөгөөс 350 394 278 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх шинжээчийн ажлын зардлыг тухайн хэргийн хариуцагч “П”  ХХК-иас бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэсэнтэй нийцэхгүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй. Учир нь дээрх тогтоолд зааснаар “П”  ХХК-иас Монгол Улсын Эрдмийн их сургуулийн нэхэмжилсэн 1 343 577 824 төгрөгөөс 350 394 278 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн нийт шаардлагын 26 хувьтай тэнцэж байх тул шинжээч нарын ажлын зардал болох 974 660 төгрөгийг тухайн хэргийн зохигчдод нэхэмжлэл хангагдсан хэмжээнд хуваарилах учиртай. Өөрөөр хэлбэл,  хариуцагч “П”  ХХК-иас /974 660х26%/ нийт 253 412 төгрөгийг гаргуулах буюу нэхэмжлэгч тус бүрийн шаардсан дүнг дээрх хувь хэмжээгээр тооцож Н.Гт 111 114 төгрөг, Г.От 120 406 төгрөг, Д.Гт 21 892 төгрөг тус тус олгон, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчид холбогдох 721 248 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг багасгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нарын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд холбогдох хуулийн этгээдэд хамаарах хэсгийг жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэ магадлал саад болохгүйг дурьдах нь зүйтэй.    

 

Мөн шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт шаардах эрхийн үндэслэл болгосон хуулийн заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 гэж буруу томъёолсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 гэж зөвтгөн залруулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2018/02104 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан “П”  ХХК-иас шинжээчийн ажлын зардалд нийт 253 412 төгрөг гаргуулж, Н.Г-т 111 114 төгрөг, Г.О-т 120 406 төгрөг, Д.Г-т 21 892 төгрөг тус тус олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 721 248 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагчаас 27 950 төгрөгийг гаргуулж” гэснийг “хариуцагчаас 8 252 төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргалын төлсөн 27 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                           

                                         ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                Т.ТУЯА