Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2026/00032

 

 

 

Ж.Л-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 320/ШШ2025/00510 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 225/МА2025/00031 дүгээр магадлалтай 

Ж.Л-ийн нэхэмжлэлтэй,

Д.Ц, Г.Д, А.Б, А.З нарт холбогдох

Д.Ц, Г.Д нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн арилжааны гэрээ, Г.Д, А.Б нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээ, А.Б, А.З нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, Б.Г, хариуцагч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Л нь хариуцагч Д.Ц, Г.Д, А.Б, А.З нарт холбогдуулан Д.Ц, Г.Д нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн Арилжааны гэрээ, Г.Д, А.Б нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээ, А.Б, А.З нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2.Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 320/ШШ2025/00510 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Л-ийн хариуцагч Д.Ц, Г.Д, А.Б, А.З нарт холбогдуулан гаргасан Д.Ц, Г.Д нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн Арилжааны гэрээ, Г.Д, А.Б нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээ, А.Б, А.З нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 225/МА2025/00031 дүгээр магадлалаар: Нэхэмжлэгч Ж.Л болон түүний өмгөөлөгч Б.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 320/ШШ2025/00510 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...128 дугаар зүйлийн 128.2-т” гэснийг “...56 дугаар зүйлийн 56.1.2-т” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Ж.Л-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.05.07-ны өдрийн 320/ШШ2025/00510 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.24-ний өдрийн 225/МА2025/00031 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 2011 онд Д.Ц-тэй гэр бүл болж дундаасаа 2 охинтой болж, охин Ц.Г 2012.11.21-ний өдөр төрсөн, одоо 13 настай, бага охин Ц.Ц 2016.05.03-ны өдөр төрсөн, одоо 9 настай. Д.Ц биднийг гэр бүл болоход хадам аав, ээжийн зүгээс хүүгээ гэр бүлтэй боллоо гээд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 17 дугаар гудамжны 01 тоот хашаа байшинг өгсөн. Хашаа байшингаа хүүгээ гэр бүлтэй болоход өгсөн гэдэг нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022.09.09-ний өдөр хадам аав Г.Д гэрчээр өгсөн мэдүүлэг, 2022.09.08-ны өдөр хадам дүү Д.Г-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр нотлогддог. Д.Ц бид гэр бүл болоод уг хашаа байшиндаа хурим найраа хийсэн ба бидний дундаас төрсөн охидууд Ц.Г, Ц.Ц нь бидний хуримаа хийн гал голомтоо бадраасан хашаа байшин болох Мөрөн сумын *** тоотод төрж өсөж, хүмүүжин өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. 2022 оны 04 дүгээр сард Д.Ц нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасантай холбогдуулан, миний бие тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж, улмаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2022.06.28-ны өдөр гаргахад Д.Ц нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж аваад, маргааш нь иргэний хэрэгт Мөрөн сумын *** тоотод байрлах хашаа байшингийн гэрчилгээ эх хувиараа байсаар байхад, гэрчилгээг гээгдүүлсэн гэж хүчингүйд тооцуулахаар Хөвсгөл аймгийн зарын мэдээнд тавьсан байдаг. Ингэж тавьснаар зохиомол байдлыг бий болгож, худал мэдүүлгийг Улсын бүртгэлийн байгууллагад хөтлөн, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2022.08.11-ний өдөр хүчингүйд тооцуулах тухай зар тавьсны хоёрхон хоногийн дараа маш хурднаар гэрчилгээг дахин гаргуулсан байдаг. Ингээд гэрчилгээ гаргуулсныхаа 11 хоногийн дараа буюу 2022.08.22-ны өдөр Д.Ц, хадам аав Г.Д-ыг өөрийн хууль бус үйлдэлд оролцуулан, аавдаа 30 сая төгрөгөөр хашаа байшинг арилжиж байгаа мэтээр гэрээ хийж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулдаг. Өөрчлөлт оруулаад зогсохгүй хадам аав Г.Д нь хадам ээжийн төрсөн дүү болох А.Б-д дээрх хууль бус үйлдлээс 7 хоногийн дараа Мөрөн сумын *** тоотод байрлах хашаа байшинг 18 сая төгрөгт тооцон Худалдах, худалдан авах гэрээг бас л дүр үзүүлэн хийж шилжүүлсэн байдаг. Ингэж шилжүүлээд ч зогсохгүй 2024.08.20-ны өдөр Ж.Л миний зүгээс Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх Д.Ц, Г.Д, Г.Д, А.Б нарын хооронд хийсэн гэрээ хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргамагц 10-хон хоногийн дараа буюу 2024.08.30-ны өдөр А.Б нь А.З гэдэг хүнд хашаа байшинг худалдсан байдаг. Гэтэл 2025.05.07-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хуралдаанд А.З гэгч нь цахимаар оролцож байхдаа Ц дүү Э-тэй хамт прокурорын байгууллагад ажиллаж байсан найз нөхдийн холбоотой гэдэг нь тодорхой болж, 2024 оны зун амралтад явж байгаад, танихгүй хүнээс буюу Б-ээс үзэж харалгүйгээр шууд л хашаа байшин худалдаж авсан одоо Мөрөн сумын *** тоотод байрлах хашаа байшин минийх болсон гэж мэтгэлцэж байсан. Энэ нь мөн л дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдэг нь тодорхой болж байгаа юм. Миний хувьд болон 2 охины минь хувьд үнэхээр гомдолтой байдаг. Нэгэн цагт хань ижил болж хадам аав, хадам дүү, хадмын төрсөн дүү байсан хүмүүс худал хуурмаг арга заль зохиож, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг гардуулмагц өөр хоорондоо бидний хурим найраа хийсэн, гэр бүл болсон, гал голомтоо бадраасан, үр хүүхдээ төрүүлж өсгөсөн гэр орныг минь булааж авч, охидууд биднийг гудамжинд гаргахын тулд нарийн арга сэдэж Мөрөн сумын *** тоотод байрлах хашаа байшинг наймаалцаж байгаа гэсэн дүр эсгэн, гэрээ, хэлцэл хийж бие бие рүүгээ шилжүүлж байгаад үнэхээр гомдолтой байна. Эцсийн эцэст би өрх толгойлсон ээж болж, өсөж яваа эцгийн хайр дутсан охидуудаа эхийн хайраар дутаахгүй юмсан гэж зүтгэж амьдрахын хажуугаар нөхөр, хадмуудын энэ хатуу үр удмаа гэсэн сэтгэлгүй хүмүүсийн хууль бус авир аашийг тэсэхэд бэрх болж байна. Д.Ц болон хадмуудын энэхүү удаа дараа гаргаж байгаа хууль бус үйлдлүүд хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж мөн хууль шүүхийн байгууллагаар доог тохуу хийж байгаа нь тодорхой байна. Иймээс Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны 2025.05.07-ны өдрийн 320/ШШ2025/00510 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.24-ний өдрийн 225/МА2025/00031 дүгээр магадлалыг хяналтын журмаар хянан үзэж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.12.19-ний өдрийн 001/ШХТ2025/01293 дугаар тогтоолоор Ж.Л-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Ж.Л нь хариуцагч Д.Ц, Г.Д, А.Б, А.З нарт холбогдуулан Д.Ц, Г.Д нарын хооронд 2022.08.22-ны өдөр хийгдсэн арилжааны гэрээ, Г.Д, А.Б нарын хооронд 2022.08.29-ний өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээ, А.Б, А.З нарын хооронд 2024.08.30-ны өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаж, “... нөхөр Д.Ц-тэй 2012 онд гэрлэлтээ бүртгүүлсэн ба 2022 онд Д.Ц эхлээд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан тул би гэрлэлт цуцлуулах, охин Ц.Г, Ц.Ц нарыг өөрийн асрамжид авах, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсэг болох 80,266,216 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд 30,000,000 төгрөгийн үнэлгээтэй *** нэгж талбарын дугаартай, 860.8 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын ***дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй газар, мөн 112 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн ***дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ өвлийн сууц бүхий хашаа, байшин багтсан. Д.Ц нь ...хашаа, байшин бол миний хуваарьт хөрөнгө... гэж маргасан. Тэрээр улсын бүртгэлийн гэрчилгээг үрэгдүүлсэн хэмээн худлаа мэдүүлэн дахин гаргуулан авч өөрийн эд хөрөнгийг эцэг, эх, төрөл садандаа арилжсан, худалдсан мэтээр хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Гэр бүлийн гишүүдийн дундын өмчийг бусдад шилжүүлсэн нь хүчин төгөлдөр бус” гэж үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч Д.Ц “...Ж.Л-тэй гэр бүл болохоос өмнө 2003 онд би эцэг эхийн хамт банкны зээлийн барьцаанд байсан хөрөнгийг авч, зээлийг төлж дуусгаад 2005 онд өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн. 2010 онд өргөтгөл засвар хийж, 2012 онд гэр бүлтэй болж, эцэг эхийнхээ хамт амьдарч байгаад эцэг, эх хоёр маань хашаандаа гэр барьж, би эхнэр хүүхдийн хамт байшиндаа амьдарцгааж байснаа эцэг, эх хоёр минь манай дүүгийн хашаа байшинд 2018 оны зунаас амьдарч байсан. Миний эрүүл мэнд эрс муудаж, аав ээжийнхээ асаргаанд эмчлэгдэж байсан ба 2022 онд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан маргаан нь одоо ч дуусаагүй. 2018 онд надад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болж би аав ээжээсээ гуйж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлж, банкны барьцаанд тавьж зээл авч хэрэглэж байсан. 2022 оны 8 сард аав Д зүрхний мэс заслын яаралтай хагалгаанд орох, түүнчлэн ээж Б харваж, би аав, ээжийгээ эмчлүүлэхийн тулд өөрийн хуваарьт өмч хөрөнгөө аавдаа “өрөө төлж, эмчилгээний төлбөрөө зохицуул” гэж шилжүүлж өгсөн. Энэ хашаа байшин Ж.Л-т ямар ч хамааралгүй, тэрээр миний эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгөд амьдарч ашиглаж байгаа болохоос түүний өмч хөрөнгө биш. 2018 онд аав, ээжийн зүгээс уг үл хөдлөх эд хөрөнгө миний нэр дээр шилжиж ирж байхад Ж.Л нь энэ үед уг үл хөдлөх эд хөрөнгө бол зөвхөн Д.Ц болон манай аав, ээжийн хөрөнгө гэдгийг мэдэж байсан эзэмших эрх бэлэглэлийн гэрээгээр шилжиж байхад ч энэ талаар ямар ч маргаан гаргаж байгаагүй. Би өөрийнхөө эд хөрөнгийг, эцэг эх маань өөрсдийн эд хөрөнгөө захиран зарцуулах нь Ж.Л-т ямар ч хамаарал байхгүй. Би үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийн эх хувийг хайгаад олоогүй тул холбогдох журмын дагуу би дахиж шинээр авсан. Иймд би дүр үзүүлж үл хөдлөх эд хөрөнгөө худалдаж, бусдад шилжүүлсэн зүйл байхгүй” гэж маргажээ. 

Хариуцагч Г.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “.. хүүгээ айл гэр болоход нь 6 ханатай, бүрэн тавилгатай гэр, хот хооронд явдаг тендертэй шинэ пургон автомашинаа өгсөн. Би хөгшний хамт охин Д.Г-гийн хашаа, байшинд амьдарч байна. 2021 онд зүрхний яаралтай хагалгаанд орсон ба хашаа байшинг А.Б-д худалдсан. Тухайн үед шүүхийн асуудал үүсээгүй байсан ч Д.Ц Ж.Л-т хөөгдөж, манайд байсан. А.Б-с 10,000,000 төгрөг, өвөл хүү бага Ц болон өөрийн гэрт 2 идэш 2,000,000 төгрөг авсан, 2022 онд гэрээ хийхдээ үлдэгдэл 18,000,000 төгрөгт том хүү Д.Ц-д 5,000,000 сая төгрөг, охин Д.Г-ийн сургалтын төлбөр болон идшинд нийт 6 үхэр авсан. ...Ж.Л-т өөрийн гал голомтоо өгөхгүй, нэхэмжлэлийг огт зөвшөөрөхгүй, ... байшин газарт хөгшин бид хоёрын 30 жил зарцуулсан хүч хөдөлмөрийн үр дүн байдаг” гэсэн агуулгатай тайлбар гаргасан.

Хариуцагч А.Б “... Г.Д ахад 2015 оноос хойш газар хашаа байшинг авах санал тавьж байсан. 2021 онд ахад нь мөнгө их хэрэгтэй боллоо гэсэн. Ноолуурын үед 10,000,000 төгрөгийг хувааж өгсөн. 2021-2023 онд идэш болон махны зориулалтаар нийт 8 үхэр, дахин 5,000,000 төгрөг өгсөн. Гэтэл хашаа байшинг Г.Д ах гэрчилгээ олдохгүй байна гэсээр өнөөдрийг хүрсэн. ... н.З дүүд энэ хашаа байшинг 2024.07 сард дагуулж очиж харуулахад тэрээр бэлэн мөнгөөр авна гэсэн. Миний хувьд тус хашаа байшинг суллаж авч чадаагүй тул шууд худалдахаар болсон. Ингээд 2024 оны 7 сард урьдчилгаа 10,000,000 төгрөг бэлнээр авч, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 2024 оны 9 сард гэрээ хийхдээ шилжүүлж, Золжаргал хотоос хүн явуулж гэрээг байгуулсан. Ж.Л-ээс надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үл хөдлөх хөрөнгийг миний бие анх Г.Д-аас 2022 онд худалдан авч, 2024 онд бусдад худалдсан тул тус хэргийн хариуцагч биш этгээд бөгөөд уг хэрэг маргаан надад огт хамааралгүй“ гэжээ.

Хариуцагч А.З “... энэ иргэний хэргийн хариуцагч нар болох Д.Ц, Г.Д нартай ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй огт хамаагүй хүмүүс. Харин А.Б-тэй хийсэн гэрээг хууль ёсны гэж үзэж байгаа бөгөөд би нэхэмжлэгч Ж.Л-ийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Мөн нэхэмжлэгч Ж.Л огт мэдэхгүй, танихгүй болно. Иймд уг иргэний хэрэгт намайг хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “... 2022 онд Д.Ц нь Ж.Л-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч Ж.Л нь Д.Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Зохигчдыг гэр бүл болохоос өмнө маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Г.Д, А.Б, Д.Ц нарын өмч байсан. Г.Д, А.Б нар нь хүү Д.Ц-д уг байшин, газрыг бэлэглэлийн гэрээгээр, Д.Ц нь буцаан аав Г.Д-т арилжааны гэрээгээр шилжүүлсэн, Г.Д нь А.Б-д худалдсан, улмаар А.Б нь А.З-д худалдан борлуулсан үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үед худалдагч талын нэр улсын бүртгэлд бүртгэгдсэн, өөр ямар нэгэн хамтран өмчлөгчийн нэр бичигдээгүй, улмаар талууд хэлцлийг хийх хүсэл зоригийнхоо үндсэн дээр хөрөнгийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэлд заасан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч буй этгээд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдээс өөр этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэхийг шалгах үүрэггүй тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг бусдад шилжүүлж, худалдсан хэлцлийн эрх зүйн үр дагаврыг хариуцагч Г.Д, А.Б, А.З нар нь хариуцах үндэслэлгүй болно. Харин өмчлөгчийн бусадтай хийсэн гэрээ хэлцлийн улмаас гэрлэгч, гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол гэр бүлийн гишүүн болон гэрлэгчээс учирсан хохирлоо шаардах эрх нь нээлттэй ба харин эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн байна.

8.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэсэн агуулгаар ижил дүгнэлт хийсэн. Харин шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасныг баримталсан нь буруу байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримталсан өөрчлөлт оруулна” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхижээ.

9.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон адил шийдэл гаргахын зэрэгцээ ижил агуулгатай дүгнэлт хийсэн боловч шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг өөр өөрөөр тодорхойлон хэрэглэсэн ба нэхэмжлэгч Ж.Л-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэж, гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

10.Хоёр шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоосон боловч энэ нэхэмжлэлийн шаардлага нь гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгийн маргаанаас үүсэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд хийгдсэн хэлцлийн хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргасан байхад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралгүй нөхцөлөөр эрх зүйн дүгнэлт хийснийг гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимтай нийцсэн гэж үзэхээргүй байна.

11.Маргаан бүхий хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** багийн *** тоот хашаа, байшин, газрыг анх 2005.04.04-ний өдөр Г.Д, Д.Ц, А.Б нар өмчилж авсан ба 2011.05.12-ны өдрийн *** нэгж талбарын дугаартай, 860.8 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай, ***дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Г.Д бүртгэгдсэн, мөн 2011.05.17-ны өдрийн хувийн сууцны зориулалттай 112 м.кв, ***дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр үл хөдлөх эд хөрөнгө нь Г.Д, Д.Ц, А.Б нарын өмч байсан байна.

2018.07.02-ны өдөр Г.Д, А.Б нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгээ тус тус өөрийн хүү Д.Ц-д бэлэглэж, өмчлөгч нь Д.Ц болсон ба 2022.08.22-ны өдөр Д.Ц нь арилжааны гэрээ байгуулснаар газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Д бүртгэгдсэн байна.

Г.Д нь 2022.08.29-ний өдөр А.Б-тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар өмчлөгч нь А.Б болсон ба улмаар А.Б нь А.З-тай 2024.08.30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч нь А.З болжээ.

12.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгч Ж.Л-ийн  гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

13.Нэхэмжлэгч Ж.Л, хариуцагч Д.Ц нар 2012.10.26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас охин Ц.Г, Ц.Ц нар төрсөн байна. Нөхөр Д.Ц нь эхнэр Ж.Л-т холбогдуулан 2022 онд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргасныг эхнэр Ж.Л эс зөвшөөрч, Д.Ц-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-ийн тайлбараас өөр баримт хэрэгт авагдаагүй байна.

14.Ж.Л нь “...хашаа байшин, газар нь бидний дундын өмч. Д.Ц нь шүүхээр гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхэддээ оногдох хувь гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан хугацаанд дундын өмч хөрөнгийг зарж борлуулсан учраас үүнтэй холбоотой гэрээ бүгд хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлжээ.

15.Хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад заасан гэрээний зүйл нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** багийн *** тоотод байрлах *** нэгж талбарын дугаартай, 860.8 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ***дугаартай гэрчилгээтэй газар, 112 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн ***дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй өвлийн сууц бүхий хашаа, байшин байх бөгөөд энэ нь Ж.Л-ийн Д.Ц-д холбогдуулан гаргасан “хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад заасан хөрөнгө болох талаар талууд маргаагүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ж.Л нь 2022.06.15-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан ба үүнийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.20-ны өдрийн 155/ШЗ2022/002002 захирамжаар шүүх хүлээн авсан байх бөгөөд 2022.06.28-ны өдөр сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлэхдээ “хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулна” гэсэн байна.    

16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар шүүх гэр бүлийн маргааныг шийдвэрлэхдээ гэрлэгчдийн хөрөнгийн маргааныг  хамт шийдвэрлэнэ. Хариуцагч Д.Ц гэр бүлийн маргааныг шийдвэрлэх явцад буюу Ж.Л сөрөг нэхэмжлэл гаргаснаас хойш гэр бүлийн хөрөнгийн маргаан үүссэн нь тодорхой байхад тэрээр маргаан бүхий хашаа байшин, газрыг бусдын өмчлөлд шилжүүлэх хэлцлийг хийсэн нь хуульд нийцээгүй байна. Тухайлбал, хариуцагч Д.Ц нь 2022.08.22-ны өдөр өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгө болох хашаа, байшин, газрыг өөрийн эцэг Г.Д-ын өмчлөлд шилжүүлэхээр арилжааны гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзнэ.

17.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан. Иймээс Д.Ц, Г.Д нарын хооронд хийгдсэн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүх дүгнэсэн тул хариуцагч Г.Д-ын 2022.08.29-ний өдөр өөрийн эхнэрийн дүү А.Б-тэй хийсэн худалдах-худалдан авах гэрээ, хариуцагч А.Б нь өөрийн танил А.З-тай 2024.08.30-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэх нь Иргэний хуулийн 56.1.10-д нийцнэ.

18.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, энэ хэргийг шийдвэрлэхдээ маргааны зүйл болж байгаа эд хөрөнгө нь гэрлэгчдийн хуваарьт хөрөнгө үү, эсхүл гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө эсэх талаар дүгнэлт хийхгүй. Харин энэ нэхэмжлэлийн шаардлагад заасан гурван гэрээг хариуцагч нар хийхдээ хууль зөрчсөн эсэх, уг гэрээ нь хуульд нийцэж байгаа буюу хүчин төгөлдөр эсэх талаар л дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй.

Хэргийн 177 дахь талд авагдсан Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.09.15-ны өдрийн 155/ШЗ2022/002770 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.15-д зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох хашаа байшин, газрыг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглосон байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг үндэслэж маргаан бүхий эд хөрөнгийн улсын бүртгэлийг хариуцагч Д.Ц-ийн нэр дээр шилжүүлэхийг улсын бүртгэлийн газарт даалгах бөгөөд хариуцагч Г.Д, А.Б, А.З нар нь маргаан бүхий хөрөнгийг арилжсан, худалдсан, худалдаж авсантай холбоотой мөнгө болон бусад хөрөнгийг харилцан буцаахад энэ тогтоол саад болохгүй.

19.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Л-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 225/МА2025/00031 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 320/ШШ2025/00510 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.10-т тус тус зааснаар Д.Ц, Г.Д нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн Арилжааны гэрээ, Г.Д, А.Б нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн Худалдах-худалдан авах гэрээ, А.Б, А.З нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн Худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч Ж.Л-ийн хариуцагч Д.Ц, Г.Д, А.Б, А.З нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** тоот хаягт байрлах *** нэгж талбарын дугаартай, 860.8 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ***дугаар гэрчилгээтэй газар, мөн хаягт байрлах 112 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, ***дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.Ц-ийн нэр дээр буцаан шилжүүлэн бүртгэхийг Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “3” гэж дугаарлан уг заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 510,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц, Г.Д, А.Б, А.З нараас тус бүр 127,725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтыг “4” гэж тус тус дугаарлан, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 510,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                    

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                Н.БАТЗОРИГ

                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД