Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 04

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан, шүүгч Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Соронзонболд,

иргэдийн төлөөлөгч Э.Дашдэндэв, Т.Мөнхнасан,

улсын яллагч Н.Бадам,

хохирогч, шүүгдэгч А.Дашдамба

хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа /0-2000/,

шүүгдэгч Б.Эрдэнэбат,

шүүгдэгч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч  Ц.Гэнэндулам /0-776/,

дэг сахиулагч Б.Нэмэхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1  дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б.Эрдэнэбат, Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн А.Дашдамба нарт холбогдох 201618010023 дугаар эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 0000 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын техникч мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2 дугаар баг, 00 дүгээр байрны 0 тоотод оршин суух, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дорнод аймгийн Хэрлэн сумын  шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүгчийн захирамжаар үлдсэн 11 сар, 2 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 260 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 79 дүгээр шүүгчийн захирамжаар үлдсэн 4 сар 01 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/64 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.3-т зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үлдсэн 2 сар 22 хоногийн хорих ялыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн магадлангаар орж хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, регистерийн МЛ- дугаартай, Их монгол овогтой Батцэнгэлийн Эрдэнэбат,

2. Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ПН- дугаартай, Сартуул овогтой Авирмэдийн Дашдамба.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Б.Хүрэлхүүг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг 21 дүгээр байрны урд иргэн Д.Батбаатарыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Мөнхцэцэгийн нүүр лүү цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан, 

2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт отвёркийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн Э.Мөнгөншагайн дал орчимд хатгаж 650.000 төгрөгийн дээрэмдсэн,

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн орой Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт хутга заазуурыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн А.Дашдамбыг зодож, гуяыг нь зүсч 1 хонь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэнд,

Шүүгдэгч А.Дашдамба нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны явцад худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

ДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Хохирогч Б.Хүрэлхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу-7-9, 2 хав, хуу 228/
  2. Гэрч Б.Буянтүшигийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / 1 хав, хуу 11-15/
  3. Гэрч Ч.Дарханбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу- 16-18/
  4.  Шүүх эмнэлгийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1236 шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-25/,
  5. Шүүгдэгч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу 33-34, 36, 161-174, 2 хав, хуу 18-32 /,   
  6. Хохирогч Д.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / 1 хав, хуу 64, 2 хав хуу 94, 227/,
  7. Шүүх эмнэлгийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1410 шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-72/,
  8. Шүүх эмнэлэгийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 471 дүгээр шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу 77/,
  9. Хохирогч Э.Мөнгөншагайн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу 98-99/,
  10. Гэрч Б.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1хав, хуу-101-104/,
  11. Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу 105-106/,
  12.  Гэрч А.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу 107-110/,
  13.  Гэрч Ч.Лхамжавын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг / 1 хав, хуу 111-114/,
  14. Гэрч Г.Дагсанжүмбэрэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу 117-118/,
  15.  Гэрч А.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу 122-123/,
  16. Хохирогч Э.Мөнгөншагай, гэрч А.Батболд нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1 хав, хуу-127-128/,
  17. Хохирогч Э.Мөнгөншагай, гэрч Б.Ариунболд нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1 хав, хуу-129-130/,
  18. Гэрч Б.Ариунболд, гэрч А.Батболд нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1хав, хуу-131-132/,
  19. Шүүх эмнэлгийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу-137/,
  20. Шүүх эмнэлэгийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 472 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хав, хуу 141-142/,
  21. Хохирогч А.Дашдамбын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу 229-234, 2 хав хуу -226/,
  22. Гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу 240-244/,
  23. Гэрч Р.Энхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 хав, хуу 247-249/,
  24. Шүүх эмнэлгийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 196 шинжээчийн дүгнэлт /2 хав, хуу-3/,
  25. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээ тогтоох комиссын 2016 оны 04 дугаар сарын 26 -ны өдрийн 34 дугаар акт /2 хав, хуу-11/,
  26. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хав, хуу-220-223/,
  27. Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 хав, хуу-225/,
  28.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Сарангуагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 хав хуу 62/,
  29. Гэрч О.Чинзоригийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 хав, хуу 66-67 /,
  30.  Гэрч Д.Баянмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 хав, хуу 68-69 /,
  31. Шүүх эмнэлгийн 2016 оны 04 дугаар сарын 04-ны өдрийн 14 шинжээчийн дүгнэлт /2 хав, хуу-80-81/,
  32. Шүүгдэгч Б.Эрдэнэбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд /1 хав, хуу 39, 41-51, 176, 201-203, 2 хав хуу 36-38, 245-249/,
  33.  Шүүгдэгч Б.Эрдэнэбатын иргэний үнэмлэхний лавлааа болон хувийн байдалтай холбоотой баримтууд /1 хав, хуу 175, 2 хав хуу 40, /
  34. Шүүгдэгч А.Дашдамбын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 хав, хуу 232-233, 237/,
  35. Шүүгдэгч Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /2 хав, хуу-205-216/,
  36.  Хохирогч А.Дашдамбын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
  37.  Шүүгдэгч А.Дашдамбын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
  38.  Шүүгдэгч Б.Эрдэнэбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг сонсож,
  39. Эд мөрийн баримтаар хураагдсан богино ханцуйтай урд энгэртээ бичигтэй цагаан футболк-1 ширхэг, захтай, энгэрийн зүүн талд адидас гэх бичигтэй, хар хөх өнгийн цамц-1 ширхэг, хар өнгийн хүрэм-1 ширхэг, ногоон бариултай, 23 см урттай заазуур-1 ширхэг, хар өнгийн хуванцар бариултай 25,5 см урт хутга-1 ширхэг зэрэгт үзлэг хийж шинжлэн судлав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг “Таван жаргалант” гэх газар хохирогч Б.Хүрэлхүүг шалтгаангүйгээр, илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн    

хохирогч Б.Хүрэлхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хөтөлөөс Эрдэнэбат хэдэн найзуудтайгаа ирээд би Сантаас Буянтүшиг гэх дүүтэйгээ хамт урдаас нь очоод бид нар “Таван жаргалант” гэх газар уулзацгаагаад 1 шил 750 граммын “Viva” архи хувааж уугаад сумын төв орох гээд хөдлөх гэтэл Эрдэнэбат дагуулж ирсэн нэг найзыгаа зодоод байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад болиулах гээд очтол намайг нүүр лүү нэг цохиж унагаагаад цээж нуруу, хөл рүү өшиглөсөн. Тэгээд би босч чадахгүй байсан. Буянтүшиг намайг мотоцикль дээр суулгаад гэр лүү хүргэж өгсөн. Тухайн үед Эрдэнэбат, Алтансүх, Буянтүшиг тэгээд бас танихгүй 3 залуу байсан..., Одоо миний байдал гайгүй болсон явж байна. Би Эрдэнэбатад зодуулаад Хөтөл, Дарханы эмнэлгээр үзүүлж эмчилгээ бичүүлж аваад гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээндээ хэрэглэсэн зардлын баримт надад байгаа, тэр баримтаа гаргаж өгнө. Миний хувьд Эрдэнэбатад маш их гомдолтой байгаа. Ямар учраас намайг зодож байгаа юм бэ? Тэгээд бас үхэр мал хулгай хийсэн гэж худлаа хардаад байгаад гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-7-9, 2 хав, хуу 228/

гэрч Б.Буянтүшигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би ажил дээрээ байж байсан чинь Хүрэлхүү ах над дээр ирээд мотоцикль бариад яваадах хүнтэй уулзах гэсэн юм гээд намайг дагуулаад бид хоёр Сант сумын төвөөс холгүй “Таван жаргалант” гэх газар очоод Эрдэнэбаттай уулзсан. Тэндээ 2 шил 750 граммын “Сархад” гэх архи хувааж уусан. Ууж дуусаад сумын төв орохоор болоод явах гэтэл Эрдэнэбат дагуулж ирсэн нэг найзтайгаа муудалцаад байсан. Тэгсэн Хүрэлхүү ах очоод тэр хоёрыг салгах гэтэл Эрдэнэбат эргэж хараад нэг цохиод, унасаных нь дараа 3 удаа өшиглөсөн..., хамт явсан нэг залуу нь машинаас буухад араас нь Эрдэнэбат бууж ирээд цохиод унагаачихаар нь Хүрэлхүү яаж байгаа юм гээд араас нь татахад Эрдэнэбат Хүрэлхүүг гараараа нүүр лүү нь цохиж, Хүрэлхүү газарт унахад нь гутлынхаа өсгийгөөр дээрээс нь нуруу болон хаа тааралдсан газраа өшиглөөд байсан. Нилээн олон удаа өшиглөж зодсон. Тэгээд би Хүрэлхүү ахыг аваад гэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу-11-15/,

гэрч Ч.Дарханбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө би БЦ буюу Эрдэнэбатын дэлгүүрт нь прүс өгөх гэж очсон юм. Өмнөх өдөр нь Эрдэнэбат намайг манай дэлгүүр дээр очоод хэдэн прүс зүсээд өгчих гэж хэлэхээр нь би өөрөөс мод гаргаад прүс болгож зүсээд өглөө 8 цагийн үед прүсээ аваад 8 дугаар байрны урд Эрдэнэбаттай утсаар ярьж уулзсан..., ...Ингээд сумын төв орохоор болоод хөдөлсөн. Миний хувьд тэд нарын ярианд оролцоогүй. Ингээд сумын төв рүү явж байхад замд хэсэг залуучуудын машин нь эвдрээд зам дээр зогсож байсан бөгөөд бид нар хажууд нь очиж зогссон. Би тэр машиныг нь Алтансүхийн машинтай холбож асааж өгсөн. Тэгэхэд тэнд нэг эмэгтэй байсан бөгөөд тэр эмэгтэйг Эрдэнэбат Алтансүхийн машинд оруулаад суулгасан. Ингээд бид нар сум руу хөдөлсөн бөгөөд би замдаа тэр хүүхэн рүү харахад Эрдэнэбат “чи яагаад байгаа юм” гээд “машинаа зогсоо” гээд сумын урд талын полины хажууд машинаа зогсоосон. Тэгээд намайг Эрдэнэбат “машинаас буу” гэхээр нь би машинаас буухад араас Эрдэнэбат бууж ирээд намайг хамар луу 2 удаа гараараа цохьсон. Тэгэхэд миний хамараас цус гарсан бөгөөд тэр үед мотоцикльтой явсан Хүрэлхүү гэдэг ах ирээд “Чи найзыгаа яаж байгаа юм болиоч” гэж хэлэхэд Эрдэнэбат Хүрэлхүү гэдэг хүнийг гараараа шууд нүүрэн тус газарт цохиж унагаад дээрээс нь дэвсээд байсан. Тэгэхэд Алтансүх гэдэг залуу нь Эрдэнэбатыг татаж салгасан... гэсэн мэдүүлэг /1 хав, хуу 16-18/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1236 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд: 1. Б.Хүрэлхүүгийн биед хавирга цуурсан, цээжний битүү гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1 хав, хуу-25/,

Шүүгдэгч Б.Эрдэнэбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр  Хөтөлөөс Сант сум руу машинтай тавуулаа явсан. Алтансүх, Ганбаа, Дархаа бид хэд явсан. Алтансүх ах Хүрэлхүүтэй уулзахаар явж байсан. Тэгээд хөдөө хээр сууж байгаад архи ууж байгаад цааш хөдөлж Цагаан толгой явах замд би Хүрэлхүү ахтай маргалдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Энэ үйлдлээ би хүлээн зөвшөөрч байгаа. Манай үхрийг Хүрэлхүү хулгайлсан гэж 2 хүнээс сонссон байсан. Түүнээс болоод хаяагаа хадардаг гээд Хүрэлхүүд уурласан юм. Хүрэлхүүгийн цээж рүү нь цохиод хавирган тус газар нь өшиглөсөн нь үнэн гэсэн мэдүүлэг зэргээр,

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг, “Шим” худалдааны төвийн залгаа дэлгүүр дотор хохирогч Д.Батбаатартай “хүүхэдтэй минь уулзуулж өгсөнгүй” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас гэрийн түлхүүрээр нуруу болон гэдэс орчимд нь хатгаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг, 21 дүгээр байрны урд түүний нүүр болон толгойн тус газар удаа дараа блокны хагархайгаар цохисоны улмаас бие махбодид нь хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын цус алдалт, зүүн нүдний зовхи  болон эрүүн доорхи цус хуралтын гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн,

Хохирогч Д.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би хүүхдээ авах гээд 19 цагийн үед сургуулийн хажууд ганцаараа явж байсан чинь Эрдэнэбат надтай ганцаараа таараад манай дэлгүүр лүү орьё гэсэн за гээд би үйлчилгээний төвийн хажууд байдаг дэлгүүрт нь орсон юм. Тэгсэн нэг шил 0,75 –ийн болор архи дэлгүүр дотроосоо гаргаж ирээд энэ архийг аягал гэсэн. Тэгэхээр нь би дүү нь архи уух биш дүү нь гэртээ харьлаа хүүхдээ аваад гэсэн тэгсэн ахын дүү аягалчих аягалчих  ахдаа нэг хийгээд өгчих гэсэн тэгээд ах нь аяглаад өгье чи нэг уучих гэсэн. Тэгэхээр нь би өгсөн архийг нь уусан юм. Тэгсэн өөрийнх нь дэлгүүрийн Энхболд ах орж ирсэн. Энхболд ахад хийж өг гэсэн. Би Энхболд ахад хийж өгсөн. Дараа нь өөрөө нэг татсан. Тэр хоёр халаалт малаалт тавиулна гээд хоорондоо яриад байсан. Тэгээд Энхболд ах гараад явсан бид хоёр үлдсэн. Тэгсэн Эрдэнэбат хүүхэдтэйгээ уулзмаар байна гэсэн өө би бол уулзуулж чадахгүй, тө өөрөө эрүүл саруул дээрээ уулз гэсэн. Тэгээд хажуу талын байр луу орсон. Тэгсэн тэнд 3 хүн сантехникийн ажил хийж байсан. Тэгээд тэр хүмүүст архи өг гэсэн. Тэгэхээр нь би тэр хүмүүст архи хийж өгсөн. Тэгээд тэр хүмүүсийг манай энэ дэлгүүр лүү халаалт хурдан тавь гээд Баянмөнх ахыг өмднөөс нь татаад хажуудаа суулгаад нударч бариад байхаар нь би болиулсан юм. Манай дэлгүүрт орьё гээд намайг өөрийнхөө дэлгүүрт дагуулж орсон. Архинаасаа ахдаа нэг хийгээдэх гэсэн. Тэгэхээр би хийж өгсөн одоо би чамд хийж өгье гээд надад архи хийж өгсөн. Тэгэхээр нь би уухгүй гэсэн. Тэгсэн чи намайг хүүхэдтэй минь уулзуулж өг намайг очиход эгч чинь хаалгаа тайлж өгөхгүй байгаа юм. Чамд бол хаалга тавьж өгнө гэснээ өмднийхөө кормаагаа ухаад байсан. Тэгснээ гэрийн түлхүүр гаргаж ирээд миний ар нуруун дээр 2 удаа хатгаж, мөн гэдэс хавьд 2 удаа хатгасан. Тэгээд би өөрийгөө шоронгийн атман байна, би сумын заан хүн гээд манай эгчийн утас руу залгаад намайг дарамтлаад байсан. Та одоо яаж байна та намайг түлхүүрээр хатгаад авлаа шүү дээ гэсэн. Таныг би бол хүүхэдтэй чинь уулзуулж чадахгүй. Харин гэрт чинь хүргэж өгье гэсэн. Тэгээд гэрт нь хүргэж өгөх гээд 21 дүгээр байрны хажууд явж байсан чинь орцны үүдэнд Эрдэнэбат унаад ойчоод өгөхөөр нь би татаад босгох гэсэн чинь газраас блокны хагархай аваад миний эрүүн доороос нэг удаа цохьсон. Тэгээд би хойшоо савж унасан чинь  хамрын хажууд нэг, үүдэн шүд рүү нэг удаа, толгой руу 2 удаа  блокны хагархайгаар цохьсон. Тэгээд Эрдэнэбат гэр рүүгээ гүйгээд орсон. Миний хамрын цус гойжоод тогтохгүй байсан. Тэгээд би дүүгээ яагаад зодов гээд хаалгыг нь хагархай блокоор нь цохиод өөрт нь үзүүлэх гэж хаалгыг нь цохьсон юм. Толгой эргээд цус их гарсан болохоор би эгчийнх рүүгээ явсан юм. ... Миний өмсөж явсан куртикийг урсан. Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг / 1 хав, хуу 64, 2 хав хуу 94, 227/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1410 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд: 1. Д.Батбаатарын биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын цус алдалт, зүүн нүдний зовхи  болон эрүүн доорхи цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Д.Батбаатарт учирсан гэмтэл нь цаашдын байнгын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэсэн дүгнэлт /1 хав, хуу-72/,

Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 471 дүгээр “1. Шинжилгээнд ирүүлсэн хар хүрмэнд ханзархай, гогодсон уранхай шинээр гарсан байна. Харин материалын суналтаас шалтгаалан хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /1 хав, хуу 77/,

Шүүгдэгч Б.Эрдэнэбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Иргэн Батбаатар 2015 оны 11 дүгээр сард гадаа надтай тааралдсан. Би Батбаатарт 20 000 төгрөг өгөөд нэг шил архи авахуулсан. Тэгээд бид хоёр хувааж уугаад намайг гэртээ аваачна гэсэн. Тэгээд гэрийнхээ үүдэнд гэртээ орох гээд эхнэр хаалга онгойлгох хооронд хамт явъя гэж хэлсэн. Би Батбаатартай явахгүй гээд түлхсэн. Түүнээс биш цохиж зодсон асуудал байхгүй. Манай хаалгыг эвдсэн тул, түлхсэн түүнээс биш зодоогүй. Энэ асуудлыг үнэн зөвөөр нь ялгаж өгөөч ээ гэж хүсч байна...” гэсэн мэдүүлэг зэргээр,

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, “Шим” худалдааны төвийн залгаа дэлгүүр дотор хохирогч Э.Мөнгөншагайг зүүн шанаа руу нь гараараа цохиж, түүний виза картыг авч, отвёркийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хохирогч Э.Мөнгөншагайн дал орчимд хатгаж, виза картны пин кодыг хэлүүлэн түүний виза картанд байсан 650.000 төгрөгийг бусдаар авхуулж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн,

Хохирогч Э.Мөнгөншагайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Батцэнгэл овогтой Эрдэнэбат гэдэг, хочийг нь БЦ гэдэг залуугийн талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би Улаанбаатараас Хөтөл явах машинд суугаад наашаа гарсан юм. Тэгэхэд тэр машины жолооч нь замаасаа Баруунхараагаас нэг хүн авна гээд, ардаа 2 эмэгтэй хүн аваад оройхон хөдөлсөн. Ингээд 22 цагийн орчим машин Баруунхараад ирсэн бөгөөд замаас нэг залуу суусан нь Эрдэнэбат байсан. Тэгэхэд би машины жолоочийн хажуугийн урд талын суудал дээр суусан. Би хуучны гал хам байсан Эрдэнэбаттай тааралдлаа гээд Баруунхараагийн дэлгүүрээс архи авах гэсэн боловч цаг хэтэрсэн байна гээд архи пиво зарахгүй байсан бөгөөд Баруунхараагаас хөдлөөд Баруунхараагийн наад талд байдаг даваа даваад зоогийн газарт ороход бас л архи пиво зарахгүй байхгүй гээд өгөөгүй. Ингээд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдамын хөндийд байдаг зоогийн газарт орж 0,5 л-ийн Улаанбаатар архи, мөн 2 лааз пиво, 3 жижиг цэвэр ус аваад, Эрдэнэбат бид хоёр арын суудалд суугаад архи пивоо уг машинд суугаад ойр зуурын зүйл яриад явахдаа архи пивоо уусан. Шөнө 00 цагийн үед байх, Хөтөлд ирсэн бөгөөд машинаас Эрдэнэбат бид хоёр буугаад, тэр машин Орхоны машин байсан тул хүмүүстэйгээ Орхон сум руу явсан. Тэгэхэд ууж явсан архи талдаа орсон байсан бөгөөд Эрдэнэбатын барааны дэлгүүрт нь орж үлдсэн байсан шил архиа хувааж уусан. Ингээд бид хоёр архиа ууж дуусаад би найз Балжийн Баттулгынх руу, Эрдэнэбат харьлаа гээд явсан. Би найз Балжийн Баттулгынд очиход Чогчиго Батаа байсан. Тэгтэл Эрдэнэбат над руу залгаад “ах нь гэртээ байна, ах нь авгайтайгаа жаахан муудалцаад байж байна, ахдаа ганц юм аваад ирээч” гэхээр нь би Чогчиго хочтой Батаагийн хамт Гавшгай ороод 0,75 л-ийн Чингис архи, мөн ууттай чипс, жижиг хайрцагтай чокопай, 2 ширхэг шоколад аваад Эрдэнэбатынд очсон бөгөөд архи авсан зүйлээ Эрдэнэбатад өгсөн. Архийг нь Батаа Эрдэнэбат бид 3 хувааж ууж дуусаад Эрдэнэбат унтаж амарлаа гээд Батаа бид хоёр тэднийхээс гараад Баттулгынд очоод хоносон. Өглөө сэрээд цай унд уучихаад байж байхад Эрдэнэбат над руу хоёр удаа залгаад ах нь дэлгүүр дээрээ байна, пиво ууж байна хүрээд ир гэсэн. Ингээд би найз Балжийн Баттулгатай хамт үйлчилгээний төв дээр байдаг Эрдэнэбатын дэлгүүр дээр яваад очсон. Тэгэхэд Эрдэнэбат өмнө нь зүс харж байсан биеэрхүү ах, өөр нэг туранхай залуугийн хамт 3-уулаа байсан бөгөөд хүрэн том савтай пиво ууж байсан. Би түүнээс нь хамт уулцаж, тэр пиво нь дуусахаар нь би дүү нь ганц юм аваад ирье гээд үйлчилгээний дэлгүүр ороод 0,75 л-ийн Сархад архи, том савтай боргио нэртэй пиво аваад эргээд очсон. Би очоод бид эхлээд пивоо ууж дуусаад, дараа нь архиа задлаад тойруулж байхад нь би явлаа гээд найзынхаа хамт дэлгүүрээс нь гараад явж байхад Эрдэнэбат хаалгаараа шагайгаад манай найзыг чи яв гээд намайг ороод ир пизда минь гэж дуудсан. Тэгэхэд нь манай найз яваад би эргээд  дэлгүүр лүү нь орсон. Намайг ороход Эрдэнэбат баруун гартаа отверка барьсан зогсож байсан бөгөөд картаа гаргаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би картаа өгөхгүй гэхэд картаа өг пизда минь гээд зүүн шанаа руу нэг удаа гараараа шанаадсан. Тэгэхээр нь би пин кодыг нь мэдэхгүй юм чинь гээд картаа гаргаж ирэхэд Эрдэнэбат миний картыг ийшээ өг гээд туранхай залуу руу заахаар нь би тэр туранхай залууд өгсөн. Пин кодоо хэл гэхээр нь би хэлэхгүй гэхэд Эрдэнэбат намайг зүүн гараараа толгой ар дагз руу дараад намайг тонгойлгоод баруун гартаа барьж байсан отверкаараа миний дал руу нэг удаа хатгасан. Тухайн үед баруун дал руу цохих шиг л болсон. Тэгэхээр нь би айгаад картын нууц дугаараа хэлсэн бөгөөд туранхай залуу миний картнаас мөнгө авах гээд гараад явсан. Гэтэл хамт байсан махлаг залуу алив цамцаа сөхөөтөх хатгасан хорыг нь ах нь сорьчихье гээд миний куртикийг сөхөөд хатгуулсан газар руу хоёр удаа сороод нулимж хаясан. Цус сорж байх үед нөгөө туранхай залуу 650.000 төгрөг авчихлаа гээд миний картыг буцаагаад өгсөн. Ингээд бид нар хамтдаа дэлгүүрээс гарсан бөгөөд үйлчилгэний төвийн хойд талд байдаг Лхамаа эгчийн дэлгүүр рүү явсан. Нөгөө хэд машины зогсоол руу явсан. Би Лхамаа эгчийн дэлгүүр рүү ортол араас Эрдэнэбат ороод ирсэн. Тэгэхэд Эрдэнэбат би өөрөө дүүгээ отверкадчихлаа чи цагдаад хэлж мэдэгдэж новшрох гээд байгаа юм уу? Гэхээр нь би айгаад үгүй, үгүй гэж хэлсэн. Тэгэхэд Эрдэнэбат би дүүгээ хатгачихлаа гээд миний хувцасыг сөхөж хатгасан газрыг Лхамаа эгчид үзүүлсэн бөгөөд Эрдэнэбат би 650.000 төгрөг авчихлаа 100.000 гаран төгрөг үлдээсэн шүү дээ гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбат Лхамаагийн дэлгүүрээс гараад явахад нь Лхамаа эгч байдлыг ойлгосон байх цагдаад дуудлага өгсөн. Эрдэнэбатын барьж байсан отверка нь бариул богинотой, улаан шар өнгийн иштэй, урт отверка байсан. Тухайн үед би Эрдэнэбатаас айгаад түүнээс салахын түүс болсон байсан. Дахиад хатгачих байх гээд айсан байсан..., ... Би Эрдэнэбатад ямар нэгэн өр төлбөргүй. Тэр ч надад авах авлага, өгөх өглөг байхгүй. Би Эрдэнэбатыг 2006 онд хорих ангид ял эдэлж байхад түүнтэй анх танилцсан юм. Гэхдээ би тэр ангид удаагүй сар болоод би өөр анги руу салаад явсан. Эрдэнэбаттай хамт байсан туранхай залуу Эрдэнэбатад “наад залуу чинь дансандаа мөнгөтэй юм биш үү” гэж хэлж байсныг манай найз Балжийн Баттулга сонссоноо маргааш нь надад хэлсэн. Энэ талаар Баттулга өөрөө ч гэсэн хэлэх байх. ...Би Эрдэнэбатад гомдолтой. Надаас Эрдэнэбат авсан 650.000 төгрөгөө авна, нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /1 хав, хуу 98-99/,

Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад манай хаалгыг хүн нүдэхээр нь би босоод онгойлгож өгөхөд манай 10 жилийн сургуулийн найз Мөнгөншагай архи үнэртүүлсэн халамцуу байдалтай орж ирсэн. Хотоос ирлээ, таксинд дотор БЦ-тэй тааралдаад архи уучихлаа гээд ойр зуурын зүйл ярьж байгаад Мөнгөншагай утсаар нэг тийшээ яриад очъё болоод явчихсан. Тэр шөнө манайд Чогчиго хочтой Батаа гэдэг залуу манайд хонож байсан бөгөөд Мөнгөншагай Батааг хамт яваад ирье гээд Батаа Мөнгөншагай хоёр гараад явсан, би яваагүй гэртээ унтаад үлдсэн. Тэгтэл үүрийн 05 цаг 30 минутын орчим хаалга нүдэхээр нь очиж онгойлгоход Мөнгөншагай Батаа хоёр нилээн согтсон байдалтай орж ирсэн бөгөөд хаашаа яваад ирж байгаа юм гэхэд Мөнгөншагай тэр хоёр БЦ-ийнд очиж архи уугаад ирлээ гэж байсан. Ингээд тэр хоёр унтаад өгсөн бөгөөд өглөө 10 цагийн үед бид нар сэрсэн. Сэрээд Мөнгөншагай нэг шил архи авч ууя гээд гараад 1 шил 0,75 л-ийн  Хараа архи авчирсан бөгөөд тэр архийг нь Мөнгөншагай бид 3 хуваагаад уусан. Архиа уугаад дуусч байхад манай найз Заяа гэдэг залуу Мөнгөншагай руу утсаар яриад ирж хоол ид гэж хэлсэн. Заяагийн гэр нь 15 дугаар байрны хамгийн цаад талын орцны 2 давхарын 3 өрөө байранд байдаг юм. Чогчиго Батаа түүнтэй найзалдаггүй юм. Ингээд Мөнгөншагай бид хоёр Заяагийнд очиж хоол идэхээр болоод, Батаа манайд үлдээд, Мөнгөншагай бид хоёр манайхаас гараад доошоо шатаар бууж  явахад Мөнгөншагай руу БЦ буюу Эрдэнэбат утасдаад дэлгүүр дээр хүрээд ир гэсэн. Мөнгөншагай бид 2 уг нь Заяагийнх руу очих санаатай манайхаас гарсан бөгөөд Мөнгөншагай БЦ дуудаж байна дэлгүүр дээр нь очъё гээд Мөнгөншагай бид хоёр Хөтөлийн үйлчилгээний төвд байдаг БЦ буюу Эрдэнэбатын дэлгүүр дээр нь явж очсон. Энэ бол 13, 14 цагийн орчим байсан байх. БЦ-ийн дэлгүүр дээр нь яваад очиход БЦ өөрөө, мөн түүнтэй хамт өндөр нам нуруутай 2 залуу байсан. Мөнгөншагай, БЦ / Эрдэнэбат/ хоёр хоорондоо юм ярьж байгаад Мөнгөншагай бид хоёр эргэж гараад, үйлчилгээний төв дотор байдаг супермаркетаас Мөнгөншагай картаа уншуулаад том савтай пиво 1-ийг аваад, бид хоёр эргээд БЦ-гийн дэлгүүрт орсон. Ороод би пивийг задлаад Эрдэнэбатын дэлгүүр дотор байсан пивоны бөглөөтэй хэсгийг нь дээгүүр нь тайраад аяга болгож хийсэн певорт пивийг хийж тойруулж ууцгаасан. Тухайн үед би дэлгүүр дотор байх машины дугуйн дээр сууж байсан. Ингээд тойруулж байсан пиво ч дуусаад, би ч нилээн муудаад, тэр үед дэлгүүрийн эзэн БЦ буюу Эрдэнэбат намайг “чи одоо яв” гэхээр нь би дэлгүүрээс нь ганцаараа гараад гэр лүүгээ явсан. Дэлгүүрт БЦ буюу Эрдэнэбат, Мөнгөншагай, Эрдэнэбаттай хамт байсан 2 залуу энэ 4 үлдсэн...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу 105-106/

Гэрч А.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би гадаа гараад утсаар яриад орж ирэхэд Мөнгөншагай, БЦ хоёр хоорондоо юм ярьж байснаа энэ дүүг картанд явуулчихъя гэж БЦ, Мөнгөншагай хоёр хэлээд Мөнгөншагай надад виза картаа өгөөд, пин кодоо хэлээд өгсөн. Хэдийн авах юм гэхэд 150.000 төгрөг үлдээгээд бусдыг нь аваад ир гэж хэлсэн. Ингээд би картыг нь аваад Ариунболдтой хамт АТМ дээр очоод картанд байгаа мөнгийг шалгахад 790.000 орчим төгрөг байсан. Тэгэхэд Ариунболдын гар утас руу БЦ юм уу? Эсвэл Мөнгөншагай залгасан юм уу? Тэр хоёрын нэг нь яриад Ариунболд 650.000 төгрөг ав гэж байна гэхээр нь картнаас нь 650.000 төгрөгийг авсан .Надад Мөнгөншагай картаа өгөх үед Мөнгөншагайгийн царай нилээн сонин байдалтай болсон байсан бөгөөд БЦ түүнийг дарамталсан юм болов уу? Гэж бодсон. Тэгж байснаа тэр хоёр эргээд хоорондоо ярилцаад байснаа Мөнгөншагай нь надад картаа өгсөн. Түүнээс биш Мөнгөншагайг отверкаар хатгаж байгааг бол хараагүй... гэсэн мэдүүлэг /1 хав, хуу 107-110/,

Гэрч Ч.Лхамжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дэлгүүртээ ажлаа хийгээд байж байтал 15 цагийн орчим Мөнгөншагай согтуу гүйгээд ороод ирсэн. Намайг цагдаа дуудаад өгөөч, би хүнд отверкаар хатгуулчихлаа, мөнгөө дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Араас нь Эрдэнэбат / БЦ/ орж ирээд Мөнгөншагайг чи юу хийж байгаан чи гарая гээд Мөнгөншагайг авч гарах гээд зуураад байсан. Мөнгөншагай гарахгүй, би нэгж авч байна гээд байсан. Эрдэнэбат нь намайг танимхайраад би БЦ байна гээд байсан. Тэр БЦ гэдэг залуу бас нилээн согтуу байсан. Мөнгөншагайгийн хувцасыг тайлаад би отверкаар хатгасан юм гээд надад шархыг нь үзүүлээд байсан. Баруун далнаас нь бага зэрэг цус гарсан байсан. Мөнгөншагайгаас авсан мөнгө энэ байна гээд өмднийхөө хармаанаас 20.000 төгрөгний дэвсгэртүүд гартаа базаж харуулсан. Нилээд их мөнгө байгаа харагдсан. Мөнгөншагайг авч гарах гээд татаж чангаагаад байсан. Бас гадаа машинд ганц шил архи байгаа ууя гэсэн. Мөнгөншагай уухгүй гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбат Мөнгөншагайг авч гарч чадахгүй хаяад гараад явсан. Үүний дараа би Оросоо цагдаа руу залгаад энэ талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг / 1 хав, хуу 111-114/,

Гэрч Г.Дагсанжүмбэрэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Мөнхбаттай тэгж дэлгүүрийнх нь сантехникийг хийж байхад Мөнхбат БЦ өчигдөр архи уугаад, нэг бацаантай маргаад түүнийг хатгачихаад, цагдаа дээр очоод энд ирэхгүй байгаа юм, хатгуулсан хүн нь Эрхэмээ цагдаагийн хүүхэд гэж надад ярьсан ... гэсэн мэдүүлэг /1 хав, хуу 117-118/,

Гэрч А.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2 дахь өдрийн орой 19, 20 цагийн орчим шиг санаж байна. БЦ ганцаараа орж ирээд өчигдөр нэг бацаан оролдоод байхаар нь отверкаар хатгачихлаа гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу 122-123/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд: 1. Э.Мөнгөншагайгийн биед баруун далны доод хэсгийн зулгаралт тогтоогдлоо. 2. Дээрх зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно гэсэн дүгнэлт /1 хав, хуу-137/,

Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 472 дугаар“1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай цоорхой гарсан байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны: хар хөх цамцанд үүссэн 20*5 мм, 11*4 мм хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. Уг уранхай сэмэрсэн, зах ирмэг үүсээгүй, байх тул хуучин эсэхийг тогтоох боломжгүй байна. Цагаан футволканд үүссэн 5*1 мм, хар хөх цамцанд үүссэн 5*1 мм хэмжээтэй цоорхой хатуу үзүүртэй зүйлээр үүссэн шинэ цоорхой байна” гэсэн дүгнэлт /1 хав, хуу 141/,

Шүүгдэгч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд иргэн Мөнгөншагайгийн далан тус газарт отверкаар хатгаж түүний 650.000 төгрөгийг дээрэмдсэн гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Мөнгөншагайгаас 650.000 төгрөгийг авсан нь үнэн. Энэ мөнгийг Мөнгөншагай надад өөрөө өгсөн. Иймд би надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 99, 147 дугаар зүйлийн 99.1, 147.2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны орой би Сэлэнгэ аймгийн Баруунхараа буюу Баянгол сумаас Хөтөл явах гээд Хөтөл явах таксины дугаарыг Анд гэж дууддаг Эрдэнэбат гэдэг хүний утас руу залгаад эхнэрээс нь Хөтөл рүү явах таксины жолоочийн дугаар авч залгаж яриад Баруунхараа дээрээс замаас нь суухаар болоод оройн 22 цаг өнгөрсөн байхад Монгол зоог хоолны газрын гаднаас уг таксинд суусан. Уг таксины урд суудал дээр нэг залуу байсан бөгөөд тэр нь өмнө нь шоронд ял эдэлж байсан Мөнгөншагай гэдэг залуу байсан бөгөөд намайг хараад надтай мэндлээд би уг машины хойд суудалд суусан. Уг машин нь Орхон сумын “Соната 6” маркийн цагаан сараал машин байсан. Мөнгөншагай бид хоёр гарч тамхилъя гээд машинаас буугаад Мөнгөнөө юу авахуулав, ахтайгаа таарлаа гээд ганц юм аваад өгөх үү? Гээд за тэгье пиво л аваад өгчихгүй юу? Гэхэд Шагай Монгол зоог руу ороход архи пиво зарах цаг өнгөрсөн гээд өгөөгүй. Ингээд замдаа авъя гээд бид хоёр машинд суугаад Баруунхараагийн хүнсний дэлгүүрүүдийг харахад онгорхой дэлгүүр байгаагүй учир даваа даваад зоогийн газарт ороход бас архи пиво байгаагүй учир Цайдамаас авъя гээд Хонгор сум руу явсан. Цайдам дээр очоод зоогийн газраас 0,5 л-ийн Улаанбаатар, 2 лааз пиво, 4 жижиг цэвэр ус аваад суусан. Баруунхараагийн Монгол зоог дээрээс хөдлөхдөө Шагай хойно суусан. 2 охины нэгийг нь урагшаа суучих гээд урд суудалд суулгасан. Ингээд Цайдамаас архи пивоо аваад таксины жолооч аяга гаргаж өгөөд Шагай архиа задлаад надад хийж өгөөд дараа нь өөрөө хийж уугаад Хөтөл рүү хөдөлсөн. Замдаа пивоо уугаад архинаас Шагай бид хоёр хүн бүр 4 байна уу?, 5 байна уу? Удаа татсан бөгөөд Хөтөлд удаагүй ирсэн. Хөтөл явах замдаа Шагай яриа өрнүүлээд юу хийж байна гэхээр нь Архангай явж хадамлаж ирсэн, тэнд явж байхдаа машиныхаа кропыг эвдчихлээ, засварт 3.000.000 төгрөг хэрэгтэй болоод ах нь Ноён уул явах гээд зузаан хувцас хунараа авах гээд гэр рүүгээ явж байна гэсэн. Шагай өөрөө амьдрал ахуйгаа яриал дүү нь гадаад гарах гэсэн чинь хил дээр хориг тавиулчихаад түүнийгээ зохицуулчихаад явж байна. 10-аад хоноод явна, хадам эхнэр 2 гарчихсан ахтайгаа уулзахдаа баяртай байна. Ахыгаа дайлна гэж яриад байсан. Шагай халамцуу унтаад боссон, архи нь гарчихсан байсан. Тэгэхэд Шагай дүү нь мундаг эхнэртэй болсон, дүү нь танд 1.000.000 төгрөг өгье, дансаа өг, та 2.000.000 төгрөг л олно гэж бод гэж ярьсан. Энэ яриаг таксины жолооч болон 2 охин сонссон л байх ёстой. Ингээд ийм яриа өрнөж байх үед Шагай бид хоёр согтсон зүйл байхгүй байсан. Хөтөлд 00 цаг өнгөрч байхад очиж үйлчилгээний төвийн талбай дээр буусан бөгөөд тэр үед үйлчилгээний төв хаасан байсан. Буухад Улаанбаатар архинаас талаас дээгүүр хэмжээтэй үлдсэн байсан бөгөөд үйлчилгээний төвийн хажуугийн манай дэлгүүрт орсон. Дэлгүүрийн түлхүүр надад байсан. Манай дэлгүүрт ороод гэрэл асаагаад халуун савны таг аваад нөгөө архинаас 2,2 татаад, архи ёроолдоо 2,3 хуруу орчим үлсэн өгөөөд би дэлгүүрт удаан байж болохгүй гээд гаръя гэсэн. Тэр үед Шагай миний барьж байгаа энгийн товчтой утсыг хараад ах ийм утас барихгүй гээд гадуураа гялгар уутаар ороогоод, дээр нь утасны дугаар тавиад скочдсон, цагаан өнгийн Скай маркийн тоучтой гар утас надад өгөхөөр нь би авсан. Мөн тэр үед Шагай ах дансаа өгчих гээд тухайн үед би өөрийнхөө дансыг мессежээр Мөнгөншагайгийн утас руу явуулсан. Надад өгсөн тэр утсыг авгайдаа өгч явуулах гэсэн чинь амжаагүй гэж ярьж байсан. Би тэр утсыг авахгүй гэхэд Шагай зүгээр зүгээр гээд байхаар нь сэтгэлийг нь бодоод авсан. Ингээд манай дэлгүүрт удаагүй гараад үлдсэн архиа Шагай бариад 10 жилийн сургуулийн урд тал хүртэл хамт яваад би наад архиа хая, уухгүй гэхэд Шагай хаячих уу? Гэхээр нь хая гээд шилтэй үлдсэн архиа сургуулийн урд талын сад руу шидсэн. Намайг хүргэж өгье гэхээр нь ах нь гэртээ харьчихна гэхэд Шагай найзындаа очиж хононо, 3-р байранд гээд салаад явсан. Намайг гэртээ ирсэний дараа би Шагай руу найзындаа орсон уу? Гэж асууж залгасан. Согтуу хөлчүү яачих юм билээ гэж бодоод санаа зовоод залгасан юм. Тэгэхэд Шагай найзындаа очсон байна гэхээр нь санаа амраад утсаа тасалсан. Хэсэг байсны дараа Шагай над руу залгаад Ах ганц юм уух уу? Гэж асуухаар нь одоо хамаг юм хаасан байна гэхэд Шагай дүү нь Гавшгай зоогийн газар руу явж байна, та гараад ирэх үү? Гэхээр нь өө яах юм гэхэд Шагай тэгвэл би яваад очъё гэхээр нь тэг тэг гэсэн. Ингээд хэсэг хугацааны дараа хаалга хүн нүдэхээр нь онгойлгоход Мөнгөншагай, Батаа гэдэг залуугийн хамт тортой юм барьсан орж ирсэн. Тэгэхэд Шагай том Алтай Чингис 1 шил, мөн чокопай, чипс зэрэг зүйл авчирсан байсан. Архинаас бусдыг нь авгай хүүхдэдээ өгөөрэй гэхээр нь архийг нь аваад бусдыг нь цааш нь тавьсан. Ингээд архийг нь Чогчиго хочтой Батаа сөн түшээд бид гурав архийг нь хувааж уусан. Архи ууж байхдаа Шагай хамт шоронд байсан үедээ яаж байсан талаараа яриад Шагай таны данс надад байгаа, дүү нь маргааш танд 1.000.000 төгрөг өгнө гэж хэд хэдэн удаа ярьсан. Тэгж ярихыг Батаа, мөн манай эхнэр тэр яриаг сонсож байсан. Ингээд бараг шөнийн 4 цагийн орчим архи дуусаад Шагай, Батаа хоёр явж унтлаа гээд гараад явсан, би гэртээ унтсан. Маргааш өглөө нь 9 цаг өнгөрч байхад гар утсаа нээхэд Мөнгөншагайгаас дуудлага ирсэн байсан. Хоёр удаа дуудлага ирсэн байсан. Тэгэхээр нь би Шагайгийн утас руу залгахад Шагай утсаа яагаад нээхгүй байгаа юм бэ? Гэсэн. Тэгэхэд Шагай намайг гараад ирэх үү? Яг шартаж үхлээ гэсэн. Тэгээд Шагай намайг талбай дээр гараад уулзъя гэсэн. Ингээд 10 цаг өнгөрч байхад эхнэртэйгээ дэлгүүр дээр ирээд, эхнэр цаашаа барааны дэлгүүр лүү яваад би дэлгүүртээ үлдсэн. Тухайн үед манай дэлгүүрт бараа байхгүй, засвар хийж байсан бөгөөд паар тавих засвар хийж байсан. Дэлгүүрт 6 ширхэг паар, гагнуурын аппарат, 2 ширээ, 16-тай нэг ширхэг дугуй, 1 ширхэг 40-н бетон зэрэг зүйлс байсан. Ингээд би Шагай руу утасдаад би ирчихсэн байна, хаана байна гэхэд одоо очлоо гэж Шагай хэлсэн. Энэ хооронд засвар хийх Мөнхбат, Ну погодигийн хүргэн Баатар нар орж ирсэн. Тэгээд миний дотор муухай шартсан байсан учир 5.000 төгрөг байна уу? Гэхэд Баатар 5.000 төгрөг өгсөн. Тэр үед Төрөө гээд хонь мал алдаг залуу орж ирэхээр нь түүнийг том савтай пивонд явуулаад Төрөө том савтай пиво авч ирэхээр нь бид нар уг пивоо уугаад байж байхад гаднаас Ариунболд 1 залуугийн хамт орж ирсэн. Мөнгөншагай найзынхаа хамт орж ирээд пивоныхоо үлдэгдлийг орж ирсэн хүмүүст хийж өгөхөд пиво дууссан. Тэгээд Мөнгөншагай юу авахуулав гэхээр нь би пиво авъя гэхэд Шагай найздаа виза картаа өгөөд пиво аваад ир гээд явуулсан. Тэр үед Мөнхбат, Баатар, Төрөө гурвыг явуулсан. Мөнхбат ажилтай гээд, Баатар нь уухгүй гээд явцгаасан. Төрөөг нь би 2,3 татсан одоо яв гээд явуулсан. Ингээд Шагайгийн найз 1 том савтай пиво, 1 шил 0,75л-ийн Вива архи, том ус зэрэг зүйлс авч ирсэн. Ингээд архийг нь уухгүй гээд пиво ууя гээд Шагайгийн найз  нь сөн түшээд, би Ариунболдтой хамт байсан залуу, Мөнгөншагай болон түүний найзын хамт пивоо уусан. Тухайн үед Шагай толинд малгайгаа засаад “дүү нь мөнгөө явуулъя гээд утсаа шалгаад байсан” Манай найз Төрийн банкны захирал гэрт нь компьютер байна лээ. Гэртээ ажлаа хийдэг юм гэж ярьж байсан. Мөн гэртээ нэг найз нь мах чанасан байна лээ, очиж мах шөл иднэ гэж байсан. Тэр үед цаанаас нь нэг хүн утасдаад “хоол болчихлоо, чи яачихав” гэж ярихаар нь одоо очлоо гэж байсан. Тэгээд байж байхдаа Шагай виза картаа гарган ирээд энд 150.000 төгрөг үлдээгээд, бусдыг нь аваад ир сайхан шоудъе гээд Ариунболдтой хамт ирсэн залууд өгөөд картынхаа пин кодыг хэлээд өгсөн. Тэр залуу карт аваад гарсаны дараа энэ яачихаж гээд баруун далны орчмоо гараараа барихаар нь би хувцсыг нь дээш сөхөж үзэхэд баруун далны орчим шалбарсан дугуй цэг байсан. Хутганы биш, хатгасан шарх нүх байсан. Яасан юм уг нь өнгөц байна яасан юм гэхэд өө зүгээр, зүгээр гэсэн. Тэгтэл карт аваад гарсан залуу карт, багсайсан 20.000 төгрөгийн дэвсгэрт барьсан орж ирсэн. Картанд 150.000 төгрөг үлдээгээд 650.000 төгрөг авлаа гэж тэр залуу хэлсэн. Тэгээд картаа Шагай тэр залуугаас аваад мөнгийг нь би авсан. Миний хувьд тэр 650.000 төгрөгөөр шоудах юм байна, Шагай надад тусдаа 1.000.000 төгрөг өгөх юм байна гэж бодсон. Ингээд хэдүүлээ Дархан явах уу? Гэхэд Шагай тэгье гэсэн. Тухайн үед Шагайгийн хамт ирсэн найз нь нилээн согтсон үүдний довжоон дээр суусан байдалтай харагдаж байсан бөгөөд бид нарыг гарахад алга байсан. Ингээд бид нар манай дэлгүүрээс гараад үйлчилгээний төвд очоод Баатар гэдэг таксины жолоочид Дархан хүргээд өгчих гээд 40.000 төгрөг өгсөн. Тэр үед Шагайн аав, ээж Хотоос ирж байсан юм байна. Үйлчилгээний төвийн хойно байдаг Цэнхэр дэлгүүр лүү яваад орчихсон. Ингээд Ариунболд бид гурав таксинд суугаад, Шагай дэлгүүрээс гарч ирэхгүй болохоор нь араас нь дэлгүүрт орсон. Тэгэхэд Шагай уйлчихсан байсан бөгөөд аав, ээж хоёр хотоос ирж байна, би явахгүй гэсэн. Тэгээд би дэлгүүрийн худалдагчид кармаанд байсан мөнгөө атгаж гаргаж ирээд манай дүү надад энийг өгсөн гээд мөнгөө үзүүлсэн. Тэр үед Шагайгийн хувцасыг сөхөж  худалдагчид үзүүлээд, марзагнаад би энийг отверкдсан юм гэж хэлсэн. Тэгээд Шагайг явах уу? Гэхэд Шагай уйлаад байсан бөгөөд манай аав, ээж хоёр хотоос ирж байна, би үлдлээ гэхээр нь би тэгвэл би явлаа шүү гэж хэлээд гараад явсан. Ингээд Ариунболд болон түүний хамт явсан залуу бид 3 Дархан явсан. Тэр үед Ариунболд Дархан явах ажилтай гэж байсан. Ариунболд болон хамт явсан залуу нь архи уугаагүй, би Дарханд ирээд 2 залуутай нийлээд шоудсан. Миний хувьд Мөнгөншагайг отверкаар хатгаж, айлгаж 650.000 төгрөгийг дээрэмдээгүй. Шагай өөрөө надад өгсөн юм. Отверкдсан хүнийг Шагай өөрөө л мэдэж байгаа байх...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу 161-174/,

Шүүгдэгч Б.Эрдэнэбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Мөнгөншагайтай үүсгэсэн хэргийн учир нь Мөнгөншагай анхнаасаа надад Баруунхараагаас гарахдаа би таныг хүндэлж явдаг. Би таныг дайлмаар байна гэсэн зүйлийг ярьж явсан. Би тухайн үед машин тэргээ засварт өгөөд 3 000 000 төгрөгийн хэрэгцээтэй байсан. Би өөртөө мөнгөний хэрэгцээ байгаа, амьдрал ахуйнхаа талаар ярихад дүү нь танд 1 000 000 төгрөг өгнө. Үлдсэн 2 000 000 төгрөгөө та өөрөө олоорой. Тэгээд Баруунбүрэнгээс Хөтөлд ирсэн. Хөтөлд ирээд бид хоёр үлдсэн архиа Хөтөлийн дэлгүүртээ ороод уугаад салсан. Хэсэг хугацааны дараа Мөнгөншагай чогчиго Батаа гэх залуутай хамт манай гэрт нэг шил архи бариад орж ирсэн. Тэгээд хамт нэг шил архиа хувааж уухдаа 1 000 000 төгрөг өгье гэсэн зүйлийг ярьж байсан. Маргааш нь дэлгүүрээ онгойлгох гээд байж байтал Мөнгөншагай ирсэн. Тэгээд өчигдөр өгсөн дансны дугаар чинь байхгүй байна. Надад дахиад дансны дугаараа өгчих гэж хэлсэн. Тэгээд надад мөнгө байгаа. Хэдүүлээ хамт Дархан явж шоудъя, дансанд чинь би 1 000 000 төгрөгийг чинь хийнэ гэж хэлсэн. Тэр үед хамт Батболд, Ариунболд гэх хоёр залуу байсан. Тэгээд Батболд гэх залууд картаа өгсөн. Ингээд бид хэд тэндээс гарсан. Мөнгөншагай нэгж авна гээд дэлгүүр орсон. Би араас нь ороход Мөнгөншагай надад 650 000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Мөнгөншагай ирэхдээ мөрөө отвёркаар хатгуулаад ирсэн байсан. Хатгуулсан газраас нь бага зэрэг цус шүүрсэн байсан. Би хараад зүгээр байна гэж хэлсэн. Тухайн үед би араас нь дэлгүүрт ороод дэлгүүрийн эгчийн хажууд Мөнгөншагайн мөрөнд би хатгасан гэж хэлж байсан. Би дэлгүүрийн хүнийг таньдаг тул, тэр хүнийг танимхайрч тийм зүйлийг хэлсэн. Түүнээс биш би тэгж хэлье гэж бодоогүй, Мөнгөншагайг хатгасан зүйлгүй. Тэгээд Мөнгөншагайг явах уу гэхэд аав, ээж  хотоос ирж байгаа үлдэнэ гэж хэлсэн. Тэр хооронд Дархан явж байхад цагдаа залгаад чи Мөнгөншагайн 650 000 төгрөгийг авсан байна гэж хэлсэн. Тийм ээ Мөнгөншагай надад өгсөн юм. Би буцаж очоод өгье гэж хэлсэн. Маргааш өглөө нь цагдаа дээр яваад очиход мэдүүлэгээ өгөөд эрүү үүсэх хэмжээнд хүрсэн байсан. Үүнийг бол би хүлээн зөвшөөрөхгүй байгаа...”гэсэн мэдүүлэг зэргээр,

           Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр баг, “Салхит” гэх газар оршин суух хохирогч А.Дашдамбыг шанаан тус газар нь гараараа цохиж, хутга, заазуурыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн түүний дал, мөр, бугалган дээр нь ар хэсгээр нь цохиж, гуяыг нь зүсч нэг төлгөн  хонь дээрэмдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн

Хохирогч А.Дашдамбын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... 2016 оны 02 дугаар сарын 04-05-ны шилжих шөнө гэртээ унтаж байтал манай гэрийн гадаа машин ирж хүмүүс орж ирсэн. Тэгтэл Баяраа овогтой Эрдэнэбат, Батцэнгэл овогтой Эрдэнэбат нар хоёр танихгүй залуугийн хамт орж ирсэн. Тэгээд Баяраа овогтой Эрдэнэбат надаас танай эхнэр хаана байна гэж асуусан. Тэгэхэээр нь би Дархан-Уул аймаг явчихсан гэж хэлсэн чинь архи байна уу? Гэж асуусан. Тэгэхээр нь байхгүй гэж хэлсэн чинь бүгдээрээ гараад явчихсан. Тэгээд би гэртээ амарч байсан чинь 1 цагийн дараа эргээд хүрээд ирсэн. Тэгээд манай гэрт орж ирээд Баяраа овогтой Эрдэнэбат аяга аваад өг гэж хэлэхээр нь аваад өгсөн чинь Батцэнгэл овогтой Эрдэнэбат чи намайг таниж байна уу? Гэсэн. Тэгэхээр нь танихгүй байна гэж хэлсэн. /БЦ/ буюу Батцэнгэл овогтой Эрдэнэбат нь нөгөө Эрдэнэбатаас энэ хэний хүүхэд юм бэ? Гэж асуусан чинь Баяраа овогтой Эрдэнэбат нь чи танихгүй, наадах чинь манай нутгийнх биш гэж хэлээд Баяраа овогтой Эрдэнэбат өврөөсөө 1 шил архи гаргаж ирээд задлаад эхлээд БЦ буюу Эрдэнэбатад хийж өгсөн чинь архиа уучихаад чи намайг таниж байна уу? Гэж асуусан тэгэхээр нь би танихгүй байна гэж хэлсэн чинь Баяраа овогтой Эрдэнэбат чи яагаад таньдаггүй юм бэ? Гэж хэлсэн. Тэгэхээр нь би танихгүй байна гэж хэлсэн чинь БЦ буюу Эрдэнэбат нь миний шанаан тус газар цохьсон. Тэгээд намайг таниж байна уу? Гэж дахин асуусан. Тэгэхээр нь танихгүй байна гэж хэлсэн чинь Баяраа овогтой Эрдэнэбат нь чи яагаад таньдаггүй юм бэ гэсэн чинь БЦ Эрдэнэбат чи ямар овоо пизда вэ? Гэж хэлээд шанаан тус газар цохьсон. Тэгээд Баяраа овогтой Эрдэнэбат нь чи манай малчинг дарамтлаад байгаа юм уу? Гэж надаас асуухаар нь би тийм юм байхгүй. Тийм байсан бол мод түлээг татаж өгдөг юм бэ? Гэж хэлсэн чинь БЦ буюу Эрдэнэбат дахиад надаас чи намайг таньж байна уу? Гэж асуухаар нь танихгүй байна гэж хэлсэн чинь БЦ хутга чинь хаана байгаа вэ? Гэж асуусан. Тэгээд БЦ өөрөө босож яваад гал тогооны шүүгээний хажууд намайг дуудаж ирээд энийг онгойлго гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод эхлээд хутгагүй шургуулгыг онгойлгосон. Тэгсэн чинь БЦ буюу Эрдэнэбат хутга байдаг шургуулга онгойлгоод том заазуур аваад миний далан тус газар цохьсон. Тэгээд намайг наад үсээ аваач гэж хэлээд барьж байсан заазуураараа миний үсийг хусах гээд нэг гараараа үснээс зулгааж байгаад заазуурыг духны хэсэгт тулгаж байгаад Баяраа овогтой Эрдэнэбатаас үсийг нь хусчих уу? Яах уу? Гэж асуусан. Тэгсэн Баяраа овогтой Эрдэнэбат нь хэрэггүй боль боль гэж хэлээд заазуурыг авсан. Гэтэл гадаа машин дээр нь дуу гарсан чинь цуг явж байсан жолооч гүйж гарсан чинь Баяраа овогтой Эрдэнэбат архинаас хийж өгөөд нэг уучих зориг ор гэсэн. Тэгэхээр нь би архинаас амсчихаад тавьсан. Тэгсэн чинь БЦ буюу Эрдэнэбат нь архи хийгээд өг гэж хэлээд архинаас уучихаад сандал дээр суусан. Тэгээд дахин намайг таньж  байна уу? Гэж асуусан. Гэтэл жолооч гэрт гүйгээд ороод ирсэн. Тэгсэн чинь БЦ буюу Эрдэнэбат нь жолоочоо загнаад битгий гарч гүйгээд бай, би яах ч үгүй гэж хэлсэн. Тэгсэн надаас танайд шөвөг байгаа юу? Гэж асуухаар нь би байхгүй гэж хэлсэн чинь гал тогооны шургуулга онгойлгож ухаж байгаад төмс арилгагч барьж ирээд дахиад үс хусах гэж духан тус газар тулгаад Баяраа овогтой Эрдэнэбатаас хусчих уу? Гэж асуусан. Тэгсэн чинь Баяраа овогтой Эрдэнэбат болохгүй гэж хэлээд болиулсан. Тэгсэн Баяраа овогтой Эрдэнэбат чи надад таньдаг гэж хэлсэн биз дээ гэж надаас асуухаар нь танихгүй гэж хэлсэн чинь БЦ буюу Эрдэнэбат миний чихнээс татсан. Тэгээд би БЦ буюу Эрдэнэбаттай ярилцаж байгаад нэг нэгнээ зүс харсан талаар мэдэлцсэн. Тэгээд нилээн хэдэн жилийн өмнө танай, манай айлын хонь нийлж байсан гэж ярьж байгаад БЦ буюу Эрдэнэбат чи манай хониноос нэг хонь хулгай хийсэн гэж хэлэхээр нь би хэзээ ч мал хулгай хийж байгаагүй гэж хэлсэн чинь Баяраа овогтой Эрдэнэбат чамд архи байгаа юу? Гэж асуухаар нь байхгүй гэж хэлсэн чинь БЦ буюу Эрдэнэбат нь архиа гаргаад ир гээд дахиад хутга авсан. Тэгээд нэг заазуур, хар иштэй хутга авч ирээд ишээр нь гарын булчин дээр цохьсон. Тэгээд усны сав татаж ирээд миний хажууд суугаад цамцаа тайл гэхээр нь цамцаа тайлсан чинь намайг тонгой гэж хэлээд нүцгэн бие харчихаад цамцаа өмс гэж хэлсэн. Тэгээд хувцасаа өмстөл Баяраа овогтой Эрдэнэбат нь чи бид хоёр найзууд байсан биз дээ гэж хэлсэн. Гэтэл БЦ буюу Эрдэнэбат хоёр хутга нийлүүлж барьж байгаад миний гуян тус газар цохьсон чинь Баяраа овогтой Эрдэнэбат хутгийг нь булааж аваад яаж байгаа юм бэ? Гэсэн чинь БЦ буюу Эрдэнэбат нь ширээ цохиод чи наад хутгаа аваад ир гэж хэлсэн чинь Баяраа овогтой Эрдэнэбат нь ширээн дээр гаргаж шидсэн чинь БЦ буюу Эрдэнэбат та нарыг энэ хутганд хүрсэн хүн байх юм бол ална шүү гэж хэлсэн чинь Баяраа овогтой Эрдэнэбат архи байна уу? Гэж асуугаад байхгүй бол БЦ буюу Эрдэнэбатад хонь өг гэж хэлсэн. Тэгсэн чинь БЦ буюу Эрдэнэбат архи ууна гэж хэлэхээр нь байхгүй гэж хэлсэн чинь чи надад хонь бэлэглэ, би чамаас дээрэмдэж авч явж байгаа биш шүү, чи надад бэлэглэ гэж хэлээд өмсөж явсан гадуур куртикээ тайлаад намайг хажуудаа суу гэж хэлсэн. Тэгээд би хажууд нь суусан чинь дээшээ хар, доошоо харж болохгүй гэж хэлсэн. Тэгээд хоорондоо юм ярьж байгаад гэнэт явахаар болсон. Тэгээд манай гэрээс гарахаас өмнө энэ хутгыг далд хий гэж хэлээд хураалгасан. Тэгээд манай гэрээс Баяраа овогтой Эрдэнэбат бид хоёр хонины хашаан дотор орсон чинь ууцны хонь өг гэж БЦ буюу Эрдэнэбат хэлсэн. Тэгэхээр нь би надад ууц тавих том хонь байхгүй, ганц төлөг байгаа гэсэн чинь Баяраа овогтой Эрдэнэбат энэ болно гэж хэлээд намайг бариад ав гэхээр нь би барьж аваад машин дээр ачиж өгсөн. Тэгээд хоёр Эрдэнэбат гэрт орчихоод архинаасаа нэг, нэг хийж уучихаад дуусгалгүй шууд гараад явчихсан. Тухайн үедээ гарахдаа намайг дээшээ хар, доошоо харж болохгүй гээд байсан. Тэгээд тэр хэд яваад өгөхөөр нь гэрт орж ирээд өмдөө тайлаад харсан чинь миний зүүн хөлийн гуяан тус газар хутгалчихсан байсан. Тэгээд цус гараад тогтохгүй болохоор нь хажуу айлд орж эмнэлэг дуудуулж явсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу 229-234 /

Гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... 2016 оны 02 дугаар сарын 04-ний орой гэртээ байж байсан чинь Батцэнгэл овогтой Эрдэнэбат хоёр хүний хамт манай гэрт ирсэн. Учир нь Батцэнгэлийн эхнэрээс хүүхдийн хувцас авчихсан байсан болохоор тэрний мөнгөний оронд хоёр тооны хонь авах гэж ирсэн юм. Тэгээд манай гэрт ирэхдээ жолооч эрүүл харин Эрдэнэбат, Энхболд хоёр согтуу байсан. Тэгээд би Эрдэнэбатад мал авч өгөх гэж өөрийн малчныдаа очсон. Тэгээд манай малчны гэрт очоод хоёр хонио авсан чинь манай малчных хоол хийж өгсөн. Бас нэг шил архи задалж өгсөн. Тэгээд юм яриад сууж байхад манай малчны эхнэр БЦ Эрдэнэбатыг таньдаг хүн байна гэж ярьсан юм шиг байна лээ. Тэгсэн чинь Эрдэнэбат, Дашдамбын гэрт очно гээд очсон юм. Тэгээд эхлээд Дашдамбын гэрт нь орчихоод удаагүй эргээд гараад манай малчны гэрт очиж нэг шил архи аваад эргээд Дашдамбын гэрт очсон. Тэгээд ороод нэг шил архиа гаргаж тавиад би Эрдэнэбатад эхэлж хийж өгсөн. Тэгээд би Дашдамбаас чи БЦ Эрдэнэбатыг таних уу? Гэж асуусан чинь танихгүй гэсэн. Тэгсэн БЦ Эрдэнэбат чи намайг таньдаг гэсэн биз дээ гэж асуусан чинь танихгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь БЦ Эрдэнэбат чи яагаад намайг таньдаггүй юм гэж хэлээд нүүрэн тус газар цохиод авсан. Тэгээд би нэг анзаараагүй сууж байсан чинь Эрдэнэбат гал  тогооны шургуулганаас заазуур барьчихсан Дашдамбын урд эргүүлээд байхаар би боль гэж хэлээд авсан. Тэгээд Эрдэнэбат, Дашдамба хоёр юм яриад суугаад байсан. Тэгээд байж байсан чинь Эрдэнэбат гэв гэнэт оволзоод явчихсан тэгсэн чинь гэв гэнэт Эрдэнэбат хутга заазуур хоёр барьчихсан. Дашдамбын гарын булчин болох гуян тус газар цохиод байсан. Тэгээд дахиад юм яриад суугаад байсан. Эрдэнэбат хонь өгөхөөр болчихсон байсан. Тэгээд гарч хонь барьж өгөөд тэгээд дахиж гэрт орж ирээд Эрдэнэбат, Дашдамбатай маргалдаж байсан. Тэгээд бид нар удаагүй яваад өгсөн. ...БЦ Дашдамбыг 2  удаа шанаадаж аваад зүүн чихийг нь татаж мушгиад, сүүлдээ шургуулганаас хутга, заазуур, төмсний хальс арилгагч аваад Дашдамбын үсийг хусна гээд баахан дарамтласан. Би тэгэхэд боль, боль ийм байдалд хүргэнэ гэж санасангүй гэж БЦ-д хэлээд хутга заазуурыг нь аваад цааш  тавьж байсан. Мөн архи нэхээд байсан. Тэгж байснаа БЦ “надад хонь бэлэглэ, би чамаас дээрэмдэж авч байгаа биш шүү” гээд байсан. Ингээд Дашдамба, БЦ-д хонь өгөхөөр болоод хамт гараад хотон дээрээс 1 хонь авч машинд тавьж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу 239-244/,

Гэрч Р.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Архи ууж байхдаа малчныд дагуулж ирсэн Эрдэнэбат гэх залуу “доор байгаа залуу чамайг таньдаг гээд байдаг юм билээ” гэж хэлсэн. Тэгэхэд нь БЦ тэгвэл тэднийд очъё гээд архиа ууж дуусгаад, тэр айл руу явсан. Анх очсон Эрдэнэбат гэх залуу нь тэр айлд очих зам заасан. Ингээд нэг айлын гадаа очсон бөгөөд бид нарт цай хийж өгсөн бөгөөд БЦ чи намайг таньдаг гэл үү гэж асуухад тэр залуу чамайг танихгүй гэж хэлсэн. Тэгэхэд дагуулж ирсэн Эрдэнэбат гэх залуу тэр айлын залууд хандаж чи БЦ-г таньдаг гээд байдаг биз дээ гэж хэлэхэд тэр айлын залуу би танихгүй гэж хэлж байсан. Ингээд бид нар тэр айлаас гараад эргээд малчных руу 2 хонио авахаар явсан. Малчныд очоод тэр айлын эзэн залуу БЦ-д өгөх 2 хонио машин дээр ачсан. Тэр үед БЦ болон хонины эзэн залуу 2 малчныхаас 1 шил архи мөнгөөр нь авъя гэж гуйсаар байгаад авсан. 1 шил архиа аваад БЦ нөгөө залуугийнд эргээд очъё, таних нь үгүй, очиж харъя гээд эргээд нөгөө залуугийнх руу явсан. Энхболд тэгж явж байхдаа машинд унтаад өгсөн. Бид нар тэр залуугийн гадаа очоод БЦ болон Эрдэнэбат гэх залуу 2 тэр айлд орсон. Би машиндаа 20 орчим минут сууж байгаад тэр айлд орсон.  Намайг БЦ, Эрдэнэбат, тэр айлын залуу 3 ширээ тойроод суусан, ширээн дээр архиа задлаад уугаад сууж байсан. Тэгэхэд БЦ тэр айлын эзэн залууг чи намайг таньж байна уу? Гэхэд нөгөө залуу нь би өөрийг чинь танихгүй, танихгүй гэж хэлсэн. Тэр үед ширээний зуухан талд сууж байсан Эрдэнэбат гэх залуу нь тэр залууд хандаж БЦ-г таньдаг гээд байсан биз дээ яахаараа худлаа ярьж байдаг юм гэж байсан. Тэр үед БЦ тэр залууг чи намайг таньдаг биздээ гээд баруун гараараа тэр залуугийн мөр рүү цохиод байсан. БЦ тэр залуу хоёр бие биенийгээ таньдаг, таньдаггүй гээд байсан. Би хэсэг сууж байгаад бие засах гээд гэрээс гараад хэсэг байгаад эргээд орж ирэхэд нөгөө 2 ширээ тойроод сууж байсан бөгөөд тэр айлын залуу найзаа нэг хонь барьж өгье, гарч ачъя гэхээр нь би эргээд нөгөө хэдээс түрүүлээд гэрээс гарсан. Араас удаагүй нөгөө 3 гарч ирээд гэрийн эзэн залуу хонины хашаа руу ороод нэг хонь барьж БЦ-д өгсөн. БЦ тэр хонийг нь машин руу чирч яваад бид нарыг дуудахаар нь Эрдэнэбат гэх залуу, Энхболд бид 3 очиж тусалж машины ачаан дээр гаргасан. Ингээд бид нар тэр айлаас хөдлөөд, үхрээ ачих гээд анх очсон Эрдэнэбат гэх залуугийнд очоод 1 үхэр машинд ачаад, Эрдэнэбат гэх залуу гэртээ үлдсэн...” гэсэн мэдүүлэг /1 хав, хуу 247-249/,

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд: 1. А.Дашдамбын биед гуяанд хатгагдаж зүсэгдсэн шархтай зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /2 хав, хуу-3/,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээ тогтоох комиссын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 34 дугаар Үнэлгээ тогтоох комиссын актанд “...1. Төлөг хонь 85.000 төгрөг, өвлийн синтофонон куртик 1 ширхэг 180.000 төгрөг, эрэгтэй даавуун фотволк 1 ширхэг 20.000 төгрөг, зузаан цамц 1 ширхэг 40.000 төгрөг, хавар намрын синтофонон богино куртик 1 ширхэг 80.000 төгрөгийн үнэтэй гэжээ...” гэсэн үнэлгээ /2 хав, хуу 11/

Шүүгдэгч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Тэгээд Б.Эрдэнэбатын гэрт нэг шил архи уучихаад цай хоол болчихоод, Б.Эрдэнэбатын малчны гэрт очих гэж явж байхдаа эхлээд Дашдамба гэдэг айлд орсон. Ороход нэг залуу байсан. Тэгээд тэр залуутай мэнд ус мэдэлцээд жоохон суусан чинь Б.Эрдэнэбат Дашдамба гэдэг залуугаас чи энэ залууг таних уу? Гэж над руу заасан чинь Дашдамба гэдэг залуу танихгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн үед ч би танихгүй болохоор удаагүй гараад явсан. Тэгээд тэндээс гараад Б.Эрдэнэбатын малчны гэрт очсон чинь Увс нутгийнх бололтой шар царайтай хүн залуу 2 байсан. Малчны гэрт ороод нэг шил архи уусан. Тэгээд хоол цай идээд сууж байсан чинь Эрдэнэбат, Дашдамба гэдэг залуу чамайг таньдаг юм байна лээ. Тэгээд бас манай малчныг Дашдамба дарамталдаг гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбат нь хувийн таарамжгүй харьцаатай гэж ярьж байсан. Тэгээд надад Эрдэнэбат нь Дашдамба гэдэг хүнийг айлгах ёстой байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би танихгүй хүнийг юу гэж дарамталж айлгадаг юм бэ? Гэсэн чинь Эрдэнэбат нь чамайг таньдаг гэж байсан гэж хэлсэн. Тэгээд Б.Эрдэнэбатын малчны гэрт нэг шил архи уучихаад малчнаас нь гуйсаар байгаад нэг шил архи аваад гарсан. Тэгээд гэр рүүгээ явлаа гэсэн чинь Дашдамбын гэрт оччихсон байсан. Тэгээд Дашдамбын гэрт нь ороод Б.Эрдэнэбат авч явсан нэг шил архиа задлаад надад нэг хийж өгөөд Б.Эрдэнэбат Дашдамбаас чи БЦ Эрдэнэбатыг таньдаг гэсэн бил үү тэр хүн чинь энэ байна гэж хэлсэн чинь Дашдамба танихгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь чи намайг яагаад таньдаг гээд шоудаад байгаа юм бэ? Гэж хэлээд би Дашдамбын дух хэсэгт нь нэг цохьсон. Тэгсэн чинь Эрдэнэбат Дашдамбаас чи БЦ Эрдэнэбатыг таньдаг гэсэн биз дээ гэж хэлэхээр нь чи намайг таньдаг гэсэн биз дээ гэж хэлээд дахиад зүүн талын шанаан тус газар нь цохьсон. Тэгээд би архинаас уучихаад Дашдамбатай ярьж сууж байгаад хутга чинь хаана байна гэж асуугаад хутгаа аваад ир гэж хэлсэн чинь дуугай суугаад байхаар нь би өөрөө очиж гал тогооны хэсгээс шүүгээнээс заазуур хутга хоёр аваад ар мөр хэсгээр нь Дашдамбын мөрөн тус газарт болон нуруунд цохьчихоод хутга заазуур хоёрыг ширээн дээр шидчихсэн юм. Би тэрнээс хойш хутга дахиж бариагүй. Тэгсэн чинь Дашдамба чамд би улаан ямааны арьс өгч байсан залуу мөн үү? Гэж надаас асуусан. Тэгэхээр нь би тийм байна чи надад учраа эртхэн хэлэхгүй дээ гэж хэлээд бид хоёр бие биенийгээ таньсан. Тэгээд байж байсан чинь Эрдэнэбат Дашдамбаас архи асуусан чинь байхгүй гэж хэлсэн чинь чи тэгвэл хонь өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дашдамбаас хонь өгөх юм уу? Гэж асуусан чинь Дашдамба хонь өгнө гэж хэлсэн. Тэгээд Дашдамба, Эрдэнбат хоёр гараад хонь барьсан. Намайг хонь барих гэсэн чинь Б.Эрдэнэбат БЦ гэрт байж бай гэж хэлэхээр нь би гэрт нь байж байсан чинь хонь ачих гээд байна гэхээр нь би гараад хониноос нь ачсан. Тэгээд машиндаа суугаад хөдөлсөн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй, унтаад өгсөн байна лээ..., ... Хэрүүл маргаанаас болж би Дашдамбыг хутга барьж айлгах санаатай дал болон мөрөн тус газар нь цохиж байсан. Тэгэхэд санамсаргүй байдлаар хутгалчихсан байж магадгүй. Тэрнээс би санаатай хутгалсан зүйл байхгүй. Харин хонины талаар мэдэх зүйл алга. Дашдамба надад хонь бэлэглэнэ гэж ярьж байсан..., ... Б.Эрдэнэбат Дашдамбаас архи нэхсэн чинь архи байхгүй гэж хэлсэн чинь Б.Эрдэнэбат чи тэгвэл БЦ Эрдэнэбатад хонь өгөхгүй юу? Гэж хэлсэн. Тэгэхээр нь би дээрэмдэж байгаа юм биш шүү. Бэлгэнд авч байгаа юм шүү гэж хэлсэн чинь Дашдамба хонь өгнө гээд өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /2 хав, хуу 18-32/ зэргээр

Хохирогч А.Дашдамбын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 04-05 нд шилжих шөнө би гэртээ унтаж байхад гадаа машин ирсэн. Гаднаас хүмүүс орж ирэнгүүтээ эхнэр чинь хайчсан бэ гэж асуусан. Би эхнэр Дархан явсан гэж хэлсэн. БЦ чи намайг таньж байна уу гэхэд би чамайг танихгүй байна гэж хэлсэн. Тэгээд гарч яваад шөнө дахиад ирсэн. Тэгээд хаалга нүдээд гурван залуу орж ирсэн. Эрдэнэбат, БЦ, жолооч гурав орж ирсэн. Тэгээд аяга авчир гэж хэлсэн. Тэгээд чи намайг таньж байна уу гэж  хэлсэн. Би танихгүй байна гэж хэлсэн. Баяраагийн Эрдэнэбат чи манай малчныг хониороо шахаж дарамталсан гэж хэлсэн. Чи яахаараа манай найзын малчныг дарамталдаг юм гээд чих рүү цохьсон. Хутга чинь хаана байна гэж асуусан. Өөрөө шүүгээ татаж онгойлгоод заазуур аваад далан дундуур цохьсон. Чи яасан их хүний найз дарамталдаг юм. Ямар овоо гар вэ гээд дахиад цохьсон. Тэгээд хувцсаа тайл гэж хэлсэн. Тэгээд миний хувцсыг тайлаад харж байгаад яасан их үстэй юм бэ гээд үсийг чинь хусна гэж хэлсэн. Төмс арилгагч авчраад үс хусах гэхэд Баяраагийн Эрдэнэбат болиулсан. Тэгээд намайг архи гаргаад ир гэж хэлсэн. ..Тэгээд гайгүй юу гэсэн. Би гайгүй гэсэн. Одоо архи ууна. Өнөө шөнө танайд хононо. Чи архинд явж ир гэж хэлсэн. Би архи хаанаас олох вэ гэж хэлсэн. Чи надад архи олж өг эсхүл ууцны хонь өг гэж хэлсэн. Би манайд ууцны хонь байхгүй. Дандаа төлөг байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг хутгалсан. Тухайн үедээ би хутгалуулснаа мэдээгүй байсан. БЦ би явлаа гээд гарсан. Бид хоёр юм яриад суугаад үлдсэн. Үүдэн дээр намайг барилдах уу гэж хэлсэн. Би үгүй гэж хэлсэн. Тэгээд бүгдээрээ хашаа руу явцгаасан. Нэг мал аваад Эрдэнэбат энийг ачаарай гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбат манай гэрийн довжоон дээрээс Эрдэнэбат унахад БЦ чи манай найзыг зодоо юу гэж хэлсэн. Тэгээд би явсны дараа гэртээ орж ирээд хувцсаа тайлах гэхэд цус гарч байсан. Би өмгөөлөгчийн хөлс 700 000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Эрдэнэбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Иргэн А.Дашдамбын хувьд би 2016 оны 02 дугаар сарын 04-ний орой би эмнэлэгт хүүхдээ хараад хэвтэж байхад Дархан-Уул аймгаас Ж.Энхболд гэх залуу морь зарж, хохирлоо төлнө гээд морио ачаад ирж байсан. Тэгээд би аавынд морио хүргүүлээд тэндээс нэг үхэр аваад Баяраагийн Эрдэнэбат гэх залуугаас үхэр авах байсан. Түүнийгээ авах гээд бид хэд портер машинтай Зүүвч гэх газар очсон. Тэгээд тэр газар Баяраагийн Эрдэнэбатын гэрт архи дарс уугаад, хоол унд идээд, үхэр малаа авахаар яриад байж байсан. Би тэнд байдаг Жааяа гэх найздаа би дайлан зарсан байсан. Түүнийхээ оронд ууцны хонь авах гээд гэрийг нь асуусан. Гэтэл Жааяагийн гэр хол байгаа. Би чамд ууцны хонь бэлэглэе гэж хэлсэн. Би тэгье гээд зөвшөөрсөн. Баяраагийн Эрдэнэбат манай хонь манай малчныд байдаг. Хамт очоод авъя гэж хэлсэн. Малчин айл руу явахад харанхуй болсон байсан. Бид хэд явж байгаад нэг айлынд очсон. Тэр айлын гадаа зогсоод ороход нэг залуу байсан. Дашдамба байсан. Дашдамбын гэрт ороод цай уугаад суусан. Баяраагийн Эрдэнэбат чи энэ хүнийг таних уу гээд над руу заагаад Дашдамбаас асуусан. Тэгэхэд Дашдамба танихгүй гэж хэлсэн. Тэгээд би хүүхэд эмнэлэгт хэвтсэн байсан тул, яарч байсан. Тэгээд явъя гэж хэлсэн. Би буцаад малчны гэрт очиход малчных нэг шил архи гаргаад хоол хийж өгсөн. Тэр архийг нь уугаад сууж байхад малчин нь Дашдамба гэдэг залуу чамайг таньдаг гэсэн. Их онгироо залуу байдаг юм. Бид хэдтэй байнга бэлчээр булаацалддаг гэсэн. Баяраагийн Эрдэнэбат дахиад нэг шил архи аваад буцаад машиндаа суугаад явсан. Хэсэг хугацааны дараа Дашдамбын гадаа ирсэн. Дашдамбын хаалга цоожтой байсан. Хаалгыг нь нүдэхэд Дашдамба хаалгаа онгойлгож өгсөн. Тэгээд Дашдамбыг аяга аваад ир гэхэд Дашдамба аяга авчирсан. Баяраагийн Эрдэнэбат, жолооч бид гурав орсон. Жанжаахүүгийн Энхболд машинд тухайн үед үлдсэн байсан. Тэгээд бид хэд ороод сууж байхад Эрдэнэбат чи энэ хүнийг таньдаг гэсэн биз дээ гээд асуусан. Тэгээд би чи яахаараа намайг таньдаг юм битгий хүн амьтанд худлаа хэлээд, шоудаад яваад бай гэж хэлээд хутга заазуур бариад араар нь мөр рүү хэд хэд цохьсон. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хонь авсны хувьд ерөнхийдөө эхлээд ороход Эрдэнэбат, Дашдамбаас архи асууж байсан. Архи байхгүй гэхэд нь би БЦ-д хонь бэлэглэж байгаа. Чи хонь бэлэглэх юм уу гэж асуусан. Би энэ талаар мэдээгүй. Маргааш нь аавынд ирэхэд портер дээр хонь байсан. Энэ хэний хонь вэ гэхэд Дашдамба чамд бэлэглэсэн гэж хэлсэн. Энэ явдлыг бол би бэлгэнд хонь авсан гэж ойлгосон. Маргааш нь би эмнэлэг дээр хүү дээрээ ирээд байж байтал эрүүгийн цагдаа ирээд чи хүний гуяыг хутгалсан байна гээд эрүүгийн хэрэг үүсгээд мэдүүлэг тайлбар авсан. Би мэдүүлэг тайлбараа өгсөн. Энэ байдалдаа хуулийн хариуцлага хүлээнэ гэж ойлгож байгаа гэсэн мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-220-223/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Харин Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч  Б.Эрдэнэбат нь 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт хохирогч Ж.Мөнхцэцэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна.

Учир нь хохирогч Ж.Мөнхцэцэг нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр эгч Ж.Мөнхжаргалын болгоомжгүй үйлдлийн улмаас цээж хэвлий дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлтэнд орж нас барсан бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр  түүний биед дээд уруулын дотор салстад шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаа, эрүү, хүзүү, баруун тохой, баруун шуу, баруун бугуй, баруун сарвуу, зүүн сарвуу, хэвлий, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагай, зүүн тавхайд цус хуралт, баруун шагайд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон байна.

Дээрх гэмтэлүүдээс прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан дээд уруулын дотор салстад шарх, зүүн зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаа, эрүү хүзүү, баруун тохой, баруун шууны цус хуралт бүхий гэмтэлүүд шүүгдэгч Б.Эрдэнэбатын талийгаач Ж.Мөнхцэцэгийг цохьсон үйлдлээс учирсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Хэдийгээр шүүгдэгч өөрөө Ж.Мөнхцэцэгийн нүүрэн тус газар цохисоноо хүлээн зөвшөөрч, гэрч О.Чинзориг, Д.Баянмөнх нар гэрчилдэг боловч  талийгаач Ж.Мөнхцэцэг 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Б.Эрдэнэбатад нүүрэн тус газраа цохиулсаны дараа эмнэлэгт үзүүлж, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүйн улмаас тухайн үед талийгаач Ж.Мөнхцэцэгийн биед ямар гэмтэл учирсаныг тогтоогоогүй байхад түүнийг нас барсны дараа хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож, шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан зарим гэмтлийг шүүгдэгч Б.Эрдэнэбат учруулсан гэж буруутгах нь үндэслэлгүй тул хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч хангалттай тогтоогдохгүй, эргэлзээтэй байна гэж үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, түүнд холбогдох хохирогч Ж.Мөнхцэцэгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэбатын хохирогч Ж.Мөнхцэцэгийн бие махбодид санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг давтан үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлж, хохирогч Д.Батбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл  санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг амь биед  нь аюултайгаар хэрэглэн заналхийлж довтолж дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэвч шүүгдэгч Б.Эрдэнэбатын 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хохирогч Д.Батбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч А.Дашдамба нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй  байна.

Учир нь шүүхэд хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүний объект нь шүүн таслах хэвийн үйл ажиллагаа байхаас гадна худал мэдүүлэг өгснөөс эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүний хууль ёсны ашиг сонирхол, эрх, эрх чөлөө байдаг давхар объекттой гэмт хэрэг юм.

Дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй бөгөөд зориуд худал мэдүүлэг өгсөн сэдэлт, зорилго нь шүүгдэгчийн байдлыг дордуулах эсхүл дээрдүүлэх шинжтэй байдаг.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Дашдамба нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцохдоо “Б.Эрдэнэбат нь намайг дээрэмдээгүй, харин би түүнд нэг хонь бэлэглэсэн юм” гэж мэдүүлсэн мэдүүлгийн улмаас хэргийн бодит үнэнийг тогтоох ажиллагаанд бодитой саад учрах нөхцөл байдал бий болоогүй, хэргийн үйл баримтад нөлөөлөөгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Дашдамба нь уг мэдүүлгийг өгөхдөө хууль зүйн туслалцаа авах гэрээгээр ажиллаж байгаа өмгөөлөгч Ч.Эрдэнэ-Очирын зөвлөсний дагуу өгсөн бөгөөд түүнд шүүгдэгч Б.Эрдэнэбатад туслах сэдэл, зорилго байгаагүй, холбогдсон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж мэдүүлэг өгсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Дашдамба шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа боловч ямар үйл баримтыг зориуд худал мэдүүлсэн гэж ялласан нь тодорхойгүй байна.

Иймд шүүгдэгч А.Дашдамбад прокуророос Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Ц.Гэнэндулам нь хохирогч Б.Хүрэлхүүг цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэлд танхайн сэдэлт байхгүй гэж үзэж байна. Учир нь хохирогч Б.Хүрэлхүүгийн мэдүүлгээс үзэхэд хамт машинд явж байсан хүнээ цохихоор нь өмөөрсөн. Тэгээд намайг зодсон гэж мэдүүлдэг. Иймд энэ хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 гэж үзэж байна. Хохирогч А.Мөнгөншагайгаас мөнгө авсан гэх үйлдэл нь хохирогчийн тодорхой санаачилга байсан гэдгийг гэрчийн мэдүүлгүүд үгүйсгэж байх тул дээрмийн гэмт хэрэг гэж үзэхгүй. Мөн хохирогч А.Дашдамбад холбогдох үйдлийн хувьд хутга барьсанаа манай үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд хонь дээрэмдэх санаа зорилго энд хүнд байхгүй байсан. Хонь бэлэглэх асуудал гэрт яригдсан байдаг. Тиймээс Мөнгөншагай, Дашдамба хоёрт холбогдох үйлдлийн зүйлчлэлийг өөрчилж танхайн гэмт хэргээр зүйлчилж ял шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэв.

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь өөрийн догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, ямар ч шалтгаангүйгээр хохирогч Б.Хүрэлхүүг цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул  хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж дүгнэсэн болно.

Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатын хохирогч А.Дашдамба, Э.Мөнгөншагай нарыг зодож, хутга, заазуур, отвертка зэргийг зэвсгийн чанартай хэрэглэн тэдний биед гэмтэл учруулан заналхийлсан идэвхтэй үйлдэл хийн довтолж, хохирогч нараас  хонь болон 650.000 төгрөгийг авсан нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул  хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Ц.Гэнэндуламын гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

           Хохирогч Б.Хүрэлхүү нь мөрдөн байцаалтын шатанд “…Б.Эрдэнэбатад санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж, хохирогч Д.Батбаатар, Э.Мөнгөншагай нар 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр болсон шүүх хуралдаанд оролцохдоо “…Б.Эрдэнэбатад санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч нь хохирогч Б.Хүрэлхүү, Д.Батбаатар, Э.Мөнгөншагай нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэв.

            Харин хохирогч А.Дашдамба шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Б.Эрдэнэбат нь надад нэг хонь явуулсан байсныг авсан. Мөн эмчилгээ сувилгаатай холбоотой зардал гээд 500000 төгрөг өгсөн. Одоо өмгөөлөгчийн зардал 700.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн боловч өмгөөлөгчийн хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан байцаан шийтгэх ажиллагааны зардал мөн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан нөхөн төлүүлэх зардалд хамаарахгүй учир хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иймд шүүгдэгч Б.Эрдэнэбатыг хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх гэм хорын хохирол байхгүй, гэм хорыг арилгасан байна гэж үзэв.

            Шүүгдэгч Б.Эрдэнэбат урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 78 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Дорнод аймгийн Хэрлэн сумын  шүүхийн 2001 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүгчийн захирамжаар үлдсэн 11 сар, 2 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, 2004 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 260 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 79 дүгээр шүүгчийн захирамжаар үлдсэн 4 сар 01 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/64 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.3-т зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үлдсэн 2 сар 22 хоногийн хорих ялыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн магадлангаар орж хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3, 78.4 дэх хэсэгт зааснаар түүнийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ялгүйд тооцох байтал 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн тул ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боловч түүний ялтай байдал Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэбат нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан  байдлыг нь харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, мөн шүүгдэгч  нь хувьд ногдох эд хөрөнгөгүй  болох нь тогтоогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэбатад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн богино ханцуйтай, урд энгэртээ бичигтэй цагаан футволк, “Adidas” шошготой захтай, энгэрийн зүүн талд “Adidas” бичигтэй хар хөх өнгийн цамцыг хохирогч Э.Мөнгөншагайд, хар хөх өнгийн хүрэмийг хохирогч Д.Батбаатарт тус тус буцаан олгож, ногоон бариултай 23 см урттай заазуур,  хар өнгийн хуванцар бариултай 25.5 см урттай хутгыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатын цагдан хоригдсон 378 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцов.

  Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Хүрэлхүү, Д.Батбаатар, Э.Мөнгөншагай нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 283,  286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 297.1, 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.Дашдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

            3. Шүүгдэгч Б.Эрдэнэбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн, бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг амь биед нь аюултайгаар хэрэглэн заналхийлж довтолж дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатын үйлдсэн Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатад оногдуулсан хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг, хүнд ял болох Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялд багтаан, түүний биечлэн эдлэх ялыг 05 жил 06 сарын хугацаагаар тогтоосугай.

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатад оногдуулсан 05 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбатын энэ хэрэгт цагдан хоригдсон 378 хоногийг түүнийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.           

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хохирогч А.Дашдамбын нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 700.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн богино ханцуйтай, урд энгэртээ бичигтэй цагаан футволк, “Adidas” шошготой захтай, энгэрийн зүүн талд “Adidas” бичигтэй хар хөх өнгийн цамцыг хохирогч Э.Мөнгөншагайд, хар хөх өнгийн хүрэмийг хохирогч Д.Батбаатарт тус тус буцаан олгож, ногоон бариултай 23 см урттай заазуур,  хар өнгийн хуванцар бариултай 25.5 см урттай хутгыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, А.Дашдамбад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            12. Шүүгдэгч Б.Эрдэнэбат бусдад төлөх төлбөргүй бөгөөд түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, уг хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

13. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих бичих эрхтэй болохыг дурдсугай.

         14.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.Дашдамбад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Г.САРАНТУЯА

                    ШҮҮГЧИД                                       Г.ДЭЛГЭРСАЙХАН

                                                                   Б.МӨНХБАЯР