Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 18

 

“Ч Х Б”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03012 дугаар шийдвэртэй, “Ч Х Б”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т Г” ХХК-д холбогдох, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 1 569 368 951 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн, Ж.Цэцэгсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч Х Б”  ХХК нь “Т Г” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, мах боловсруулах үйлдвэрлэлийг санхүүжүүлэх зорилгоор зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2524/01/PA/01-2014 барьцааны гэрээ байгуулж 28 үл хөдлөх хөрөнгө, мөн 2524/01/PA/02-2014 барьцааны гэрээгээр 4 ширхэг үл хөдлөх хөрөнгө, нийт 32 үл хөдлөх хөрөнгө барьцаалсан. 2524/01/PA/02-2014 барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлтөөр нийт 3 барьцааны гэрээ байгуулсан ба өмнөх барьцааны гэрээгээ баталгаажуулж байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дуусах боловч хариуцагч үйлдвэрлэлийн зориулалтаар авсан зээлийг зориулалтаар нь ашиглаагүй, төсөл огт хэрэгжээгүй, 700 000 000 гаруй төгрөгийн зээлийн зөрчил үүсгэсэн учир зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргаж, зээлийн төлбөрт 1 569 368 951 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Ч Х Б”  ХХК нь “Т Г” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2 000 000 000 төгрөг зээлж, төлбөрийг тус компанийн дансанд оруулсан. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Т.Баярсайханы дансанд зээлийн мөнгөнөөс 1 000 000 000 төгрөгийг байршуулсан. Нэхэмжлэгчийн “зориулалтын дагуу зээлийг ашиглаагүй” гэснийг зөвшөөрөхгүй бөгөөд үлдэх 1 000 000 000 төгрөгийг зориулалтын дагуу ашигласан талаар нотлох баримтыг шүүхэд өгсөн. Нэхэмжлэгчийн санаачилгаар 1 000 000 000 төгрөг өөр зориулалтаар, өөр дансанд байршиж, банкны зөвшөөрөлтэй зарцуулагдаж байсан тул хариуцагч уг мөнгийг зориулалтаар нь ашиглах боломжгүй. Энэ үйлдлээрээ банк гурвалсан зээлийн гэрээний үүрэг зөрчсөн учраас Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хүү авах эрхээ алдсан.

Нэхэмжлэгч нь зээлийн мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, зээлийн зөрчил үүсгэсэн учраас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргасан боловч хариуцагчийг зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг нотлоогүй. Мөн Т.Баярсайханы дансанд байршуулсан 1 000 000 000 төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж байгаа юу гэдэг нь тодорхойгүй. Мөн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргасан боловч үүргийн гүйцэтгэлийг уг гэрээгээр хангахын тулд зээлийн гэрээтэй нэг өдөр байгуулсан барьцааны гэрээгээр хангах ёстой. Зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2015 оны 02 дугаар сард байгуулсан барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангах боломжгүй. “Т Г” ХХК нэг өмчлөгчтэй байсан ба 2 000 000 000 төгрөгийн хэмжээнд таарсан барьцааны гэрээ байгуулж чадаагүй учраас Т.Баярсайханы дансанд 1 000 000 000 төгрөг байршуулж, өөрсдөө хяналт тавьж байсан.

З.Мандал гэх хүн “Т Г” ХХК-ийн 40 хувийг эзэмшигч, түүний нэр дээр байсан хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч барьцаалсан. Бэлэглэгчийн эрх ашиг зөрчиж байгаа эсэх талаар, түүнийг шүүх хуралдаанд дуудаж оролцуулах саналтай байсан. Т.Баярсайханы дансанд байршуулсан мөнгөнөөс “Ч Х Б”  ХХК 10 хувийн хүү авсан атал Т.Баярсайхан хадгалуулсан мөнгөндөө хүү огт аваагүй. Шүүх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах тодорхой хүсэлт гаргаж байхад хүлээж аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Т Г” ХХК-иас 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 2524/01/СС-2014 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний төлбөрт 1 569 368 951 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч “Ч Х Б”  ХХК-д олгож Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Т Г” ХХК үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд

“Т Г” ХХК-ийн өмчлөлийн Ү-2207002982 улсын бүртгэлийн дугаартай, Налайх дүүрэг 5 дугаар хороо, Нисэх хотхон гудамжны 151 тоот 720  м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2207002983 улсын бүртгэлийн дугаартай, мөн дүүрэгт байрлах 152 тоот 300.9 м.кв талбайтай, зоорийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

Н.Мөнхбатын өмчлөлийн Ү-2201037913 улсын бүртгэлийн дугаартай, Сонгино хайрхан дүүрэг 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 97 тоот 12 м.кв талбайтай автозогсоол, мөн хаягт байрлах 48в байрны 95 тоот 12 м.кв талбайтай автозогсоол, Ү-2201037926 улсын бүртгэлийн дугаартай,48а байрны 135 тоотын 12 м.кв талбайтай, автозогсоол, Ү-2201037927 улсын бүртгэлийн дугаартай, 48б байрны 96 тоотын 12 м.кв талбайтай, автозогсоол, Ү-2201037928 улсын бүртгэлийн дугаартай, 48б байрны 100 тоотын 12 м.кв талбайтай автозогсоол, Ү-2201037929 улсын бүртгэлийн дугаартай, 48б байрны 98 тоотын 12 м.кв талбайтай автозогсоол, Ү-2201037930 улсын бүртгэлийн дугаартай, 48б байрны 99 тоотын 12 м.кв талбайтай автозогсоол, Ү-2201037931 улсын бүртгэлийн дугаартай, 48а байрны 225 тоотын 12 м.кв талбайтай автозогсоол, Ү-2201037932 улсын бүртгэлийн дугаартай, 48а байрны 223 тоотын 12 м.кв талбайтай автозогсоол, Ү-2201038301 улсын бүртгэлийн дугаартай, 48а байрны 183 тоотын 12 м.кв талбайтай автозогсоол, Ү-2201038150 улсын бүртгэлийн дугаартай, 48б байрны 110 тоотын 12 м.кв талбайтай, автозогсоол, Ү-2201037916 улсын бүртгэлийн дугаартай, 48а байрны 1098 тоотын 20.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, Ү-2201037915 улсын бүртгэлийн дугаартай, 48а байрны 1097 тоотын 20.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, Ү-2201037922 улсын бүртгэлийн дугаартай, 48б байрны 382 тоотын 26.8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Ү-2201037921 улсын бүртгэлийн дугаартай, 48б байрны 515 тоотын 39.63 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц,

Г.Нямсамбуугийн өмчлөлийн Ү-2201037918 улсын бүртгэлийн дугаартай, 48а байрны 818 тоотын 20.4 м.кв талбайтай 1 өрөө орон сууц,Ү-2201037923 улсын бүртгэлийн дугаартай, 48б байрны 175 тоотын 20.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц,

Г.Батбаатар, Р.Оюунцэцэг нарын өмчлөлийн Ү-2204028897 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 10 дугаар гудамжны 150 тоотын 200 м.кв талбайтай, гараажийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-2204002652 улсын бүртгэлийн дугаартай, 402 м.кв талбайтай газар,

Налайх дүүрэг, 5 дугаар хороо,зүүн аймаг явдаг замаас урагш байрлалтай, 18678294899757 нэгж талбарын дугаартай, 30.000 м.кв талбайтай “Т Г” ХХК-ийн газар эзэмших эрх,

З.Мандалын өмчлөлийн Ү-2204052472 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хилчид гудамж, 33 дугаар байрны 1 давхарын 72 м.кв талбайтай, үйлчилгээний талбай, Ү-2204050912 улсын бүртгэлийн дугаартай, мөн хаягт байрлах 1 давхарын 72 м.кв талбайтай, үйлчилгээний талбай, Ү-2202018344 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Тусгаар тогтнолын талбай гудамж, 3/1 байр, 1 давхарын 435.68 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Т.Баярсайханы өмчлөлийн Ү-2205003095 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 012 дугаар байрны 25 тоотын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлалтай, 10.000 м.кв талбайтай, 8020/0035 нэгж талбарын дугаартай, “Шатун” ХХК-ийн газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 187 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т Г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8 074 995 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан баримтаар “Т Г” ХХК-ийг зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, төсөл огт хэрэгжээгүй гэх байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа гэрээг хугацаанаас өмнө цуцалж нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон. Зээл авснаас хойш буюу 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Т Г” ХХК нь хоёр гишүүнтэй болсон байх ба З.Мандалыг хэргийн ажиллагаанд татан оролцуулаагүй, мөн шинжээч томилох, гэрч, гуравдагч этгээдийг татан оролцуулах хүсэлтүүдийг ач холбогдолтой талаас нь дүгнэж шийдвэрлээгүй. Хариуцагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай баримтаа шүүхэд ирүүлсэн байхад шүүх хуралдааныг явуулж өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн.

Нэхэмжлэгч нь 3 талт гэрээ болон зээлийн журмаа зөрчиж өөрсдөө гэрээний нөхцлөө зөрчсөн. Зээлийн гэрээ байгуулах үед 28 нэрийн 984 000 000 төгрөгийн эд хөрөнгө барьцаалсан ба зарим гэрээ шаардлага хангаагүй байсан. Зээлийн гэрээний 10 дугаар зүйлд барьцааны гэрээг нэг өдөр байгуулахыг шаардсан ба зээл авснаас хойш буюу 2015 оны 02 дугаар сарын 15, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй байна.

2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2 000 000 000 төгрөг “Т Г” ХХК-ийн дансанд орсны 1 000 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэн Т.Баярсайханы нэр дээр данс нээлгэж, нэхэмжлэгч банк өөрийн мэдэлд авч үлдсэн.

Хариуцагчийн тооцоогоор 1 000 000 000 төгрөгийн зээлийн үүрэгт хүүгийн хамтаар  нийт 1 280 000 000 төгрөг төлөхөөс 958 065 895 төгрөгийг төлсөн тул 321 934 105 төгрөгийг төлөхөөр байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Ч Х Б”  ХХК нь хариуцагч “Т Г” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 1 569 368 951 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх1,2,1хх61,62,98,185, 2хх108,178, 228/

 

Талууд 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 2 000 000 000 төгрөгийг Чандмань Налайх мах боловсруулах үйлдвэрийн төслийн зориулалтаар, 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, 2524/01/СС-2014 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Ч Х Б”  ХХК гэрээнд заасан 2 000 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч “Т Г” ХХК гэрээнд хавсаргасан эргэн төлөлтийг тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг үүссэн байна./1хх18-20/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, “Ч Х Б”  ХХК нь “Т Г” ХХК, “Шатун” ХХК, иргэн Н.Мөнхбат, Г.Батбаатар, Р.Оюунцэцэг, Г.Нямсамбуу нартай 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нийт 984 671 222 төгрөгийн үнэ бүхий 28 нэрийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж 2524/01/РА/01-2014 дугаартай барьцааны гэрээг, З.Мандал, Т.Баярсайхан нартай 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нийт 1 085 220 420 төгрөгийн үнэ бүхий 4 нэрийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж 2524/01/РА/02-2014 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ./1хх13-16/

 

Мөн 2524/01/РА/02-2014 дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт-1 гэрээг байгуулж, зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болон хүү төлөх боломжгүй болсон тохиолдолд уг гэрээнд заагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон байна. /1хх17/ Энэхүү барьцааны гэрээг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гарын үсгээ зурснаар байгуулсан байна.  

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд барьцааны гэрээний талаар шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу мөнгөн хөрөнгийг ашиглаагүй, төсөл хэрэгжээгүй, эргэн төлөлтийн хуваарь зөрчиж 700 000 000 төгрөгийн зээлийн зөрчил үүсгэсэн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг зээлийн мөнгөн хөрөнгийн 1 000 000 000 төгрөгийг бусдын нэрээр данс нээж, өөрийн мэдэлд үлдээснээр зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон гэж тайлбарлан, талууд харилцан маргасан байна.

 

Хэргийн баримтаас үзвэл зээлийн гэрээнд заасан 2 000 000 000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Ч Х Б”  ХХК-ийн данснаас “Т Г” ХХК-ийн 241421000133 дугаар дансанд “...зээлийг харилцах дансанд олгов” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн тухай баримт, зээл олгох гүйлгээний шийдвэр, мемориалын ордер гэх баримтуудаар тогтоогдож байгаа нь зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ. /1хх170, 201-202/

 

Хариуцагч нь 2524/01/СС-2014 тоот зээлийн гэрээний төлбөр төлөх хуваарийг зөрчиж, эргэн төлөлтийг бүрэн хийгээгүй буюу 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 509 557 775 төгрөг, хүүгийн төлбөр 431 925 855 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16 596 266 төгрөг, нийт 958 079 896 төгрөг төлсөн талаар маргаагүй. /1хх168-177,234, 2хх 9,86,109-111/

 

Талууд гэрээгээр тохиролцсон үүрэг буюу зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч  гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасантай нийцэж байх бөгөөд хариуцагч уг шаардлагаас татгалзаж буй “банк нь зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хэмжээгээр шилжүүлээгүй” гэх агуулгаар гаргаж буй тайлбараа нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.  

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо “... З.Мандалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг ач холбогдолтой талаас нь дүгнээгүй, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг зөрчсөн, зээл болон барьцааны гэрээг нэг өдөр байгуулах шаардлага хангагдаагүй, 1 000 000 000 төгрөгийг иргэн Т.Баярсайханы нэрээр данс нээж, зээлдүүлэгчийн мэдэлд үлдсэн нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон...” гэх үндэслэлүүдийг заажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын гаргасан  З.Мандалыг гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь тухайн этгээдийн ямар эрх, үүрэгт сөргөөр нөлөө үзүүлэхээр байгаа нь ойлгомжгүй гэж дүгнэн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. /1хх229-230, 238, 2хх8,13-14, 85,102-103/

 

Түүнчлэн, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан тул анхан шатны шүүх хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх эрхийг хязгаарласан, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэж үзэхгүй.

/1хх178,180,192,195,213,215,2хх21,25,27,29,43-44/ 

 

Хариуцагч тал нь зээлийн мөнгөн хөрөнгөөс нэхэмжлэгч тал 1 000 000 000 төгрөгийг өөр этгээдийн буюу Т.Баярсайханы дансанд хийж, өөрийн мэдэлд байлгасан гэж тайлбарлах боловч тэрээр “Т Г” ХХК-ийн захирал Н.Мөнхбатын хамаарал бүхий этгээд буюу гэр бүлийн гишүүн болохыг зохигчид хэн аль нь үгүйсгээгүй. 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Ч Х Б”  ХХК-д Тогмидын Баярсайханы нэр дээр нээсэн 39500010488 тоот дансанд, дурдсан хэмжээний мөнгөн хөрөнгийг байршуулсан нь хэрэгт авагдсан Харилцах дансны үйлчилгээний гэрээ /С/14-00260/, Харилцагчийн дансны хуулга гэх бичгийн баримтуудаар нотлогдсон болно. /1хх234-236/

 

Дээрх данснаас Т.Баярсайхан гэгч өөрийн гарын үсгээр, “Зарлага” гэх гүйлгээний утгаар 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 410 800 000 төгрөг, 3 дугаар сарын 20-ны өдөр 151 600 000 төгрөг, 11 506 849 төгрөг, 4 дүгээр сарын 20-ны өдөр 40 000 000 төгрөг, 5 дугаар сарын 13-ны өдөр 143 000 000 төгрөг, 6 дугаар сарын 08-ны өдөр 100 475 000 төгрөгийг тус тус захиран зарцуулж байсан нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. /2хх 87-92/ Мөн 2015 оны 3 дугаар сарын 03-нд буюу 410 800 000 төгрөгийг тухайн данснаас зарлага болгон гаргасан өдөр хариуцагч “Т Г” ХХК-ийн дансанд “Мөнхбатаас” гэх гүйлгээний утгаар 401 320 000 төгрөгийн орлого орсон байгааг нэхэмжлэгч талын тайлбартай харьцуулан дүгнэвэл 1 000 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч өөрийн банкны мэдэлд байлгаж, улмаар зээлдэгч нь түүнийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн энэ талаар гаргасан тайлбар болон давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь дээрх байдлаар няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй. /2хх48/  

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул зээлийн болон барьцааны гэрээг нэг өдөр байгуулах шаардлага хангагдаагүй гэж дүгнэх, тухайн үндэслэлээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэрээнд талууд харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт оруулж байгаа учраас зээлийн дэд гэрээтэй тухайн барьцааны гэрээ заавал нэг өдөр байх шаардлагагүй юм.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх зохигчдын 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 2524/01/РА/01-2014 тоот барьцааны гэрээнд авагдсан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/993 дугаар захирамжаар 18580 м.кв газрыг “Шатун” ХХК эзэмшиж байх бөгөөд газрын мэдээллийн санд ямар нэгэн барьцааны бүртгэл хийгдээгүй гэсэн Нийслэлийн газрын албаны 2018 оны 02-04/4365 тоот албан бичигт үндэслэн уг газрыг эзэмших эрхийг барьцаалсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. /1хх53,2хх128-130,146,177/

 

Үүнээс гадна дээрх барьцааны гэрээнээс Г.Нямсамбуугийн өмчлөлийн Ү-2201037914 улсын бүртгэлийн дугаартай нэг өрөө орон сууц, Ү-2201037925 улсын бүртгэлийн дугаартай нэг өрөө орон сууц, Н.Мөнхбатын өмчлөлийн Ү-2201037919 улсын бүртгэлийн дугаартай нэг өрөө орон сууц, Ү-2201037920 улсын бүртгэлийн дугаартай хоёр өрөө орон сууц, Ү-2201038902 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг  талууд тохиролцон зээлийн төлбөрт суутган шилжүүлсэн тул эдгээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулахаас нэхэмжлэгч татгалзсан талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй.   

 

Дээрх нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2018/03012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т Г” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1 237 174 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр 5 157 950 төгрөг+70 200 төгрөг нийт  6 465 324 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                       ШҮҮГЧИД                        Ч.ЦЭНД

 

                                                                                 Т.ТУЯА