Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

улсын яллагч Б.Хосбаяр,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******ийн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэж ******* ХОА улсын дугаартай “Приус альфа” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: “...Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

2. ******* дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

2.2. Жолоочийн согтуурлыг “Алкотест” багажаар шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

2.3. Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Г.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ордны урд талд ******* ХОА улсын дугаартай “Приүс алфа” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул жижүүрийн 102 дээр шалгагч багажаар үлээлгэхэд 1.75 хувийн согтолттой гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

2.4. Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч *******гийн 2023 оны 07 дугаар сарын 11-15-ны өдрийн хооронд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 2603 дугаартай материалын хуулбар, ******* дугаартай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 42-50, 12 дахь тал),

2.5. Яллагдагч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр би өөрийн ажиллуулдаг дэлгүүр дээр зогсож байсан. Тэгээд ам цангаад байсан болохоор хөргөгчид байсан Белуга нэртэй архинаас 100 гм аягаар 3 удаа татсан. Тэгээд ачаа бараагаа янзалж дуусчхаад сууж байтал манай найз над руу залгаад би аавындаа каз чанасан байна, ирж идээрэй гэж хэлсэн.  ...Би өөрийн эзэмшлийн ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг асааж найз болох руу хөдөлсөн. Тэгээд явж байтал төв ордны урд талд цагдаад баригдсан. Би 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эрхээ хасуулж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

2.6. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд: 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 17 дахь тал),

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 18 дахь тал),

-Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дэх тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

2.7. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

-Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

-Жолоочийн согтуурлыг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

-Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул жижүүрийн 102 дээр шалгагч багажаар үлээлгэхэд 1.75 хувийн согтолттой гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

-Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч *******гийн холбогдогч Г.*******т холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн 2603 дугаартай материалын хуулбар, ******* дугаартай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 42-50, 12 дахь тал),

-Яллагдагч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би өөрийн эзэмшлийн ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг асааж найз болох руу хөдөлсөн. Тэгээд явж байтал төв ордны урд талд цагдаад баригдсан. Би 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эрхээ хасуулж байсан...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Г.******* нь эрх бүхий албан тушаалтны 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1.75 хувийн согтолттойгоор Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт ******* ХОА улсын дугаартай “Приус альфа” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт эргэлзээгүй тогтоогджээ. 

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Г.******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноо хүлээн зөвшөөрсөн болно.  

3.3. Шүүгдэгч Г.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 1.75 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон хэргийн нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.

3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт

4.1.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

4.2. Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь түүний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүрэг юм.

4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж хууль тогтоогчоор аутентик тайлбар хийжээ.

4.4. Шүүгдэгч Г.******* ******* ХОА улсын дугаартай “Приус альфа” загварын тээврийн хэрэгслийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр жолоодож замын хөдөлгөөнд оролцох үед амьсгал дахь спиртийн агууламжийн хэмжээ 1.75 хувь буюу 0.20 промиль (%)-ээс дээш гарсан тул түүнийг согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцсон гэж үзнэ.

4.5. Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар холбогдогч Г.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний 400000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан үед замын хөдөлгөөнд оролцсон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзлээ.

4.6. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Г.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх шинжийг бүрэн хангасан байна.

4.7. Иймд шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрхэлдэхүүнтэй буюу уг гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймээс шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүхээс шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

2.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.******* нь 40 настай, эрхэлсэн тодорхой ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн оршин суух хаягтай, урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 23-25, 50 дахь тал),

2.3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.4. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн санал, дүгнэлтийг, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцож “торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.

2.5. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Г.*******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4000000 төгрөгөөр торгох ял  шийтгэв.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, орлогыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг сануулав.

2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Гурав: Бусад асуудлын талаар

3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч Г.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2.  Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.*******оос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөрийг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 8 (найм) сарын хугацаагаар хасаж, 4000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4000000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 4000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4000000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Г.*******т сануулсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялыг торгох ял оногдуулсан буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоосугай.

6. Шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. ******* дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ө.БАХЫТБЕК