Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2019/00085/И |
Дугаар | 142/ШШ2019/00865 |
Огноо | 2019-07-03 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 142/ШШ2019/00865
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,******* холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь нөхөр *******тай 1997 онд гэр бүл бопж , бидний дундаас 2 охин, 1 хүү төрж. Одоо том нь 22 настай, дунд охин 17 настай, бага нь 10 настай эрүүл энх өсч бойжиж байна. Нөхөр маань, 2015 оноос архи уух болж, уухаараа бид бүгдийг янз бүрээр хэлж, гэр орондоо агсарч амгапан тайван байх боломжгүй болгож, намайг зодож нүдэж сүүлдээ хүүхдүүдээ зодож хамт байх аргагүй байдалд хүргэж ирсэн. Цагдаагийн байгууллагад 2 ч удаа хандаж байсан боловч ажил төрөлгүй болчихвол бид л хохирно гэж бодоод өргөдлөөсөө татгалзаж байсан. Миний бие нь нөхрийн энэхүү тэвчишгүй байдал нь хүүхдүүдийн эрүүл, өсч бойжих, суралцах баталгааг алдагдуулсан туп 2018 оны 7 сараас Эрдэнэтийн гэр орноо орхиж хүүхдүүдээ авч Сэлэнгэ аймагт эгчийндээ амьдарч байна. Цаашид энэ хүнтэй амьдрахад амь нас эрүүл мэндээрээ хохирох нь тодорхой тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дундын эд хөрөнгө болох Эрдэнэ багийн 12-8а гудамж 8 тоот хашаа байшин болон машин зэргийг миний бие 3 хүүхэдтэйгээ авах хүсэлтэй байна. 10 настай хүү , 17 настай охин нарыг миний асрамжинд үлдээж эцгээс тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...би нэхэмжлэлдээ Эрдэнэ багийн 12-8а гудамж 8 тоот хашаа байшин гэж буруу бичсэн байна. Эрдэнэ багийн 12-8а гудамж 8 тоот хашааны газар нь миний нэр дээр байдаг юм. Одоо *******ын нэр дээр байгаа Эрдэнэ багийн 12-8б гудамж 8 тоот хашаа байшинг миний нэр дээр шилжүүлж өгнө үү. Мөн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нэхэмжлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Эрдэнэ багийн 12-8а гудамж 8 тоот хашааны газар, байшин, машинаа эхнэр, хүүхдийнхээ нэр дээр шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна.Би бүх зүйлээ шилжүүлж өгч байхад хүүхдийн сургалтын төлбөр нэхэмжилж байгааг гайхаж байна.Хүнд бас хүн чанар байх ёстой байх.Хүүхдийн тэтгэлэгийг би төлж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүддээ оногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлах болон хүүхдийн асрамж тэтгэлэгийн тухайд: Гэрлэгчид 1997 онд гэр бүл болж, тэдний дундаас 1997 оны 06 дугаар сарын 26-ны өдөр охин Ж.Жавзанхорол, 2001 оны 12 дугаар сарын 14-ний охин Ж., 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүү Ж. нар төрсөн, хүүхдүүд эхийн асрамжинд эрүүл бойжиж, сурч байгаа нь болох нь 0239538 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Учралбаяр ӨЭМТ-ийн тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.З-д Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заасан.
2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 716 дугаар шүүгчийн захирамжаар шүүх *******гийн нэхэмжлэлтэй ******* холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн. Гэтэл эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй байгаа нь 2019 оны 06 сарын 21-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй, нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулах шаардлагаа дэмжиж байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.
Гэрлэгчид хүүхдүүдийн асрамжийн асуудлаар маргаангүй байгаа ба шүүх охин Ж., хүү Ж. нарын санал, хүүхдүүдийн нас болон эрүүл мэндийн байдал, эцэг, эхийн зүгээс хүүхдүүдэд тавих анхаарал, халамж, ахуй нөхцөл зэргийг харгалзан хүүхдүүдийн одоогийн амьдарч буй орчин нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй гэж дүгнэн хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлан эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзлээ.
Хамтран өмчлөх дундын хөрөнгийн тухайд: Нэхэмжлэгч ....гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох ************** Эрдэнэ багийн 12-8б гудамж 8 тоот хашаа байшинг миний болон хүүхдүүдийн нэр дээр, 31-31 ОРО дугаартай Toyota Estima маркын автомашиныг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.
Тиймээс ************** Эрдэнэ багийн 12-8б гудамж 8 тоот газрыг нэхэмжлэгч *******, Ж., Ж. нарын нэр дээр шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх, Toyota Estima маркын 31-31 ОРО дугаартай автомашиныг *******гийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Орхон аймгийн Автотээврийн төвд тус тус даалгаж шийдвэрлэв.
************** Эрдэнэ багийн 12-8б гудамж 8 тоот хашаанд байрлах байшинд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй талаар зохигчид тайлбарлаж байгаа зохигчид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх боломжтой юм. Нэхэмжлэгч хүүхдийн сургалтын төлбөр гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдав.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Ж., 2001 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ж. нарыг эх *******гийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан хариуцагч *******аас хүү Ж.г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Ж., Ж. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан ************** Эрдэнэ багийн 12-8б гудамж 8 тоот газрыг нэхэмжлэгч *******, Ж., Ж. нарын нэр дээр шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст, Toyota Estima маркын 31-31 ОРО дугаартай автомашиныг нэхэмжлэгч *******гийн нэр дээр шилжүүлж, эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Орхон аймгийн Автотээврийн төвд тус тус даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Т.Баялагт даалгасугай.
7.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА