Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2019/01050

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж багт байрлах Орхон аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги,

Хариуцагч: *******ын Их Мандал төвийн 3 давхарт байрлах, Тольдох Оюуны өгөөж ХХК-д холбогдох

Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/79 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гүррагчаа, Б.Эрдэнэболд, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Доржпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сум дундын 14-р шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1238 дугаартай захирамжтай гүйцэтгэх баримт бичигт ажиллагаа хийж хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон байдаг ба шинжээч Хүрэнбулаг багт орших Дагинас төвийн 1 давхарт байрлах ONYX пабыг 110.000.000 төгрөгөөр, Хүрэнбулаг багийн 4-22-23 тоот 2 ороо орон сууцыг 75000000 төгрөгөөр, Согоот багийн 6-18-27 тоот 2 өрөө орон сууцыг 60400000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлсэн байсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчийн дүгнэлтийг надад хуульд заасан хэлбэрээр танилцуулаагүй тул "Тольдох оюуны өгөөж ХХК-иас 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/79 тоот албан бичгээр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гүррагчаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1238 дугаар шийдвэрээр Даблкроун ХХК-аас 221.996.999 төгрөг гаргуулж Хаан банкинд олгохоор шийдвэрлэсэн. Тус газар тухайн гүйцэтгэх хуудсыг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж удаа дараа дуудан уулзаж мэдэгдэл өгсөн боловч төлбөрөө төлж барагдуулаагүй тул 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр барьцаа хөрөнгийг 16141010/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн, мөн төлбөр төлөх хугацаа өгсөн боловч төлөөгүй тул 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16141010/08 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч Даблкроун ХХК-ийн захирал Д.Доржпүрэв, барьцаа хөрөнгийн өмчлөгч Э.Нандинцацрал нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хаягаар очиход байхгүй байсан тул 2 удаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу баталгаат шуудангаар явуулсан ба Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2101006173 дугаартай Дагинас төвийн 1 давхрын Сантайн" зоогийн газар буюу ОNҮХ пабыг 950.000.000 төгрөг, Ү-2101001742 дугаартай 4-22-23 тоот 2 өрөө орон сууцыг 120.000.000 төгрөг, иргэн Э.Нандинцацралын өмчлөлд бүртгэлтэй Согоот багт байрлах 6-18-27 тоот Ү-2101004445 дугаартай 2 өрөө орон сууцыг 120.000.000 төгрөгөөр үнэлж тус тус үнэлгээ ирүүлсэн. Төлбөр авагч Хаан банк нь төлбөр төлөгч Даблкроун ХХК-ны захирал Д.Доржпүрэв, барьцаа хөрөнгийн өмчлөгч Э.Нандинцацрал нарын өгсөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилох хүсэлт гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 16141010/09 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч Д.Отгонцагаан /Тольдох оюуны өгөөж ХХК/-ыг томилсон. Шинжээч Д.Отгонцагаан нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 18/79 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2101006173 дугаартай Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабыг 110.000.000 төгрөг, Ү-2101001742 дугаартай 4-22-23 тоот 2 өрөө орон сууцыг 75.000.000 төгрөг, иргэн Э.Нандинцацралын өмчлөлд бүртгэлтэй Согоот багт байрлах 6-18-27 тоот Ү-2101004445 дугаартай 2 өрөө орон сууцыг 60.400.000 төгрөгөөр тус тус үнэлж шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлсэн болно. Шинжээчийн дүгнэлтийн хувийг төлбөр төлөгч, гуравдагч этгээд нарт хүргүүлэхээр 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу баталгаат шуудангаар явуулсан болон төлбөр төлөгч Даблкроун ХХК-ийн захирал ******* 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 99092892 дугаараар холбогдож танилцуулсан. Мөн төлбөр төлөгч Даблкроун ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй Хүрэнбулаг багт байрлах Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабын хаягаар очиход тус компаний захирал Д.Доржпүрэв нь байхгүй байсан тул тухайн компаний ажилтан Э.Ариун-Эрдэнэд өгч тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулсан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаагүй байх тул 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 03/1218 тоот анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл өгөхөөр хаягаар очиход байгаагүй тул 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан санал ирээгүй тул төлбөр төлөгч Даблкроун ХХК-ийн Хаан банкинд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах өэрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2101006173 дугаартай Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабыг 110.000.000 төгрөг, Ү-2101001742 дугаартай 4-22-23 тоот 2 өрөө орон сууцыг 75.000.000 төгрөг, иргэн Э.Нандинцацралын өмчлөлд бүртгэлтэй Согоот багт байрлах 6-18-27 тоот Ү-2101004445 дугаартай 2 өрөө орон сууцыг 60.400.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг Иргэний хуулийн 177 дугаар 177.1-д заасны дагуу 70 хувиар 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч оролцогч оролцоогүй. Төлбөр төлөгч Даблкроун ХХК-ийн захирал ******* 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 99092892 дугаараар холбогдож анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч оролцогч оролцоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг зарлах гэж байгаа талаар танилцуулсан. Хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгч Даблкроун ХХК-ийн захирал Д.Доржпүрэв, барьцаа хөрөнгийн өмчлөгч Э.Нандинцацрал нарт өөрийн биеэр болон 99092892 дугаараар мэдэгдэж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2101006173 дугаартай Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабыг 110.000.000 төгрөг, Ү- 2101001742 дугаартай 4-22-23 тоот 2 өрөө орон сууцыг 50.000.000 төгрөг, иргэн Э.Нандинцацралын өмчлөлд бүртгэлтэй Согоот багт байрлах 6-18-27 тоот Ү-2101004445 дугаартай 2 өрөө орон сууцыг 60.400.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг Иргэний хуулийн 177 дугаар 177.1-д заасны дагуу 50 хувиар хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулж иргэн М.Лхагвасүрэн нь Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабыг 57.000.000 төгрөг, Согоот багт байрлах 6-18-27 тоот 2 өрөө орон сууцыг 30.200.000 төгрөгөөр, иргэн Ө.Эрдэнэтунгалаг нь Хүрэнбулаг багт байрлах 4-22-23 тоот 2 өрөө орон сууцыг 50.000.000 төгрөгөөр тус тус ялагч болсон. Иймд төлбөр төлөгч Даблкроун ХХК-ийн захирал Д.Доржпүрэвийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Харуицагч Тольдох оюуны өгөөж ХХК-ийн захирал Д.Отгонцагаан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээчин миний бие нь шинжээчийн дүгнэлтийг гаргах үед иргэн Д.Доржпүрэвийн Оnух пабны өргөтгөл хэсэг нь зөвшөөрөлгүй байсан бөгөөд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг зах зээлийн судалгаатай харьцуулан тогтоосон. Нэхэмжлэгч Д.Дорожпүрэвт холбогдуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан. Энэ өдрөөс хойш *******эй 99092899 гэсэн утсаар удаа дараа холбогдсон боловч би Орхон аймагт байхгүй байна гэж худлаа яриад яваад байсан. Би 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр та өөрөө хотод байгаа ч гэсэн надад шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол байгаа учраас орон сууцанд очиж бодит байдалтай чинь танилцая гэж утсаар мэдэгдэж байгаад очсон. Тэгэхэд Д.Доржпүрэв өөрөө ирсэн. Хэргийн байдал дээр очиход газрын гэрчилгээ байхгүй байсан. Үл хөдлөх хөрөнгийн хувьд зах зээл дээр борлогдож байгаа судалгааг үндэслэж үнэлгээ гаргасан. Нэхэмжлэгч Д.Доржпүрэв өөрөө 4-22, 6-18-57 тоот орон сууцыг тус тус 120 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Орон нутгийн судалгаагаар 4-22-р байрны 2 өрөө орон сууц 75 сая төгрөг, 6-18-р байрны 2 өрөө орон сууц 64 сая төгрөг гэсэн зах зээлийн ханшаар дунджилж үнэлгээ гаргасан. 4-р микрийн байрнууд өнөөдрийн зах зээлийн ханшаар 75 сая төгрөгийн ханштай байгаа. Үнэлгээг судалгааг үндэслэж зах зээлийн бодит ханшаар гаргасан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би үнэлгээ гаргахдаа 2,3 өдөр үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар, мэдээллийн биржээс судалгаа авсан гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох шүүхэд гаргасан тайлбартаа: Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1238 дугаар захирамжаар ...Даблкроун ХХК нь зээлийн гэрээний дагуу 221.996.999 төгрөгийг графикийн дагуу 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулж, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй нөхцөлд 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09/094 тоот барьцааны гэрээ, 09/094 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн БГ 11/83 тоот гэрээнд заасан хөдлөх болон үл хөдпөх эд хөрөнгүүдээр төлбөрийг хангуулна. Талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ нэг удаа зөрчсөн тохиолдолд энэ гэрээний дагуу гарсан эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх, зээлийн барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж зээлийн төлбөрийг барагдуулахад татгалзахгүй гэж харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч Даблкроун ХХК нь эвлэрлийн болон шүүгчийн захирамжид заасан үүргээ биелүүлээгүй графикийг зөрчсөн тул нэхэмжлэгч буюу Хаан банкны Орхон салбар 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүгчийн 447 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар 65 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн бөгөөд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 16141010/09 дугаартай шинжээч томилох тухай тогтоол гаргаж Тольдох оюуны өгөөж ХХК-ийг шинжээчээр томилж барьцаа хөрөнгүүдэд үнэлгээ хийж гүйцэтгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дуудлага худалдааг хуулийн дагуу явуулсан бөгөөд уг дуудлага худалдаанд төлбөр төлөгч Д.Доржпүрэв болон Э.Нандинцэцэг нар оролцсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө -ийг шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйдийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасантай нийцсэн хуульд заасан журам зөрчөөгүй болно.

Ийнхүү шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан журмын дагуу шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоож хуульд заасны дагуу талууд /төлбөр төлөгч, төлбөр аваг, өмчлөгч, эзэмшигч/-д мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгчийн ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчийн дүгнэлтийг надад хуульд заасан хэлбэрээр танилцуулаагүй гэсэн нэхэмжлэл тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчийн дүгнэлтийг надад хуульд заасан хэлбэрээр танилцуулаагүй гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул үүнийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр албан тоотоор мэдэгдсэн болох нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тус өдрийн 03/1 135 тоот албан бичиг болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2018 оны 12 дугаар сарын 21 -ний өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн бөгөөд хэтрүүлсэн хугацаа сэргээлгэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, уг хугацааг сэргээгээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Доржпүрэв нь Орхон аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -437 дугаар нээлттэй хорих анги, Тольдох Оюуны өгөөж ХХК-д холбогдуулан Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/79 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч байгууллага болох Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гүррагчаа Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1238 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд зааснаар явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү,

Хариуцагч Тольдох Оюуны өгөөж ХХК-ийн төлөөлөгч Д.Отгонцагаан Д.Доржпүрэвийн үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн судалгаан дээр тулгуурлан үнэлж үнэлгээ гаргасан,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн Орхон салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргаж байна.

Сум дундын 14 дүгээр шүүхэд Хаан банк ХХК-ийн Орхон салбар нь Даблкроун ХХК-д холбогдуулан зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 259.666.103 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн Орхон салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхмаа, хариуцагч Даблкроун ХХК-ийн захирал Д.Доржпүрэв нар эвлэрлийн гэрээ байгуулж, тус шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1238 дугаар захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр төлбөр авагч хүсэлт гаргаж, 2015 оны 01 сарын 26-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр барьцаа хөрөнгийг 16141010/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 16141010/08 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авч, төлбөр төлөгч болон эд хөрөнгийн өмчлөгч нараас үнийн санал авч, үнийн саналыг төлбөр авагч Хаан банк нь төлбөр төлөгч Даблкроун ХХК-ийн захирал Д.Доржпүрэв, барьцаа хөрөнгийн өмчлөгч Э.Нандинцацрал нарын өгсөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилох хүсэлт гаргасан үндэслэлээр шинжээч томилох тухай тогтоол гаргаж шинжээчээр Д.Отгонцагааныг томилсон нь Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 03-ны 1238 дугаар захирамж, 52 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, үнийн санал хүргүүлсэн мэдэгдэл, шинжээч томилох тухай тогтоол зэрэг баримтаар тогтоогдож байна.

Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй учраас хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-д нийцэж байна.

Шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 16141010/09 дугаар тогтоолоор Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2101006173 дугаартай Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабҮ- 2101001742 дугаартай 4-22-23 тоот 2 өрөө орон сууцСогоот багт байрлах 6-18-27 тоот Ү-2101004445 дугаартай 2 өрөө орон сууцны үнэлгээ тогтоох шинжээчээр шинжээч Д.Отгонцагааныг томилжээ.

Гэтэл Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/79 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багт байрлах өөрийн өмчлөлд бүртгэлтэй Ү-2101006173 дугаартай Дагинас төвийн 1 давхрын Сантайн зоогийн газар буюу ОNҮХ пабыг 110 000 000 төгрөг, Ү- 2101001742 дугаартай 4-22-23 тоот 2 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөг, иргэн Э.Нандинцацралын өмчлөлд бүртгэлтэй Согоот багт байрлах 6-18-27 тоот Ү-2101004445 дугаартай 2 өрөө орон сууцыг 60 400 000 төгрөгөөр тус тус үнэлж, шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг хэлнэ, 9 дүгээр зүйлийн 9.3.1.-д үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/-ийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээлэлийг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгана гэж заасан.

Үнэлгээчин Д.Отгонцагаан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн болох нь 140600041 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байгаа боловч, үнэлгээ гаргасан Тольдох оюуны өгөөж ХХК ямар үйл ажиллагаа явуулдаг компани болох, тус компанийн захирал нь Д.Отгонцагаан мөн эсэх, тус компани нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/79 дугаартай шинжээчийн дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцээгүй гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7.-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийн хувийг төлбөр төлөгч, гуравдагч этгээд нарт 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч шуудан хүргэгдээгүй буцаж ирсэн тухайд хариуцагч маргаагүй.

Хариуцагч ...Даблкроун ХХК-ийн захирал ******* 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 99092892 дугаарын утсаар холбогдож шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан гэсэн тайлбараа 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд үндэслэж байгаа боловч уг тэмдэглэлд төлбөр төлөгчөөс үнэлгээтэй холбоотой санал хүсэлтийг аваагүй, үнэлгээний талаар гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж өгөөгүй нь нотлогдож байна.

Иймд хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-д заасны дагуу дүгнэлттэй танилцсан гэж үзэх, мөн үнэлгээний талаархи гомдлоо хуульд заасан хугацаа хэтрүүлэн гаргасан гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Д.Доржпүрэвийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3., 55.7., Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1.-д заасныг баримтлан Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 18/79 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Доржпүрэвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 432 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА