Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2026/00107

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б, Ц.О нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/09092 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2026/00278 дугаар магадлалтай

Г.Б, Ц.О нарын нэхэмжлэлтэй,

Ц.Г, Г.Г нарт холбогдох

Гэм хорын хохиролд 12,711,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Б, хариуцагч Ц.Г, хариуцагч Г.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Б, Ц.О нар нь хариуцагч Ц.Г, Г.Г нарт холбогдуулан гэм хорын хохиролд 12,711,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/09092 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Г-аас гэм хорын хохиролд 3,855,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэгч Ц.О-гийн нэхэмжлэл, хариуцагч Ц.Г-т холбогдох Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218,326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 76,638 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2026/00278 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/09092 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Г, Г.Г нараас 3,855,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,855,500 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Ц.О-гийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч Г.Б, Ц.О нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.11.07-ны өдрийн 192/ШШ2025/09092 дугаар шийдвэр, 2026.01.30-ны өдрийн 210/МА2026/00278 дугаар магадлалын нэхэмжлэгч Ц.О-д хариуцуулсан 3,855,500 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.г дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт “...жолооч Ц.О нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, ...өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна'’ гэжээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 473 дугаар тогтоолд “Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор (хохирол), тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон үед үүснэ” гэж тайлбарласан. Харин тээврийн прокурорын газрын 2024.07.26-ны өдрийн 989 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол нь жолооч Ц.О-г гэм буруутай гэж тогтоогдоогүй учраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан ба хэрэв гэм буруутай болох нь тогтоогдсон бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болж эрүүгийн хэрэг үүсэх хууль зүйн үр дагавар бий болох юм. Өөрөөр хэлбэл, тухайн гэм хор учрахад хохирогчийн хэтэрхий болгоомжгүй ямар үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй, тус зөрчлийг хянан шийдвэрлэсэн прокурорын тогтоол болон холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэсэн материалд энэ талаар огт тусгагдаагүй байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх түүний гэм буруу тогтоогдоогүй байхад нотлогдоогүй үйл баримтын талаар Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэлт хийж Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж жолооч Ц.О-д хохирлыг 50 хувиар хариуцуулах дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул гомдолтой байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж заасан. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан бөгөөд уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Г.Б нь эд хөрөнгийн хохирол хүлээж хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн юм. Тодруулбал, нэхэмжлэгч нар нь осол гарсан нөхцөл байдалд гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нотлогдоогүй үйл баримтын талаар Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг “ ...нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг харгалзан анхан шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэснийг буруутгахгүй’’ гэж тус зүйлийг хэрэглэж, хохирогчийн гэм буруу нөлөөлсөн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иймээс Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.Г, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.4 дэх заалтын дагуу Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.07-ны өдрийн            001/ШХТ2026/00425 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Г.Б, Ц.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Г.Б, Ц.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7.Нэхэмжлэгч Г.Б, Ц.О нар нь хариуцагч Г.Г, Ц.Г нарт холбогдуулан гэм хорын хохиролд 12,711,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба 5,000,000 төгрөгийг даатгалаас авсан үндэслэлээр 7,711,000 төгрөг болгон шаардлагаа багасгасан байна. Шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...Ц.О нь 2024.06.24-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн давааны замд Тоёота альфард маркийн, ***  дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад иргэн Г.Г нь Тоёота приус-20 маркийн, ***  дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-т заасан жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан. Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь Ц.Г-ийн өмчлөлд байх тул хамтран хариуцагчаар оролцуулна. “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр нийт 12,711,000 төгрөгийн хохирол учирсан. Даатгалаас 5,000,000 төгрөгийг гаргуулан авсан. Иймээс хариуцагч нараас тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 7,711,000 төгрөгийг гаргуулна” гэжээ.  

Хариуцагч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “...тухайн үед машинд сууж явсан н.Г нэхэмжлэгч талын хүргэн, осол болсны дараа дүү н.О-тээ ... хадмуудтайгаа явж байгаад аваарт ороод үхэх дөхлөө гэж хэлсэн байсан. Машиныг ямар хүн барьж явсан талаар асуухад ... хүргэн нь машиныг барьж явсан, манай ах хүргэн хоёр хоёулаа архи уучихсан байсан гэж хэлсэн байсан. Машиныг нэхэмжлэгч Ц.О биш эрэгтэй хүн жолоодож явсан. Би өрх толгойлсон 5 хүүхэдтэй хүн. Том хүү минь аваарт орж асаргаанд орсон. Надад мөнгө өгөх ямар ч боломж байхгүй. Энэ хүмүүс эмнэлэг дээр нэг ч очоогүй. Миний хүү гэмтлийн эмнэлэгт 10 гаруй хоног ухаангүй байсан. Баруун тархи нь бүхэлдээ мэдрэлгүй. Би 10 гаруй хоног хүүхдээ эмнэлэгт сахиад хэцүү нөхцөлд байхад нэхэмжлэгч нь мөнгөө нэхээд залгадаг байсан. Эд нарыг хүнлэг байгаасай гэж хүсэж байна” гэсэн тайлбар гаргасан. 

Хариуцагч Г.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “... Г.Г-ын биеийн байдал хүнд, гэмтлийн дараа тархины эдийн няцралтай, шимэгдээд ч эдгэхгүй байгаа. Г.Г тухайн үед жолоо барьж явсан ч өөрийнхөө амь насыг эрсдүүлэх үйлдлийг хийгээгүй. Хурдтай явж байгаа машины урдуур гэнэн томоогүй байсан ч орохгүй. Зөвхөн Г.Г-ыг буруутгасан дүгнэлт гаргасанд тээврийн прокурорын газарт гомдолтой байгаа. Г.Г-ыг зам тээврийн осолд буруугүй гэж үзэж байна. Хэргийн үнэн зөв, бодит байдлыг тогтоогдоогүй гэж үзэж байна. Машиныг нэхэмжлэгч Ц.О биш эрэгтэй согтуу хүн барьж явсан байх магадлалтай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

8.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчид түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн байна. 

9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...осол гарах үед Ц.О-гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Г.Б-ын өмчлөлд, хариуцагч Г.Г-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь Ц.Г-ийн өмчлөлд тус тус бүртгэлтэй, жолооч Ц.О жолооны үнэмлэх аваад 2 сар болж байжээ. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г.Г-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Г.Б-ын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэм буруутай, гэм хорыг хариуцах үндэслэлтэй гэж үзэх хэдий боловч осол гарахад тээврийн хэрэгслийн нөгөө жолоочийн гэм буруугийн тухайд дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нь өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлэх үүрэгтэй. Тухайн осол гарсан замын нөхцөл, цаг, цаг агаарын байдал болон хэргийн баримтаар жолооч Ц.О-г хурд хэтрүүлсэн эсхүл хэтрүүлээгүй гэж дүгнэх боломжгүй буюу энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргасан болон ажиллагаа хийгдээгүй байна.

Түүнчлэн осол газрын үзлэгээр А цэгээс хариуцагч Г.Г-ын жолоодож явсан машин 18.40 метрийн зайд дээш харсан байдалтай байсан, жолооч Г.Г-ын биед .... үүссэн гэмтлүүд нь амь насанд аюултай, хүнд зэрэгт хамаарна гэж шинжээчийн дүгнэлтэд тусгасан байх бөгөөд “Хас үнэлгээ” ХХК-ийн тайланд нэхэмжлэгчийн машинд үүссэн эвдрэлүүдийг тодорхойлсон байдлаас үзэхэд жолооч Ц.О нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймээс осол гарахад дан ганц хариуцагч талыг гэм буруутай, хохирлыг бүхэлд нь хариуцах ёстой гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан үндэслэлээр зам тээврийн осол гарч, хохирлыг бий болгосон жолооч Ц.О болон хариуцагч Г.Г нарт хохирлыг тус тус 50 хувиар хариуцуулж, 3,855,500 төгрөгийг хариуцагч Г.Г-аас гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэгч Ц.О нь автомашины эзэмшигч, өмчлөгч бус, түүний эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан хохиролгүй тул түүний нэхэмжлэлийг, мөн хариуцагч Ц.Г нь гэм хорын хохиролд гэм буруугүй тул түүнд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгоно” гэж дүгнэсэн байна.  

10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... хариуцагч Ц.Г-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой. Хариуцагч Ц.Г нь тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдож байх тул тэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хамтран хариуцна. Хариуцагч Г.Г-ын жолоодож явсан Тоёота приус 20 маркийн, ***  улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ц.Г-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас хариуцагч Ц.Г-ийг гэм буруугүй үндэслэлээр үүргээс чөлөөлж, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсон тул хариуцагч Ц.Г, Г.Г нар нь нэхэмжлэгч Г.Б-ын хохирол нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах үүрэгтэй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Ц.Г, Г.Г нараас гэм хорын хохирол гаргуулсан өөрчлөлт оруулна. Хариуцагч Г.Г-ын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасны дагуу гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй боловч Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол шүүх гэм хорын хэмжээг багасгах боломжтой бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн” гэжээ.

11.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасныг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.Б, Ц.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

12.Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хорын маргаанд хамаарах үйл баримтыг дараах байдлаар зөв тогтоож, эрх зүйн дүгнэлт хийсэн байна. 

12.1.2024.06.24-ний өдөр хариуцагч Г.Г-ын жолоодож явсан Тоёота приус 20 маркийн, ***  улсын дугаартай тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч Ц.О-гийн жолоодож явсан ***  улсын дугаартай, Тоёота альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан ба зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа, Тээврийн прокурорын газрын прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл” зэргээр Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй гэж үзсэн байна.

12.2.2024.08.26-ны өдөр Г.Г-ын гаргасан зөрчилд 100,000 төгрөгөөр торгох шийтгэвэр гарсан ба мөн өдөр 50,000 төгрөгийг төрийн сангийн дансанд тушаасан байна.

12.3.Тухайн зам тээврийн осол нь “... асфальт гадаргуутай, уруу, хуурай авто зам дээр зуны улиралд, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй буюу 16 цаг 36 минут орчимд, тогтуун цаг агаартай, 2 эгнээтэй замд гарсан. Жолооч Ц.О-г хурд хэтрүүлсэн эсхүл хэтрүүлээгүй гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй ч зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэлд осол гарах үеийн хурд, гэрчийн тодорхойлолт гэсэн хүснэгтүүд тус тус (-х-) тэмдэглэгээтэй, тоормосны мөрний хэмжээ тогтоох хэсэгт мөргүй гэсэн тэмдэглэгээтэй байгаагаас үзэхэд хурдыг тодорхойлоогүй, энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргасан болон ажиллагаа хийгдсэн тухай баримт байхгүй” гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

12.4.Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...А цэгээс хариуцагч Г.Г-ын жолоодож явсан машин 18.40 метрийн зайд дээш харсан байдалтай байсан” гэж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024.07.09-ний өдрийн 8683 дугаар дүгнэлтэд “... жолооч Г.Г-ын биед тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын хажуугийн ховдол болон 3,4-р ховдлын цус харвалт, зүүн 1,2-р хавирганы далд хугарал, духанд шарх, дух баруун хацарт зулгаралт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдож, энэхүү гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна” гэсэн баримт хэрэгт авагдсан.

12.5.Нэхэмжлэгчийн автомашинд учирсан эвдрэлийн тухайд “...урд буфер хагарч бутран урд буферийн дотор төмөр гулзайн хугарч, баруун урд хаалга халцарч зурагдан, баруун урд крыло хонхойж, баруун урд салхины шилний хажуу багана хонхойж гулзайн нугаларч, буферийн тогтоогч хугарч, баруун урд под крыло урагдан, баруун урд гэрэл хагарч, баруун урд шанаа чихэгдэн нугаларч гулзайн, баруун урд лонжром гулзайн чихэгдэн, урд карказ чихэгдэн нугаларч, урд салхины шил хагарч, жолоочийн ослын дэр задарч, үндсэн болон кондейшны радиатор чихэгдэн хагарч, сэнс сэнсний хүрээ хагарч хугаран, цахилгаан помп хагарч, капут хонхойж нугаларч, зүүн урд гэрэл хагарч, зүүн урд лонжром чихэгдэн урд хэсгээрээ гажиж гулзайн, зүүн урд крыло хонхойж зурагдан, зүүн урд под крыло урагдан, баруун урд болон зүүн урд амортизаторууд гулзайн, доод элгэвч урагдан, баруун урд өндгөн тулгуур гар гулзайн, баруун урд цап гэмтэн, баруун урд босоо тэнцүүлэгч шарнер гулзайн гэмтэж, автомат кроп хагарч, моторын сасу яндан гажиж, яндангийн урд залгаа гулзайн, агаар шүүгчийн гэр хагарч, моторын дээд дүүжин лап гулзайн, моторын духны доод лап гажиж, шил арчигчийн шингэний сав хагарч, шил арчигч шүршдэг мотор хагарч, ABS төв хувиарлагч хагаран, урд тэвш гулзайн, суудлын бүснүүд гацаж, урд буферийн мэдрэгчүүд гэмтсэн эвдрэл үүссэн” гэж 2024.06.25-ны өдрийн автомашины техникийн үнэлгээний тайланд тодорхойлжээ.

Зохигчид осол болсонтой холбоотой дээрх үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтын талаар маргаагүй байна. 

13.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар хариуцагч Г.Г-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 дахь заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Г.Б-ын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэм буруутай, учруулсан хохирлыг төлөх үүрэгтэй гэж дүгнэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлж, зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг зөв хэрэглэжээ.

14.Нэхэмжлэгч Г.Б, Ц.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

14.1.Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зохицуулсан. Тухайн зам тээврийн осол гарахад хариуцагч Г.Г буруутай боловч хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу жолооч Ц.О-гийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол шүүх гэм хорын хэмжээг багасгах боломжтой.

14.2.Анхан болон давж заалдах шатны шүүх “... прокурорын болон цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.О нь зам тээврийн осол гарахад буруугүй буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болохыг тогтоож аливаа хариуцлага хүлээгээгүй байгаа боловч тэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.

14.3.Түүнчлэн нэхэмжлэгч Г.Б нь тээврийн хэрэгслийн өмчлөгч бөгөөд тэрээр Ц.О-д Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар тээврийн хэрэгслээ өөрөө шилжүүлсэн ба улмаар зам тээврийн осол гарахад жолооч Ц.О-гийн замын хөдөлгөөний дүрмийг зохих ёсоор биелүүлээгүй буруутай үйлдэл  нөлөөлсөн гэж үзэх тул шийдвэр, магадлалын үндэслэлийг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй тул гомдлыг хангахгүй орхино.

15.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн үндсэн зохицуулалт үйлчлэхийн зэрэгцээ мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Зам тээврийн осол гарах үед нэхэмжлэгч Ц.О-гийн жолоодож явсан *** улсын дугаартай, Тоёота альфард маркийн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Г.Б-ын өмчлөлд, хариуцагч Г.Г-ын жолоодож явсан *** улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл нь хамтран хариуцагч болох Ц.Г-ийн өмчлөлд тус тус бүртгэлтэй байсан. Анхан шатны шүүх хариуцагч Ц.Г-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв, тэрээр тээврийн хэрэгслийг өмчлөгчийн хувьд хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй буюу Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т нийцнэ.

16.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой биш буюу хариуцагч Ц.Г, Г.Г хоёр нь нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хариуцах үндэслэлтэй тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заалтыг хэрэглэнэ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 210/МА2026/00278 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “499.1” гэснийг “499.4” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 78,540 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Н.БАЯРМАА

                       ШҮҮГЧИД                                                Н.БАТЧИМЭГ  

                                                                                        Э.ЗОЛЗАЯА

                                                                                         Д.ЦОЛМОН

                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД