Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 116

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч С.Болорчулуун,

            насанд хүрээгүй хохирогч Э.Очирхүүгийн хууль ёсны төлөөлөгч З.Аюушмаа,

шүүгдэгч Ч.Дашдулам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар Угалз овогт Чулуунпүрэвийн Дашдуламд холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726030543 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 29-нд Төв аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 5 дугаар гудамжны 59 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Угалз овогт Чулуунпүрэвийн Дашдулам /РД:НБ73012903/

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Дашдулам нь иргэн Э.Очирхүү /эрэгтэй 10 настай/ 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэхийн 6 дугаар гудамжинд Ч.Дашдуламын нохойд хазуулж биед нь хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ч.Дашдулам нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн хар зүсмийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Нисэхийн 6 дугаар гудамжинд явж байсан иргэн Э.Очирхүүг /эрэгтэй 10 настай/ хазаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ч.Дашдуламын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”... Манайх нохойгоо байнга уядаг. Намайг гэр лүүгээ ороход манай охин зөрөөд ундаа авахаар гарахдаа хашааны хаалгыг онгорхой орхиод гарсан хойгуур манай нохой гудамжинд гарсан байсан. Би тухайн үед нохой сул байсныг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/          

            2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Аюушмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”... Шүүгдэгчийн гэртэй ойрхон байдаг. Манай хүүхэд тоглох гээд гарсан. Гэтэл 5 минут орчмын дараа нохойд хазуулсан хүнд тэврүүлээд орж ирсэн. Би шүүгдэгчээс хохиролд 300.000 төгрөг авсан. Манай хүүхдийн шарх сайн эдгээгүй, нэг тал руугаа хазайж явж байгаа. Цаашид шүүгдэгчийг бид нартай холбоотой байгаасай гэж хүсэж байна. Манай хүүхдийн бие цаашид ямар байхыг мэдэхгүй байна. Шүүгдэгчид гомдол санал байхгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Насанд хүрээгүй хохирогч Э.Очирхүүгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цаг 20 минут орчим би найз нартайгаа тоглох санаатай гэрээс гараад явсан бөгөөд ард юм дуугарахаар нь эргээд хартал том хар нохой, жижиг шар нохо 2 дайрсан бөгөөд том хар нохой нь миний гуянаас хазаж гэмтээсэн бөгөөд тухайн үед гудмаар явж байсан хүмүүс намайг гэрлүү хүргэж өгсөн юмаа, гэрт ирээд удалгүй нохойн эзэн эгч манай гэрт ирээд намайг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан юмаа, тухайн үед галзуугийн вакцин хийлгээд 7 оёдол тавиулсан юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5793/-ний дүгнэлт:

                        -Э.Очирхүүгийн биед баруун, зүүн гуяны хазагдаж урагдсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 13/

            5. Сэжигтэн Ч.Дашдуламын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 19-20 цагийн хооронд ажлаа тарж ирээд гэрлүүгээ орчихоод өөрийн хүүхэддээ дэлгүүр орж ундаа ойр зуурын зүйлс аваад ир гэж хэлэхэд манай хүүхэд хашааны хаалгыг онгорхой орхиод гарсан хойгуур манай хоёр нохой гудамжинд явж байсан хүүхдийг урчихсан байсан бөгөөд би энэ талаар мэдээд сандарч нөгөө айлд гүйж ороод түргэн дуудсан уу гэж асуугаад нөгөө хүүхдийн баруун зүүн хөлнөөс цус гарсан байдалтай байхаар нь яаралтай эмнэлэг рүү аваад явсан бөгөөд эмнэлэгт очиход галзуугийн вакцин хийж боолт хийж өгөөд оёдол хийж өгсөн юмаа, би эм тариа бичиж өгөхөөр нь эмийн сангаас авч өгөөд өөрийн утсыг эцэг эхэд нь өгөөд хэзээд ч залгаа би чадлаараа тус болох болно гэж хэлсэн юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ч.Дашдулам нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн 27/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5793/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Дашдуламыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Харин насанд хүрээгүй хохирогч Э.Очирхүү, түүний хууль ёсны төлөөлөгч эх З.Аюушмаа нь шүүгдэгч Ч.Дашдуламтай сайн дураар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул Ч.Дашдуламд холбогдуулан прокуророос сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Дашдуламд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тэмдэглэе.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298, 418 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Угалз овогт Чулуунпүрэвийн Дашдуламыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Угалз овогт Чулуунпүрэвийн Дашдуламд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Ч.Дашдуламд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Ч.Дашдуламд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

  5.  Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Дашдуламд таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР