Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2019/00453

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* холбогдох,

ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 81 155 484 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие ******* нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн материал техникийн хангамжийн баазын даргаар ажиллаж байгаад 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/750 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдаж Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 558 дугаар шийдвэрээр ажилдаа тогтоогдсон. Дээрх ажилгүй байсан хугацааны цалинг шүүх гаргуулахаар шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 01880 тоот тогтоол 2018 оны 12 дугаар сарын 17-нд гарсан боловч өдий хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК миний ажлыг шийдвэрлэж өгөөгүй байна. Иймд Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 558 дугаар шийдвэр гарснаас хойш өдийг хүртэл хугацааны буюу 9 сарын цалингийн нөхөн олговор 30 620 034 төгрөг, 19 215 ам.долларыг тус тус гаргуулж өгнө үү. Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд намайг ажилд авахгүй бол нэхэмжлэлийн хэмжээг нэмэгдүүлэх болно. Нийт 81 155 484 төгрөгийг нэхэмжилж байна.

*******-ийн цалин одоо бол нэмэгдсэн. Түүнээс хойш ажилдчды цалин 3-4 дахин нэмэгдсэн. Тийм учир бид Эрдэнэт үйлдвэр ХХК-с гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжилж байгаа. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа 10 сар 19 хоногийн мөнгийг гаргуулахаар нэмэгдүүлж байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ОХУ-ын иргэн *******-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. "Эрдэнэт үйлдвэрээс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах" тухай нэхэмжлэлийн тооцоолол нь үндэслэлгүй байна.

*******-ийг "Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах" нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 208.05.29-ны өдрийн 142/ШШ2018/00558 тоот шийдвэрээр: "Ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн гэрээнд заасан хэмжээгээр Эрдэнэт үйлдвэр-ээс гаргуулж олгохоор" шийдвэрлэсэн. Түүнийг ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийг эцэслэн хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн 2018.12.17-ны өдрийн 001/ХТ2018/01880 тоот тогтоолд: "Давж заалдах шатны шүүх Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдийн гаргасан тодорхойлолтыг үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Бочаров Е.Г. нь нэхэмжлэлдээ дээр дурдсан шүүхийн шийдвэрийг үндэслэж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн байх боловч түүний нэхэмжлэлийн тооцоо, цалингийн тооцооны баримт нь дээрхи шүүхийн шийдвэрүүдийн цалингийн тооцооны баримт, тооцоололтой зөрүүтэй байх учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ /ХХК /-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 30 620 034 төгрөг, 19 215 ам доллар, нийт 81 155 484 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч *******-г Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 142/ШШ2018/00558 дугаартай шүүхийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Материал техникийн хангажмийн баазын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 43 367 000 төгрөг, 60 250 ам.доллар гаргуулан... шийдсэнийг /хх2-7/,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаартай магадлалаар цалинтай тэнцэх нөхөх олговорт өөрчлөлт оруулж... шийдсэн /хх8-14/,

Уг хэргийг Улсын дээд шүүх хянаад 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2018/01880 дугаартай тогтоолоор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 142/ШШ2018/00558 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 142/ШШ2018/00558 дугаартай шийдвэрт нэхэмжлэгч *******-ийн цалинг хөдөлмөрийн гэрээнд зааснаар сарын 1 275 500 төгрөг, 1 780 ам доллараар бодсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалт нь нэхэмжлэгчийн цалинтай тэнцэх нөхөх олговорыг бодоход холбоотой тул энэ хэмжээнээс *******-ийн цалингийн нөхөх олговрыг бодох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 10 сар 19 хоногийн цалинг гаргуулна гэсэн бөгөөд, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан журмаар, албан ёсоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй гэж үзэж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг нэхэмжлэлд дурьдсанаар 9 сараар тооцож гаргав.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилчдын цалин 3-4 удаа нэмэгдсэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-с цалингийн тодорхойлолт авсан энэ тодорхойлолтын дагуу цалингаа бодуулна гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгоно гэжээ.

Тиймээс нэхэмжлэгчид урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу /9 сарын/ 11 479 000 төгрөг, 16 020 ам долларыг гаргуулан олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар /16 020 х 2 633,38 ₮ = 42 186 748 ₮ 11 479 500 = 53 666 248 ₮-с бодов/ 426 281 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эрх зүйн статус өөрчлөгдөн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болж өөрчлөгдөн нийтэд илэрхий болсон тул хариуцагчийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ гэж шийдвэрт тусгалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Хөдөлмрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас /Эрдэнэт үйлдвэр ХХК/ 11 479 500 төгрөг, 16 020 ам доллар гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 19 140 534 төгрөг, 3 195 ам долларыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжаар 426 281 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА