Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Акраны Дауренбек |
Хэргийн индекс | 161/2024/0246/Э |
Дугаар | 2024/ШЦТ/239 |
Огноо | 2024-10-09 |
Зүйл хэсэг | 11.1.1, 17.12.2.4., |
Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/239
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-,
Шүүгдэгч Т.А- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Т-ий А-д холбогдох эрүүгийн 2413002430301 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 16 цаг 17 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр багт оршин суух хаягтай,
урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 21/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Т овогт Т-ий А-, регистрийн дугаар: Б3..........;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А- нь 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Шегиртай” эмнэлгийн хажууд хохирогч Б.Б-ийн давсаг тус газарт хөлөөрөө өшиглөн зодож, түүний эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, хэвлийн цус алдалт, давсгийн урагдал /хагалгаанд орсон/ гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,
мөн 2021 оны 9 дүгээр сарын 18-наас 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар /Харасай/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Х-ын малын хашаанаас хохирогч П.Е-ийн 1 толгой эм ямаа болон хохирогч Х.Х-ын 1 толгой эм ямааг тус тус хулгайлан авч, нийт 210,000 төгрөгийн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс баримтаар хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байгаа. Хохирогч П.Е- нь хулгайлагдсан ямааг тухайн үед буцааж авсан. Хохирогч Х.Х-т учирсан хохирлыг төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч гаргаж өгсөн. Шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгуулах хохирол төлбөр байхгүй. Хохирогч Б.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэж үзвэл иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.” гэв.
2. Шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Казахстан улсад яваад гэр бүл болоод ирсэн. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Дахиж ийм гэмт хэрэгт холбогдохгүй” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь хохирлыг төлж өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Нэмж шалгуулах зүйл байхгүй. Б.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй. П.Е-, Х.Х нарт ямааг хүлээлгэж өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2413002430301 дугаартай эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Хүний их эмч Х.Б-аас 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,
5. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 05-06 дахь тал/,
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 190-191 дэх тал/,
7. Гэрч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
8. Гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 182 дахь тал/,
9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 332 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
10. СиДи бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 20-23 дахь тал/,
11. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 24 дэх тал/,
12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М-аас гаргаж өгсөн баримт /1 дэх хавтаст хэргийн 194 дэх тал/,
13. Яллагдагч Т.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 28 дахь тал/,
14. Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /2 дахь хавтаст хэргийн 02 дахь тал/,
15. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 33-36 дахь тал/,
16. Хохирогч П.Е-ээс гаргаж өгсөн баримтууд /2 дахь хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
17. Хохирогч Х.Х-аас гаргаж өгсөн баримтууд /2 дахь хавтаст хэргийн 15-20 дахь тал/,
18. Хохирогч П.Е-ийн хулгайд алдагдсан ямаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 22-24 дэх тал/,
19. Баян-Өлгий Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн М.А-ийн хашаанд хулгайлсан ямааг нууж байсныг илрүүлэн иргэн М.А-ээс нэг тооны ямааг үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
20. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 29 дэх тал/,
21. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 37-41 дүгээр хуудас/,
22. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
23. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 52-54 дэх тал/,
24. Хохирогч П.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/,
25. Хохирогч П.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 153 дахь тал/,
26. Хохирогч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 14 дэх тал/,
27. Хохирогч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдуүлэг /2 дахь хавтаст хэргийн 155 дахь тал/,
28. Гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 83 дахь тал/,
29. Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
30. Гэрч О.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 92-93 дахь тал/,
31. Гэрч С.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
32. “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн БӨА-22-075, БӨА-22-076 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 58-61, 67-70 дахь тал/,
33. “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн БӨА-22-21 дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 77-81 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
34. Харин шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Я.С- нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
35. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
36. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.А-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
37. Шүүгдэгч Т.А- нь 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Шегиртай” эмнэлгийн хажууд хохирогч Б.Б-ийн давсаг тус газарт хөлөөрөө өшиглөн зодож, түүний эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, хэвлийн цус алдалт, давсгийн урагдал /хагалгаанд орсон/ гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
38. Хүний их эмч Х.Б-аас 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дэх тал/,
39. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө иргэн Т.А-ын гэрт хоноод Х- гэх иргэнтэй 1 шил архи уугаад өглөө 10 цагийн орчимд Өлгий сумын 5 дугаар багт байдаг “Шегиртай” гэх эмнэлгийн хажуугаар зах руу ганцаараа явж байх үед миний хажууд машины зам дагуу иргэн Т.А- мотоциклтой ирж зогсоод “...чи миний гэрт байсан ноолуурыг хулгайлж авсан байна, тэр ноолуур хаана байна...” гэж хэлээд мотоциклоос бууж ирээд шууд миний давсаг хэсэг рүү хөлөөрөө 1-2 удаа хүчтэй өшиглөсөн юм. Энэ үед Т.А- цагдаа руу дуудлага өгч 2 цагдаа ирээд Т.А- бид хоёрыг цагдаа дээр авч ирсэн. Тухайн үед Т.А- бид хоёроос өөр хүн байгаагүй. Намайг Т.А- гэдэг залуу 1-2 удаа миний давсаг хэсэг рүү өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 05-06 дахь тал/,
40. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Б- нь 2023 оны 4 дүгээр сарын сүүлээр хүнд зодуулаад Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орж эмчлүүлсэн.., ...6 сарын сүүл үеэс гэртээ сардаа нэг удаа согтуу ирж хонож явдаг байсан ч хамгийн сүүлд 9 сард нэг удаа согтуу ирээд хонож яваад 10 сар хүртэл гэртээ ирээгүй, холбоо бариагүй. Тухайн оны 10 сарын сүүлээр танихгүй нэг дугаараас нөхөр болох Б.Б- нь залгаад Улаанбаатар хотод байгаа талаар надад хэлсэн, гэхдээ Улаанбаатар хотын хаана юу хийж байгаа талаараа надад хэлээгүй. Б.Б-ээс хэнд зодуулсан талаараа асуухад Аныз гэх залуу Өлгий сумын 5 дугаар багт зах руу явж байх замд намайг зодсон гэж хэлж байсан.., ...гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 190-191 дэх тал/,
41. Гэрч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Шегиртай” гэх эмнэлгийн урд зам дагуу очих үед иргэн Т.А- нь Б.Б-ийн хамт байсан. Бид нар очих үед Б.Б- нь согтуу газарт хэвтэж байсан ба түүний хажууд иргэн Т.А- нь зогсож байсан. Б.Б-ийг авч явах гэхэд хөл дээрээ зогсож чадахгүй, гишгэхгүй байсан болохоор эмнэлгийн эмч дуудаж үзүүлэхэд даралт хэвийн байна, эрүүлжүүлэх саатуулах байранд хэвтүүлж болно гэж хэлсний дагуу авч явсан юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
42. Гэрч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 12 цаг 10 минутын үед Б.Б- нь согтуурсан байдалтай эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэгдэж ирсэн ба ирэхдээ Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн эмчийн тэмдэглэлийг үндэслэн хүлээн авсан.., ...үзлэг хийхэд ямар нэгэн ил харагдах шарх сорви гэмтэл байгаагүй, амин үзүүлэлт хэвийн байсан. Б.Б-ийг камерийн өрөөнд оруулж хяналт тавьж ажиллаж байх явцад Б.Б- нь эрүүлжүүлэх байрны өрөөний төмөр хаалгыг цохиод “би бие засмаар байна” гэж хэлсний дагуу эрүүлжүүлэх байрны ариун цэврийн өрөөнд дагуулж аваачиж бие засуулах гэхэд Б.Б- нь надад хандаж “...би шээж чадахгүй байна” гэж хэлсэн. Түүнийг дагуулан эмчийн өрөөнд оруулж дахин биед нь үзлэг хийж, шээсний суваг боогдсон байх магадлалтай байсан тул 14 цаг 40 минутын үед Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн 7042103 дугаарын утсанд холбогдож дуудлага өгсний дагуу түргэн тусламж ирээд Б.Б-ийг аваад явсан. Би тухайн үед Б.Б-ээс ямар шалтгааны улмаас бие засаж чадахгүй байгаа талаар тодруулж асуухад намайг Т.А- гэх залуу зодож миний бөөрөн тус газар руу өшиглөсөн, тэгээд би бие засаж чадахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 182 дахь тал/,
43. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 332 дугааартай “...иргэн Б.Б-ийн биед хэвлийн битүү гэмтэл, хэвлийн цус алдалт, давсгийн цус урагдал /хагалгаанд орсон/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 1-10 хоногтоо үүссэн. Иргэн Б.Б-ийн дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтанд удаан нөлөөлөх. Иргэн Б.Б-ийн биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1 -т, 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
44. СиДи бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 20-23 дахь тал/,
45. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтаст хэргийн 24 дэх тал/,
46. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М-аас гаргаж өгсөн баримт /1 дэх хавтаст хэргийн 194 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар,
47. Шүүгдэгч Т.А- нь 2021 оны 9 дүгээр сарын 18-наас 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөрт шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” загварын тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар /Харасай/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Х-ын малын хашаанаас хохирогч П.Е-ийн 1 толгой эм ямаа болон хохирогч Х.Х-ын 1 толгой эм ямааг тус тус хулгайлан авч, нийт 210,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
48. Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /2 дахь хавтаст хэргийн 02 дахь тал/,
49. Хэргийн газрын нөхөн үзлэгхийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 33-36 дахь тал/,
50. Хохирогч П.Е-ээс гаргаж өгсөн баримтууд /2 дахь хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
51. Хохирогч Х.Х-аас гаргаж өгсөн баримтууд /2 дахь хавтаст хэргийн 15-20 дахь тал/,
52. Хохирогч П.Е-ийн хулгайд алдагдсан ямаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 22-24 дэх тал/,
53. Баян-Өлгий Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн М.А-ийн хашаанд хулгайлсан ямааг нууж байсныг илрүүлэн иргэн М.А-ээс нэг тооны ямааг үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
54. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 29 дэх тал/,
55. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дахь хавтаст хэргийн 37-41 дэх тал/,
56. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
57. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 52-54 дэх тал/,
58. Хохирогч П.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг бөгөөд миний өөрийн гэсэн сааж байсан 2 тооны ямааг Өлгий сумын 10 дугаар багт оршин суух Х овогтой Х гэх хүний мал сүрэгт нийлүүлж өдөр бүр сааж байсан бөгөөд сүүлийн 10 гаруй хоног саагаагүй байсан. Миний 2 тооны ямаа байнга тэр хүний ямаа сүрэгтэй хамт байдаг байсан. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өглөө миний гар утас луу залгаж таны нэг тооны ямааг миний нэг тооны ямаатай хамт өнгөрсөн шөнө хулгайд алдагдсан байна гэж намайг дуудсан. Тэгээд би ажилтай болохоор очиж чадаагүй ба цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй гэж хэлсэн. Миний хулгайд алдагдсан ямаа бол бүтэн халзан, хар алаг зүсмийн, мухар сааж байсан эм ямаа байсан бөгөөд сүүлийн үзүүр хэсэгт цагаантай, зөв талын бөөр хэсгээр алаг цагаантай, зөв талын чихний урьдаас таримал, буруу талын чихний үзүүрээс болон араас ухам имтэй, зөв талын хойд хөлний шилбэ хэсгээр цагираг цагаантай нас гүйцсэн ямаа байсан. Уг ямааг малчин Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг Х овогтой Х хашаанаас хулгайд алдагдсан. Миний хулгайд алдагдсан бүтэн халзан хар алаг зүсмийн, мухар эм ямааг цагдаагийн байгууллагын ажилтан Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн М.А- гэх хүний хашаанд хашигдаж байхад олж өгч надад хүлээлгэн өгсөн. Би хулгайд алдагдсан нэг тооны ямааг хүлээн авсан болохоор одоо надад ямар нэгэн хохирол байхгүй болно...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал/,
59. Хохирогч П.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 153 дугаар хуудас/,
60. Хохирогч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 19-ний өглөө эхнэр болох А.С- залгаж өнгөрсөн шөнө манай хашаанаас 2 тооны ямаа хулгайлсан байна гэж хэлсэн. Тэгээд хэний ямаа вэ гэхээр нь нэг нь манай ямаа нөгөө ямаа нь П-ы Е-ийн нийлүүлсэн ямаа байна гэж хэлсэн Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй гэж хэлсэн. Өдөр бүр өөрийн ямааг манаж хонодог байсан ба би өвөлжөө лүү явахад манай хашаанаас 2 тооны ямааг хулгайлсан байна. Уг хулгайч намайг сайн мэддэг бөгөөд өдөр бүр намайг харж явдаг хүн гэж би өөрөө дотроос бодож байна. Тэгээд би хулгайд алдагдсан ямааг цагдаагийн байгууллагад зөвхөн тэмдэглүүлсэн ба ямар нэгэн өргөдөл гомдол гаргаагүй байсан. Яагаад гэвэл өдөр бүр өөрөө манаж хонодог учраас хулгайчийг өөрөө барьж авах санаатай байсан. Манай хулгайд алдагдсан ямаа болон гаднаас нийлүүлсэн П.Е- гэх хүний ямааг манай эхнэр болох С сайн мэдэж байгаа ба орой сааж тоолоод хашаанд оруулаад өглөө тоолж гаргадаг. Тийм учраас сайн мэдэж байгаа болно...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 14 дэх тал/,
61. Хохирогч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...үнэлгээний дүгнэлтийн дагуу миний хохирлыг гэм буруутай этгээдээр төлж барагдуулж, хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдуүлэг /2 дахь хавтаст хэргийн 155 дахь тал/,
62. Гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 18-ны орой мал бэлчээрээс ирэхээр нь тоолж оруулан П.Е-ийн 2 тооны ямаатай нийлүүлж өөрийн хэдэн тооны ямааг сааж хашаанд оруулсан. Тэгээд өдөр бүр нөхөр болох Х.Х- манаж хонодог байсан ба тухайн өдөр өвөлжөө лүү хашаа барихаар явсан байсан. Тэр өдрийг далимдуулан манай хашаанаас 2021 оны 9 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө манай өөрийн нэг тооны ямаа, П.Е- гэх хүний нэг тооны ямаа нийт 2 тооны ямаа хулгайд алдагдсан. Тухайн сааж байсан ямаагхулгайд алдагдсан гэж бодоогүй бөгөөд өглөө бүр саадаг ямаа байхгүй болохоор 2 тооны ямаа хулгайд алдагдсныг мэдэж нөхөрт мэдэгдэхэд цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй гэсэн. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн. Миний бие орой мал бэлчээрээс ирэхэд ямаануудыг саадаг бөгөөд П.Е-ийн 2 тооны ямааг ч нэмж саадаг байсан. Маргааш нь ямааг хашаанаас гаргахад тоолж гаргаад орой ирэхэд тоолж оруулдаг. Тухайн өглөө ямааг сааж гаргах гэж хашаанд очиход П.Е-ийн ямаа хамгийн түрүүнд гүйж ирдэг байсан ба тэр өдөр байхгүй болохоор нь хулгайд алдагдсаныг мэдээд үлдсэн малыг зүсэлж тоолсон...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 83 дахь тал/,
63. Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө босоод гадаа гарахад манай хашаанд нэг ямааны дуу гарахаар нь очиж харахад манай малын хашаанд нэг тооны мухар бүтэн халзан бөөр хэсгээр цагаан алагтай, сүүл хэсгээр цагаантай, зөв талын чихний урьдаас таримал имтэй, буруу талын чихний араас болон үзүүр хэсгээс ухам имтэй эм ямаа байсан. Тэгээд эхнэрээс ирж асуухад манай хашаанд байгаа ямааг Т овогтой А авч ирж оруулаад явсан шиг байна гэхээр нь хоорондоо ярилцаад гэрт байж байхад хамаатан ах болох Т овогтой А улаан өнгийн хятад мотоциклээр ирсэн. Тэгээд Т.А-д манай хашаанд оруулсан ямаа хэний ямаа вэ гэж асуухад миний авч ирсэн ямаа байгаа юмаа эргэж ирээд авах болно гэхээр манай эхнэр гэрээс гарч ирээд загнаж хулгайн малыг манай хашаанаас аваад яв цагдаагийн байгууллагад мэдэгдэх болно гэхээр нь Т.А- би эргэж ирээд аваад явна гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд 2-3 цагийн дараа цагдаагийн байгууллагаас хүн ирж үзлэг хийгээд манай хашаанд байгаа нэг тооны ямааг аваад явсан. Манай малын хашаанд нэг тооны мухар бүтэн халзан бөөр хэсгээр цагаан алагтай, сүүл хэсгээр цагаантай, зөв талын чихний урьдаас таримал имтэй, буруу талын чихний араас болон үзүүр хэсгээс ухам имтэй эм ямаа байсан. Манай хашаанд оруулсан ямааг би болон манай эхнэр А- үзсэн. Манай хашааны үүдэнд Т.А-н мотоциклийн мөр байсан. Өөр ямар нэгэн мөр анзаараагүй байсан. Уг ямааг баталгаатай Т.А- оруулж явсан ба маргааш нь шууд ирээд ямааг эргэж ирээд авна гэж яваад өгсөн. Тэгээд би Т.А- ганцаараа ирсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 86-87 дахь тал/,
64. Гэрч О.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд бид нарыг дагуулан авч Улаанхус сумын 5 дугаар багт байрлах миний хүргэн ах болох Х.Т-ийн гэрт цай уух гэж явсан. Тэгээд хүргэн ахын гэрт очиж хоноод маргааш нь орой 20 цагийн үед Өлгий сумын 9 дүгээр багт байрлах гэрт ирсэн. Тэгээд манай хашаанд нэг тооны ямаа байсан. Тухайн үед нөхөр болох М.А-т хэлээгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө босож байхад хадам ах болох Т овогтой А ирж танай малын хашаанд байгаа ямаа миний ямаа байгаа шүү би хэсэг хугацааны дараа ирж авна гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа нөхөр гадаа гараад намайг дуудсан. Тэгээд манай хашаанд байгаа ямаа хэний ямаа гэхээр нь өчигдөр бид нар ирэхэд манай хашаанд байсан. Тэгээд чамд хэлэх гэж мартсан байна. Танай хамаатан ах болох Т овогтой А ирж миний ямаа байгаа юм эргэж ирээд аваад явна гэж хэлсэн гэж нөхөрт мэдэгдсэн. Манай малын хашаанд байсан нэг тооны ямаа нь мухар бүтэн халзан бөөр хэсгээр цагаан алагтай, сүүл хэсгээр цагаантай, зөв талын чихний урьдаас таримал имтэй, буруу талын чихний араас болон үзүүр хэсгээс ухам имтэй эм ямаа байсныг бид хоёр сайн харсан. Тэгээд гэрт байж байхад хадам ах болох Т овогтой А- улаан өнгийн хятад мотоциклээр ирсэн. Тэгээд Т.А-д манай хашаанд оруулсан ямаа хэний ямаа вэ гэж манай нөхөр асуухад миний авч ирсэн ямаа байгаа юмаа эргэж ирээд авах болно гэхээр би гэрээс гарч ирээд загнаж хулгайн малыг манай хашаанаас аваад яв цагдаагийн байгууллагад мэдэгдэх болно гэхээр нь Т.А- би эргэж ирээд ямааг аваад явна гэжхэлээд яваад өгсөн. Танай хашаанд байгаа ямаа ямар нэгэн хулгайн ямаа биш өөрийн ямаа байгаа шүү эргэж ирээд аваад явна гэж хэлээд яваад өгсөн. Дараа нь цагдаа дуудах болно гэхээр нь байж байгаарай цагдаад хэлээд хэрэггүй шүү гэж Т.А- хэлсэн. Манай хашаанд оруулсан ямааг Т.А-ын өөрийн ямаа гэж бодсон бөгөөд Т.А- эргэж ирээд авна гэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй байсан. Хулгайн мал гэдгийг огт мэдээгүй болно...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 92-93 дахь тал/,
65. Гэрч С.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө хонох газар байхгүй болоод шөнийн 01-ээс 02 цагийн хооронд байх Өлгий сумын 9 дүгээр багт байрлах Т.А-ын гэрт хонох гэж ганцаараа очиход Т.А- гэртээ байхгүй байсан ба гэр нь цоожтой байсан. Тэгээд Т.А-ыг гэрийн хажууд хүлээж байхад урьд нь өөрийн унаж байсан улаан өнгийн хятад мотоцикпээр нэг тооны ямааг мотоциклийн банканд хөндлөнгөөр тавьж гэрийн хажууд ирж зогсолгүй Өлгий сумын 9 дүгээр багт нэг айлын хашаанд очоод мотоциклийн гэрэл нь алга болсон. Тэгээд би Т.А- хулгайн мал авч ирснийг мэдэж дараа нь надад гай болж магадгүй гэж бодоод шууд яваад өгсөн. Дараа нь Т.А- 2021 оны 9 дүгээр сарын 18-аас 19- нд шилжих шөнө 1 тооны ямааг мотоциклтэй авч яваад гэрэл нь алга болсон айл руу дагуулж ирсэн. Уг айл нь урьд нь бид хоёр ирж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зүүж өгсөн цагийн зайг цэнэглэж байсан Т.А-ын ахын гэр мөн байсан ба тухайн айлд хүн байхгүй байсан. Тэгээд хашааны гадна талд мотоциклоо тавьж хашаанд ороход хашаан дотор нэг тооны хөх алаг зүсмийн мухар халзан ямаа харагдаж байсан. Уг ямааг Т.А- очиж байгаа эсэхийг нь үзээд хашааны хаалгыг гаднаас нь чулуугаар дарж хашаанаас гараад мотоциклээр бид хоёр төв руу явсан...” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
66. “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн БӨА-22-075, БӨА-22-076 дугаартай “...“...2021 оны 9 дүгээр сарын байдлаар нас гүйцсэн 1 тооны эм ямааны үнэ 105,000 /нэг зуун таван мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов.” Гэх үнэлгээний дүгнэлт /ХХ-ийн 58-61, 67-70 дахь тал/,
67. “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн БӨА-22-21 дугаартай “...2021 оны 10 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын хооронд БНХАУ- д үйлдвэрлэгдсэн, хуучивтар, “Мустанг-5” загварын мотоцикль 850,000 /найман зуун тавин мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэх үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 77-81 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
68. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
69. Шүүгдэгч Т.А-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн тухайд:
70. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Т.А-ын хохирогч Х.Х-, П.Е- нарын өмчлөлийн 2 тооны ямааг нууцаар, хууль бусаар авч, хохирол учруулсан үйлдлүүд нь хохирогч нарын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан, нийгэмд аюултай үйлдэл юм.
71. “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэж тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “машин механизм ашиглаж хулгайлсан” гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
72. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг тайлбарлахдаа “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” “олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэж тус тус тайлбарласан ба шүүгдэгч Т.А- нь 2 тооны ямааг хулгайлсан тул олон тооны мал гэдэгт хамаарахгүй байна.
73. Шүүгдэгч Т.А- нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж ашиг, хонжоо олох зорилгоор хохирогч Х.Х-ын 1 тооны, хохирогч П.Е-ийн 1 тооны ямааг нууцаар, хууль бусаар авч, хохирогч Х.Х-т 105,000 төгрөгийн, хохирогч П.Е-т 105,000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
74. Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар /Харасай/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Х-ын малын хашаанаас хохирогч П.Е-ийн 1 толгой эм ямаа болон хохирогч Х.Х-ын 1 толгой эм ямааг өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” загварын тээврийн хэрэгслийг ашиглаж авч явсан нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэж дүгнэлээ.
75. Шүүгдэгчийн үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд өөрийнхөө үйлдлийн хууль бус шинж чанарыг ухамсарласан атлаа бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хохирол, хор уршиг учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
76. Шүүгдэгч Т.А-ын үйлдсэн мал хулгайлах гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
77. Иймд шүүгдэгч Т.А-ыг бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
78. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдэлт, хохирогч нарын малаа хариулгагүй үлдээсэн байдал нөлөөлсөн байна.
79. Шүүгдэгч Т.А-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:
80. Шүүгдэгч Т.А-ын хохирогч Б.Б-ийг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогчийн халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан, нийгэмд аюултай үйлдэл юм.
81. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай хамтарсан тушаалаар баталсан шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2 дахь заалтад зааснаар “гэмтлийн хүнд зэрэг”-т гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд учирсан “хэвлийн битүү гэмтэл, хэвлийн цус алдалт, давсгийн цус урагдалт” бүхий хүнд гэмтэл нь энэхүү журмын 2.2.1, 3.1.12-т заасан амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
82. Шүүгдэгч Т.А- нь хохирогч Б.Б-ийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, түүний идэвхтэй үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шалтгаан холбоотой байх ба шүүгдэгч нь өөрийнхөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан атлаа хохирогчийн эрүүл мэндэд дээрх байдлаар халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн учраас гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
83. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Т.А-ын энэхүү гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
84. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
85. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
86. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж тус тус заажээ.
87. Шүүгдэгч Т.А-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Х-т 105,000 төгрөгийн, хохирогч П.Е-т 105,000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 58-61 дэх тал/ зэргээр нотлогдож байна.
87. Шүүгдэгч Т.А- нь хохирогч П.Е-ийн 1 тооны ямааг хүлээлгэж өгсөн болох нь хохирогч П.Е-ийн “...Би хулгайд алдагдсан нэг тооны ямааг хүлээн авсан болохоор одоо надад ямар нэгэн хохирол байхгүй болно. гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 23, 153 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 12 дугаар хуудас/ зэргээр, шүүгдэгч Т.А- нь хохирогч Х.Х-т учирсан хохирол болох 105,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь ХААН банкны 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.А-ыг хохирогч Х.Х-, П.Е- нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
89. Харин хохирогч Б.Б- хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугааар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б- нь өөрт учирсан хохирол байна гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
90. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
91. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч нь 11 удаа ял шийтгүүлж байсан. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож байгаагүй нөхцөл байдлыг харгалзаж үзсэн. Өмнө нь олон удаа мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялыг нэмж нэгтгэн 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,
92. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Урьд нь гэмт хэрэгт холбогдож ялаа эдэлж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах“ гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэх дүгнэлтийг,
93. Шүүгдэгчээс “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.
94. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.
95. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
96. Шүүхээс шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
97. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
98. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, мөн зүйлийн 3-т заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
99. Шүүгдэгч Т.А- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 21/А дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 62-116 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
100. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулж хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.
101. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоов.
102. Шүүгдэгч Т.А- урьд нь удаа дараа гэмт хэрэгт холбогдсон байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
103. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Т.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
104. Шүүгдэгч Т.А- нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2. “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Т.А-ын баривчлагдсан, цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцов.
105. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Т.А-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний эзэмшлийн “Мустанг-5” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
106. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт шүүгдэгч Т.А-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний эзэмшлийн 850,000 төгрөгийн үнэтэй, “Мустанг-5” загварын тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
107. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 2 ширхгийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.
108. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Т.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Т-ий А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлах”, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-д оногдуулсан 4 /дөрөв/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ын баривчлагдсан, цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугааар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б- нь өөрт учирсан хохирол байна гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Т.А-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний эзэмшлийн “Мустанг-5” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт шүүгдэгч Т.А-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан түүний эзэмшлийн 850,000 төгрөгийн үнэтэй, “Мустанг-5” загварын тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД диск 2 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Т.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК