МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг,
улсын яллагч Г.Ганбагана /томилолтоор/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.,
шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2307002400217 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, *******, *******, , ам бүл 1, ******* аймаг, ******* сум, , гэх газар оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ын ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.******* нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ны нутаг дэвсгэрт байрлах захын орчимд явж байхдаа бусдын гээгдүүлсэн “Редми нөүт 11 про 5G” маркийн гар утсыг бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, завшсаны улмаас хохирогч Ч.д бага хэмжээнээс дээш буюу 327,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г. “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би дахиж утас олдвол авахгүй, өмнө нь би бичиг баримт олоод цагдаагийн газар очоод цагдаад өгч байсан. Тэгэхэд чи хулгай хийсэн байна гээд бөөн асуудал болж байсан. Би Налайхад ганцаараа байдаг болохоор баахан юмнууд ирээд хулгай хийсэн байна гээд зодож нүдэх юм болов уу гэж бодсон. Тэртээ тэргүй хулгай хийгээгүй олсон болохоор өөртөө юм болгоод авчихъя гэж бодсон. Ийм юм болно гэж мэдээгүй” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч П.******* нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ны нутаг дэвсгэрт байрлах захын орчимд явж байхдаа бусдын гээгдүүлсэн “Редми нөүт 11 про 5G” маркийн гар утсыг бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, завшсаны улмаас хохирогч Ч.д бага хэмжээнээс дээш буюу 327,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 08 дугаар сарын 11-ний 19 цагийн үед манай хүү Д. миний гар утсыг аваад хүнсний дэлгүүр явсан. Над руу 19 цаг 58 минутад залгаж “ээж дэлгүүрт ногоо байхгүй байна” гэж хэлээд таслаад 20 цаг 03 минутанд гэртээ “ээж би гар утсаа алдчихлаа” гээд ороод ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Орон зай худалдааны төвөөс 970,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Редми нөүт 11 про 5G загварын цагаан цэнхэр өнгөтэй, дэлгэцийн шилэн наалт нь цуурсан, зүүн дээд буландаа бага зэргийн эвдрэлтэй гар утас байсан. Гар утсыг худалдаж авах үед өгсөн хайрцаг нь байгаа гэхдээ би тухайн гар утсыг худалдаж аваад 5G дэмжихгүй байсан учраас очиж солиулах үедээ хайрцгийг нь солиулаагүй. ...Тухайн гар утсаа алддаг өдөр миний гэсэн скайтелийн дугаар байсан. Харин өмнөх мэдүүлэгт өгсөн гэх дугаар нь миний хүүгийн дугаар байгаа юм. Тухайн гар утсаа хулгайд алдсан өдөр цагдаагийн байгууллагад хандаад хандах үед энэ дугаараас өөр дугаар байгаагүй учир гомдол болон хохирогчийн мэдүүлэгтээ дурдсан юм. ...Цагдаагийн байгууллага миний гар утасны имей кодоор нь хайж алдсан гэх Редми нөүт 11 про загварын гар утсыг маань бүрэн бүтэн олж өгсөн тул надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19, 21, 24 дэх тал),
- Насанд хүрээгүй гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэж санаж байна, тухайн өдөр би ээжийнхээ Редми нөүт 11 про загварын гар утсыг гэрээс аваад ны нутаг дэвсгэрт байрлах гэх дэлгүүр орж ногоо авахаар ортол миний авах гэсэн ногоо байхгүй байхаар нь гэртээ орхисон өөрийнхөө утас руу залгаж ээждээ энэ тухайгаа хэлтэл дээшээ яваад Болороо эгчийн дэлгүүр ороод асуучих гэхээр нь за гэж хэлчхээд очтол тухайн дэлгүүр хаалттай байсан, энэ тухайгаа ээждээ хэлэх гэтэл шортны халаасанд байсан утас алга болчихсон байсан. Тэгээд би шууд буцаад явсан замаараа хайтал байхгүй байсан. Би тэр үед алхаж явсан, тухайн өдөр өмсөж явсан шортныхоо халаасанд хийчихсэн явж байсан. Миний өмсөж явсан шортны халаас бол жижигхэн, утасны тал хэсэг нь ордог. Хэн нэгэн намайг түлхэж шахаагүй, миний халааснаас гар утас хүн авч байхыг мөн хараагүй. Би замдаа хаячихсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
- “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн НД-24-142 дугаартай “...шинжилгээний объектын зах зээлийн үнэлгээ ...нийт 327,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 47-50 дахь тал),
- “Скайтел” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23/10153 дугаартай “... дугаарт 2023.08.11-ний өдөр имей код: бүртгэлтэй байна...” гэх утга бүхий албан бичиг (хавтаст хэргийн 62 дахь тал),
- “Мобиком корпораци” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/8246 дугаартай “... имей кодтой утсанд ашигласан дугаарууд, эзэмшигчийн мэдээлэл... хавсралт: ...”” -2023.10.02, 23:06:58, ******* ******* , “99715416” 2023.10.03, 19:14:58, ...” гэх утга бүхий албан бичиг, хавсралтын хамт (хавтаст хэргийн 67-68 дахь тал),
- Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би одоо Редми нөүт 11 про гэсэн бичигтэй гар утсыг ашиглаж байгаа. Гар утасныхаа имей кодыг үзэхэд имей1 //, имей1 // дугаартай байна. Манай нөхөр Д. нь П.******* гэх хүнээс одоо миний барьж байгаа Редми нөүт 11 про маркийн гар утсыг худалдан авч надад өгсөн юм, яг хэдэн сард гэдгийг сайн санахгүй байна. Уг гар утас нь ар талдаа Редми нөүт 11 про 5G гэсэн бичигтэй, саатай усан цэнхэр өнгөтэй. Энэ утсыг би 2023 оны 10 дугаар сарын эхээр барьж эхэлсэн байна. Хамгийн эхлээд 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зураг авч байсан байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
- Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би *******ын ******* гэх хүнийг нутгийн хүн гэдгээр нь таньж мэднэ. ...Намайг 2023 оны намар /cap өдрийг нь тодорхой санахгүй байна, 9 билүү 10 сард/ сумынхаа төвд дэлгүүр орохоор гудамжинд явж байтал П.******* ах таараад надаас эмээлийн модны наймаа байна уу гэж асуусан. Би П.******* ахад 2, 3 цагаан модон эмээл бол байгаа ш дээ гэж хэлсэн. П.******* ах надад ахад нь ийм шинэ утас байна, шинээрээ байгаа гээд халааснаасаа гар утас гаргаж ирж үзүүлсэн. Би тэр утсыг нь үзэхэд шинэ юм шиг харагдахаар нь сонирхоод та эмээл очиж үзэхгүй юу гэж хэлсэн. П.******* ах манай гэрт очиж эмээлийн мод үзээд наймаа хийе гэж хэлсэн. Би эмээлийн модоо 1 бүрийн үнийг нь 250,000 төгрөгөөр бодож, гар утсыг нь 750,000 төгрөгөөр бодон тохиролцож наймаа хийсэн. Тэгээд би гар утсыг нь авч үлдээд П.******* ах 3 цагаан модон эмээл авч явсан. Уг гар утас нь ар талдаа Редми нөүт 11 про 5G гэсэн бичигтэй, саатай усан цэнхэр өнгөтэй, утас байсан. Би энэ утсыг эхнэртэй бариулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
- Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 72-73 дахь тал),
- Шүүгдэгч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Налайх дүүргийн нутагт байх Эрдэнийн хөгжил уурхай дээр манаачийн ажил хийж байх үедээ 2023 оны 08 дугаар сард өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан Налайх дүүргийн худалдааны захын тэнд хүнсээ цуглуулах гээд явж байх үед газар уначихсан байсан цэнхэр өнгийн утсыг хүн хаячихсан байдалтай байхаар нь аваад тэр өдрөөс хойш огт ашиглахгүй байж байгаад тэгээд удалгүй би ******* аймаг ******* сум руу яваад тухайн нутагтаа байж байх үедээ нутгийн зүс таних Д. гэх залууд 3 ширхэг эмээлээр сольж, эмээл авсан. Тэгсэн 2023 оны 10 дугаар сард цагдаагаас над руу залгаад утас олсон талаар асуухад би утас олсон гэхдээ хүнд зарчихсан гэж хэлсэн чинь тухайн цагдаа утсаа аваад ир гэж хэлсэн учир би тухайн зүс таних залууг хайж гар утсыг буцааж худалдаж аваад цагдаагийн байгууллагад авчирч өгсөн. Тийм л зүйл болсон. Би өмнө хүний бичиг баримт олоод тухайн хүндээ буцааж өгсөн чинь намайг хулгайд сэрдээд бөөн юм болж байсан. Дахиж аваачаад өгвөл хулгайч гээд байна гэж бодоод аваачиж өгөөгүй юм. Би ямар хулгай хийгээд авсан биш олчихсон юм чинь хэдэн төгрөг болгоод авъя гэж бодоод хүнд зарчихсан юм. Би өөрийн хийсэн үйлдлийн буруу гэдгийг одоо мэдэж авч байна дахиж ийм асуудал гаргахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд “Гээгдэл эд хөрөнгө завших” гэдэгт гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг бөгөөд “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.
Шүүгдэгч П.******* нь гээгдэл эд хөрөнгө болох “Редми нөүт 11 про 5G” загварын гар утсыг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд мэдэгдэхгүйгээр өөрийн эзэмшилд авч, өөрийн өмч мэтээр бусдад худалдан захиран зарцуулж завшсан байна. Шүүгдэгчийн уг үйлдлийн улмаас бусдад буюу хохирогч Ч.д 300,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш 327,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн уг үйлдэл, хохирогч Ч.д учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч П.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.д 327,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.******* нь хохирол төлбөрийг биет байдлаар төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч П.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г. “шүүгдэгч П.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гар утсыг зарсан хүнээсээ буцааж худалдан авч биет байдлаар хохирогчид хүлээлгэн өгсөн, бага хэмжээнээс 27,000 төгрөгөөр илүү хохирол тогтоогдсон, *******тай, өндөр насны байдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч П.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч П.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эд хөрөнгөд 327,000 төгрөгийн хохирол учирсан, гээгдэл эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэтгэвэр тогтоолгосон, *******тай) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч П.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шүүгдэгч П.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ