Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1360

 

 

 

 

 

 

     2020           10            27                                      2020/ДШМ/1360

 

 

                                 Ч.Б, Г.Гнарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Пүрэвсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ч.Б, Г.Гнарт холбогдох эрүүгийн 2007 00196 0142 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ч.Б, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, “Эс Эс Ай” ХХК-д цахилгаанчны туслахаар ажилладаг, ам бүл 4, ... оршин суух бүртгэлтэй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:/;

2. Г.Г, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, барилгын туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... суух бүртгэлтэй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:/,

Г.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн орчим Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 15-17 тоотод иргэн Ч.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохих, хурууг нь хазах, төмсгийг нь базах, төмөр сүхээр толгой руу нь цохих зэргээр биед нь зүүн сарвууны 3-р хурууны 1-р үенд шарх, зөөлөн эдийн няцрал, төмсөгний хуйхнагт зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Ч.Б  нь 2020 оны 4 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн орчим Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 15-17 тоотод иргэн Г.Г тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гараараа нүүр рүү нь цохиж, биед нь дээд урууланд шарх, зүүн дээд зовхи, зүүн чихний дэлбээнд цус хуралт, толгойн баруун чамархайн хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Г.Г , Ч.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Г, Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г эд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ч.Б д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г  нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт эдлэх ялыг найман цагаар биелүүлэхийг даалгаж, хуульд зааснаар ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, шүүгдэгч Г.Г , Ч.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр сүхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгч Г.Г , Ч.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г  давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн тогтоолд миний буруутай үйлдлээс болж хэрэг гарсан, хөнгөрүүлж үзэх ямар ч боломжгүй гэж бичсэн байсан нь худлаа юм. Энэ хэрэг Ч.Б аас болж гарсан, тухайн үед асуудлыг буруу шийдвэрлэсэн нь миний буруу ч Ч.Б  удаа дараа намайг цохиж зодож байсан нь ийм хэрэг гарах шалтгаан болсныг харгалзалгүй надад ял оноосонд гомдолтой байна. Би өөрийн гэсэн эрхэлсэн тодорхой ажилтай, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа зэргийг харгалзан Налайхын шүүхийн тогтоолыг өөрчилж надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Ч.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг хянаж үзээд шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилготой. Эрхэлсэн тодорхой ажилтай хүн болгонд заавал торгуулийн ял оногдуулах зохицуулалт байхгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ч.Б, Г.Гнарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн орчим Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 15-17 тоотод иргэн Ч.Б тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохих, хурууг нь хазах, төмсгийг нь базах, төмөр сүхээр толгой руу нь цохих зэргээр биед нь зүүн сарвууны 3-р хурууны 1-р үенд шарх, зөөлөн эдийн няцрал, төмсөгний хуйхнагт зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

Ч.Б  нь 2020 оны 4 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн орчим Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 15-17 тоотод иргэн Г.Г тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гараараа нүүр рүү нь цохиж, биед нь дээд урууланд шарх, зүүн дээд зовхи, зүүн чихний дэлбээнд цус хуралт, толгойн баруун чамархайн хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Б ын “...тэгтэл Г нь босож ирээд нүүрэнд тавьсан байсан маскыг хуулж аваад хамар луу гараараа нэг удаа цохисон. Тэр үед намайг дараад дээрээс унаад бид ноцолдож зууралдаж байгаад би дээр нь гарсан. Тэгтэл доороос толгойгоороо дух руу мөргөөд байсан учир би үснээс зулгаагаад доош нь дарсан. Гараа нүүрэн дээр нь тавьчихсан байж байтал миний зүүн гарын дунд хурууг хазсан. Тэр үед хуруу тавь гээд байхад тавихгүй зулгаагаад байсан учир би баруун гарынхаа дунд хурууг нүдэнд нь хийчихсэн. Тэгээд зууралдаж байхдаа боссон. Би нүднээс нь гараа авсан. Харин миний хурууг хазсан чигтээ хойшоогоо ухарсан. Тэгээд хуруу тавихгүй хойшоогоо гэдийгээд байсан учраас нүүр лүү нэг удаа цохисон. Тэр үед ухарсаар яваад хаалганд тулсан. Тэгтэл гэрийн дотор хатавчинд байсан төмөр сүхийг Г нь аваад миний толгой руу хоёр удаа цохисон. Цохих үед ээж Л нь боль гээд сүхийг нь булааж авсан. Тэгээд ноцолдож байхдаа хаалга онгорхой байсан учир давхралдаад гадагшаа унасан. Тэгэхэд хазагдсан хуруу маань тавигдсан. Тэгээд босож ирээд гэрийн үүдэнд байсан тал тоосго аваад намайг цохих гэхээр нь би тоосготой гарыг нь дараад цээжин дээр гараад хоёр гарыг нь бариад дээр нь суучихсан. Тэр үед толгойгоороо нүүр лүү мөргөсөн. Би зөрүүлээд нүүр лүү нь мөргөсөн. ...Би нүүр лүү мөргөх үед уруул нь язарчихсан цус гарч байсан. Над руу нулимаад байсан. ...” /хх 18-20/,

хохирогч Г.Г ийн “...тэгэхээр нь би нүүрнийх нь маскыг аваад нүүр лүү нь нэг удаа гараараа цохиод цааш нь түлхээд орон дээр дараад автал ноцолдож байхдаа зүүн нүд рүү хуруугаараа хатгачихсан. Тэр үед нүд өвдөж байсан. Зүүн гараараа миний нүүр лүү цохисон. Үснээс зулгаагаад буцаагаад дарахаар нь би зүүн талын гарынх нь дунд хурууг шүдээрээ хазсан. Ноцолдож байгаад гэрийн үүд хэсэг рүү хоёулаа унасан. Тэр үед би доор нь орчихсон байсан. Миний нүүр лүү цохиод авсан, юугаар цохисныг мэдэхгүй байна. Хамар, уруулаас цус гарсан. Тэгээд би гараа явуултал гарт төмөр сүх баригдсан, сүхний ишээр нь толгой руу нь нэг удаа цохисон. Тэр үед эхнэр Л сүхийг булаагаад авсан. Тэгээд босоод ахиад зууралдаад гэрийн гадаа гарсан. Гэрийн гадаа гараад миний дээр гараад намайг олон удаа гараараа цохиод байсан. Цагдаагийн дуудлага ирэн иртэл цохиод байсан. ...” /хх 13-16/,

гэрч Д.Лгийн “...Чи ч бас ингэж явсан үе бий шүү, адилхан эр хүн байж ингэх хэрэг байгаа юм уу гэхэд Б ыг нүүрэндээ маск тавьчихсан баруун талд сууж байхад нь очоод “чи яв” гээд учир зүггүй зодоод эхэлсэн. Нүүрэнд нь хэд хэд цохиж, газар унагаад дээрээс нь балбаад, би болиулах гээд дийлээгүй. Зууралдаад салахгүй зодоод Б  арай гэж босож ирэхэд нь зуураад салахгүй байхаар нь хоёуланг нь гэрээс түлхээд гаргачихсан. Тэгтэл Г гарахдаа үүдэнд байсан төмөр сүхийг гартаа шүүрч барьж гараад толгой руу нь 2 удаа цохихоор нь би булаацалдаж байгаад сүхийг нь салгаж авсан. Тэр үед Б ын хурууг нь хазчихаад тавьдаггүй, тавь гэж орилоод байхад тавихгүй байсан. Б  Гийн нүүрэнд нь цохиж байгаа харагдсан. Тэгээд гарыг  нь тавиад шууд салтаанаас нь базаж орилуулаад, Б  тавь гэж бахираад нэмэргүй болохоор нь бас нүүрэнд нь цохисон. Тэгээд дээр нь гарч хөдөлгөөнгүй дарж хэвтсэн. Тэр үед би цагдаа руу залгаж дуудлага өгөөд цагдаа иртэл хүлчих гээд үдээс авч ирж өгсөн. ...” /хх 24-25/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 236 дугаартай “...Ч.Б ын биед зүүн сарвууны 3-р хурууны 1-р үенд шарх, зөөлөн эдийн няцрал, төмсөгний хуйхнагт зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх сарвууны 3-р хурууны 1-р үенд шарх, зөөлөн эдийн няцрал ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, төмсөгний хуйхнагт зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 31-32/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 237 дугаартай “...Г.Г ийн биед дээд урууланд шарх, зүүн дээд зовхи, зүүн чихний дэлбээнд цус хуралт, толгойн баруун чамархайн хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 37-38/ дүгнэлтүүд зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г , Ч.Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г , Ч.Б  нарын харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Түүнчлэн, шүүхээс Г.Г эд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Ч.Б д 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Г  нь гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж, нүүрэндээ маск тавиад хэвтэж байсан Ч.Б ыг “одоо гэрээс яв” гэж ялихгүй зүйлээр шалтаглан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний толгойн тус газар төмөр сүхээр цохиж, хурууг нь хазан зохисгүй үйлдэл гаргаж, маргааныг эхлүүлсэн нь Ч.Б ын хохирогчоор өгсөн мэдүүлэг болон түүнийг нотолсон гэрч Д.Л гийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Гэмт хэрэг бүрийн үйлдэгдсэн онцлог, шинж, нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзан үйлдэл тус бүрт нь ялыг ялгамжтай оногдуулах нь эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод нийцэж байна.

Иймд хохирогч, шүүгдэгч Г.Г ийн “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ялаар шийтгэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл оролцогч нарын нэрийг зөрүүлэн бичсэн нь агуулгын хувьд зөрүүгүй байх шаардлагыг зөрчсөн болохыг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, шүүгдэгч Г.Г ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ  

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР