| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 191/2025/03032/И |
| Дугаар | 001/ХТ2026/00077 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2026/00077
“Г” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/08696 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2026/00005 дугаар магадлалтай,
“Г” ХК-ийн нэхэмжлэлтэй
Д.М-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 25,366,612.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Э.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Д.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,366,612.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/08696 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.М-с 21,892,275.47 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,474,337.14 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,784 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-с 267,411 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХК-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2026/00005 дугаар магадлалаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/08696 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.М-с зээлийн гэрээний үүрэгт 25,366,612.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,784 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7, 79.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч болон хариуцагч Д.М нарын хооронд 2 кредит картын зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний дагуу үүргээ биелүүлэн зээлийг олгосон. Харин хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул 2022.09 дүгээр сараас эхлэн шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байгаа болно. Давж заалдах шатны шүүхээс 2024.01.03-ны өдөр 210/МА2024/00063 дугаар магадлал гарсны дараа 2017 оны ЗГ/КР/17****6 тоот кредит картын төлбөрийг нэхэмжилж, шийдвэр, магадлал гарсан ба магадлалд 2024.01.03-ны өдрийн магадлал гарснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолно гэж дүгнэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Талуудын байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд хариуцагч хүсэл зоригоо илэрхийлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай этгээд тул гэрээний үүргийг биелүүлэх ёстой гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-н хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т тус тус заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.03.19-ний өдрийн 001/ШХТ2026/00273 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-н хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч “Г” ХК хариуцагч Д.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,366,612.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2018.04.13-ны өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний дагуу 8,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Гэвч эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй 60 сар хэтрүүлсэн тул үндсэн зээлийн төлбөрт 8,399,685.72 төгрөг, үндсэн хүү 13,492,589.75 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 2,685,521.86 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 788,815.28 төгрөг, нийт 25,366,612.61 төгрөг гаргуулна. Хариуцагч 2021.09.27-ны өдөр өмнө нь байгуулсан 2 кредит картын зээлийг нийлүүлээд хэрэглээний зээл рүү шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2021.10.29-ний өдөр ЗГ2805125838 тоот зээлийн гэрээг 18,923,352 төгрөгийн дүнгээр байгуулсан. Уг гэрээний дүнд 22,730,109.06 төгрөгийг Д.М-с шаардан шүүхэд хандахад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн магадлал гарсан ба 2 кредит картын зээлийн үүргийг хариуцагчаас шаардахад энэхүү магадлал саад болохгүй гэж дурдсан. Тухайн магадлал гарсан 2024.01.03-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолж байгаа...” гэж тайлбарласан.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...2018.04.13-ны өдөр байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахаар 2021.09.27-ны өдөр хүсэлт өгснөөр 2021.10.29-ний өдөр гэрээг өөрчлөн байгуулсан. Гэвч “Ковид-19” цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдон зээлээ төлж чадахгүйд хүрсэн... банк 2021.10.29-ний өдөр ЗГ2805125833 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан... үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, 22,730,109 төгрөг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д зааснаар шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй. Хүсэлт гаргасан хугацаанаас хойш 3 жил өнгөрсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 6 сарын дараа 2025.03.18-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн...Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй... ” гэж маргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 21,892,275.47 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 3,474,337.14 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ; “…2021.10.29-ний өдрийн ЗГ2805125838 тоот зээлийн гэрээ нь 2018.04.13-ны өдрийн кредит карт эзэмших гэрээний хариуцагчийн үүргийг хаах зорилгоор байгуулагдсан ... энэхүү ЗГ2805125838 тоот зээлийн гэрээний үүргийг шаардан нэхэмжлэл гаргаснаар 2023.10.19-ний өдөр шийдвэр, 2024.01.03-ны өдөр магадлал гарч, хүчин төгөлдөр болсон бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлд хамаарч байна. Иймд нэхэмжлэгч 2018.04.13-ны өдрийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 8,399,685.72 төгрөг, үндсэн хүү 13,492,589.75 төгрөг, нийт 21,892,275.47 төгрөг шаардах эрхтэй, харин талуудын байгуулсан гэрээний 2.1, 3.5, 3.6 дахь заалт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцээгүй тул хугацаа хэтрүүлсэн хүү 2,685,521.86 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 788,815.28 төгрөг, нийт 3,474,337.14 төгрөг шаардах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “…талуудын байгуулсан 2018.04.13-ны өдрийн гэрээ 2 жилийн хугацаатай байсан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу нэхэмжлэгч 2020.04.13-ны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх байсан. Хариуцагч Д.М 2021.09.27-ны өдөр хүсэлт гаргасан тул 2024.09.27-ны өдөр нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон… банк 2025.04.01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Түүнчлэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.03-ны өдрийн 210/МА2024/00063 дугаар магадлалыг иш татаж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарлаж байгаа ч энэхүү магадлалаар талуудын 2021.10.29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй.” гэсэн дүгнэлт хийжээ.
11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2018.04.13-ны өдрийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх тухайд дүгнэлт хийхдээ хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, өөр өөр шийдэл гаргасан талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцүүлэв.
12.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдсон. Үүнд:
12.1.Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Д.М-тай байгуулсан 2017.04.19-ний өдрийн Кредит карт эзэмшигчийн байгуулсан гэрээний дагуу 2,500,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг 2 жилийн хугацаанд ашиглах, бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувиар тооцож, “Г” ХК-д төлөхөөр харилцан тохиролцсон, хариуцагч нь 2021.10.29-ний өдрийн байдлаар ашигласан зээлийн хэмжээ 4,539,417 төгрөг байсан.
12.2.Мөн талуудын 2018.04.13-ны өдөр байгуулсан Кредит карт эзэмшигчийн гэрээний дагуу 8,000,000 төгрөгийн эрхтэй картыг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, картын хугацаа 2 жил гэсэн нөхцөлөөр тохиролцсон, 2021.10.29-ний өдрийн байдлаар ашигласан зээлийн хэмжээ 14,383,934 төгрөг байсан.
12.3.Хариуцагч Д.М нь 2021.09.27-ны өдөр “Г” ХК-д хандаж, “... кредит картны нийт дүнгээрээ 10,000,000 төгрөгийн зээл авсан,... “Ковид-19” цар тахлын улмаас зээлээ төлөхөд хүндрэл учирсан тул миний кредит картны зээлийг хэрэглээний зээлд шилжүүлж өгөх тухай” хүсэлт гаргасан.
12.4.Дээрх 2 гэрээг нэгтгэн талууд 2021.10.29-ний өдөр ЗГ2805125833 тоот зээлийн гэрээг байгуулж, 18,923,352 /14,383,934+4,539,417/ төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, кредит картын өр төлбөрийг төлөх зориулалтаар зээлдүүлэхээр тохиролцсон ба мөн өдөр “Г” ХК дахь Д.М-н дансанд 18,923,352 төгрөгийг шилжүүлж, 4,539,417 төгрөгийг 462868******3752 тоот кредит картын дансанд, 14,383,934 төгрөгийг 550160******7841 тоот кредит картын дансанд тус тус буцаан татсан байна.
12.5.Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Д.М-д холбогдуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,923,352 төгрөг, зээлийн хүү 3,709,175 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,582 төгрөг, нийт 22,730,109 төгрөг гаргуулахаар 2022.09.19-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.19-ний өдрийн 181/ШШ2023/03339 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2024.01.03-ны өдрийн 210/МА2024/00063 дугаар магадлалаар “Г” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
12.6.Улмаар нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Д.М-д холбогдуулан 2017.04.19-ний өдрийн 462868******3752 тоот кредит картын зээлийн гэрээний үүрэгт 7,337,223 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.30-ны өдрийн 181/ШШ2024/03630 дугаар шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2024.12.25-ны өдрийн 210/МА2025/00021 дүгээр магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 5,960,611 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
13.Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Д.М-д холбогдуулж 2018.04.13-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүргийг шаардсан байх бөгөөд хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар уг нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг дүгнэсэн эсэх, уг шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
14.Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг ба шүүхэд уг үүргийн талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог. Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг бөгөөд ийнхүү хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, тасалдал зогссоноос хойш дахин шинээр хугацаа тоолж эхэлнэ.
15.Анхан шатны шүүх Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2024.01.03-ны өдрийн 210/МА2024/00063 дугаар магадлал гарснаар нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдоно гэж үзэхдээ уг шаардлагын талаар өмнө нь шүүх 2021.10.29-ний өдөр ЗГ2805125833 тоот зээлийн гэрээний дагуу гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт хамаарах эсэх талаар дүгнэлт хийгээгүй.
16.Давж заалдах шатны шүүх “...2024.09.27-ны өдөр нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон... 2025.04.01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн...магадлалаар ... 2021.10.29-ний өдөр ЗГ2805125833 тоот зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй ...” гэж дүгнэхдээ 2024.01.03-ны өдрийн 210/МА2024/00063 дугаар магадлалд тусгагдсан дүгнэлтийг анхаараагүй байна.
17.Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2024.01.03-ны өдрийн 210/МА2024/00063 дугаар магадлалд “...2021.10.29-ний өдөр ЗГ2805125833 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байна...уг зээлээр өмнөх 462868******3752 тоот кредит картын болон 550160******7841 тоот кредит картын зээлийн үүргийг гүйцэтгүүлсэн нь “хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хүү тооцсон” шинжтэй хүүг нэмж зээл олгосон... хүчин төгөлдөр бус хэлцэл нь эрх, үүрэг бий болгохгүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй... харин нэхэмжлэгч нь ... өмнө байгуулагдсан 462868******3752 тоот кредит картын болон 550160******7841 тоот кредит картын зээлийн гэрээний үүргийг шаардахад энэ магадлал саад болохгүй...” гэж дүгнэсэн.
Үүнээс үзэхэд дээрх магадлалаар 2021.10.29-ний өдөр ЗГ2805125833 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн. Иймд энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2018.04.13-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх ба уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй болох тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон...” үндэслэлд хамаарахгүй.
Энэ утгаараа нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын талаар хүчин төгөлдөр шийдвэр, магадлал гарсан гэж үзэх үндэслэлгүй ба давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй тул магадлалыг хүчингүй болгов.
18.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкны зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн нь зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, гэрээт хугацааны хүү, хугацаа хэтэрсэн үеийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээс бүрдсэн, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тооцооллын талаар маргаагүй байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримталсан нь зөв болжээ.
19.Харин анхан шатны шүүхийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухай Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д тус тус заасан зохицуулалтын хүрээнд зохих дүгнэлтийг хийсэн боловч бүрэн дүгнэлт хийгээгүй, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасны дагуу 2024.01.03-ны өдрийн 210/МА2024/00063 дугаар магадлал гарснаар хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоологдох агуулгаар дүгнэснийг залруулна.
20.Талуудын хооронд байгуулсан 2018.04.13-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хугацаа 2020.04.13-ны өдөр дуусгавар болсон ба нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх 3 жилийн хугацаа 2023.04.13-ны өдөр дуусахаас өмнө хариуцагч Д.М 2021.09.27-ны өдөр “Г” ХК-д хүсэлт гаргасныг анхан шүүхийн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан “хөөн хэлэлцэх хугацааны тасалдал” бус, харин гэрээний нөхцөл, хугацааг өөрчлөх санал гэж үзэхээр байна.
21.Хариуцагч Д.М-н гаргасан уг хүсэлтийг “Г” ХК хүлээн зөвшөөрснөөр 2021.10.29-ний өдөр Д.М-тай өмнө нь байгуулсан 2 кредит картын зээлийн гэрээний дүнг нэгтгэж, жилийн 22,8 хувийн хүүтэй, хугацааг 30 сар болгож өөрчилсөн гэрээнд тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон бөгөөд үүгээр хариуцагчийн зээлийн гэрээний хугацааг 2024.04.25-ны өдөр хүртэл сунгах хүсэл зориг илэрхийлэгдэж, энэ үеэс хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тоолоход 2027.04.25-нд дуусахаар байх тул “нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
22.Анхан шатны шүүх зээлийн гэрээний 2.1, 3.5, 3.6 дахь хэсэгт заасан зээлдэгчийн хариуцлагын талаарх тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүүгийн зохицуулалтын агуулгад нийцээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,474,337.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч тал энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2026/00005 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/08696 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-н хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Г” ХК 2026.01.29-ний өдөр 284,783 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН