Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 119

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

           улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Б.Сүхбаатар, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /ҮД:1-484/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уянга овогт Батбилэгийн Сүхбаатарт холбогдох эрүүгийн 201726030179 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 30-нд Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Өндөрширээт сум, 4 дүгээр баг, Сант байшинтийн 4 дүгээр гудамжны 10-4 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүрний баруун талын траншейнд амьдардаг гэх, 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ял шийтгүүлж, 2006 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 942 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 28 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр суллагдсан, 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай анийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял шийтгүүлж, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, Уянга овогт Батбилэгийн Сүхбаатар /РД:НР87063074/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Сүхбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хавай Таун” хотхоны 56-н Б байрны доор байх авто зогсоол руу орцны хаалгаар дамжин нэвтэрч,

Иргэн З.Робертийн 52-10 УНИ улсын дугаартай “Приус 20” маркийн автомашины 240.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг толийг хулгайлахыг завдаж, толийг нь хагалж 20.000 төгрөгийн гэм хор учруулсан,

Иргэн Р.Гал-Эрдэнийн 07-72 УНЯ улсын дугаартай “Приус 20” маркийн автомашины 240.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг толийг хулгайлахыг завдаж, толийг нь хагалж 40.000 төгрөгийн гэм хор учруулсан,

Иргэн Ж.Гантөмөрийн 91-64 УБП улсын дугаартай “Приус 20” маркийн автомашины 2 ширхэг толийг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Иргэн Ж.Жаргалсайханы 03-20 УБЗ улсын дугаартай “Харрер” маркийн автомашины 2 ширхэг толийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулан, бусдад нийт 1.580.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан буюу учруулахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.Сүхбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хавай Таун” хотхоны 56-н Б байрны доор байх авто зогсоол руу орцны хаалгаар дамжин нэвтэрч,

Иргэн З.Робертийн 52-10 УНИ улсын дугаартай “Приус 20” маркийн автомашины 240.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг толийг хулгайлахыг завдаж, толийг нь хагалж 20.000 төгрөгийн гэм хор учруулсан,

Иргэн Р.Гал-Эрдэнийн 07-72 УНЯ улсын дугаартай “Приус 20” маркийн автомашины 240.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг толийг хулгайлахыг завдаж, толийг нь хагалж 40.000 төгрөгийн гэм хор учруулсан,

Иргэн Ж.Гантөмөрийн 91-64 УБП улсын дугаартай “Приус 20 маркийн автомашины 2 ширхэг толийг хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Иргэн Ж.Жаргалсайханы 03-20 УБЗ улсын дугаартай “Харрер” маркийн автомашины 2 ширхэг толийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулан, бусдад нийт 1.580.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан буюу учруулахыг завдсан болох нь:

             1. Шүүгдэгч Б.Сүхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...Тухайн үед мөнгөний хэрэг гараад хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-15/

             3. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 111/

            4. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37/

             5. Хохирогч Ж.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 91-64 УБП улсын дугаартай “Приус 20” маркийн автомашин эзэмшдэг бөгөөд уг машинаа манай байранд байдаг дотор дулаан гарашид байрлуулдаг юм. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өглөө 10 цагийн орчим манай СӨХ-ийн дарга Нямгэрэл над руу утсаар яриад таны машины толь алга болчихсон байна, энд цагдаа ирчихсэн байна гэж ярихаар нь яваад очсон. Тэгээд очих үед цагдаа нар ирчихсэн, хэргийн газрын үзлэг хийгээд байж байсан. Тэгээд...машин доторх зүйлээ бүртгэхэд ямар нэгэн зүйл алга болоогүй харин 2 ширхэг толийг угаар нь хугалаад авчихсан алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/

             6. Хохирогч З.Робертийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 52-10 УНЭ улсын дугаартай “Приус 20” маркийн автомашиныг эзэмшдэг юм. Би уг автомашиныг “Хавайн Таун” хотхон 2 тоот зогсоолд байршуулдаг юм. Уг авто зогсоол харуул хамгаалалттай, камерын хяналттай юм. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өглөө 10 цагийн орчим манай байрны нэг залуу гэрийн хаалга тогшоод доор нилээн хэдэн машины толийг нь хулгайлчихсан байна. Чиний машины толийг хагалчихсан байна гэхээр би доошоо буугаад шалгахад миний машины баруун талын толь хагарчихсан байсан. Тухайн үед цагдаа нар ирчихсэн камерын бичлэгтэй танилцаад байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/

            7. Хохирогч Ж.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би өөрийн 03-20 УБЗ улсын дугаартай хар өнгийн “Харрер” маркийн автомашинаа байрныхаа доод  авто зогсоолд 3 номерын зогсоолд байрлуулдаг юм. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр СӨХ-ийн дарга Нямгэрэл утасдаад таны автомашины толь алга болсон байна, та буугаад хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь миний машины 2 ширхэг толь алга болчихсон. Тэгээд тухайн үед намайг очиход цагдаа нар ирчихсэн үзлэг хийгээд байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60/

            8. Хохирогч Р.Гал-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн үед гадагшаа гарах гээд машин дээрээ очсон чинь миний машины зүүн талын толины шил нь цуурсан хагарсан байсан. Ингээд цагдаад хандсан юм, угаасаа манай байрны нийтийн зогсоолд байрлуулсан автомашинуудын толийг нь хулгайлж авсан байсан  миний машины толийг хулгайлах гэж байгаад авч чадалгүй толины шил хагарчихаар нь хулгайлж чадалгүй үлдээгээд орхисон байсан. Тэгсэн сураг сонссон траншейнд амьдардаг залуу хулгайлсан гэдгийг нь сүүлд нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69/

            9. Гэрч С.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Тэгээд нилээн орой болчихсон байхаар нь Баясгалан ахын харуулын байран дээр Сүхбаатар бид хоёр очсон юм. Тэгсэн чинь Баясаа ах Сүхбаатар бид хоёрыг доошоо гараш руу оруулж гаднаас цоожлоод хонуулсан юм. Ингээд маргааш нь өглөө нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 07:00 цаг өнгөрч байхад Баясаа ах гаднас хаалга онгойлгоод одоо та хоёр яваарай гэж хэлсэн юм. Тэгээд Баясаа ах бид хоёрыг яв гэхээр нь Сүхбаатар бид хоёр гарашнаас цуг гарсан юм. Ингээд Сүхбаатар бид хоёр Ганаагийн амьдардаг траншейнд очоод би унтаад өгсөн юм. Тэгэхэд Сүхбаатар намайг унтсаны дараа хаашаа явсныг мэдэхгүй байна. Тэгсэн намайг унтаж байхад Баясаа ах цагдаа нарыг дагуулаад энэ биш энэ биш гэж байснаа өө энэ мөн байна гэж хэлээд Сүхбаатар руу заасан юм. Тэгсэн Сүхбаатар Баясаа ахын хардаг гарашид байсан машины толийг хулгайлсан гэдгийг нь мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71/

            10. Гэрч Д.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө эрхтэн гэртээ харьж амрахаар шийдэж Сүхбаатар, Ганзориг хоёрыг гарашаас өглөө эрт гаргаад гарашынхаа хаалгыг дотор талаас нь цоожилоод ажлаасаа эрхтэн буугаад гэр рүүгээ явсан юм. Тэгтэл ажлаас буусаны дараа 08:00 цаг өнгөрч байхад байрны доод талын нийтийн автогарашид байсан автомашинуудын толь хулгайд алдагдсан байна гэж СӨХ-ийн дарга Нямгэрэл утсаар хэлэхээр нь ажил дээрээ буцаж очоод хяналтын камерыг шүүж үзэхэд урьд өдөр нь Ганзоригтой ирж хоносон Сүхбаатар гэх залуу автомашинуудын толийг хулгайлаад гарашийн хаалгыг дотор талаас нь онгойлгоод аваад гарч байгаа бичлэг байхаар нь цагдаа нарт энэ талаар хэлж Сүхбаатар гэх хүнийг бариулсан юм...Сүхбаатар бол худлаа мэдүүлсэн байна. Би Ганзориг, Сүхбаатар хоёрыг гарашаас өөрөө хамт цуг гаргаж өгсөн юм. Тэгээд би гараш руугаа буцаж ороод дотор талаас нь гарашаа түгжчихээд шатаар дээш өгсөж орцны хаалгаар гадагшаа гарсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77/

            11. Гэрч Б.Мөнхсайханы мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нарантуулын замын хажуу талын Өгөөмөр худалдааны төв дээр автомашины сэлбэг худалдаалж байх үед нэг танихгүй залуу ганцаараа ирээд толь авах уу гэж хэлэхээр нь үзтэл “Харрер” маркийн машины 2 ширхэг толь байсан юм. Би толийг хартал уг нь хугарсан дахин ашиглахад нилээн засвар орох юм байна гэж хэлэхэд та хэдэн төгрөгөөр авах юм бэ гэхэд нь би 10.000 төгрөгөөр худалдаж авъя гэхэд тэр залуу тэг тэг гээд надад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79/

            12. Яллагдагч Б.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хавайн Таун” хотхоны харуул Баясаа гэх ах дээр Ганзориг ахтай хамт очиж хоносон...би гарашийн буланд нь нуугдаж үлдээд гараш дотор байсан 3 машины 6 толийг хулгайлж авсан ба 2 машин нь “Приус” маркийн машин байсан, 1 машин  жийп машины толийг хулгайлсан юм. Харин 1 “Приус 20” маркийн хулгайлж авах гэсэн чинь хавтас нь хагарчихаар нь авалгүй орхисон юм. Ингээд толийг аваад Нарантуул зах руу ганцаараа яваад “Өгөөмөр” зах дээр очиж танихгүй хүнд 2 “Приус 20” маркийн автомашины 2 хос 4 ширхэг толийг нийт 20.000 төгрөгөөр зарчихсан юм...Би өмнөх мэдүүлэгтээ 6 ширхэг толь хулгайлсан гэж буруу хэлсэн байна лээ. Би одоо бодоод байхад “Хавайн Таун” хотхоны гарашид байрласан байсан автомашинуудаас 4 ширхэг толь хулгайлж авсан юм. Харин 2 “Приус” автомашины толийг хулгайлж авах гэж байгаад чадалгүй хагалчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-108/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Сүхбаатар нь 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ял шийтгүүлж, 2006 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, 2008 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 942 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 28 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр суллагдсан, 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай анийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял шийтгүүлж, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусч суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, зан байдлын тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, өршөөл үзүүлэх комиссын тогтоол зэргийн хуулбарууд /хх-ийн 126, 127, 128-130, 131, 132-133, 134, 135, 136, 137/-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Сүхбаатарын 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр суллагдсан хэргийн ялгүйд тооцох хугацаа /5 жил/ нь 2014 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дуусах байтал 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дахин гэмт хэрэгт холбогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.5 дахь хэсэгт “Ялаа эдэлж дууссан этгээд ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл ялгүй болох хугацаа тасрах бөгөөд сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан үндсэн ба нэмэгдэл ялыг эдэлж дууссаны дараа түрүүчийн гэмт хэрэгт ялгүй болох хугацааг хамтатган эхэлж тоолно. Тэгэхдээ аль хүнд ялтай хэрэгтээ ялгүй болох хугацаа дуустал уг этгээд аль алинд нь ялтайд тооцогдоно” гэж зааснаар түүний ялгүйд тооцогдох хугацаа тасарч үлдсэн 2 жил 10 сарын хугацааг сүүлчийн буюу 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай анийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусч суллагдсан хэргийн ялгүйд тооцох хугацаа болох 1 жилийн хугацаатай хамтатган түүний ялгүйд тооцох хугацааг 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 3 жил 10 сараар тооцоход уг хугацаа 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дууссан байх тул шүүгдэгч Б.Сүхбаатарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Сүхбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

            Шүүгдэгчийн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар хохирогч Ж.Жаргалсайханд 800.000 төгрөгийг, хохирогч Ж.Гантөмөрт 300.000 төгрөгийг тус тус нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх заалтуудад заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүнд хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт “...Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй...ялтны хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ...” гэж зааснаар шүүгдэгчийн эдлэх 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Харин шүүгдэгч Б.Сүхбаатарыг тухайн төрлийн гэмт хэрэгт /хулгайлах/ өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан, засарч хүмүүжихгүй байгааг харгалзан тэнсэж хянан харгалзах хугацааг 3 жилээр тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий диск 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдъя.

Шүүгдэгч Б.Сүхбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, энэ хэрэгтээ цагдан хоригдсон 102 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцвол зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Уянга овогт Батбилэгийн Сүхбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдэхийг завдсан,

бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Уянга овогт Батбилэгийн Сүхбаатарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялаас заримыг буюу 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн Б.Сүхбаатарын нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгийг хураахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хорих ялын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Сүхбаатарын эдлэх 4 /дөрөв/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сүхбаатарын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Б.Сүхбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Сүхбаатарт эд хөрөнгийг хураахгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Төв аймгийн Өндөрширээт сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий диск 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

9. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Сүхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сүхбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                            ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР