| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2019/01359/И |
| Дугаар | 142/ШШ2019/01282 |
| Огноо | 2019-11-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 142/ШШ2019/01282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Голомт банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 4 баг Хүрэнбулаг, 4-22-4 тоотод оршин суух, Боржигин овгийн Чинбаатарын Билэгбаатар /ФД76071519/-т холбогдох,
7 312 917,17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одцэцэг, Я.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Чинбаатар овогтой Билэгбаатар дараахь зээлийн гэрээг байгуулсан. Үүнд:
1. 2017 оны 06 сарын 06 өдөр ЗГ4025102877 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 5,000,000 /Таван сая / төгрөг, 36 /Гучин зургаан/ сарын хугацаатай, сарын 2,3% /Хоёр аравны гурав / хувийн хүүтэй Цалингийн зээл хамтран зээлдэгчээр орж авсан болно. Ч.Билэгбаатар нь Эрдэнэт үйлдвэр ХХК ЗМЗ-д Цахилгаанчин ажилтай ажиллаж байгаа болно.
ЗГ4025102877 тоот зээл нь 2019.10.09-ны өдрийн байдлаар 733 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 4,669,709.39 /Дөрвөн сая зургаан зуун жаран есөн мянга долоон зуун есөн төгрөг гучин есөн мөнгө/, хүү 2,627,061.18 /Хоёр сая зургаан зуун хорин долоон мянга жаран нэгэн төгрөг арван найман мөнгө/, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 16,146.6 /Арван зургаан мянга нэг зуун дөчин зургаан төгрөг зургаан мөнгө/. Нийт 7,312,917.17 /Долоон сая гурван зуун арван хоёр мянга есөн зуун арван долоон төгрөг арван долоон мөнгө/ зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудах хүсэлтэй байна. Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
1.2017.06.06 өдрийн ЗГ4025102877 дугаартай зээлийн гэрээний дагуу Ч.Билэгбаатараас үндсэн зээл 4,669,709.39 төгрөг, зээлийн хүү 2,627,061.18 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 16,146.6 төгрөг, нийт 7,312,917.17 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамж 131.956 6 төгрөг 7,444,873.84 /Долоон сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга найман зуун далан гурван мянга наян дөрвөн мөнгө/ гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ....нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд хандаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШЗ2018/04523 дугаартай захирамж хүчин төгөлдөр байна.
2. Ч.Билэгбаатар зээлдэгч биш батлан даагч учир Иргэний хуулийн 458 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр БГ4025102877 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан байх ба энэхүү гэрээний 3.4.2-т үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэжээ. Дээрх гэрээнд батлан даагч үүргийг хамтран гүйцэтгэхээр тохиролцсон тохироо байхгүй юм.
3. Иргэний хуулийн 464 дүгээр зүйлийн 464.1.2-т үүрэг гүйцэтгэгч оршин суугаа газраа өөрчилсний улмаас түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардахад хүндрэлтэй болсон бол батлан даагч үүргээсээ татгалзахаар хуульчилжээ. Зээлдэгч С.Золзаяа 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаар аяллын онгоцоор хилээр гарсан болох нь нотлогдож байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Орхон салбар хариуцагч Ч.Билэгбаатарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7 312 917,17 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Голомт банк ХХК нь С.Золзаяа болон Ч.Билэгбаатар нарт 5 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар жилийн 27,6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ЗГ4025102877 дугаартай Зээл болон барьцааны гэрээг байгуулжээ. Уг гэрээнд хариуцагч Ч.Билэгбаатар нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ4025102877 дугаартай Зээл болон барьцааны гэрээг үндэслэн хариуцагч Ч.Билэгбаатараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7 312 917,17 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа.
Хэрэгт 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн БГ4025102877 дугаартай батлан даалтын гэрээ авагдсан бөгөөд уг гэрээний 2.1-д Батлан даагч нь Үүрэг гүйцэтгүүлэгч болон С.Золзаяа нарын хооронд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан ЗГ4025102877 тоот цалингийн зээл болон барьцааны гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийг нийт 5 000 000 төгрөгийн зээл, үүн дээр нэмж зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүний төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг Үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол Батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн болно гэж тусгасан ба гэрээнд батлан даагчийг төлөөлж Ч.Билэгбаатар гарын үсэг зуржээ.
2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ4025102877 дугаартай Зээл болон барьцааны гэрээний дагуу олгож байгаа 5 000 000 төгрөгийг Голомт банк зээлдэгч С.Золзаяагийн Голомт банкны 4025102877 дугаар дансанд шилжүүлсэн нь, С.Золзаяа өөрийн цалинг барьцаалж зээл авсан нь зээлийн гэрээ / гэрээний 4.1 / болон С.Золзаяагийн дансны хуулгаар тогтоогдож байна.
Гэрээний тохиролцоо нь ирээдүйд авах цалин, өөрийн данс, картын орлогыг барьцаалж зээл авсан С.Золзаяад хамааралтай болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй Ч.Билэгбаатарт хамаарах боломжгүй юм.
Иймд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ4025102877 дугаартай Зээл болон барьцааны гэрээг үндэслэн хариуцагч Ч.Билэгбаатараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7 312 917,17 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 956,67 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 242 дугаар зүйлийн 242.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ4025102877 дугаартай Зээл болон барьцааны гэрээг үндэслэн Ч.Билэгбаатараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7 312 917,17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 956,67 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА