Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2019/01361

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь нөхөр *******тай 2006 онд танилцаж 2008 онд албан ёсоор гэр бүл болсон. Том хүү И.Баянжаргал нь 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Бага хүү 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Анх гэр бүл болоход бидний хооронд аливаа хэрүүл бага элдэв ааш араншин бие биедээ гаргаж байгаагүй хэвийн л байдаг байсан. Том хүү И.Баянжаргалын ой хүрэх үеэд анх ууралсан байх үедээ гар хүрч алгадаж байсан. Тухайн үед хамраас их цус гарч бөөн юм болж байсан ч дараа нь уучлалт гуйж эвлэрч байсан. Үүнээс хойш тэгээд амьдарч байх хугацаандаа сайхан, муухай үе зөндөө байсан. Бид хоёрын дунд хэрүүл маргаан их үүсдэг болж надад удаа дараа гар хүрч, хардаж, сэрдэж их зүйл болдог болсон. Мөн намайг 2 удаа хуурч өөр эмэгтэй хүнтэй учир ургуулсаны дараа 2017 онд салах өргөдлийг надад гар хүрсэн, зодсон зураг баримттай нь хамт Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд салахаар өргөдлөө өгсөн боловч эвлэрүүлэн зуучлал руу шилжиж, үүнээс хойш 6 сарын дараа надаас удаа дараа уучлалт гуйж, мөн шүүхийн эвлэрүүлэн зуучлахын зөвлөснөөр бид хоёр хоёулаа тусдаа сэтгэл зүйчид хандаж, нөхрийг маань сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн. Нөхөр тэр шийдвэрийг хүлээн зөвшөөрч, надаас уучлал гуйх хугацаандаа эмчилгээ хийлгэнэ гэж тохироод эргээд бид хоёрын амьдрал хэвийн болох гэж их хичээсэн боловч нөхөр одоог хүртэл эмчилгээ хийлгээгүйн улмаас муу хардалт улам их ихсэж, нөхөр өөр хүнтэй хуурах ихсэж, одоо ийм салахад хүрээд байна. сүүлийн 3 дахь удаагийн хууралт надад мэдэгдэж, дараа дахин хуурахгүй гэсэн амлалтын бичиг хүртэл бичиж өгсөн. Мөн 2017 онд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах төвөөр орж эвлэрснээс хойш нөхөр намайг улам ихээр хардаж, сэрдэж миний унаж байсан авто тээврийн хэрэгсэлд байршил заадаг яриа чагнадаг төхөөрөмж нууцаар суулгаж, үргэжл намайг мөрдөж мөшгиж байсан. Энэ машинаа ийм төхөөрөмжтэй болсонг мэдээд хариу арга хэмжээ авч өөрийн дүүгийн унаж байсан машинтай сольж унасан. Тэгсэн тун удахгүй миний гар утасны дугаарыг өөрийн гар утасны яриаруу шилжүүлж, намайг дуулага хүлээн авах аргагүй болгож, үргэлж намайг мөрдөж, мөшгиж, хардалт нь улам даамжирч, надад тайван байх арга айдас түгшүүртэй хэрүүлтэй байгаад таарахгүй байна гэсэн шийдвэрт хүрч гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. ******* архи ууж согтохоороо их түрэмгий аймар догшин болдогоос гадна, хардаж сэрдэж, мөргиж болоогүй зүйлийн хов шивээр намайг үргэлж шахаж дарамталдаг. Одоо би бол үнэхээр айж байна. Үр хүүхдийнхээ ирээдүйд ч санаа зовж, гэр бүлийн хүчирхийлэлтэй амьдармааргүй байна. иймд *******аас гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Бидний дундын өмчлөлийн орон сууц болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5 баг Уртбулаг 11 хороолол 16-б байрны 54 тоот байрыг нөхөр *******ад үлдээх, мөн LEXUS RX400 маркын 11-51 ОРА дугаартай машиныг өөрт үлдээх, бидний гэр бүлийн хадгаламжид байсан мөнгө болох 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч миний бие гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдээ асрамжид авах, эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай *******гийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие ******* нь гэрлэлт цуцлуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бид дараах зүйлийг ярилцаж тохирсон, мөн хүүхдүүдийн саналыг сонссон болно. Том хүү эцэг миний асрамжид, бага хүү ыг эх *******гийн асрамжид үлдээхээр, бидний дундын өмчлөлийн орон сууц болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-р баг Уртбулаг 11 дүгээр хороолол 16-Б байрны 54 тоот 2 өрөө 8 хувийн ипотекийн зээлтэй байраа ******* би өөрийн эзэмшилд үлдээхийг хүлээн зөвшөөрсөн, харин машин, хадгаламжийн тухайд бидний өмчлөлийн LEXUS RX400 маркийн 11-51 ОРА авто машинаа зарж, мөнгийг дундын өмчлөлийн хадгаламжид буй 8 000 000 төгрөгт нэмж түүгээр бага хүү болон *******гийн өмчлөлийн орон сууцтай болгоход зориулах хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...бага хүү ыг өөрийн асрамжид авна, том хүү эцгийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг авахгүй гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...бид ярилцаад 2 хүүхдээ нэгэ нэгээр нь авахаар болсон.Хүүхдүүдээ нэг нэгээр нь авч байгаа учраас хэн хэндээ хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар ярилцсан.Байраа би, машинаа *******д үлдээхээр тохиролцсон.Мөн хадгаламжид байсан 8 000 000 төгрөгийг одоогоор би аав, ээждээ зээлдүүлсэн.Энэ 8 000 000 төгрөгийг *******д өгөхийг зөвшөөрч байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Гэрлэгчид 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон, тэдний дундаас 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү И.Баянжаргал, 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.З-д Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заасан.

Зохигчид 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 82 дугаартай эвлэрлийн гэрээгээр цаашид амьдрахаар тохиролцсоныг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШЗ2017/01525 дугаар захирамжаар баталгаажуулсан боловч нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулах шаардлага дэмжиж шүүхэд нэхэмжлэл гаргасан, хариуцагч уг шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд зохиогчид харилцан тохиролцож хүү эцэг *******ын, хүү ыг эх *******гийн асрамжид үлдээхээр тохиролцсон.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасны дагуу шүүхээс хүү И.Баянжаргал, нараас санал асуусан тэмдэглэлд И.Баянжаргал ...аавтайгаа амьдарна, ...ээжтэйгээ амьдарна гэсэн санал өгсөн байгааг харгалзан уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү эцэг *******ын, хүү ыг эх *******гийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг тогтоож өгсөн ч зохигчид хүүхдүүдээ тус тусдаа буюу нэг, нэгээр нь авч байгаа тул шүүхээс харилцан хүүхдийн тэтгэлэг тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сум 5-р баг, Уртбулаг 11 хороолол 16б байрны 54 тоот орон сууцны зориулалттай 44,83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг *******ын өмчлөлд үлдээхийг хүссэн бол 11 51 ОРА улсын дугаартай LEXUS RX400 маркийн авто машин болон гэр бүлийн хадгаламжид байсан 8 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараас үзвэл уг нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй байх тул Орхон аймгийн Баян-Өндөр сум 5-р баг, Уртбулаг 11 хороолол 16б байрны 54 тоот орон сууцыг *******ад, 11 51 ОРА улсын дугаартай LEXUS RX400 маркийн авто машиныг *******д тус тус үлдээж, хариуцагчаас 8 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү эцэг *******ын, 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү ыг эх *******гийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

3.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4., 129 дүгээр зүйлийн 129.2., 130 дугаар зүйлийн 130.2-д заасныг баримтлан Баян-Өндөр сум 5-р баг, Уртбулаг 11 хороолол 16б байрны 54 тоот орон сууцыг *******ын,

-11 51 ОРА улсын дугаартай LEXUS RX400 маркийн авто машиныг *******гийн өмчлөлд тус тус үлдээж,

-Хариуцагч *******аас 8 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хуульд заасны дагуу хийж, гэрчилгээг гаргахыг Улсын бүртгэлийн хэлтэс, Авто тээврийн газарт тус тус даалгасугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Ө.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

7.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА