| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0146/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/152 |
| Огноо | 2024-10-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/152
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Э
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Г-ын Б-д холбогдох 2328001630156 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны сүүлээр Өмнөговь аймгийн ... сумын Соёлын төвийн дарга ажилтай А.Т-тэй ... дугаарын утсаар холбогдож “...” ТББ нь сумдуудаас морин хуурын судалгаа аваад сумын хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж өгнө гэж хуурч мэхлэн, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ирж уулзаад Өмнөговь аймгийн ... сумын Соёлын төвийн 9 ширхэг морин хуур, сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7 ширхэг морин хуурыг Улаанбаатар хотын “...” хөгжмийн үйлдвэрт засвар үйлчилгээ хийгээд буцааж авчраад хүүхдүүдэд 7 хоногоор 4 удаагийн давтамжтай морин хуурын сургалт зохион байгуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 16 ширхэг морин хуурыг авч 8,112,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Б-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2005 оноос хойш Эрдэнэтийн хүүхдийн ордонд хамт сурч байсан Соёл урлагийн их сургууль төгссөн, Улаанбаатар чуулга, Үндэсний урлагийн их театрт ажилладаг мэргэжлийн морин хуурч найзуудтайгаа хамтраад 2019 онд “...” төрийн бус байгууллагыг байгуулсан. Байгууллагын үйл ажиллагаанд би ихэвчлэн оролцдог. Манай найзууд болохоор өөрсдөө мэргэжлийн хөгжимчид учраас чөлөөт цаг багатай байдаг. Бид нар 2019 онд ямар зорилготой байгуулсан бэ гэхээр нэгдүгээрт хөгжмөө түгээн дэлгэрүүлэх, захын сумдуудын сургалт авч чадахгүй байгаа хүүхдүүдэд хөгжмөө хүргэх, энэ дунд ч гэсэн бид нар өөрсдөө ч гэсэн бас ажилтай байх гэсэн зорилгоор явсан. Түрүү ярьсанчлан 2019 оноос одоог хүртэл энэ хугацаанд бид нар 5 аймгийн 19 сумын нийт 250 хуур шинэчлээд энд байгаа эдгээр хууруудтай нийлээд 30 орчим хуур үлдсэн байгаа. Энд яагаад луйврын шинжтэй болон үл итгэх зүйлүүд үлдсэн гэхээр 2 зүйл байна. Эхнийх нь болохоор ... сум 2022 оны 1 сарын сүүлээр бид нарын үйл ажиллагааны хамгийн сүүлд бүртгэгдсэн сум байсан. Бид нар ... сумыг аваад дараагийнхаа үйл ажиллагааг эхлэх байсан боловч бид нарын санхүүжилт “...”-тай холбоотой асуудлаар зогссон. Бид нарыг дэмжиж байсан Эрдэнэтийн холбооны Нямдаваа гэж хүн маань ажлаа өгсөн. Тэгээд бид нарын санхүүжилт тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Ингээд бид нарын тэр хүмүүст амлаж байсан, сургалт явуулах, хөгжим бичнэ гэсэн ажлууд хойшилсон. Энэ дунд бид нар санхүүжилт зогсохыг мэдэхээсээ өмнө ... сумын 16 ширхэг хуурыг “...т Магнай” компанид засварт өгсөн байсан. Тэгээд бид нар 2 сар орчим болсон. Түүнийг “...т Магнай” компанийн баримтаас гаргаж ирж баримтыг нь харуулах боломжтой. Тэгээд бид нар очиж авах гэсэн боловч санхүүжилт байхгүй учраас тэр хөгжмийг авах боломжгүй болсон. Ингээд “...т Магнай” компани бид нарын эд хөрөнгийг хураасан. Та нар төлбөрөө төлж байж үүнийг авах ёстой гээд бид нар дараагийн үйл ажиллагаандаа оролцсон. 2023 оны 06 дугаар сард бид нар дахин хөрөнгө оруулагч хүн олоод дахиад шинээр хуурын материалуудаа аваад “...т Магнай” компанид мөнгийг нь төлөөд засаж дуусаагүй нэмэгдсэн байгаа хууруудаа аваад хууруудаа шинээр дахиж хийж эхэлсэн. Ингээд 7 сард үйл ажиллагаа жигдрээд явж байхад Т гэдэг хүн манай пэйж хуудсаар ороод 20 сая төгрөгийн санхүүжилт авсан тэр хүнтэй холбогдоод наад хүмүүс чинь бид нарын хөгжмийг аваад өгөөгүй 5, 6 сар болж байна. Зөв хүмүүстэйгээ хамтарч ажиллаарай наад хүмүүс чинь асуудалтай хүмүүс шүү гэх зүйлийг яриад тэр хүмүүс бид нарт үл итгэх хандлага гаргаад тэгээд бид нар тэндээс нь болж зөрчилдөөд дахиад энэ ажил маань тодорхой хугацаагаар хойшилсон.Тэгсэн ч бид нар тэр хүнээс тал мөнгийг нь авчихсан байсан учраас одоо хүртэл авсан модоороо хуураа хийсээр л байгаа. Эрдэнэт хотод материалууд нь байгаа. Одоо энэ хэргийн материал дээр манай үйлдвэрийн хийсэн хуурууд байгаа. Яагаад бүх юм ингэж удаад байгаа гэхээр нэгдүгээрт би зөвхөн өнгөрсөн жил тавьсан 20,000,000 төгрөгийнхөө тал 10,000,000 төгрөгийг би өөрөө одоог хүртэл төлөөд явж байгаа. Хажуугаар нь хөгжмөө тоглоод олсон орлогоороо бага багаар 30 гаруй хуурыг дуусгах гээд явж байгаа. Үнэнийг хэлэхэд 2010 онд үйлдвэрлэсэн “...т ...”-ын сургалтын хуур 3,345,000 төгрөгийн үнэтэй байсан. Тийм хуурыг одоо зар дээр ч юм уу мэргэжлийн хүн дээр аваачаад зарахад бодит үнэлгээ нь 150,000 төгрөг ч хүрдэггүй. Энэ хүний түрүүн 360,000 төгрөгийн мастер хуур гэж хэлсэн. Монголын стандарт болохоор 750,000 төгрөгөөс дээших хуурыг мастер хуур гэнэ гэсэн стандарт байдаг. 300,000 төгрөг түүнээс доош хуурыг сургалтын хуурт тооцдог. Бэсрэг хуур гэж явдаг. Бид нар бусад хүүхдийн сурч боловсрох хугацааг алдагдуулж, энэ хүмүүсийг хохироосондоо гэмшиж байгаа. Гэхдээ бид нар хууруудаа нэг хоёроор нь засаад явж байгаа. 2019 оноос хойш бид нар 250 орчим хуураа шинэчилж явсаар байгаад одоо 30 гаруй хуур л үлдсэн. Бид нарын төлөвлөгөө муу бас цаг хугацаанаас болоод л жоохон хойшлоод яваад байгаа. Бусдаар бид нар юмаа хийсээр явж байгаа. Бид нар 150,000, 200,000 төгрөг хүрэх ч үгүй юмыг аваад зарах зорилго байгаагүй. Бид нар 5 аймгийн 19 сумаас 3 аймгийнх нь 12 сумд нь сургалт орж байсан. Яг түрүүний улсын яллагчийн хэлсэн шиг бид нар 7 хоногийн давтамжтай өөрсдийнхөө хөрөнгө зардлаар явдаг. Сургуулиас бид нарт үнэгүй байр хоол гаргаж өгдөг. Ганцаарчилсан сургалт авах боломжтой хүүхдүүд нь төлбөрөө төлөөд явдаг байсан. Сургуулиас аль болох санхүүгийн боломжгүй хүүхдүүдээ хамруулаарай гэж явж байсан. ... суманд сургалт орж чадаагүй шалтгаан нь хамгийн сүүлд санхүүжилт зогсохтой зэрэгцээд ийм зүйл болчихсон учраас сургалтыг үнэхээр орж чадаагүй. Хөгжим нь хойшлоод жил гаран болж байгаа. Энэ хугацаанд сургуулийнх нь 9 ширхэг хуур нь “... магнай”-ын 2010 онд үйлдвэрлэсэн хөгжим байсан. 345,000 төгрөгийн үнэлгээтэй, түүнээс 2 хөгжмийг нь 2024 оны 02 дугаар сард хүлээлгэж өгсөн. Сургуулийнх нь 7 хуур байгаа, 2 хуур нь акталсан хуур, одоо энд байна. Үлдсэн 5 хуур нь 7 хоногийн өмнө бэлэн болсон. 2024 оны 06 дугаар сарын мэдүүлэг дээрээ би хэлсэн. ... байцаагч надад хэлэхдээ Т гэдэг хүнд дамжуулаад хэлчихье гэж тохиролцсон. Тэр дээр юу гэсэн гэхээр 09 дүгээр сард хичээл ороод 09 дүгээр сарын сүүлээр 10 дугаар сарын эхээр дугуйлан секц жигдрээд ирэхээр хөгжмүүд бэлэн болно гэж тохиролцоод салсан. Тэрнийхээ дагуу бид нар одоогийн байдлаар 5-7 ширхэг хөгжим хийчихсэн байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Анх 2022 оны сүүлээр ... дугаарын утаснаас миний ... дугаарын утас руу холбогдоод “...” ТББ нь сумдуудаас морин хуурын судалгаа аваад сумын хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж өгнө” гэхэд би хүлээн зөвшөөрсөн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ... сумын Соёлын төвд байхад “...” ТББ-аас ярьсан хүмүүс байна гээд хоёр үл таних залуу орж ирсэн. Тэгээд Орхон аймгийн албан бичиг болон “...” ТББ албан бичиг үзүүлэн манай Соёлын төвийн эвдрэл гэмтэлтэй морин хууруудыг Улаанбаатар хотод “...” хөгжмийн үйлдвэрт засвар үйлчилгээ хийлгээд буцаад авч ирээд 7 хоногоор 4 удаагийн давтамжтайгаар сургалт зохион байгуулна гээд манай морин хууруудыг үзээд 9 ширхэг эвдрэл гэмтэлтэй морин хууруудыг авч явахаар болсон. Тухайн үед ЕБС-ийн эвдрэл гэмтэлтэй 7 ширхэг морин хууруудыг бас авч явсан. Үл таних хоёр залуу “Приүс-30” загварын автомашинтай явж байсан, би өнгө болон улсын дугаарын сайн мэдэхгүй байна, би тухайн үед хараагүй. Үл таних хоёр залуу “Приүс-30” автомашины арын суудлыг урагшаа унагааж байгаад бүгдийг нь ачсан. Тэгээд үл таних хоёр залуу үдээс хойш 16 цагийн үед манай сумаас явсан... Би өөрийн ... дугаарын утаснаас ... дугаарын утас руу өдөрт 1-2 удаа залгадаг ч ярьж чаддаггүй. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл “...” гэх фейсбүүк хаяг руу чат бичиж холбогддог байсан. Одоо ямар нэгэн холбоо байхгүй... 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн ... сумын төвд ажил дээрээ байхад Г.Б нь фейсбүүк чатаар надтай холбогдоод “2 ширхэг морин хуур өгөх гэсэн юм аа хаана хүргэж өгөх вэ би хотод байна” гэхэд би “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Яармагийн нүхт 17-2976 хаягт манай ээж байгаа энэ хаягт хүргээд өг” гэж хэлсэн. Тэгээд Г.Б нь тухайн өдрийн маргааш нь манай ээжийн хаягт 2 ширхэг морин хуур хүргэж өгсөн. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын эхэн үед би өөрөө Улаанбаатар хотод очиж ээжээс авч Өмнөговь аймгийн ... сумын соёлын төвд авчирсан. Г.Б-гийн өгсөн 2 ширхэг хуур нь үйлдвэрийн биш гар хийцийн морин хуур байсан, дуугаралтын хувьд тоглолт болон арга хэмжээнд ашиглах боломжгүй харин хүүхдүүдэд сургалт ороход тохиромжтой морин хуур байсан.” (хавтаст хэргийн 30-31, 32-33 дахь тал)
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би болсон хэргийн талаар мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар 2022 оны сүүлээр “...” ТББ-ын хүмүүс ирээд морин хуурын сургалт орно морин хуурыг засаж янзална гэж хэлээд манай сургуулийн 6 ширхэг морин хуурыг аваад явсан байсан. Тэгээд уг 6 ширхэг морин хуураас нэг ч морин хуурыг буцааж өгөөгүй байгаа. 6 ширхэг морин хуур нь 2010 онд авсан сургалтын стандартын морин хуур байсан. Манай сургуульд учирсан 6 ширхэг морин хуурыг буцааж авмаар байна.” (хавтаст хэргийн 36-38 дахь тал)
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Намайг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ... сумын ЕБС-ийн ажлын өрөөндөө байж байхад ... сумын Соёлын төвийн эрхлэгч А.Т нь миний гар утас руу залгаад “Морин хуур үнэгүй засна гэсэн 2 хүн ирсэн байна, танайд засуулах морин хуур байгаа юу” гэхэд би “байгаа” гэж өөрийн 2018 онд “...” хөгжмийн үйлдвэрээс худалдан авч байсан мастер морин хуурыг засуулахаар авчирч өгсөн. Тухайн үед ... сумын Соёлын төвөөс А.Т нь 9 ширхэг мастер морин хуур, сумын ЕБС-аас 6 ширхэг сургалтын стандарт морин хуур гарч ирсэн байсан. Тэгээд би өөрийн 1 ширхэг мастер морин хуурыг нэмээд нийт 16 ширхэг морин хуурыг морин хуур засна гэсэн 2 залууд өгсөн... Би гомдолтой байна, миний хохирлыг барагдуулж өгнө үү.” (хавтаст хэргийн 42-43 дахь тал)
Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед манай дарга А.Т үл таних хоёр залуутай орж ирээд эвдэрсэн гэмтсэн морин хуурыг засаж сэлбэнэ тэгээд хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулна гээд манай ажлын хувцасны өрөөнд байсан морин хууруудаас үзэж байгаад 9 ширхэг морин хуур засаж сэлбэж авчирч сургалт зохион байгуулна гээд авч явсан. Тухайн үед үл таних хоёр залуу мөнгөлөг саарал өнгийн “Приүс-20” загварын автомашинтай байсан, би улсын дугаарыг нь хараагүй. Тухайн үед 9 ширхэг морин хуурыг Г.С, А.Т бид 3 хувцасны өрөөнөөс зөөгөөд автомашинд нь хүргэж өгсөн. Тэгээд сургуулиас бас хэд хэдэн ширхэг эвдэрч гэмтсэн морин хууруудыг зөөж авчирч байсан. Тэгээд нийтдээ 16 ширхэг эвдэрч гэмтсэн морин хуур авч явсан.” (хавтаст хэргийн 46-47 дахь тал)
Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай байгууллагын арга хэмжээ давхардаад завгүй байсан. Тухайн үед би 15 цагийн үед Соёлын төвийн бүжгийн зааланд цэвэрлэгээ хийж байхад үл таних хоёр хүн орж ирээд морин хуурын сургалт зохион байгуулна танайх хэдэн хүүхэдтэй вэ гэж асуухад нь би сургуулийн хүүхдийн тоо сайн мэдэхгүй, ер нь сургалт явуулж эхэлбэл хүүхдүүд хамрагдах байх гэхэд гараад явчихсан. Тэгээд би тэр хоёр үл таних залуутай дахиж уулзаагүй.” (хавтаст хэргийн 50 дахь тал)
Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би мэднэ. “...” Төрийн бус байгууллага “...” гэх төрийн бус байгууллагатай хамтран зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй бүтэн жилийн морин хуурын сургалт явуулна гээд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай байгууллагад албан бичгээр хандаж байсан. Тэгээд манай байгууллагаас тухайн албан бичгийг хүлээж аваад нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа ажил гэж дэмжээд манай байгууллагаас өрөө тасалгааг нь хөнгөлөлттэй үнээр буюу сарын 60,000 төгрөгөөр түрээслэх гурвалсан гэрээг хийсэн. Тэр сургалтад 100 гаруй хүүхдийг бүртгэн авч сургалт 2020 оны 06 дугаар сарын орчмоос явуулж эхэлсэн боловч “...” Төрийн бус байгууллага нь үнэ төлбөргүй явуулна гэдгээ болиод өрөө танхимаа тохижуулна гэх байдлаар сургалтад хамрагдсан хүүхдүүдээс мөнгө татаж эхэлсэн байсан. Тэгээд манай байгууллагаас “...” төрийн бус байгууллагын хүмүүсийг манай мэргэжилтэн Батжаргал дуудаж уулзана та нар хүүхдүүдээс мөнгө авч байгаа бол бид нар гурвалсан гэрээ цуцална яагаад үнэ төлбөргүй гэчхээд хүүхдээс сургалтын төлбөр хэлбэрээр бус өрөө тасалгаа тохижуулна гэж хүүхдүүдээс мөнгө нэхсэн байна гэж сануулга өгөөд хамтын ажиллагааг цуцалж өрөөг суллана гэж хэлсэн. Тэгсэн чинь “...” Төрийн бус байгууллага гэрээний дагуу “...” олон улсын байгууллагаас санхүүжилтээ авах хэрэгтэй болсон чинь материал бүрдүүлэх хэрэгтэй болчихоод тэр дунд танайхтай хамтран ажиллаж байгаа гэх тодорхойлолт байх шаардлагатай байна гээд надаас тодорхойлолт өгөөч гэж орж ирэхээр нь манайхаас тодорхойлолт өгөх боломжгүй гэж тухайн үед нь буцаасан. Тэгээд тэд нар тодорхойлолт авч байж санхүүжилт авна гээд манай өрөөний үүдэнд бүтэн нэг өдөр суусан. Тэд нарын хэлж байгаагаар санхүүжилтээ аваад танай өрөөг тохижуулаад үнэ төлбөргүй сургалт явуулах боломжтой болно гэж байсан. Тэгээд гуйгаад салахгүй болохоор нь танайх энэ зорилтот бүлгийн 100 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй сургалтаа явуулна шүү ямар нэг мөнгө төгрөгийн асуудал гаргахгүй шүү гэх хоёр үндсэн шаардлага тавиад тодорхойлолт бичиж өгсөн. “...” Төрийн бус байгууллагыг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр анх манайд албан хүсэлт тавихад нь мэдэж авсан. Тухайн үед гэрээ дүрмээ зөрчөөд байсан бас хүүхдүүдэд цагийн хуваарийн дагуу сургалтаа ордоггүй хүүхдүүдээс удаа дараа мөнгө татах зэргээр гэрээ зөрчөөд байсан болохоор нь манайхаас гэрээг цуцлаад гаргачихсан. Одоо бол ямар нэгэн харилцаа холбоо байхгүй... Сайн танихгүй зүс л мэднэ. 2, 3 удаа л уулзаж байсан. Анх манай байгууллагад хүсэл тавьж орж ирж байхад нь танилцаж байсан. А гээд Эрдэнэт хотын Соёл урлагийн цогцолборт ажилладаг байсан хүнээс Г.Б-г асууж тодруулахад авьяастай сайн хөгжимчин байгаа гэж аман хэлбэрээр тодорхойлж хэлж байсан. Авсан тодорхойлолтоо зориулалтын бусаар ашиглаж байгууллагад нэр хүндэд халдсанд нь гомдолтой байна.” (хавтаст хэргийн 63 дахь тал)
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “Би анх 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Г-ийн Э-ын хамт “... ТББ” үүсгэн байгуулж зорилтот бүлэгт үйлчлэх зорилгоор үүсгэн байгуулсан. 2019 оноос 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хэвийн ажиллаж байсан ба одоогоор ажил завсардсан байна. Хэвийн ажиллаж байх хугацаанд 2022 оны 02 дугаар сард “Морин хуур хөгжмийн хөгжлийн хөтөлбөр” зохион байгуулаад алслагдмал сумдын эвдрэл гэмтэлтэй морин хуурыг засварлаж, янзлуулан сумын хүүхдүүдэд үнэ төлбөргүй морин хуурын сургалт зохион байгуулж ажиллах зорилгоор Архангай, Төв аймаг, Булган, Хөвсгөл, Өмнөговь гэх 5 аймгийн 16 сумын судалгаа гаргаж хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаад хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн ... сумын Соёлын төвийн эрхлэгч болох А.Т гэх хүнтэй урьдчилсан байдлаар утсаар холбогдож очсон. Тухайн үед “...” ТББ үүсгэн байгуулагч Г.Э-ын хамт “prius-30” загварын тээврийн хэрэгсэлтэй очиж ... сумын Соёлын төвийн 9 ширхэг, ... сумын ЕБС-ийн 7 ширхэг эвдрэл гэмтэлтэй байсан морин хуурыг сонгож аваад Улаанбаатар хотод байрлах “...” хөгжмийн үйлдвэрт засвар үйлчилгээ хийх зорилгоор авч явсан. Тухайн үед хөгжмийн тоо бага байсан учраас хүүхдүүдэд сургалт орж чадаагүй. Тэгээд 2023 оны 02 дугаар сард ... сумаас авсан морин хууруудаа “...” хөгжмийн үйлдвэрт засвар үйлчилгээ хийлгүүлэх зорилгоор өгсөн, хөтөлбөр 2022 оны 02 дугаар сараас хэрэгжиж эхлээд бусад аймаг сумуудаас авсан морин хуурын засварын зардлыг Г.Э бид хоёр хувиасаа мөнгө гаргадаг байсан. Тэгээд 03 сарын сүүл үеэр засварт өгсөн морин хууруудаа авсан. Тэгээд 04 дүгээр сараас 05 дугаар сарын хоорондох хугацаанд “Морин хуур хөгжмийн хөгжлийн хөтөлбөр” гэх үйл ажиллагаанд хөрөнгө оруулах ёстой байсан “хувь хүмүүс болон ЈСІ олон улсын байгууллага”-тай холбогдож хөтөлбөрийн үеэр хувиасаа гаргасан зардлыг хөрөнгө оруулагчдаас гаргуулан авах байсан боловч Г.Э бид хоёрын холбогдож байсан JCI-ын удирдах албан тушаалтан нь албан тушаалаа хүлээлгэн өгсний улмаас манай хөтөлбөрт санхүүжилт өгөх боломжгүй болсон. Тэгээд Г.Э бид хоёр хөтөлбөр эхэлснээс хойш хувиасаа гаргасан зардлаа нөхөн олохын тулд өөрсдийн хөрөнгөөр засварласан сумдын хөгжмийг борлуулж авсан хөрөнгөөс нь өөрсдийн зардлыг гарган авч мөн сумдын хөгжмийг шинээр хийх материал авсан. Тэгээд 06 дугаар сард шинэ морин хуур хийх гэж авсан материалаа хувиараа морин хуур хийдэг хүмүүст хуваарилан өгч морин хуур хөгжмийн эд ангийг захиалсан бөгөөд 214 ширхэг морин хуур хийх ажилд орсон. Тэгээд 07 дугаар сарын сүүлээр захиалсан эд ангиудаа би ганцаараа бүрэн дүүрэн хүлээн авч угсрах, өнгөлөх, зүлгэх, тохиргоо хийх ажилд ганцаараа орсон бөгөөд 08 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд би ганцаараа нийтдээ 36 ширхэг сургалтын стандарт морин хуур угсарч гаргасан. Уг 36 ширхэг морин хуурыг Архангай аймгийн Цэнхэр, Төвшрүүлэх, Өгий нуур, Эрдэнэбулган сумуудад хувааж өгсөн. Одоогоор надад 178 ширхэг морин хуур хийх эд анги болон материал бэлэн байгаа би Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын Дүүхээ төвийн ертөнцийн зүгээр урд зүгт байрлах 12 давхар байрны 3 дугаар орцны подвал хэсэгт хөгжмөө угсарч байгаа. Ойролцоогоор 10 хоногийн дараагаар 22 ширхэг морин хуур бэлэн болж гарна, тэр үед Өмнөговь аймгийн ... сумын 16 ширхэг морин хуур болон Булган аймгийн Рашаант сумаас авсан 6 ширхэг морин хуурыг бүрэн хүлээлгэн өгнө.” (хавтаст хэргийн 53-55 дахь тал)
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... 2005-2017 онд Эрдэнэт аймгийн Соёлын ордонд морин хуурын ангид суралцаж төгссөн. 2016-2018 онд Монгол НD телевизэд авьяаслаг монголчууд шоуны шилдэг оролцогчдын 2 жилийн гэрээгээр ажилласан. 2019 оноос хойш ... төрийн бус байгууллагын үйл ажиллагааг явуулж байна.” (хавтаст хэргийн 90-91 дэх тал)
“Damno” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ӨмЦ-24-107 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “2016 онд ... сумын 90 жилийн ойн баяраар бэлэг болон ирсэн, ... хөгжмийн үйлдвэрээс худалдан авсан, мастер морин хуур 9 ширхэг, нэгжийн үнэ 720,000 төгрөг, нийт 6,480,000 төгрөг.” (хавтаст хэргийн 66-69 дэх тал)
“Damno” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ӨмЦ-24-106 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “2018 онд ... магнай ХХК-аас худалдан авсан, мастер морин хуур 1 ширхэг, нийт үнэ 720,000 төгрөг.” (хавтаст хэргийн 73-76 дахь тал)
“Damno” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ӨмЦ-24-105 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “2010 онд худалдан авсан сургалтын стандарт морин хуур 1 ширхэг, нэгжийн үнэ 152,000 төгрөг, нийт 912,000 төгрөг.” (хавтаст хэргийн 80-83 дахь тал)
Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хохирогч /хуулийн этгээд/-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол (хавтаст хэргийн 25, 35 дахь тал)
Өмнөговь аймаг ... сумын ерөнхий боловсролын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 34 дэх тал)
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 99-100 дахь тал)
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ... сумын цагдаагийн хэсгийн мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 105 дахь тал)
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ... сумын цагдаагийн хэсгийн мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 106 дахь тал)
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ... сумын цагдаагийн хэсгийн мөрдөгчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 107 дахь тал),
Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 8/2 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 113 дахь тал)
“...” НҮТБ-ын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 33 дугаартай хүсэлт (хавтаст хэргийн 114 дэх тал)
Чатны зураг (хавтаст хэргийн 117-118 дахь тал)
Г.Б-гийн морин хуур үйлдвэрлэж байгаа явцын зураг (хавтаст хэргийн 120-122 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Т-ид 6,480,000 төгрөгийн хохирол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-т 912,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.О-т 720,000 төгрөгийн хохирол, нийт 8,112,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч Г.Б-гаас хохирогчид төлсөн 2 ширхэг морин хуурын үнийг хасаад 5,560,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Т-ид, 912,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У, хохирогч Б.О-т 720,000 төгрөгийг гаргуулж олгох саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э-ын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаан дээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл миний үйлчлүүлэгч Г.Б-гийн хувьд гэм буруутай эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдож байна. Нэгдүгээрт “...” төрийн бус байгууллагад морин хуурын чиглэлээр сургалт явуулах, морин хуур засварлах үйл ажиллагааны чиглэл байхгүй байхад үйл ажиллагаа явуулж байгаа нь залилах гэмт хэргийн шинжтэй гэж нэг хувилбараар гаргаж ирдэг. Гэтэл морин хуурыг бусдад зааж сургах, морин хуурыг өөрөө ч юм уу, өрөөлөөр ч юм уу дамжуулж засаж сэлбэж өгөхөд ямар нэгэн тусгай зөвшөөрөл шаарддаг үйл ажиллагаа биш. ...Яагаад гэвэл энэ өөрөө тусгай зөвшөөрөл шаарддаггүй үйл ажиллагаанууд учраас бараа материал худалдаж аваад зараад явж байж болно. Энэ өөрөө хуулиар хориглоогүй учраас “...” төрийн бус байгууллагын гэрчилгээнд морин хуур сургалт заана, морин хуур засаж сэлбэнэ гэж бичигдээгүй учраас энэ хүмүүс хуурсан байна гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн бус байгууллагуудын 95 хувь нь ямар нэгэн санхүүжилтгүй сайн дурын хандив тусламжаар явж байдаг. Бүгд сайхан сэтгэлийн үүднээс л бүх юмыг эхлүүлдэг боловч ихэнх нь бүтэлгүйтэх тохиолдол олонтоо бөгөөд энэ болгоныг гэмт хэрэг гэж үзвэл өрөөсгөл ойлголт болно. Санхүүжилтийн хувьд ашгийн төлөө бус байна гэдэг нь ерөөсөө энэ хүмүүс мөнгөгүй бүхнийг хийгээд явна гэсэн үг биш. Ашиг гаргаж аваад хувьдаа ашиглаж болохгүй гэсэн үг. Энэ талаар улсын яллагч буруу ойлголттой байх шиг байна. Орхон аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дарга нь манайхтай хамтарч ажилладаг гэсэн тоот авсан, хамтарч ажиллаж байгаагүй байж худал мэдээлэлтэй тоот гаргуулж гуйж хуурч мэхэлж авсан гээд байдаг. Гэтэл Н нь өөрөө гэрчийн мэдүүлэг өгөхдөө 2020 онд “...” гэж байгууллагатай бид нар хамтран ажиллах талаар ярилцаж байгаа бөгөөд үүнд ажлын туршлага, үзүүлэлтүүд хэрэгтэй байна. Тийм учраас танайхтай хамтарч ажиллах хэрэгтэй байна гээд гурвалсан гэрээ байгуулсан талаар мэдүүлсэн. Хүүхдүүдэд сургалт орох явцад хураамжтай холбоотойгоор бидний хооронд маргаан үүссэн гэсэн зүйл яригдаад байдаг. Н гэх хүн манай байгууллагын нэр хүндийг буруугаар ашигласан гэж тайлбарладаг атлаа “...” ТББ-тай хамтран ажиллаж гэрээ байгуулж, өөрсдийнх нь харьяа байгууллага дээр очоод сургалт зохион байгуулах байдлаар хамтран ажиллаж байсан талаар мэдүүлдэг. Үүнээс үзэхэд 2020 оноос хойш энэ хүмүүс гэрээ байгуулаад сайн ч, муу ч, маргаантай ч гэсэн сургалтын чиглэлээр хамтарч ажиллаж байсан нь нотлогддог. Мөн хавтаст хэрэгт авагдсан маш олон нотлох баримтууд зөвхөн яллах талын нотлох баримтыг л шалгаад явчихсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд “...”-тай хүмүүсийн нэр дурдаад харьцаад байхад тэр хүмүүсийг нь асуугаад үнэхээр энэ залуучууд танай байгууллагатай хамтран ажиллах санал ярьсан юм уу, үнэхээр ажлын туршлага юмаа бүрдүүлээд улс орны хэмжээнд ажилласан туршлагаараа хийж хэрэгжүүлснээ тайлагнавал санхүүжилт олгоод цаашдаа нэмэгдүүлээд явж болно гэдэг санал үнэхээр та хэлсэн юм уу, энэ худлаа яриад байгаа юм уу гэж шалгаагүй. Төрийн бус байгууллагад харьяалагддаг бусад залуучуудаас нь асуугаагүй. Ганцхан Г.Б-г дуудаж оруулж ирж байгаад л чи найзууддаа гай болов, одоо чи дуугүй юмаа ярь гэж суулгаж байгаад хамаг юмыг нь яриулаад, тэрийг нь зөвхөн яллах талын байр суурь гээд хараад явчихсан. Зөвхөн Г.Б-г тулгаж асуусан хэдэн мэдүүлгээ яллах талын нотлох баримт болгож ашиглаад яваад байна. Эаас тайлбар авч төрийн бус байгууллагынх нь үйл ажиллагааг тэргүүнээс нь тодруулах ёстой байтал орхигдуулчихсан, залхуурсан энэ хүн гадаадад ч юм уу, хаана ч байгаа юм мэдэхгүй, хамгийн ойр байгаагаас нь Н.Б-г авчирч байгаад бариад авъя гэсэн ойлголттой байсан. Зарим нь 2010 оны морин хуур гэж хохирогчид мэдүүлэгтээ мэдүүлсэн. Гэтэл үнэлгээний баримтад шинэ морин хууруудын үнээр үнэлэгдээд явж байгаа. Хэрвээ аж ахуйн нэгж байгууллагын баланс, хөрөнгийн бүртгэл дээр бүртгэлтэй юм бол яагаад элэгдэл хорогдолд тооцогддоггүй юм. Яагаад Г.Б, Э хоёрт тэр хүмүүс морин хуураа өгөөд явуулсан юм, зүв зүгээр байсан морин хууруудаа өгч явуулахгүй, эвдрэлтэй, гэмтэлтэй байсан болохоор л морин хууруудаа өгч явуулсан. Гэтэл яагаад шинжээчийн дүгнэлтүүдээр бүтэн шинэ морин хууруудын үнэлгээгээр үнэлэгдээд Бгийн эрх зүйн байдлыг дордуулсан. Морин хууруудын өмчлөгч нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй, гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс л энэ соёлын төвийн морин хуур, миний юм, энэ нь сургуулийн морин хуур гээд байдаг. Өмчлөгчийн эзэн нь хөрөнгийн бүртгэл дээрээ байдаггүй юм уу, хөрөнгийн өмч нь мөн юм уу? тайлан баланс, татвар тайлагнадаг хөрөнгийн тайлан дээр тусгагдсан юм уу, хэдэн төгрөгөөр тусгагдсан, элэгдэл хорогдол нь яаж тооцогдсон талаар байхгүй. Өмч нь сургууль гээд л яриад байгаа болохоос биш сургуулийн бүртгэлд авагдсан морин хуурын үнэлгээ, өмчлөлд бүртгүүлсэн талаарх мэдээлэл авагдаагүй байна. Соёлын төв, сургуулийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн тухай мэдээлэл хэрэгт авагдаагүй байхад хууль ёсны төлөөлөгчийг томилсон байдаг. ...Г.Б-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолсон баримт байхгүй, хэрэгт авагдсан материалууд нь бүгд процессын зөрчилтэй байна. Залилах хэргийн хувьд энэ морин хууруудыг хувьдаа аваад бусдад зараад ашиг хийчихье, хувийнхаа эдийн засгийн хэрэгцээнд ашиглачихъя гэсэн зорилго байх ёстой. Гэтэл ийм зорилго харагдахгүй байна. Худлаа төөрөгдүүлсэн зүйл байхгүй, бид нар төрийн бус байгууллагатай гэж хэлсэн, төрийн бус байгууллага байна уу байна, бид нар сургалт явуулдаг гэсэн сургалт явуулдаг л юм байна. Н-ын мэдүүлэгт ч байна, бусад хүмүүсийн мэдүүлэг дээр ч байна. Миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцуулах санал оруулж ирж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд учраас цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Б нь өнгөрсөн хугацаанд амлалтандаа хүрч чадаагүй нь бид нарын буруу. Ирээдүйд энэ ажлыг дуусгаж чадна гэдгийг нотлохын тулд өмнөх 4 аймаг 18 сумын соёлын төв болон сургуулийн хүмүүстэй холбогдож тэр хүмүүсээс бас нотлох баримт авах шаардлагатай байх. Бид нар тэр хүмүүст хийсэн ажил байна. ... сум дээр яагаад ингэсэн гэдэг ганцхан шалтгаан нь хамгийн сүүлийн сум байсан яг санхүүжилт зогсохтой зэрэгцээд орж ирсэн учраас л ... сумын хуур нь ч хожигдсон сургалтад ч орохгүй явж байгаа. ...н хуурууд нь ерөнхийдөө болсон. Гэхдээ А.Т гэдэг хүнд аль аль талдаа хэл ам болоод яах вэ? уг нь танайх хамгийн сүүлийн сум бид нар хамгийн сүүлд танай морин хуурыг өгөх ёстой, урагшаа оруулчихаар өмнө байгаа сумууд нь маргаан хийгээд байдаг, дарааллаар нь өгч байгаатай холбоотойгоор удаад байна гэхээр үгүй ээ үүнийг чинь хүлээж чадахгүй гээд хэл ам хийгээд за яах вэ эгч ээ би ингээд жоохон урагшлуулаад нэг хоёроор нь явуулъя гээд жилийн хугацаанд хоёр гурвыг өгсөн. Бид нар хүнд гай болчихгүйхэн шиг зүгээр л өөрсдийгөө эвтэйхэн авч яваад нэг хүнд хэрэгтэй юмыг чинь аль алийг нь балансыг нь бариад жоохон ч гэсэн эзэмшсэн зүйлээрээ нэг боломжийн амьдаръя гэж хүссэн. Миний одоо хүсэх зүйл болохоор энэ эхлүүлсэн 30 гаран хөгжмийн асуудал байна. Энэ эхлүүлсэн ажлаа дуусгахыг л хүсэж байна гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэж оролцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.Б нь 2022 оны сүүлээр Өмнөговь аймгийн ... сумын Соёлын төвийн дарга ажилтай А.Т-тэй ... дугаарын утсаар холбогдож “...” ТББ нь сумдуудаас морин хуурын судалгаа аваад сумын хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж өгнө гэж хуурч мэхлэн, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ирж уулзаад Өмнөговь аймгийн ... сумын Соёлын төвийн 9 ширхэг морин хуур, сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7 ширхэг морин хуурыг Улаанбаатар хотын “...” хөгжмийн үйлдвэрт засвар үйлчилгээ хийгээд буцааж авчраад хүүхдүүдэд 7 хоногоор 4 удаагийн давтамжтай морин хуурын сургалт зохион байгуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 16 ширхэг морин хуурыг авч 8,112,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Т-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31, 32-33 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дахь тал), хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал), гэрч Ц.Д-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал), гэрч Г.Сгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал), гэрч А.Н-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал), “Damno” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ӨмЦ-24-107 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 66-69 дэх тал), “Damno” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ӨмЦ-24-106 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 73-76 дахь тал), “Damno” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ӨмЦ-24-105 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 80-83 дахь тал), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 63-64 дэх тал), Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 8/2 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 113 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.
Харин залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг дээрх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг байна.
Иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг залилах гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийх эсхүл, залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн, гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, хохирогч тал нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан, гэрээгээр хүлээсэн төлбөрийг төлөх бодит хөрөнгөгүй, гэрээ байгуулах журмыг санаатай зөрчсөн бол залилах гэмт хэргээр зүйлчилдгээрээ иргэний эрх зүйн харилцаанаас ялгагдана.
Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Анх 2022 оны сүүлээр ... дугаарын утаснаас миний ... дугаарын утас руу холбогдоод “...” ТББ нь сумдуудаас морин хуурын судалгаа аваад сумын хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж өгнө” гэхэд би хүлээн зөвшөөрсөн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ... сумын Соёлын төвд байхад “...” ТББ-аас ярьсан хүмүүс байна гээд хоёр үл таних залуу орж ирсэн. Тэгээд Орхон аймгийн албан бичиг болон “...” ТББ албан бичиг үзүүлэн манай Соёлын төвийн эвдрэл гэмтэлтэй морин хууруудыг Улаанбаатар хотод “...” хөгжмийн үйлдвэрт засвар үйлчилгээ хийлгээд буцаад авч ирээд 7 хоногоор 4 удаагийн давтамжтайгаар сургалт зохион байгуулна гээд манай морин хууруудыг үзээд 9 ширхэг эвдрэл гэмтэлтэй морин хууруудыг авч явахаар болсон. Тухайн үед ЕБС-ийн эвдрэл гэмтэлтэй 7 ширхэг морин хууруудыг бас авч явсан... Би өөрийн ... дугаарын утаснаас ... дугаарын утас руу өдөрт 1-2 удаа залгадаг ч ярьж чаддаггүй. 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл “...” гэх фейсбүүк хаяг руу чат бичиж холбогддог байсан. Одоо ямар нэгэн холбоо байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-ийн “...Миний мэдэж байгаагаар 2022 оны сүүлээр “...” ТББ-ын хүмүүс ирээд морин хуурын сургалт орно морин хуурыг засаж янзална гэж хэлээд манай сургуулийн 6 ширхэг морин хуурыг аваад явсан байсан. Тэгээд уг 6 ширхэг морин хуураас нэг ч морин хуурыг буцааж өгөөгүй байгаа. 6 ширхэг морин хуур нь 2010 онд авсан сургалтын стандартын морин хуур байсан. Манай сургуульд учирсан 6 ширхэг морин хуурыг буцааж авмаар байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дахь тал),
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-ийн “Намайг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ... сумын ЕБС-ийн ажлын өрөөндөө байж байхад ... сумын Соёлын төвийн эрхлэгч А.Т нь миний гар утас руу залгаад “Морин хуур үнэгүй засна гэсэн 2 хүн ирсэн байна, танайд засуулах морин хуур байгаа юу” гэхэд би “байгаа” гэж өөрийн 2018 онд “...” хөгжмийн үйлдвэрээс худалдан авч байсан мастер морин хуурыг засуулахаар авчирч өгсөн. Тухайн үед ... сумын Соёлын төвөөс А.Т нь 9 ширхэг мастер морин хуур, сумын ЕБС-аас 6 ширхэг сургалтын стандарт морин хуур гарч ирсэн байсан. Тэгээд би өөрийн 1 ширхэг мастер морин хуурыг нэмээд нийт 16 ширхэг морин хуурыг морин хуур засна гэсэн 2 залууд өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),
Гэрч Ц.Д-гийн “2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цагийн үед манай дарга А.Т үл таних хоёр залуутай орж ирээд эвдэрсэн гэмтсэн морин хуурыг засаж сэлбэнэ тэгээд хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулна гээд манай ажлын хувцасны өрөөнд байсан морин хууруудаас үзэж байгаад 9 ширхэг морин хуур засаж сэлбэж авчирч сургалт зохион байгуулна гээд авч явсан... Тухайн үед 9 ширхэг морин хуурыг Г.С, А.Т бид 3 хувцасны өрөөнөөс зөөгөөд автомашинд нь хүргэж өгсөн. Тэгээд сургуулиас бас хэд хэдэн ширхэг эвдэрч гэмтсэн морин хууруудыг зөөж авчирч байсан. Тэгээд нийтдээ 16 ширхэг эвдэрч гэмтсэн морин хуур авч явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
Гэрч Г.С-гийн “...Тухайн үед би 15 цагийн үед Соёлын төвийн бүжгийн зааланд цэвэрлэгээ хийж байхад үл таних хоёр хүн орж ирээд морин хуурын сургалт зохион байгуулна танайх хэдэн хүүхэдтэй вэ гэж асуухад нь би сургуулийн хүүхдийн тоо сайн мэдэхгүй, ер нь сургалт явуулж эхэлбэл хүүхдүүд хамрагдах байх гэхэд гараад явчихсан. Тэгээд би тэр хоёр үл таних залуутай дахиж уулзаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),
Гэрч А.Н-ын “...” Төрийн бус байгууллага “...” гэх төрийн бус байгууллагатай хамтран зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй бүтэн жилийн морин хуурын сургалт явуулна гээд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай байгууллагад албан бичгээр хандаж байсан. Тэгээд манай байгууллагаас тухайн албан бичгийг хүлээж аваад нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа ажил гэж дэмжээд манай байгууллагаас өрөө тасалгааг нь хөнгөлөлттэй үнээр буюу сарын 60,000 төгрөгөөр түрээслэх гурвалсан гэрээг хийсэн... Тэд нарын хэлж байгаагаар санхүүжилтээ аваад танай өрөөг тохижуулаад үнэ төлбөргүй сургалт явуулах боломжтой болно гэж байсан. Тэгээд гуйгаад салахгүй болохоор нь танайх энэ зорилтот бүлгийн 100 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй сургалтаа явуулна шүү ямар нэг мөнгө төгрөгийн асуудал гаргахгүй шүү гэх хоёр үндсэн шаардлага тавиад тодорхойлолт бичиж өгсөн. “...” Төрийн бус байгууллагыг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр анх манайд албан хүсэлт тавихад нь мэдэж авсан. Тухайн үед гэрээ дүрмээ зөрчөөд байсан бас хүүхдүүдэд цагийн хуваарийн дагуу сургалтаа ордоггүй хүүхдүүдээс удаа дараа мөнгө татах зэргээр гэрээ зөрчөөд байсан болохоор нь манайхаас гэрээг цуцлаад гаргачихсан. Одоо бол ямар нэгэн харилцаа холбоо байхгүй...” (хавтаст хэргийн 63 дахь тал) гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Г.Б нь “...” ХХК-ийн ...хувь хүний боловсролыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор сургалт семинар зохион байгуулах... зэрэг үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр бус эвдэрсэн, гэмтэлтэй морин хууруудыг засаж сэргээсний дараагаар хүүхдүүдэд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулна гэх нэрийдлээр хуурч мэхлэн, засварлан хэмээн авч явсан морин хууруудыг хохирогч нарт буцаан өгөхгүйгээр, захиран зарцуулах эрхийг олж авч, бусдад зарж борлуулсан нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э-ын дүгнэлт няцаагдаж байна.
Шүүгдэгчийн зүгээс өмнө хамтарч ажиллаж байсан JCI Mongolia байгууллагын удирдах албан тушаалтан нь албан тушаалаа хүлээлгэн өгсний улмаас манай хөтөлбөрт санхүүжилт өгөх боломжгүй болсон тул сумдуудаас авсан морин хууруудыг засаж сайжруулах ажилд саад учирсан нь залилах гэмт хэргийн шинжгүй гэж маргаж байгаа боловч түүний мэдүүлгийг давхар нотолсон эсхүл, тухайн байгууллагатай хамтарч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ... сумын Соёлын төв (хууль ёсны төлөөлөгч А.Т), хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О, хохирогч, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ... сумын Ерөнхий боловсролын сургууль (хууль ёсны төлөөлөгч С.У)-ийн нийт 16 ширхэг морин хуурыг авч 8,112,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 99-100 дахь тал)-нд “Хувь хүний боловсролыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор сургалт семинар зохион байгуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллах” гэх үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр “...” ХХК байгуулагдсан байна.
Шүүгдэгч болон өмгөөлөгчийн хувьд “Damno” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ӨмЦ-24-107 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 66-69 дэх тал), “Damno” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ӨмЦ-24-106 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 73-76 дахь тал), “Damno” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ӨмЦ-24-105 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 80-83 дахь тал)-үүдээр морин хууруудын үнэлгээг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр үнэлсэн гэж маргаж байгаа боловч уг дүгнэлтүүдийг шинжлэн судалж үзэхэд морин хуурын үнэлгээг гаргахдаа зах зээлийн бодит үнийн дүнгээс элэгдэл, хорогдлын үнийг хасаж гаргасан байх тул уг шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, морин хууруудын үнэлгээг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байна. Иймд шүүгдэгч болон өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбарыг хангах үндэслэлгүй гэж үзэж, шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Мөн Өмнөговь аймгийн ... сумын Соёлын төвийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн албан тоот (хавтаст хэргийн 24 дэх тал), Өмнөговь аймгийн ... сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 34 дэх тал)-ыг тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх эрхтэй удирдах албан тушаалтнууд (дарга, захирал) холбогдох хүмүүст итгэмжлэл олгосон байх тул энэ ажиллагааг хууль ёсны дагуу явагдсан гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Г.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Г.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ... сумын Соёлын төв /хууль ёсны төлөөлөгч А.Т/-ийн эд хөрөнгөд 6,480,000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-ийн эд хөрөнгөд 720,000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ... сумын Ерөнхий боловсролын сургууль /хууль ёсны төлөөлөгч С.У/-ийн эд хөрөнгөд 912,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь “Damno” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ӨмЦ-24-107 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 66-69 дэх тал), “Damno” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ӨмЦ-24-106 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 73-76 дахь тал), “Damno” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ӨмЦ-24-105 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 80-83 дахь тал) зэргээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Т-ийн зүгээс “...манай морин хууруудыг үзээд 9 ширхэг эвдрэл гэмтэлтэй морин хууруудыг авч явахаар болсон... 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн ... сумын төвд ажил дээрээ байхад Г.Б нь фейсбүүк чатаар надтай холбогдоод “2 ширхэг морин хуур өгөх гэсэн юм аа хаана хүргэж өгөх вэ би хотод байна” гэхэд би “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Яармагийн нүхт 17-2976 хаягт манай ээж байгаа энэ хаягт хүргээд өг” гэж хэлсэн. Тэгээд Г.Б нь тухайн өдрийн маргааш нь манай ээжийн хаягт 2 ширхэг морин хуур хүргэж өгсөн....” (хавтаст хэргийн 30-31, 32-33 дахь тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-ийн зүгээс “...уг 6 ширхэг морин хуурнаас нэг ч морин хуурыг буцааж өгөөгүй байгаа... Манай сургуульд учирсан 6 ширхэг морин хуурыг буцааж авмаар байна.” (хавтаст хэргийн 36-38 дахь тал),
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-ийн хувьд “...би өөрийн 1 ширхэг мастер морин хуурыг нэмээд нийт 16 ширхэг морин хуурыг морин хуур засна гэсэн 2 залууд өгсөн... Би гомдолтой байна, миний хохирлыг барагдуулж өгнө үү.” (хавтаст хэргийн 42-43 дахь тал) гэж тус тус мэдүүлсэн болно.
Шүүгдэгч Г.Б-гийн зүгээс Өмнөговь аймгийн ... сумын Соёлын төв /хууль ёсны төлөөлөгч А.Т/-ийн 9 ширхэг морин хуурнаас 2 морин хуурыг биет байдлаар буцаан өгсөн болох нь дээрх мэдүүлгээс тогтоогдож байх тул нийт 6,480,000 төгрөгийн хохирлоос 2 ширхэг морин хуурын үнэ болох нэг бүрийн үнэ 720,000, нийт 1,440,000 төгрөгийг хасаж, үлдэх 5,040,000 төгрөгийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-т 720,000 төгрөг, Өмнөговь аймгийн ... сумын Ерөнхий боловсролын сургууль /хууль ёсны төлөөлөгч С.У/-д 912,000 төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгчээс тус тус гаргуулж, хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч завсарлага авч, шүүхээс тогтоосон хохирол, төлбөр болох 5,040,000 төгрөгийг хохирогч Өмнөговь аймгийн ... сумын Соёлын төв /хууль ёсны төлөөлөгч А.Т/-д, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.От 1 ширхэг морин хуурыг, хохирогч Өмнөговь аймгийн ... сумын Ерөнхий боловсролын сургууль /хууль ёсны төлөөлөгч С.У/-д 6 ширхэг морин хуурыг тус тус биет байдлаар буцаан өгч, хохирлыг төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 164-167 дахь тал)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э-ын хувьд миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Улсын яллагчаас гаргасан 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлт нь миний үйлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хэргийн нөхцөл байдалд тохирч байна гэж үзэж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Б нь хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм бодлогогүй төлөвлөгөөгүй зүйл хийхгүй. Миний буруу, гаргасан алдаа дутагдлыг минь өршөөж өгнө үү гэж хүсэж байна. Улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Г.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан дөрвөн төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Өмнөговь аймгийн ... сумын Соёлын төв /хууль ёсны төлөөлөгч А.Т/-д 5,040,000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-т 1 ширхэг морин хуур, хохирогч Өмнөговь аймгийн ... сумын Ерөнхий боловсролын сургууль /хууль ёсны төлөөлөгч С.У/-д 6 ширхэг морин хуурыг биет байдлаар тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Г-ын Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д шүүхээс оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Өмнөговь аймгийн ... сумын Соёлын төв /хууль ёсны төлөөлөгч А.Т/-д 5,040,000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О-т 1 ширхэг морин хуур, хохирогч Өмнөговь аймгийн ... сумын Ерөнхий боловсролын сургууль /хууль ёсны төлөөлөгч С.У/-д 6 ширхэг морин хуурыг биет байдлаар тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ