| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 181/2024/03945/И |
| Дугаар | 001/ХТ2026/00110 |
| Огноо | 2026-04-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2026/00110
“ЭТЭС” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09698 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2026/00320 дугаар магадлалтай
“ЭТЭС” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“ЖН” ХХК-д холбогдох
2,724,880,901 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,
710,523,293 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, С.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “ЭТЭС” ХХК нь хариуцагч “ЖН” ХХК-д холбогдуулан 2,724,880,901 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 710,523,293 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09698 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЖН” ХХК-аас 1,587,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭТЭС” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,137,280,901 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “ЭТЭС” ХХК-д холбогдох 710,523,293 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ЖН” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ЭТЭС” ХХК-иас төлсөн нийт 14,098,254 төгрөг, хариуцагч “ЖН” ХХК-иас төлсөн 3,710,566 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЖН” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8,095,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЭТЭС” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2026/00320 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09698 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.11.10-ны өдрийн 191/ШШ2025/09698 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.04-ний 210/МА2026/00320 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Шүүхийн хууль хэрэглээний зөрүү, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн тухайд: Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.11.16-ны өдрийн 001/ХТ2023/00222, 2025.03.07-ны өдрийн 001/ХТ2025/00052, 2025.03.25-ны өдрийн 001/ХТ2025/00059, 2025.06.27-ны өдрийн 001/ХТ2025/00133, 2025.10.28-ны өдрийн 001/ХТ2025/00176, 2025.06.27-ны өдрийн 001/ХТ2025/00133 дугаар тогтоолуудад Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсгийг тайлбарлан хэрэглэсэн байдлыг судлан үзэхэд, анхан болон давж заалдах шатны шүүхүүд тус хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын алдангид холбогдох хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэх үндэслэл байна. Учир нь дээр дурдсан хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолуудаас үзэхэд хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчээс үл хамаарах шинжтэй нөхцөл байдал. Тухайлбал, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, эсхүл гэрээ байгуулагдах үеийн нөхцөл байдал өөрчлөгдөх, гуравдагч этгээдийн буруутай үйлдэл зэрэг үүрэг гүйцэтгэх боломжгүй болгосон обьектив нөхцөл байдал бий болсон тохиолдолд хамааруулан ойлгож, хэрэглэсэн байна. Харин Монгол Улсын Дээд шүүхийн 2025.06.27-ны өдрийн 001/ХТ2025/00133 дугаар тогтоолоор хариуцагчийн татгалзлыг Иргэний хуулийн 222.2 дахь хэсэгт хамаарахгүй гэж дүгнэсэн бөгөөд уг татгалзлын агуулга "... 23,300 литр түлш нийлүүлэлттэй холбоотой, 11,600 литр дизель түлшний асуудал маргаантай ..., ... хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдаж байгаа хулгайн гэмт хэргээс шалтгаалж хариуцагчийн төлбөл зохих үнийн дүн маргаантай, эргэлзээтэй болсон гэх үндэслэл үгүйсгэгдсэн байна, хэдийгээр хулгайн хэрэгтэй холбоотойгоор зохигч нийлүүлэлт, төлөлтийн асуудлаар харилцан ярилцаж байсан боловч ... талууд тохиролцоонд хүрээгүй байна” гэх байдлаар тухайн тогтоолын 11 дэх талд тусгагдсан байна. Дээрх тайлбар, хууль хэрэглээний жишгээс үзэхэд, гэрээний гүйцэтгэлтэй холбоотой маргаан, баримтаар нотлогдоогүй нөхцөл байдал, эсхүл талуудын хооронд үүссэн санал зөрөлдөөн нь Иргэний хуулийн 222.2 дахь хэсэгт хамаарахгүй байна. Гэтэл энэ хэрэгт хариуцагч “ЖН” ХХК-ийн гаргасан татгалзал нь субьектив шинжтэй байсан нь хэргийн 1 дэх хавтасны 49-р талд байх “ЖН” ХХК-ийн 2024.06.17-ны өдрийн 24/127 тоот албан бичигт дурдсан үндэслэлүүдээр нотлогддог.
Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан татгалзал, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй болохыг тогтоож, харин нэхэмжлэгч нь 4864 ширхэг IР хаягийн бүртгэлийг шилжүүлэхээс бусад эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж дүгнэсэн. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийг алдангиас чөлөөлж шийдвэрлэсэн нь шийдвэрт хийгдсэн дүгнэлтүүдийн дотоод зөрчилдөөнийг илэрхийлж байна. Магадлалд “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь дан ганц хариуцагчийн гэм буруугаас болоогүй” гэсэн боловч нэхэмжлэгч тал ямар гэм буруутай талаар факт, үндэслэл дурдаагүй байдаг. Хэрэв нэхэмжлэгчийг IР хаягийн нэрийг хариуцагчид шилжүүлээгүйд буруутай гэж үзсэн бол зөвхөн IР хаягийн үнийн дүнд холбогдох алдангийг хасаж шийдвэрлэх боломжтой байхад алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хариуцагчид давуу байдал олгосон, шударга бус үр дагаварт хүргэсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үнийг хэсэгчлэн, урт хугацаанд төлөх таатай нөхцөлийг олгосон бөгөөд 2024.02.01-ний өдрөөс эхлэн интернэт хэрэглэгчдээс орж ирэх /ирсэн/ орлогыг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь Худалдах, худалдан авах гэрээний дагуу 2325 хэрэглэгчийн 149,117,792 төгрөгийн борлуулалтын орлогын дүн бүхий Интернэт үйлчилгээ үзүүлэх гэрээг шилжүүлэн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн /сөрөг нэхэмжлэлийн Хавсралт №2-т/ зэрэг байдлаас дүгнэхэд хариуцагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу гэрээний үнийг төлөх бүрэн боломжтой байсан бөгөөд ийнхүү гэрээний үүргээ гүйцэтгэснээр хохирол амсах, эсхүл хохирол амсахаас сэргийлэх бодит үндэслэл байсан гэж зөвтгөх бодит үндэслэл байгаагүйг хоёр шатны шүүх анхаарч хэрэгт хамааралтай талаас нь үнэлж чадахгүй байна. Хуулийн зохицуулалтаар ч, Иргэний хуулийн 215.1 дэх хэсгээс дүгнэхэд үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийн үүргийг буюу гэрээний үнийг төлөхөөс татгалзах, саатуулах үндэслэлгүй болно. Иргэний хуулийн 222.1 дэх хэсэгт заасны дагуу “ЭТЭС” ХХК нь 2024.02.23-ны өдрийн 24/27 тоот, 2024.02.15-ны 24/26 тоот, 2024.06.03-ны өдрийн 24/39 тоот албан бичгүүдийг “ЖН” ХХК-д хүргүүлж гэрээний үнийг хуваарийн дагуу төлөх, алданги тооцох талаараа мэдэгдэж байсан. Иймд дээрхээс дүгнэхэд, хариуцагч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй шалтгаан, түүний татгалзлын үндэслэл нь Иргэний хуулийн 222.2 дахь хэсэг хэрэглэгдэх нөхцөлтэй нийцэж байгаа эсэхийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хангалттай үндэслэлтэйгээр тогтоохгүйгээр шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь тухайн хуулийн заалтыг хэрэглэгдэх нөхцөлөөс өөрөөр тайлбарлан хэрэглэсэн буюу хууль хэрэглээний зөрүү үүсгэсэнд тооцогдоно гэж үзэж гомдол гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага худалдах-худалдан авах гэрээний үнээс 228,987,267 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд: Худалдах-худалдан авах гэрээний зүйл болох 4864 ширхэг Ай Пи хаягийг нэхэмжлэгч нь хариуцагчийн ашиглалтад шилжүүлэн өгсөн бөгөөд хариуцагч нь зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг нь хүртэж байгаа үйл баримт зохигчдын төлөөлөгч, өмгөөлөгчийн хүлээн зөвшөөрснөөр тогтоогдсон. Харин хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөх үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь 4864 ширхэг IР хаягийн нэрийн бүртгэлийг өөрчлүүлэхийг түр хугацаагаар хойшлуулсан үйл баримттай холбоотой маргаан бий. Давж заалдах шатны шүүх нь дээрх нөхцөл байдлыг үнэлж, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд магадлалын 10 дугаар талд “Хариуцагч гэрээний төлбөр төлөх үүргийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч 4864 ширхэг IР хаягийн бүртгэлийг Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөхгүй саатуулан барьж байгааг буруутгахгүй гэх хууль зүйн дүгнэлтийг хийсэн. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхүүд талуудын хооронд Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа зөвхөн IР хаягийн эзэмшигчийн нэр шилжүүлээгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр гаргах үед төлөгдөх хугацаа нь хараахан болоогүй байсан 228,987,267 төгрөгийг цаашид нэхэмжлэх боломжтой гэсэн агуулгаар хэрэгсэхгүй болгосон нь мөн шүүхийн шийдвэрт хийгдсэн дүгнэлтүүдтэй илт зөрчилдөж байна. Ийнхүү шүүх нэг талаас нэхэмжлэгчийн үйлдлийг хуульд нийцсэн гэж зөвшөөрсөн атлаа нөгөө талаас уг нөхцөл байдлыг нэхэмжлэлийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болгосон нь шийдвэр, магадлалын холбогдох хэсэг хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүйг илэрхийлж байна. Иймд шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагаас 1,137,280,901 төгрөгийг нэмж хангах буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хангах тухай өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ны хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025.11.10-ны өдрийн 191/ШШ2025/09698 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.04-ний өдрийн 210/МА2026/00320 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2024.07.24-ний өдөр хариуцагч “ЖН” ХХК-д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний дагуу 2,271,548,067 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч “ЖН" ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Нэхэмжлэгч “ЭТЭС” ХХК нь 2024.01.18-ны өдрийн ЖН-2024/0027 тоот гэрээг байгуулах үед доголдолтой буюу зөвшөөрөлгүй шилэн кабель татсан гэдгийг мэдсээр байж Худалдах, худалдан авах гэрээг хариуцагчтай байгуулсан тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлд заасны дагуу заасны дээрх гэрээг цуцалж, хариуцагчаас нэхэмжлэгчид худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 710,523,293 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч “ЖН" ХХК-аас 1,587,600,000 төгрөгийг гаргуулж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь 2024.01.18-ны өдөр “ЭТЭС” ХХК болон “ЖН” ХХК нарын хооронд байгуулсан ЖН-2024/0027 тоот Худалдах-худалдан авах гэрээний дагуу Улаанбаатар, Дархан хотод хэвийн ажиллаж байгаа интернэтийн шилэн кабелийн сүлжээ, интернэт үйлчилгээний сервер, тоног төхөөрөмжүүд, холбогдох программ хангамжууд, интернэт хэрэглэгчийн гэрээнүүд, 4864 ширхэг гадаад интернэт сүлжээний IР хаяг зэргийг хүлээн авахаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч “ЭТЭС” ХХК нь гэрээнд заасны дагуу тоног төхөөрөмжийг тоо ширхгийн дагуу хүлээлгэн өгөөгүй бөгөөд биет байдлын хувьд доголдолтой, дутуу эд хөрөнгийг шилжүүлж өгсөн.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байдаг. Дээрх гэрээгээр тохиролцсон эд хөрөнгөөс нийт 1,609,329,298 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө нь ашиглалтын хугацаа дууссан болон хүлээлгэн өгөөгүй байна. Үүнээс 575,717,300 төгрөгийн шилэн кабель нь ашиглалтын хугацаа дууссан болон зөвшөөрөлгүй татагдсан байсан. Мөн 582,220,800 төгрөгийн үнэ бүхий 4864 ширхэг IP өнөөдрийг хүртэл шилжүүлэн өгөөгүй байна. Орон сууцны дээр байрлуулсан сайтуудын СӨХ-ны түрээсийн төлбөр 215,737,000 төгрөгийг төлөөгүйгээс шалтгаалж цаашид тухайн сайт байрлуулах боломжгүй болсон. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй хөрөнгийг хүлээж аваагүй байхад хүлээж авсан мэтээр дүгнэн хариуцагч “ЖН" ХХК-аас 1,587,600,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн хариуцагч тухайн эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байхад авсан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.11.10-ны өдрийн 191/ШШ2025/09698 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.04-ний өдрийн 210/МА2026/00320 дугаар магадлалыг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.10-ны өдрийн 001/ШХТ2026/00470 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7.Нэхэмжлэгч “ЭТЭС” ХХК нь хариуцагч “ЖН” ХХК-д холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 2,724,880,901 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “…манай компани нь өөр чиглэлээр бизнес эрхлэх шийдвэр гарган, 2024.01.18-ны өдөр “ЖН” ХХК-тай Худалдах-худалдан авах гэрээ байгуулан өөрийн интернэт үйлчилгээнд ашиглагдаж байсан шилэн кабель, сервер, дагалдах тоног төхөөрөмж, холбогдох программ хангамж, хэрэглэгчийн гэрээ, 4864 ширхэг IP хаягийг нийт 737,264 ам.доллар буюу 2,521,442,880 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Хариуцагч гэрээний зүйлийг бодитоор хүлээн авч, үр шимийг хүртэж байгаа атлаа гэрээний үнийг төлөх үүргээ биелүүлээгүй. Гэрээний нийт үнээс 704,855,613 төгрөгийг гуравдагч этгээдийн өглөгт тооцсон. Үлдэх 1,816,587,267 төгрөгийг сар бүр 75,600,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон ч төлбөрөө хийгээгүй. Гэрээнд талууд 0,3 хувийн алданги тохирсон ба 2025.09.05-ны өдрийг хүртэл тооцоход нийт 1,270,987,200 төгрөгийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувь буюу 908,293,634 төгрөгөөр хязгаарласан” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзахдаа “... талуудын хооронд 2024.01.18-ны өдөр байгуулсан гэрээний 6.4-т зааснаар “ЖН” ХХК нь 2024.02.01-ний өдрөөс эхлэн нийт хэрэглэгчдийн орлогыг өөрийн дансанд хүлээн авах, хэрэглэгчийн гэрээг шилжүүлэн авахад шаардлагатай бүхий л мэдээлэл, баримтыг “ЭТЭС” ХХК нь гаргаж өгөхөөр заасан. Гэвч нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгөхгүй удаж бидний зүгээс удаа дараа шаардаж 24/27, 24/28, 24/35, 24/36, 24/48, 24/64, 24/96, 24/126, 24/127 тоот албан бичгүүдийг хүргүүлж байсан ч тус бичгүүдэд тодорхой хариу ирүүлээгүй. “ЖН” ХХК-ийн зүгээс гэрээгээр тохирсон зүйлээ хүлээн аваагүй тохиолдолд нэхэмжилсэн 1,932,482,067 төгрөгийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй” гэсэн агуулгатай тайлбар гаргасан.
8.Хариуцагч “ЖН” ХХК нь нэхэмжлэгчээс 710,523,293 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ тайлбарлахдаа “... гэрээний дагуу хүлээн авахаар тохиролцсон эд хөрөнгөөс нийт 1,270,191,626 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө нь ашиглалтын хугацаа дууссан болон хүлээлгэн өгөөгүй байна. Үүнээс 503,575,700 төгрөгийн шилэн кабель нь ашиглалтын хугацаа дууссан болон зөвшөөрөлгүй татагдсан байсан. Мөн 640,442,880 төгрөгийн үнэ бүхий 4864 ширхэг IP хаяг шилжүүлэн өгөөгүй. Орон сууцны дээвэр дээр байрлуулсан төхөөрөмжийн СӨХ-ны түрээсийн төлбөрт 215,737,000 төгрөгийг төлөөгүйгээс шалтгаалж цаашид тухайн сайтуудыг байршуулах боломжгүй болсон. Худалдагч нь доголдолтой буюу зөвшөөрөлгүй шилэн кабель татсан гэдгийг мэдсээр байж Худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Иймд Иргэний хуулийн 256 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцалж, Худалдах-худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 710,523,293 төгрөгийг гаргуулна” гэжээ.
Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа “... хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч, 2024.02.01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ашиглаж, үр шимийг нь хүртэж байгаа атлаа гэрээг цуцлах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Өнгөрсөн хугацаанд компанийн хувьцаа эзэмшигчээс оруулсан хөрөнгө оруулалт, гаргасан зардал, нийт ажилтнуудын хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, үйлчлүүлэгч, харилцагчтай тогтоосон итгэлцэл, олон жилийн тасралтгүй, найдвартай үйлчилгээний үр дүнд өөрийн гэсэн харилцагч, үйлчлүүлэгчидтэй болсон. “ЭТЭС” ХХК-аас үйлчилгээ авч байгаа хэрэглэгчдийн гэрээг “ЖН” ХХК-д шилжүүлэх нь Худалдах-худалдан авах гэрээний гол тохиролцоо, үнэ цэнэ байсан болно. “ЖН” ХХК нь шилжүүлж авсан хэрэглэгчдээс сар тутам орж ирэх орлогын 50 хувь орчмыг “ЭТЭС” ХХК-д төлөх байдлаар гэрээний үнийг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх ёстой байсан боловч уг үүргээ биелүүлээгүй, итгэл алдсан. Манай компаниас шилжүүлж авсан хэрэглэгчдийг хэвээр хадгалах, хэрэглэгчдэд ямар үнэ тариф, бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх вэ гэдэг нь тус компанийн маркетинг, зах зээлийн зарчмаар шийдвэрлэгдэх асуудал бөгөөд тус компанийг алдагдалгүй ажиллуулах үүрэг худалдагчид байхгүй” гэжээ.
9.Анхан шатны шүүх “…зохигчид интернэтийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүд байх бөгөөд Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээнд заасны дагуу хариуцагч нь “М” ХХК-аас ирүүлсэн төлбөр тооцоог харилцан тооцуулах хүсэлтийг үндэслэн тус компанид нэхэмжлэгчийн төлбөл зохих интернэтийн үйлчилгээний төлбөр болох 704,855,613 төгрөгийг төлсөн ба талуудын томилсон ажлын хэсэг гэрээний зүйлүүдийг хүлээлцэх ажлыг 2024.01.19-нөөс 2024.02.29-ний өдөр хүртэл зохион байгуулсан. Хариуцагч нь интернэтийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг явуулдаг хуулийн этгээд байх бөгөөд гэрээний 5.2-т зааснаар тоног төхөөрөмжүүдийг хүлээн авахдаа түүнийг шалгаж авах үүргийг хүлээсэн байна. Гэрээний 2.1-д 4864 ширхэг гадаад интернэт сүлжээний IP хаягаас бусад хөрөнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бөгөөд талууд шилжүүлсэн хэмжээнд хөрөнгийг ашиглаж байгаа үйл баримтад маргаагүй, хөрөнгийн хувьд гуравдагч этгээдээс аливаа гомдлын шаардлага гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хөрөнгийг биет байдлын болон эрхийн доголдолгүй гэж үзэхээр байна. Хариуцагч нь 2024.02.02-ноос 2024.06.27-ны өдөр хүртэл гэрээний үүргийн биелэлттэй холбоотой мэдэгдэл бүхий албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүргүүлсэн боловч энэ хугацаанд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй тул хариуцагч шаардлага гаргах эрхээ алдсан буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
Гэрээний 3.2, 6.1-д зааснаар гэрээний зүйлүүдийг хүлээлцэх ажлын явцад буюу 2024.02.15-ны өдөр үлдэх 1,816,587,267 төгрөгөөс эхний 75,600,000 төгрөгийн төлөлт хийгдэхээр талууд тохиролцсон ба эхний төлөлт хийгдэхээс өмнө нэхэмжлэгч нь 4864 ширхэг гадаад интернэт сүлжээний IP хаягийн эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлэхээс татгалзсан үйлдлийг Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт заасан “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно.” гэсэн зохицуулалтад хамааруулан үзэж болох хэдий ч Худалдах-худалдан авах гэрээний үүргийн хувьд худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх гэсэн дарааллаар хуульчилсан. Өнөөг хүртэл төлбөрийн үүргээ гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь дан ганц хариуцагчийн гэм буруугаас болоогүй байх тул нэхэмжлэгчид анз шаардах эрх үүсэхгүй юм.
Гэрээний 3.5, 7.1.3-т хэрвээ худалдан авагч нь гэрээний үнийг хэсэгчлэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн бол гэрээний үнийн үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулахыг худалдагч шаардах эрхтэй байхаар заасан боловч гэрээний зүйлийг бүрэн шилжүүлээгүй нөхцөлд энэхүү эрх хэрэгжих үндэслэлгүй, төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацаа дуусаагүй тул 2024.02.15-наас 2025.10.15-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй, хугацаа нь болоогүй төлбөрийн тухайд, нэхэмжлэгч уг эрхээ хойшид хэрэгжүүлэх боломжтой бөгөөд энэ шийдвэр саад болохгүй” гэж дүгнэн хариуцагчаас 1,587,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,137,280,901 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
10.Давж заалдах шатны шүүх “... анхан шатны шүүх талуудын хооронд Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх дүгнэлт үндэслэлтэй. Хариуцагчийн гаргасан “Гэрээний зүйлээс хүлээн авах боломжтой болон хүлээн аваагүй зүйлийн жагсаалт”-аас үзэхэд ... 4864 ширхэг IP хаягийн бүртгэлийг шилжүүлэхээс бусад эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ. Ийнхүү шилжүүлснээс хойших интернэт хэрэглэгч тодорхой тоонд хүрээгүй борлуулалт буурсан, эрх бүхий байгууллагаас авсан зөвшөөрөл дууссан, эсхүл тодорхой зардал гаргаж цааш үйл ажиллагаа явуулах болсон зэрэг нөхцөл байдлыг Худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийн доголдол гэж дүгнэх боломжгүй юм.
Талууд интернэтийн үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн буюу аж ахуй эрхлэгч учир хариуцагч эд хөрөнгийг шилжүүлж авах үед шилэн кабелийн ашиглалтын хугацаа, зөвшөөрөл, СӨХ-ны төлбөр зэргийг шалгаж авах боломжтой байхад шилжүүлж авсны дараа энэ үндэслэлээр гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй. Мөн хариуцагч гэрээний төлбөр төлөх үүргийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч 4864 ширхэг IP хаягийн бүртгэлийг хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөхгүй саатуулан барьж байгааг буруутгахгүй. Иймээс анхан шатны шүүх хариуцагчийг эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.
Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч гэрээний 3.5-д зааснаар гэрээний үнийг хариуцагчаас бүхэлд нь шаардах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 1,587,600,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцнэ. Төлбөрийн үүргээ гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал дан ганц хариуцагчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул алданги шаардах эрхгүй гэсэн дүгнэлт үндэслэлтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гомдлыг хангахгүй орхисон байна.
11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний нэмэлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
12.Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний маргаан үүссэн гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул “... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах” гэсэн нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхино.
12.1.“ЭТЭС” ХХК болон “ЖН” ХХК-ийн хооронд 2024.01.18-ны өдөр байгуулагдсан 2024/0027 дугаартай Худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн интернэт үйлчилгээний бизнестэй холбогдох бүхий л тоног төхөөрөмж, программ хангамж, гадаад интернэт сүлжээний IP хаягууд /Улаанбаатар болон Дархан хотод хэвийн ажиллаж байгаа интернэтийн шилэн кабелийн сүлжээ, интернэт үйлчилгээний сервер, тоног төхөөрөмжүүд, холбогдох программ хангамжууд, интернэт хэрэглэгчийн гэрээнүүд, 4864 ширхэг гадаад интернэт сүлжээний IP хаягууд зэрэг багтсан/-ыг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь нийт 2,521,442,800 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон.
Гэрээний 6.1-д “...худалдан авагч нь худалдагчаас гаргаж өгсөн жагсаалтын дагуу гэрээний зүйлүүдийн хэвийн ажиллагаа, тоо хэмжээг хамтран шалгаж, өөрийн хөрөнгийн дотоод бүртгэлд бүртгэх ажлыг 2024.01.22-2024.02.29-ний дотор зохион байгуулах”-аар зааснаас үзэхэд гэрээний зүйлийг бодит үйлдлээр шалгаж хүлээж авахаар талууд харилцан тохиролцсон гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.
Талуудаас томилогдсон ажил хүлээлцэх комиссын гишүүдийн 2024.01.23-ны өдрөөс 04 сарын 22-ны өдрийг хүртэл хоорондоо харилцсан баримтаас үзэхэд энэ комисс нийт 55 удаа цахим шуудангаар харилцаж, нийт хэрэглэгчийн мэдээлэл, гэрээний бүртгэл, загвар, серверийн нэвтрэх нэр, нууц үг, серверүүдийн жагсаалт, хяналтын камерын IP хаяг, хэрэглэгчийн нэмэлт мэдээлэл, сайтын бүртгэл, төхөөрөмжийн бүртгэл, программ хангамжийн системийн жагсаалт, ажил хүлээлцэх тухай имэйл, агуулахад байгаа бараа материалын жагсаалт, дутуу байсан мэдээллийг засаж илгээсэн имэйл, сайтын тооллого, сайтууд дээрх тоног төхөөрөмжийн жагсаалт, Дархан салбарын тоног төхөөрөмжийн жагсаалт, Дархан салбарын шилэн кабелийн мэдээлэл, шилэн кабелын хэрэглэгчийн мэдээлэл, IP хаягуудын цувралын дугаар зэрэг мэдээллийг илгээж, шаардлагатай мэдээллийг худалдан авагч тал худалдагчаас тодруулах, засуулах зэргээр харилцаж, гэрээний зүйлийг хүлээлцсэн нь тогтоогдсон, худалдагч тал гэрээний үүргээ гүйцэтгэсэн тул нөгөө талаас төлбөрийг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.
Гэрээний нийт үнэ болох 2,521,442,800 төгрөгөөс 704,855,613 төгрөгийг гуравдагч этгээдийн өглөгт тооцсон ба үлдэх 1,816,587,267 төгрөгийг сар бүр 75,600,000 төгрөгөөр, 24 сарын хугацаанд /2024.02.15-2026.01.15/ хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож, хариуцагчаас 1,587,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭТЭС” ХХК-д олгож шийдвэрлэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэж үзнэ.
12.2.Нэхэмжлэгч нь алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлан 908,293,634 төгрөгийн алданги гаргуулах шаардлага гаргасан ба гэрээний 3.4-т “худалдан авагч гэрээний 3.2-т заасан хуваарийн дагуу гэрээний үнийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги төлөх”-өөр заасан боловч төлбөрийн үүргээ гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал дан ганц хариуцагчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч алданги гаргуулах шаардлагаа нарийвчилсан байдлаар тодорхойлж гаргаж ирээгүйн зэрэгцээ төлбөрийн хуваарийн дагуу хэсэгчлэн гүйцэтгэх үүрэгт сар бүр 75,600,000 төгрөг төлөх үүрэгтэй хэдий ч Худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлж байгаа гэрээний зүйлүүдийг тус тусад нь үнэлээгүй байх тул нөгөө талдаа шилжүүлэн өгөөгүй IP хаягт хамаарах хэсгээр үүргийн гүйцэтгэлийг тооцоолох боломжгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул “алдангийн шаардлагыг хангуулах” тухай нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт тухайн шаардлагад холбогдох хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байхад давж заалдах шатны шүүх илрүүлээгүйг хяналтын шатны шүүх залруулж, шийдвэр, магадлалын тогтоох хэсэгт хууль хэрэглээний нэмэлт оруулна.
13.Энэ Тогтоолын 12 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хоёр шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч талаас гаргасан “... биет байдлын доголдолтой, эрхийн зөрчилтэй хөрөнгийг хүлээж аваагүй байхад хүлээж авсан мэтээр дүгнэн “ЖН" ХХК-аас 1,587,600,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хангахгүй.
Хариуцагч нь “... гэрээний зүйл доголдолтой байсан учраас гэрээг цуцлах эрхтэй гэж төлбөрт шилжүүлсэн 710,523,293 төгрөгийг гаргуулах” сөрөг шаардлага гаргасныг хоёр шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна. Шүүх хариуцагчийг өөрийн эрхлэх үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлж авахдаа шалгаж авах мэдлэгтэй этгээд гэж дүгнэн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийн хувьд доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2026/00320 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09698 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.6” гэсэн нэмэлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 5,845,955 төгрөг, хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 8,095,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН