Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/180

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Т.Батзориг,

улсын яллагч Г.Ганзориг /томилолтоор/

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2407000000204 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт төрсөн, эрэгтэй, *******тай, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д автобусны ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхэд, хадам ээж, дүүгийн хамт Налайх дүүрэг, , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,        

   ******* овогт *******ийн ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” колонкийн харалдаа С.тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр рүү цохиж, биед эрүүнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.*******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

   Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед нэг жоохон архи уугаад алдаа гаргаад ийм асуудал гаргачихлаа. Холбогдсон хэрэгтээ харамсаж байгаа” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” колонкийн харалдаа С.тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр рүү цохиж, биед эрүүнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр би 15 цаг 20 минутын үед Налайх дүүргээс Улаанбаатар хот руу явахаар аавын улсын дугаартай Приус 41 маркийн машинтай явахаар болж би машиныг жолоодоод аав Батсүхийн хамт Налайх дүүргийн колонкийн урд зам дээр нэгдүгээр эгнээгээр хот чигтээ явж байхад хоёрдугаар эгнээгээр явж байсан Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл шууд миний өмнүүр орж ирээд колонкийн уруу яваад орчихсон. Би энэ үед хоёр удаа машины дуут дохиогоо өгөхөд машин дотор сууж явсан эрэгтэй хүн гараа цонхоороо гаргаад заналхийлээд байсан. Тэгэхээр нь би буцаж тэр машиныг колонк дээр бензин авах гээд зогсож байхаар нь явж очиход гараараа занаад байсан залуу согтуу машинаасаа хаалгаа савж буугаад хүрээд ирэхээр нь би бас машинаасаа буугаад очсон. Тэгээд намайг цохих гээд байхаар нь би 4-6 удаа шанаа руу нь гараараа алгадсан. Тэгэхэд нөгөө залуу миний эрүү рүү гараараа хоёр удаа цохисон тэгэхэд миний эрүүний доод хэсгээс цус гараад эхэлсэн дахиж цохих үед нь бултаад оногдоогүй. Энэ үед манай аав бууж ирээд салгах гээд дийлээгүй, тэр согтуу залуугийн эхнэр нь бууж ирээд намайг цохих гэж чулуу аваад байсан. Тэгээд аав цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-7 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 357 дугаартай “ын ын биед эрүүнд шарх гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

  • Шүүгдэгч Д.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед колонк руу орох гэж явах замдаа колонк руу манай эхнэр хоёрдугаар эгнээнээс ортол нэгдүгээр эгнээнд явж байсан цагаан өнгийн Приус 41 маркийн машин сигналдаад байсан. Тэгэхээр нь би цонхоороо “сүртэй пизда вэ” гээд хэлсэн. Тухайн үед эхнэр машин барьж байсан ба би хажууд нь сууж байсан. Тэгээд колонк руу эргээд ортол нөгөө машин буцаж эргэж колонк руу орж ирээд хажууд зогсоод танихгүй 2 эрэгтэй хүн бууж ирсэн. Тухайн үед хүүхэд нь гээд байгаа залуу намайг цохиод байсан. Тэгээд би уучлаарай гээд уучлалт гуйсан. Тэгээд би намайг цохиж нүдээд байхаар нь би өөдөөс нь аргагүй нь эрхэнд сарвалзсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29-р хуудас) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүх хуралдаан дээр илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.*******ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч С.ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Д.*******ы үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж С.ын нүүр рүү цохиж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

            Шүүгдэгч Д.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдэж байгаагүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зохисгүй үгээр бусдыг доромжлон, таарамжгүй харилцаа үүсгэж маргалдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдолгүй гэх), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай) зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь шүүхээс оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ