Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Батзориг ,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Хохирогч Т.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ,

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн *******д холбогдох эрүүгийн 2407000000185 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр анд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ******* ХХК-д ажилтай, ам бүл 2, охины хамт ******* дүүрэг, *******,******* тоотод бүртгэлтэй, одоо *******,*******,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

овогт гийн ******* /РК:/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нд байрлах “” гэх нэртэй амралтын газар ямар нэг шалтаг шалтгаангүйгээр  Т.*******ын нүүрэн тус газар нь мөргөн цохин унагаж улмаар биеийг нь дэвслэх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад шарх, хамрын таславчийн мурийлт, зүүн шуунд зулгаралт, дээд уруул, нуруу, хүзүүнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хөдөө орон нутагт ажиллаж байгаад ирэхэд манай ажлын газрын хүмүүс зугаалгад явахаар болоод тэр өдөр Т.*******тай анх танилцсан гэх газар 2 гэр аваад бүгдээрээ байрласан. Тэгээд бид 2 хоорондоо ерөөсөө үл ойлголцоод ярьж болдоггүй. Хоёулаа таарахгүй юм шиг байна аа ахын дүү байж бай гээд л ярьсан. Тэгэхэд би тантай ярилцмаар байна гээд ерөнхийдөө манай ажлын хүмүүстэй ярилцаад байсан. Бид 2 гадаа гараад бас үл ойлголцоод зөндөө юм ярьсан. Тэр нь болохоор таныг захирал гээд байна та яг юуных нь захирал юм гээд байхаар нь тэр хамаагүй шүү дээ бид нар хамт олноороо байна, дараа ярья ахын дүү гэсэн үгүй та намайг яагаад тоохгүй байгаа юм бэ манай эгч энэ компаний захирал шүү. Та намайг сонсох ёстой яагаад сонсохгүй байгаа юм бэ гэхээр нь үгүй би чамайг танихгүй байна. Хоёулаа хамт олныхоо уур амьсгалыг эвдээд хоёулхнаа ярьж болохгүй, дотор оръё гээд орох гэсэн боловч намайг араас зулгаасан. Би цохьсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Т.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.... Тухайн үед А.******* өөрөө архи хундагалж өгч байсан. Би ганц нэгээр нь хүмүүстэй юм яриагүй. Яагаад гэвэл би ажилд орохоороо хүмүүстэй дотно юм уу фракц болдоггүй хүн. Тэгээд хамгийн гол нь нэг хэлсэн юм нь гэвэл тухайн манай борлуулагч намайг дуудаад надтай дотно ярилцъя гээд хэлсэн. Ярихдаа танай эгчийн чинь нөхөр бол миний хүүхдийн аав гэж хэлсэн, тэр тэр үед 5 метрийн зайд байна уу А.******* сонсоод зогсож байсан. Төд удалгүй бид хоёрын яриа дуусаагүй байхад А.******* хүрч ирээд намайг 3 удаа мангасдаж унагаасан. Надад мэдээж энэ үйлдэл нь таалагдаагүй, би гэр лүү араас нь дагаж ороход хүмүүстэй юм яриад сууж байсан. Би надад ерөөсөө энэ үйлдэл чинь таалагдахгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь чи ер нь яах гээд байгаа юм наашаа гараад ир гээд дагуулаад гараад зодоон болсон… 350000 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид 3.550.000 мянган төгрөгийн эмчилгээний зардал гарна гэж нэхэмжилж байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нд байрлах “” гэх нэртэй амралтын газар очсон 14 хүн ирж буусан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хамт байдаггүй болохоор тэр үед архи уухгүй гэсэн боловч манай үйл А.******* надад архи шахаад уулгасан бас борлуулалтын менежер гэх эгч пиво шахаад байсан ******* захирал намайг нэг мангастаад унагаасан Би тоглоод байгаа юм байна  гэж бодоод босоод ирэхэд дахиад хэд хэдэн удаа алгадсан. ******* ах бас энгэрээс заамдаж байгаад миний нүүр чихний  ар тал руу 4-5 удаа баруун гараараа цохисон, духаараа миний нүүр хэсэг рүү 2 удаа мөргөсөн тэгээд намайг хэдэн удаа дэвссэн. Би хүчилсээр байгаад босоод гэр лүү орсон. Намайг ороход гэрийн гадаа ******* ах өөр хүмүүстэй муудалцаад байсан. Өглөө сэрээд ******* ахтай ярилцчихаад очиход би чамайг зодсон юм уу би юу ч санахгүй байна гэж хэлсэн Миний уруул язарсан, зүүн нүд хөхөрч хавдсан, зүү, баруун шанаа, баруун хацар хавдсан, Хамар хөндүүртэй, толгой чихний ар талаас орой хүртлээ хөндүүртэй булдруутай, хүзүү хөшөөд байгаа... ” гэх мэдүүлэг /хх-10-11 дэх тал/,

Яллагдагч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Тэр залуу намайг гарч ирээч гээд байхаар нь гарахад -та яагаад надтай ярихгүй байгаа юм бэ гээд хамт олноороо байя л даа гэсэн чинь намайг татаж чангааж нүүрнээс маажихаар нь би цаашаа түлхэж бид хоёр маргалдаж барьцалдаж авсан тэгээд гэр рүү орж унтсан тэгээд маргааш өглөө нь манай хамт олон сагс тоглож байхаар нь очоод байж байтал ******* ирээд та намайг өчигдөр цохисон гэж хэлсэн тэгэхээр нь би чи намайг маажсан биз дээ чи  төвөгтэй байхаар нь би чамайг холдуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

Гэрч Ц.ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гадаа хүмүүс муудалцах чимээ гарахаар нь гадаа гарсан чинь манай захирал ******* ******* хоёр зодолдоод байхаар нь  очиж залгах гэсэн боловч болихгүй байсан тэгээд захирал *******г бариад байж байсан. Тэгээд хүмүүс гарч ирээд тус тус гэр рүү оруулсан...” гэх мэдүүлэг /хх-13 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 321 дугаартай “...Т. *******ын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад шарх, хамрын таславчийн мурийлт, зүүн шуунд зулгаралт, дээд уруул, нуруу, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги  нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-22-23 дахь тал/,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-5 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******гийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч А.*******г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Т.*******ын нүүрэн тус газар нь цохих, мөргөх, унагаж дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах саналтай байна...гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байгаа тохиолдолд гэм буруутай эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд миний үйлчлүүлэгч А.******* өөрийн үйлдсэн үйлдлийнхээ учир холбогдол, мөн дээрээс нь энэхүү үйлдэлдээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа байдал, хэрэгт цугларсан нотлох баримтыг харвал гэм буруутай гэж тогтоогдох хангалттай үндэслэл харагдаж байна. Тиймээс гэм буруутай гэдэг дээр маргах зүйлгүй байгаа...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч А.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч А.******* нь 2024 оны 06 дугаар сарын 14-ны өдөр согтуурсан үедээ ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт Т.*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь мөргөн цохин унагаж улмаар биеийг нь дэвслэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол болох нь шүүгдэгч А. *******гийн өгсөн: “...намайг татаж чангааж нүүрнээс маажихаар нь би цаашаа түлхэж бид хоёр маргалдаж барьцалдаж авсан тэгээд гэр рүү орж унтсан тэгээд маргааш өглөө нь манай хамт олон сагс тоглож байхаар нь очоод байж байтал ******* ирээд та намайг өчигдөр цохисон гэж хэлсэн тэгэхээр нь би чи намайг маажсан биз дээ чи  төвөгтэй байхаар нь би чамайг холдуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, хохирогчийн Т.******* өгсөн: “...******* захирал намайг нэг мангастаад унагаасан Би тоглоод байгаа юм байна  гэж бодоод босоод ирэхэд дахиад хэд хэдэн удаа алгадсан. ******* ах бас энгэрээс заамдаж байгаад миний нүүр чихний  ар тал руу 4-5 удаа баруун гараараа цохисон, духаараа миний нүүр хэсэг рүү 2 удаа мөргөсөн тэгээд намайг хэдэн удаа дэвссэн. Би хүчилсээр байгаад босоод гэр рүү орсон. Намайг ороход гэрийн гадаа ******* ах өөр хүмүүстэй муудалцаад байсан...” гэх мэдүүлэг зэргээс гадна Гэрч Ц.ийн Гадаа хүмүүс муудалцах чимээ гарахаар нь гадаа гарсан чинь манай захирал ******* ******* хоёр зодолдоод байхаар нь  очиж залгах гэсэн боловч болихгүй байсан тэгээд захирал *******г бариад байж байсан. Тэгээд хүмүүс гарч ирээд тус тус гэрлүү оруулсна...” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 321 дугаар: “...Т.*******ын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад шарх, хамрын таславчийн мурийлт, зүүн шуунд зулгаралт, дээд уруул, нуруу, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.*******д холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч А. ******* нь хохирогч Т.*******ыг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч А.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчид холбогдуулан  ажилгүй үеийн олговор , эмчилгээний төлбөр гэх 3900000 төгрөгийг нэхэмжилжээ.

 Шүүхээс хохирогчид учирсан хохирлоор  зарцуулагдсан нөхөн гаргуулах зардал болох баримтаар нотлогдох 350000 төгрөгийг шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэн гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч нь шүүх хуралдаанд нөхөн төлсөн болно.

Харин хохирогчийн зүгээс шүүх хуралдааны явцад хамрын хагалгаанд орох 3550000  төгрөгийг шүүгдэгчээс урьдчилан нэхэмжилснийг шүүх хянаад Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасан “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж заасныг үндэслэн хохирогч биед учирсан гэмтлээр  “зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхтэй” холбоотой бичгэн баримт хэрэгт хавсаргагдаагүй  байх тул энэ шийтгэх тогтоолоор дээрх нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч А.*******д холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруутайд маргахгүй тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх  талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч нь 3550000 төгрөгийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч А.******* нь хохирогчид 350,000 төгрөгийг нөхөн төлсөн, урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                       

                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД