Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/181

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг,

улсын яллагч Г.Ганзориг /томилолтоор/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******,

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2407000000232 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******од төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, , ажилтай, ам бүл 4, ээж, эмээ, дүүгийн хамт , , , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй, 

   ******* овогт *******ын ******* /PД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч М.******* нь ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-д түгээгчээр ажиллаж байхдаа 2024 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө компанийн орлогоос өөрийнхөө хувийн Хаан банкны дансаар 2,779,300 төгрөг, мөн бэлнээр 133,700 төгрөг, нийт 2,913,000 төгрөгийг авч байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгийг хувьдаа завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.******* “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” байр сууринаас оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа ойлгож байна. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна” гэв.

 

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2024 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих ээлжинд ийм асуудал гаргасан. Өглөө тооцоо нийлэх үед мйөнгө дутсан. Ахлах түгээгч болон түгээгчээс асуусан. Хоёулаа мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд гадаа гараад тамхи татах хооронд М.******* над дээр ирээд “би авсан” гэж хэлсэн. Тэгээд яаралтай төлүүлэх арга хэмжээ авах боломжтой юу гэхэд боломжтой гэж хэлсэн. 3 цаг гаруй хүлээсэн, төлж чадаагүй. Байгууллагадаа хэлэхэд “өндөр дүнтэй мөнгө учраас цагдаагийн байгууллагад мэдүүл” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдүүлснээр асуудал энэ хүрсэн. Байгууллагад учирсан төлбөрийг 7 хоногийн дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр буюу дансаар манай байгууллагын дансанд төлбөрийг хийж байгууллага хохиролгүй болсон. Үүнийгээ мөрдөгчид “манай байгууллагын дансанд М.******* хохирлоо барагдуулсан” гэж хэлсэн” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч М.******* нь ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-д түгээгчээр ажиллаж байхдаа 2024 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө компанийн орлогоос өөрийнхөө хувийн Хаан банкны дансаар 2,779,300 төгрөг, мөн бэлнээр 133,700 төгрөг, нийт 2,913,000 төгрөгийг авч байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгийг хувьдаа завшсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • “” ХХК-иас цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (хавтаст хэргийн 1 дэх тал),

 

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцын 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн орлого зөрсөн. Тэгээд би ажилтан нараасаа асуутал М.******* нь “би 4-5 удаагийн гүйлгээг өөрийн данс руу аваад тэр мөнгөөрөө тоглочихсон...” гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. 2,913,100 төгрөгийн хохирол учирсан. Өдөр өдрийн борлуулагдсан шатахуун, бэлэн мөнгөний орлого, интернэт банкаар шилжүүлсэн орлого, пос машины орлогыг тулгаж боддог. Н., М.******* нар шатахуун түгээгчээр ажилласан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

 

  • Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 15-ны өглөө тооцоо бодтол 2,900,000 орчим төгрөгийн орлого зөрсөн, тэр үед М.******* нь миний хажууд хамт сууж байсан хэдий ч энэ талаар хэлэхгүй зүгээр л байгаад байсан. Гэтэл манай салбарын эрхлэгч Г.******* над дээр ирээд энэ дутсан мөнгөөр М.******* тоглочихсон гэж хэлсэн тэгээд би мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

 

  • Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

  • “” ХХК-ийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “М.*******ыг туршилтын журмаар томилон ажиллуулах тухай” тушаал (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

  • Шүүгдэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би мөнгөөр бооцоотой тоглосон бөгөөд хэрэв би хожоод мөнгөө өсгөж чадсан бол буцаагаад өгөх байсан. Би нийт дансаар 2,779,300 төгрөгийг авсан. Би уг тооцоог бэлэн мөнгөөр нь авч хувьдаа ашигласан. ...би тухайн байгууллагаас нийт 2,913,000 төгрөгийг хувьдаа авч завшсан. Би тухайн байгууллагад хохирлоо нөхөн барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал) болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдэл байдаг. Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулснаар, эсхүл захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

“Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэлэх ба “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээ, хэлцэлд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.******* нь “Тод Петролиум” ХХК-д шатахуун түгээгчээр туршилтын журмаар ажиллаж байхдаа бусдад шатахуун худалдсан компанийн орлогын 2,779,300 төгрөгийг өөрийнхөө хувийн Хаан банкны дансаар, 133,700 төгрөгийг бэлнээр буюу нийт 2,913,000 төгрөгийг шунахайн сэдэлтээр завшиж, цахим мөрийтэй тоглоом тоглож, хувийн хэрэгцээндээ захиран зарцуулж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч М.*******ын үйлдлийн улмаас 2,913,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирол төлбөрийг хохирогч “Тод Петролиум” ХХК-ийн данс руу шилжүүлж, төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хязгаарлалтын бүсийг Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Г.******* “шүүгдэгч М.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргадаггүй, хохирлыг 7 хоногийн дотор бүрэн төлж барагдуулсан, *******тай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Шүүгдэгч М.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

 

Шүүх шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (цахим мөрийтэй тоглоом тоглох зорилгоор байгууллагын эд хөрөнгийг завшсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 2,913,000 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг төлж барагдуулсан), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал,) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 280 (хоёр зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь шүүхээс оногдуулсан 280 (хоёр зуун ная) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

              4. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

              5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ