Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

улсын яллагч Г.Ганзориг /томилолтоор/

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2407000000194 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, эрэгтэй, *******тай, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” фильмд кино урлагийн *******, , дүүгийн хамт дүүрэг, хороо, , тоотод оршин суух бүртгэлтэй боловч дүүрэг, хороо, тоотод оршин суух,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 884 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

   ******* овогт *******ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ   2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 06 цагийн орчим Налайх дүүргийн , ын ойролцоо болсон “” арга хэмжээ болсон газрын орчимд эр эмийн хардалт болон “найзуудыгаа илүү үзэж, намайг хүндэлдэггүй” гэх шалтгаанаар уурлан Б.ийн эзэмшлийн улсын дугаартай Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл дотор болон гадаа үсдэж бие рүү нь цохих зэргээр зодсон, улмаар бууж бие засах үед нь Б. машинаа унан зугтаах явцад мөн өдрийн 08 цагийн үед дахин зам дээр тааралдаж, машинаас буулган үсдэж, гарнаас хазах, цохих зэргээр Б.ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

мөн тухайн өдөр Б.ийн эзэмшлийн улсын дугаартай Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг өшиглөх, цохих зэргээр баруун урд под крыло, баруун хойд хаалга, зүүн урд крыло, урд буферыг эвдэж гэмтээсний улмаас хохирогч Б.д 530,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

   Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг тус тус нотлох гэсэн байр сууринаас оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Миний буруу” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ   2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 06 цагийн орчим Налайх дүүргийн , ын ойролцоо болсон “” арга хэмжээ болсон газрын орчимд эр эмийн хардалт болон “найзуудыгаа илүү үзэж, намайг хүндэлдэггүй” гэх шалтгаанаар уурлан Б.ийн эзэмшлийн улсын дугаартай Приус 41 маркийн тээврийн хэрэгсэл дотор болон гадаа үсдэж бие рүү нь цохих зэргээр зодсон, улмаар бууж бие засах үед нь Б. машинаа унан зугтаах явцад мөн өдрийн 08 цагийн үед дахин зам дээр тааралдаж, машинаас буулган үсдэж, гарнаас хазах, цохих зэргээр Б.ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тухайн өдөр Б.ийн эзэмшлийн улсын дугаартай Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг өшиглөх, цохих зэргээр баруун урд под крыло, баруун хойд хаалга, зүүн урд крыло, урд буферыг эвдэж гэмтээсний улмаас хохирогч Б.д 530,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Б.ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

  • Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оноос Д.******* гэх хүнтэй гэр бүл болж хамт амьдарсан. Бид хоёрын дундаас 2 хүүхэд гарсан бөгөөд 2021 оноос хойш хамт амьдрахаа больж заримдаа уулздаг болчихоор нь гэр бүлийн харилцаа муудаж хэрүүл, маргаан ихэссэнтэй холбогдуулан 2023 оны 04 дүгээр сард дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гэр бүл салалтыг баталсан шийдвэр гарч салсан юм. Салсны дараа ч бид хоёр заримдаа уулзаж байсан ба 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр салсан нөхөр Д.******* болон түүний 2 найзын хамт Налайх дүүргийн нд зохион байгуулагдсан “” арга хэмжээ явсан. Арга хэмжээнд ирээд салсан нөхрийн нэг найз нь яваад өгсөн ба бид гурав манай хоёр найз дээр очоод хамтдаа 05 цаг хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж бүжиглэсэн. Бүжиглэж дуусаад салсан нөхөр гэнэт “Чи найзуудыгаа сонгож илүү үздэг, намайг хүндэлдэггүй, би явлаа” гээд явсан. Би хоёр найзтайгаа явах гэсэн чинь хоёр найз “цүнхээ аваад гараад очъё” гэж хэлээд үлдсэн. Би араас нь очсон чинь над руу дайрч давшлаад байсан ба би дуудлагын жолооч олоод машиндаа суулгачхаад машинд сууж байсан чинь гаднаас орж ирээд дуудлагын жолоочийг хөөж явуулаад машин дотор намайг үс******* машин унаад яваад байсан, замдаа хэд хэдэн удаа бууж намайг зодож, унагааж байгаад өшиглөж, үсдэж чирээд машинд нэг оруулж цохиод л буулгаж нэг цохиод л байсан ба хэсэг явсны дараа “бие заслаа” гээд буухаар нь би жолоо бариад зугтсан. Би хаагуур явж байгаагаа мэдэхгүй хэсэг явж байгаад хоёр найзтайгаа холбогдож байгаад уулзсан. Тэгээд дуудлагын жолоочоор машин бариулаад цааш харьж байх үед засмал зам руу орох үед салсан нөхөр зам дээр хүлээгээд зогсож байсан. Д.******* шууд машины урдуур орж ирж зогсоож байгаад намайг машин дотроос буулгах гэж үс*******, гараас хазсан. Ойрхон үлээлгийн цагдаа явж байсан тул туслахаар хүрч ирээд салгаад аваад явсан. Би Улаанбаатар хотод ирээд биеэ үзүүлэхэд цээж, толгой хэсгээр зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа талаар хэлсэн. Мөн миний машины хаалгыг өшиглөж хонхойлгосон. ...Миний машины баруун талын хойд хаалгыг хонхойлгосон. ...Д.******* машины эд ангийг янзлуулаарай гээд надад 700,000 төгрөг өгсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд байгаа гэмтлүүдийг салсан нөхөр Д.******* учруулсан. Д.*******г дахиж биедээ халдуулмааргүй байна. Машины эд ангийн хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

 

  • дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 01223 дугаартай “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” шийдвэр (хавтаст хэргийн 69-71 дэх тал),

 

  • “Тоёота приус альфа экс ви” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн 04946338 дугаартай гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 80 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 374 дугаартай “Б.ийн биед нэг хавирганы хугарал, дух, зүүн сарвуунд зулгаралт, баруун бугалга, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, хазах, үрэх, маажих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),  

 

  • Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед байрны найз тай цуг Налайхад болсон “” дээр очсон. Тэгээд хар багын найз Б., хоёртой 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн үед уулзаад найз Б. салсан нөхөр Д.*******тай яваад бид хоёр явж байсан. Тэгээд Б.ийн утас нь холбогдохгүй байж байгаад руу Б. утсаар залгаад ирээд аваач намайг салсан нөхөр Д.******* зодчихлоо гэхээр нь бид хоёр очсон. Тэгээд дуудлагын жолооч дуудаад Б.ийн машиныг бариулаад явж байхад Б.ийн салсан нөхөр Д.******* гэнэт зам дээр гарч ирээд машины урд зогсоод явуулахгүй машины хаалга тухайн үед онгорхой байсан болохоор Д.******* шууд жолоочийн ар талын хаалгыг онгойлгоод Б.ийг үс******* нүүр болон гар хэсэгт цохиод зүүн гарнаас нь хазсан. Тэгээд цагдаа ойрхон байсан болохоор дуудаад цагдаа ирээд болиулсан. Тэгээд бид нар Улаанбаатар хот руу гэр лүүгээ харьсан. Тухайн үед Б., , танихгүй жолооч бид хэд байсан. Д.******* нь түргэн ууртай, ширүүн зан характертай. ...Бид нар “” дээр анх уулзаад найз бид хоёр явахад Б., Д.******* хоёр үлдэхэд Д.******* Б.ийн машиныг эвдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),  

 

  • Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 06-ны орой 18 цагийн үед ах эгчийн хамт Налайх дүүргийн ын ойролцоо “” дээр очсон. Тэгээд манай багын найз Б., салсан нөхөр нь хоёр найзтайгаа цуг ирсэн. Тэгээд бид нар “” дотор боргио нэртэй лаазтай пиво уусан. Тэгээд тоглолт үзээд байж байгаад Б. салсан нөхөртэйгөө яваад өгсөн. Тэгээд би Б. найзтайгаа цуг тоглолт үзээд Б. найзын гар утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд Б. найз над руу утсаар залгаад намайг ирээд аваач нөхөр зодчихлоо гээд уйлаад байхаар нь хаана байгааг нь асуугаад очоод бид нар дуудлагын жолооч аваад Б.ийн машинтай цуг явж байхад би хэсэг зуур унтаад байж байсан Д.******* Б.ийг үс******* авахаар нь сэрээд “хөөе болиоч ээ” гэсэн чинь Б.ийн зүүн гарнаас хазаад болихгүй болохоор нь цаанаас нэг замын цагдаа ирээд болиулсан. Тэгээд бид нар дуудлагын жолоочоор хүргүүлсэн. Д.******* архи уусан үедээ Б.д ширүүн агсам зан гаргадаг. 2 жилийн өмнө яг хэдний өдрийг санахгүй байна Д.*******, Б. бид гурав сэнгүр нэртэй лаазтай пиво ууж байхад яг юунаас болж маргалдсаныг бол санахгүй байна Д.******* уурлаад ширээн дээр байсан халуунаа барьдаг цайны саваар Б.ийг цохих гэж далайхад би болиулж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),  

 

  • “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн НД-24-180 дугаартай “...шинжилгээний объектын 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 671,200 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 30-36 дахь тал),  

 

  • Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Б.тэй 2016 онд танилцаад хамт амьдраад дундаасаа 2 хүүтэй. Гэрлэлтээ батлуулаад 2023 онд шүүхээр ороод салсан. Тэгээд энэ хугацаанд бид хоёр уулздаг байсан. 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр салсан эхнэр Б.ийн улсын дугаартай Приус 41 маркийн улаан өнгөтэй тээврийн хэрэгсэлтэй бид хоёр Налайх дүүргийн “” болж байгаа газар очсон. Тэнд очоод эхнэрийн хоёр найзтай нийлж боргио нэртэй лаазтай пиво уугаад Чойданжамц гээд хуурай дүүтэй таараад “чамайг хэн дуудсан юм гэсэн чинь танай салсан эхнэр дуудсан юм” гэхээр нь би 2023 оны 10 дугаар сард Япон явахад хуурай дүү Чойданжамц над руу мессеж бичээд “танай эхнэрийг өдөр болгон шаадаг ш дээ” гэсэн мессеж явуулаад уур хүргээд байдаг байсан хүн байгаа юм. Тэр өдөр Чойданжамцад уур хүрээд Б.д уурласан чинь Б. машинаа эрүүл жолоочоор бариулаад явах гэхээр нь уур хүрээд шууд очоод Б.ийг үс******* гараас нь чанга атгаад түлхчхээд “чи намайг хаяж явах гэж байна уу” гээд машины буруу талын урд хаалга руу хоёр удаа өшиглөсөн. Тэгсэн эрүүл жолооч өөрсдөө учраа ол гээд машинаас буугаад явсан чинь салсан эхнэр машин бариад намайг орхиод явсан. Тэгээд би замын унаанд дайгдаад гэртээ харьсан. Би боргио нэртэй лаазтай 6 пиво уусан. Тухайн үед танихгүй жолооч, салсан эхнэр Б. бид хоёр байсан. Би Б.ийн үснээс үсдэж гарнаас нь чанга атгаж түлхсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал) болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

            Шүүгдэгч нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүх хуралдаан дээр илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Д.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн цаг хугацаанд үүссэн эр эмийн хардалтын улмаас тээврийн хэрэгсэл дотор болон гадаа үсдэх, цохих зэргээр биед нь халдаж зодсон боловч дахин 2-3 цагийн дараа тааралдах үедээ машинаас нь хүчээр буулган үсдэж, гарнаас нь хазах, цохих зэргээр дахин биед нь халдаж, Б.ийн биед нэг хавирганы хугарал, дух, зүүн сарвуунд зулгаралт, баруун бугалга, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул, баруун сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул журамлан хэрэглэсэн нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь бусдын эд хөрөнгөд халдаж санаатайгаар устгасан, гэмтээсэн үйлдлийг ойлгох бөгөөд дээрх хууль бус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг. Бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг ойлгоно.

 

            Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.ийн эзэмшлийн улсын дугаартай Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг өшиглөх, цохих зэргээр эвдрэл гэмтэл үүсгэний улмаас хохирогчийн эд хөрөнгөд хуульд заасан бага хэмжээнээс дээш буюу 671,200 төгрөгийн хохирол учирсан байгаа нь эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

                Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн биед хөнгөн хохирол, түүний эд хөрөнгөд 671,200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Д.******* машины эд анги эвдэрсэн хохирол төлбөрт 700,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хохирогчид шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялын нийт хэмжээг 1,300,000 төгрөгөөр тогтоох” гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

            Шүүгдэгч Д.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас салсан эхнэртэйгээ маргалдаж биед болон эд хөрөнгөд нь халдсан байдал) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, эд хөрөнгөд учирсан хохиролд 700,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч гомдолгүй гэх), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай) зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний бюуу 800,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр тогтоож, тухайн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 1,300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 1,300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, ******* шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ