Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 124

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч С.Болорчулуун,

шүүгдэгч Г.Энхтайван нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Шаргачин овогт Готовын Энхтайванд холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726030565 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 13-нд Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, ах, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамжны 319 тоотод оршин суух, 2001 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 147 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2002 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 151 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн, 2005 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Төв аймгийн сум дундын шүүхийн 100 дугаартай шүүгчийн захирамжаар 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, 2 жил 9 сар 18 хоногийн хори ялыг эдэлсэнд тооцож 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр суллагдсан, 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Шаргачин овогт Готовын Энхтайван /РД:ШЕ82011314/

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Энхтайван нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 8-318 тоотод оршин суух иргэн Л.Баярмаагийн эзэмшлийн Ниссан Лаурел маркийн автомашины кропыг хулгайлж эрүүгийн хуульд заасан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Энхтайван нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 8-318 тоотод оршин суух иргэн Л.Баярмаагийн эзэмшлийн Ниссан Лаурел маркийн автомашины кропыг хулгайлж эрүүгийн хуульд заасан бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Г.Энхтайваны шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Л.Баярмаагийн эзэмшлийн Ниссан Лаурел маркийн автомашин дотор байсан кропыг хулгайлж жалганд аваачиж эвдээд түүхий эд авдаг газарт өгсөн...Би хохиролд 240.000 төгрөг төлсөн... Би дахин хулгай хийхгүй. Миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Л.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би нөхөр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 9-318 тоотод амьдардаг юм. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хашаандаа машинаа засах сэлбэг хэрэгсэлээ амбаартаа тавиад машины кроп амбаарт багтахгүй болохоор нь амбаарынхаа урд талд машиныхаа кропыг тавьсан юм. Тэгээд маргааш өглөө нь машиныхаа кропыг үзэхэд алга болсон байсан. Тэгээд би хашааны өнцөгийн төмөр авдаг цэг дээр очиход хашаан дотор нь манай машины кропыг задалчихсан байхаар нь би очоод энэ задалсан машины кропыг хэн танд худалдсан юм бэ гэж асуухад нэг танихгүй залуу түрдэг тэргэн дээр авчирч өгсөн гэж хэлсэн. Тэгээд би хашаандаа очоод харсан чинь түрдэг тэрэг хашаан дотор байсан. Тэгээд би хажуу талын айлын Тайванааг авсан байх гэж бодсон. Манай хажуу талын Тайванаагийн бүтэн нэрийг Энхтайван гэдэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй, группэд байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй залуу юм. Тэгээд ямар учраас хулгайлсан юм бэ гэж би Энхтайванаас асуухад надад мөнгөний хэрэг гараад хулгайлсан юм гэж хэлсэн. Би машиныхаа кропыг 2017 оны 2 дугаар сард 240.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Шинэ кроп байгаа юм. Манай хөрш болохоор надад гомдол санал байхгүй. Надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/

            3. Эд зүйлийн үнэлгээ: “...Ниссан Лаурел маркийн автомашины кроп...240.000 төгрөг...” /хх-ийн 61/

            4. Сэжигтэн Г.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 20-21-ний шилжих өдөр хажуу айлын Баярмаагийн хашааруу давж ороод гэрийн урд талд байсан машины кропыг хажууд нь байсан усны тэргэн дээр түрээд аваад явсан. Тэгээд жалганд аваачиж задалчихаад хөнгөн цагаан авдаг түүхий эдийн ченжид аваачиж өгсөн. Баярмаагийн гэр нь хэдэн хоног хүн байхгүй байсан юм. Баярмаагийн хашаа нь манай хашаатай залгаа онгорхой байдаг болохоор хүн орж гараад байдаг. Тэгээд би хөнгөн цагааны ченжид 17.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд усны тэргийг нь хашаанд буцааж тавьсан. Тэгээд би тэр мөнгөөрөө ойр зуурын юм аваад үрж дуусгасан. Тэгээд хэд хоногийн дараа нь Баярмаагийнд хүн ирээд кропоо алга болсныг мэдээд намайг авсан уу гэж хэлэхээр нь би авсанаа хүлээн зөвшөөрсөн. Надад мөнгөний хэрэг гараад тэгээд хашааны цаанаас мотор нь ил харагдаад эвдэрсэн төмөр юм байлгүй гэж бодоод аваачаад зарсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би ер нь архи уугаад байдаггүй бие муу болохоор ууя гэж ч боддоггүй юмаа. Би Баярмаад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Ийм үйлдэл хийсэндээ өөрөө өөртөө харамсаж байна. Би Л.Баярмаатай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Надад гомдол санал байхгүй. Уг хэргийг хааж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч Г.Энхтайван нь 2001 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 147 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2002 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 151 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн, 2005 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Төв аймгийн сум дундын шүүхийн 100 дугаартай шүүгчийн захирамжаар 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, 2 жил 9 сар 18 хоногийн хори ялыг эдэлсэнд тооцож 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр суллагдсан, 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хугацаа дуусч суллагдсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42, 43, 45-46, 47-48, 49-50, 51-60/ зэргээр тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж заасныг зөрчиж 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дахин гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнийг ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Харин шүүгдэгчийн 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж, 2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хугацаа дуусч суллагдсан хэргийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад заасан “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг” зэрэгт хамаарч байх тул шүүгдэгч Г.Энхтайваны ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Энхтайваныг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Харин хохирогч Л.Баярмаа нь шүүгдэгч Г.Энхтайвантай сайн дураар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан /хх-ийн 78/ байх тул Г.Энхтайванд холбогдуулан прокуророос сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Энхтайванд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тэмдэглэе.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298, 418 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Энхтайваны ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Шүүгдэгч Шаргачин овогт Готовын Энхтайваныг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Шүүгдэгч Шаргачин овогт Готовын Энхтайванд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Г.Энхтайванд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Г.Энхтайванд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

  6.  Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Энхтайванд таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР