Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 46

 

Ц.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолтой, Ц.А-д холбогдох, 2035000420046 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Агийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ц.А нар оролцов.

Монгол Улсын иргэн Х ургийн овогт Ц А, 1974 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын....... тоотод оршин суух, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар:.......

Шүүгдэгч Ц.А нь “Увс-Авто зам засвар, арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийн хариуцдаг, улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн хатуу хучилттай авто замд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 03-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 72-51 УВА улсын дугаартай Зил-130 загварын автомашинаар Хар тарвагатайн нүүрсний уурхайгаас Улаангом сумын чиглэлд нүүрс тээвэрлэх явцдаа автомашины чиргүүлийн дугуй хагарсныг мэдэхгүй хатуу хучилттай авто зам дээр обудаараа явж Улаангом талаас 18.9 километрээс 24.9 километрийн хоорондын замыг болгоомжгүй гэмтээсний улмаас улсад 4.602.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хаснууд ургийн овогт Цэвээний Амарсанааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн эзэмшлийн замыг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аг 2000 /хоёр мянга/ нэгж буюу 2’000’000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ц.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.А миний бие нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ц.А миний бие нь Увс-Авто зам засвар, арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн хариуцдаг, улсын чанартай  А-18 кодтой Улаангом-Наранбулаг, Сонгино Нөмрөг чиглэлийн хатуу хучилттай авто замд 2020 оны 1 дүгээр сарын 02- ны өдрөөс 1 дүгээр сарын 03- нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 72-51 УВА улсын дугаартай 3ил-130 загварын авто машинаар Хар тарвагатайн нүүрсний уурхайгаас Улаангомын чиглэлд нүүрс тээвэрлэх явцдаа авто машины чиргүүлийн дугуй хагарсныг мэдэхгүй хатуу хучилттай авто зам дээр обудаараа явж Улаангом талаас 18,9 километрээс 24,9 километрийн хоорондох замыг болгоомжгүй гэмтээсний улмаас улсад 4.602.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн билээ.  Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Увс аймаг дахь сум дундын шүүх хүлээн авч шүүх надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 /хоёр мянган / нэгж буюу 2.000.000 / хоёр сая / төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэнд гомдолтой байна. Яагаад гэвэл Ц.А миний бие нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн байгаа, гэмтээсэн замаа засаж хохирлыг нь барагдуулсан. Ам бүл- 6, хоёр оюутан хүүхэдтэй, би хувиараа тээвэр хийж амьдралаа залгуулдаг надаас өөр ажил хийдэг хүн байхгүй зэрэг амьдралын нөхцөл байдлуудаа ярьсаар байтал намайг хоёр сая төгрөгөөр торгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1-т “450 мянгаас дээш торгох ялтай байхад намайг маш өндөр хэмжээний төгрөгөөр торгосон нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Иймд миний бие нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, замаа засаад хохирлоо барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хоёр оюутан хүүхэдтэй, ам бүл-6, ажил хийх өөр хүн байхгүй зэрэг миний амьдралын хүнд нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан хоёр сая төгрөгийн торгуулийн ялыг хуульд зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгоомжгүйгээр бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолоор Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2000 нэгж буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Агийн  давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох  2035000420046 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 03-нд шилжих шөнө Зил-130 загварын 72-51 УВА улсын дугаартай чиргүүлтэй автомашинаар Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хартарвагатай” нүүрсний уурхайгаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд нүүрс тээвэрлэж явахдаа чиргүүлийн дугуй хагарсны улмаас дугуйны төмөр обудаараа явж “Увс-Авто зам засвар, арчлалт”  төрийн өмчит хувьцаат компанийн хариуцдаг А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн хатуу хучилттай замын Улаангом талаас 18.9 километрээс 24.9 километрийн хооронд 1.5-2 см өргөнтэй, 0.5-0.7 см гүнтэй хагарал, зарим хэсэгтээ 20 см зайтай 2 эгнээ эвдрэл,  нийт 6 км нийтийн эзэмшлийн замыг болгоомжгүйгээр гэмтээж, бага хэмжээнээс дээш буюу 4.602.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28-д “улсын чанартай авто зам” гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг ойлгоно” гэж заасан байх бөгөөд Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн авто зам нь Увс аймгийн төв / Улаангом/-ийг Архангай аймгийн төв болон Нийслэлтэй холбох замын хэсэг тул уг замыг улсын чанартай авто зам гэж үзнэ.

Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна “ гэж заасны дагуу улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн авто зам төрийн нийтийн өмч байх тул уг замыг нийтийн эзэмшлийн зам гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Агийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид түүний үйлдэл хамаарч буйг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргийн талаар  нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан  шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.А “Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмтээсэн замаа засаж хохирлыг барагдуулсан.Миний бие ам бүл-6, хувиараа тээвэр хийж амьдралаа залгуулдаг бөгөөд надаас өөр ажил хийдэг хүн байхгүй, 2 оюутан хүүхэдтэй. Иймд шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх гомдлыг гаргасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр  хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх дээрх ялын төрлөөс хөнгөн ял болох торгуулийн ялыг  сонгож,торгуулийн хэмжээг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая төгрөгөөр тогтоосон нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм бурууд тохирсон байна.

Нөгөө талаар шүүгдэгч Ч.Амарсанаа “манай гэр бүлд надаас өөр ажил хийдэг хүн байхгүй, хоёр оюутан хүүхэдтэй” гэх гомдлын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй буюу түүний гомдол нотлох баримтад үндэслээгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар талууд давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгч болохоор зохицуулсан байх ба шүүгдэгч Ц.А өөрийн хувийн байдал /ам бүлийн байдал, цалин, орлого/ болон ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой бусад баримтыг гаргаагүй болно.

Давж заалдах шатны шүүхээс торгох ялын хэмжээг хөнгөрүүлэн тогтоох нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 131 дүгээр  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.А-гийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

 

                                                                        Н.МӨНХЖАРГАЛ