| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 182/2023/00984/И |
| Дугаар | 001/ХТ2026/00119 |
| Огноо | 2026-05-05 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2026/00119
“К”-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/09586 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2026/00189 дүгээр магадлалтай
“К”-ийн нэхэмжлэлтэй,
“БТ” ХХК, “БИ” ХХК, “ОУХБ” ХХК-д тус тус холбогдох
нэхэмжлэгч банкны эрх хүлээн авагч Т.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч “БТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, хариуцагч “БИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б нар танхимаар, хариуцагч “ОУХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “К” нь хариуцагч “БТ” ХХК, “БИ” ХХК, “ОУХБ” ХХК-д тус тус холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/09586 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 56.6-д заасныг баримтлан “БТ” ХХК, “БИ” ХХК, “ОУХБ” ХХК-д тус тус холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн *** тоот хаягт байршилтай 5,781.06 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай “К”-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар “К” нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2026/00189 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/09586 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул “БТ” ХХК, "БИ" ХХК, “ОУХБ” ХХК-д тус тус холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, Чингэлтэй дүүргийн *** тоот хаягт байршилтай, 5,781.06 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай “К”-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч банкны эрх хүлээн авагч Т.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.11.07-ны өдрийн 191/ШШ2025/09586 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.21-ний өдрийн 210/МА2026/00189 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсгийг тус тус хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба Иргэний хуулийн зарчим, талуудын хоорондын хүсэл зориг, түүний илэрхийлэл, эдгээрийн үндсэн дээр болж өрнөсөн үйл явдал, талуудын хоорондын үүргийн болон шударга ёсны зарчмыг зохицуулсан хуулийн зохицуулалтыг хэрэглэсэнгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн дараах заалт зохицуулалтыг хэрэглэх байсан. Үүнд:
4.1.Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ,
4.2.Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна,
8.1.7.Иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох;
13.1.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ;
39.1.Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ;
41.1.Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна;
41.2.Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана;
42.11.Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно;
43.3.Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ;
105.1.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна;
186.1.Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй;
186.2.Үүргийн агуулга, шинж чанарыг харгалзан талуудын алинд ч нөгөө талын эрх, эд хөрөнгийн хувьд онцгой үүрэг ногдуулж болно;
187.1.Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ;
187.2.Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсэж болно;
Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ “К” ХХК-ийн нэр дээр гарч байгаагүй хэдий ч талуудын хооронд тус хөрөнгөтэй холбоотой харилцаа анх Монгол Улсын Санхүү, Эдийн засгийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2002.07.19-ний өдрийн 209/370 дугаар “Шинэчлэл банкны үйл ажиллагааг сайжруулахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай” хамтарсан тушаалаар Шинэчлэл банкны дүрмийн сангийн зонхилох хувийг эзэмшигч “БТ” ХХК-ийн дэргэд “Шинэчлэл банкны өр барагдуулах алба”-ыг байгуулж, Шинэчлэл банкны чанаргүй зээлийн өр 527.4 сая төгрөг, өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгийн тооцоо 699.1 сая төгрөг, урьд онуудын хуримтлагдсан алдагдлын 1113.1 сая төгрөгийн тооцоог тус тус шилжүүлж, шилжүүлсэн хөрөнгийн хэмжээ буюу 2070.3 сая төгрөгийн хэмжээгээр К авлагатай болсон үеэс эхэлсэн. Өөрөөр хэлбэл, К-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2003.12.29-ний өдрийн 13 дугаар “Авлага барагдуулах тухай” тогтоолоор тус авлагын үлдэгдэл 1,544.4 сая төгрөгт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн К-ны байрлаж байгаа хэсгийг авлагад тооцож авахаар шийдвэрлэснээр К-ны дийлэнх хувьцаа эзэмшигч “БТ” ХХК мөн дүнгийн үүргээс чөлөөлөгдсөн. Энэ нь Иргэний хуулийн 8.1.7 дахь зүйлд заасан иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болсонд хамаарч байна.
Энэхүү хууль зүйн үйл явдлын дараа хөрөнгийг “К” ХХК-д шилжүүлэх үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа дараах байдлаар хэрэгжиж байсан. К-аас Монголбанкны ээлжит, иж бүрэн шалгалтын ажлын хэсгийн ахлагч З.А-д 2018.05.07-ны өдрийн 1/1802 тоот албан бичгээр хүргүүлсэн “Шалгалтын танилцуулгад тодруулга хийх тухай” албан бичигт “... үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Банкны төв байр нэр шилжүүлээгүй асуудал байгаа, хөрөнгүүдийн гэрчилгээ шилжүүлэх ажил хийгдэж байна /Нэгдүгээр хавтаст хэргийн 71 дүгээр тал/ Монголбанкны 2003 оны газар дээрх иж бүрэн шалгалтын акт материалд К “Банкны төв байрны өмчлөлтэй холбоотой асуудлыг 2002 оны 6 дугаар сард багтаан шийдвэрлэх гэсэн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалын биелэлтэд банкны байрны асуудлыг Төрийн өмчийн хороонд санал оруулж, байрны төлбөрийн асуудлыг Санхүү эдийн засгийн яам, Монголбанкны хамтарсан 209/370 дугаар тушаалаар шийдвэрлэсэн гэж тайлагнаж байсан. К-ны гүйцэтгэх захирлын 2003 оны гүйцэтгэлийн тайланд “банкны дийлэнх хувьцааг эзэмшигч ”БХ” ХХК нь тус банкны активын гуравны нэгтэй тэнцэж байсан авлагад банкны төв байрны тал хэсгийг 2003 оны 12 дугаар сард шилжүүлсэн, мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар авлагыг барагдуулах талаар тавьж байгаа шаардлагын дагуу “БТ” ХХК нь банкны одоогийн байрлаж байгаа барилгын талыг 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж, энэ хэмжээгээр авлагыг барагдуулаагүй бол Монголбанкны журмын дагуу балансад бүртгэлтэй 1.9 тэрбум төгрөгийн авлагад 380.0 сая төгрөгийн авлагын эрсдэлийн санг нэмж байгуулах ёстой байсан” гэж дурдаж байсан. Монголбанкны Хяналт шалгалтын газраас К-д 2004.04.26-ны өдрөөс 2004.05.10-ны өдрийн хооронд хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын явцад К 2004.01.20-ны өдрийн 1/39 тоотоор “Газрын харилцаа, геодези зурагзүйн газрын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд банкны байрлах хэсэг болох 1.5 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгийн өмчлөх эрхийг банкны нэр дээр шилжүүлэн бүртгэж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл хариуг ирүүлээгүй байгаа” гэх тайлбарыг өгч байсан.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.09-ний өдрийн 176 дугаар эрүүгийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 14 дүгээр талд шүүгдэгч А.А нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г-ийн энэ хэргийн маргаан бүхий хөрөнгийн талаар буюу “Банкны үндсэн хөрөнгөд 10.2 тэрбум төгрөгийн бүртгэлтэй, К-ны төв байр нь К-ны өмч мөн үү” гэх асуултад “Гэхдээ төв байр бол бүтнээрээ биш тал нь” гэж, “Банкны үндсэн хөрөнгөд 2002 онд бүртгэгдсэн зөв үү” гэх асуултад "Зөв, Оросын банкнаас зээл үргэлжлүүлж аваад байсан тул банкны хэсгийн гэрчилгээг гаргахад оросын банк зөвшөөрөхгүй байсан тул гэрчилгээг гаргаж чадаагүй" гэж тус тус хариулж байсан болно.
Дээрх үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 13.1 “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ, Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” зохицуулалтад хамаарч байна. Хэдийгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “К” ХХК-д шилжүүлэх агуулга бүхий гэрээ бичгээр байгуулагдаагүй хэдий ч хөрөнгийн эзэмшил К-д 2002 оноос шилжиж, хөрөнгийн их засвар, урсгал засварт К 2004, 2006, 2011 онуудад нийт 3,264,871,247.19 төгрөгийн зардлыг гаргаж, К-ны хувьцаа эзэмшигчээс банкны хөрөнгө гэж хүлээн зөвшөөрч банкны санхүүгийн тэнцэлд бүртгэсэн, Монгол Улсад хэрэгжүүлсэн Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд банканд хийгдсэн активын чанарын үнэлгээгээр К-ны хувьцаа эзэмшигчид банкны үндсэн хөрөнгө мөн гэж хүлээн зөвшөөрч, Эрүүгийн шүүхээс 10.3 тэрбум дүнгээр мөнгөжих хөрөнгө гэж үзсэн, хөрөнгийг “К” ХХК-д шилжүүлэх үйл ажиллагаа хэрэгжиж байсан боловч бүрэн дуусгавар болоогүй зэрэг нөхцөл байдлууд нь Иргэний хуулийн 42.11 Энэ хуулийн 421,1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно” гэх зохицуулалтад хамаарч байсан. Хэдийгээр хуульд холбогдох гэрээ хэлцэл бичгээр байгуулаагүй хэдий ч хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хүлээж, хүсэл зориг үйлдлээрээ илэрхийлсэн нь Иргэний хуулийн 4.1 “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ”, 4.2.“Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна” гэх зохицуулалтыг хэрэглэх үндэслэл байсан. Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах тул нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан 2019.01.25-ны өдрийн “Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ” нь хууль зөрчсөн хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэсэн.
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн *** тоот “К-д авах зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” тушаал нь Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн гарсан, төрийн эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлдэг албадлагын арга хэмжээний нэг бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч 2016.01.08-ны өдрийн А-6 дугаар “Дүрэм журам шинэчлэн батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монголбанкны улсын байцаагчийн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Улсын ерөнхий байцаагч байх бөгөөд Банкны тухай хуульд заасан бүрэн эрхээс гадна Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлдэг. Эдгээр хуульд заасан эрх нь албадлагын буюу хориглосон, үүрэг болгосон хэм хэмжээний шинжийг агуулдаг тул түүнийг зөрчих нь хуулийн хориглох хэм хэмжээнд хамаардаг байдлыг шүүх анхаарсангүй. Мөн Банкны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг 1, 37.2 дахь зүйлийн 37.2.2 дахь хэсэгт зааснаар К-ны удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөв, түүний үр дагаврыг хариуцна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.09-ний өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.07.26-ны өдрийн 2023/ДШМ/761 дүгээр магадлалаар гэмт хэрэгт холбогдох үедээ К-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дахь хэсэгт заасан банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс их хэмжээний хохирол учруулсан буюу “банкны төлбөрийн чадвар алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шийдвэрлэхдээ 2019.04.08-ны өдрийн байдлаар К-ны хөрвөх чадвартай нийт хөрөнгө буюу эргэн төлөгдөх хөрөнгө /зээл, авлага, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө/ нь нийт 387,839,880,355.00 төгрөг, харин банкны нийт өр төлбөр 492,490,987,834.00 бөгөөд үүний зөрүү 104,651,984,834.00 гэж тогтоосон.
Шүүхээс мөнгөжих хөрөнгө буюу актив хөрөнгө гэж үзсэн 387.9 тэрбум төгрөгт маргаан бүхий хөрөнгийн дүн 10,312,813,270.67 төгрөг /авлага хэсэгт/ багтсан /3 дугаар хавтаст хэргийн 61 дүгээр талд байгаа К-ны хураангуй тайлан тэнцлийн хөрөнгө /актив/ хэсгийн 4 дүгээрт байгаа “Бусад хөрөнгө” хэсэгт 19,061.36 сая төгрөгийн авлага/ ба шүүхээс мөнгөжнө гэж үзсэн тус хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь энэ дүн мөнгөжих боломжгүй болгож, нөгөө талаар энэ дүнгээр төрийн байгууллага /Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон бусад/, иргэн, аж ахуйн нэгжийн Банкны эрх хүлээн авагчаас хохирлоо барагдуулж авах боломж, тэдгээрийн хохирлыг барагдуулах Банкны эрх хүлээн авагчийн эрх ашгийг хөндөж байгааг нотолж байгаад дүгнэж зохих хуулийг хэрэглэсэнгүй.
“К” ХХК 2019.01.31-ний өдөр Төлөөлөн Удирдах зөвлөлийн 19 тоот тогтоолын дагуу ОУХОБ-ны зээл, зээлийн хүүгийн төлбөр нийт 2,892,858.00 евро буюу 8,745,908,394.60 төгрөг /1 еврогийн төгрөгтэй харьцах ханш 3,006.13 төгрөг/ К төлж барагдуулсан байхад анхан шатны шүүх тус хөрөнгүүд ОУХБ-д шилжээгүй, иргэн С.А-ийн К-д байршиж байсан хадгаламжийн өр төлбөрт түүний компаниудад шилжсэн байна гэж буруу дүгнэсэн. “К” ХХК-ийн хувьд зээлийн төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн үйл баримт нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, зээлийн үүрэг биелэгдсэн нөхцөл байдал тогтоогдох бөгөөд түүнээс цааш хэрхэн шилжсэн нь хэрэгт хамааралгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийсэн. Дээрх үндэслэлүүдээр гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.10-ны өдрийн 001/ШХТ2026/00469 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч банкны эрх хүлээн авагч Т.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч “К нь хариуцагч “БТ” ХХК, “БИ” ХХК, ОУХБ-д тус тус холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн *** тоот хаягт байршилтай 5,781.06 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа:
“ …тус үл хөдлөх эд хөрөнгө нь 2002 оноос К-ны үндсэн хөрөнгийн дансанд бүртгэгдэж, ... хувьцаа эзэмшигчид банкны үндсэн хөрөнгө мөн гэж хүлээн зөвшөөрч үнэлгээг хийлгэсэн байдаг. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008.04.17-ны өдрийн 181 тоот шийдвэрийг үндэслэн банкны барилга байршиж байгаа газрыг “К” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хэвээр байна.
“ОУХБ” ХХК болон “К” ХХК-ийн хооронд 2013.01.17-ны өдөр 272/01 тоот, 2015.12.09-ний өдрийн 275/01 тоот зээлийн гэрээ, 272/02, 275/02 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэгчийн шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. 2019.01.25-ны өдөр хариуцагч нарын хооронд Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг байгуулж, зээлийн өр төлбөрийн үлдэгдэл нийт 5,771,939.25 еврогийн өр төлбөрт гэрээнд заасан нийт 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ОУХБ-д шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дотор нэхэмжлэлийн зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө багтаж, ОУХБ-ны өмчлөлд шилжсэн.
Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн “К-д авах зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний тухай тушаалаар банкны үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байхыг тус банкны ТУЗ-ийн дарга Б.Б, гүйцэтгэх захирал А.А нарт даалгасныг “К” зөрчиж, ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ОУХБ-д шилжүүлсэн.
Монголбанк хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд “К” ХХК-д банкны үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байхыг даалгасан байхад хууль, тушаалыг зөрчиж банкны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг ОУХБ-ны өмчлөлд шилжүүлж байгаа нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргах эрхтэй” гэжээ.
8.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргасан.
8.1.Хариуцагч “БТ” ХХК нь “...ОУХБ-аас авсан К-ны өр төлбөрийг цаашид “БТ” ХХК төлье, барьцаа хөрөнгө болох “БИ” ХХК-ийн хөрөнгийг барьцаалсан чигээрээ үлдэгдэл зээлийг төлье гэж 2018.12.17-ны өдөр зээлийн өр шилжүүлэх гэрээ байгуулаад, дараа нь 2019.01.25-ны өдөр дахин эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ нэхэмжлээд байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа “БИ” ХХК-ийн хөрөнгө байсан. “К” ХХК нь ОУХБ-аас зээл авахдаа тухайн компанийн хөрөнгийг барьцаалаад зээл авсан гэдэг нь нотлогдоно. Иймээс ОУХБ-аас К-ны авсан зээлийг одоо “БТ” ХХК төлөөд явж байгаа нь эрх зүйн хувьд байгуулсан гэрээнээс харагдана. 2019.01.25-ны өдөр байгуулсан энэ гэрээг талууд харилцан зөвшилцөж, энэ гэрээтэй холбоотой маргаан гарвал Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж байгаа. Энэ гэрээнд огт хамааралгүй этгээд болох “К” ХХК нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэсэн агуулгатай тайлбар гаргасан.
8.2.Хариуцагч “БИ” ХХК нь “...уг үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа манай компанийн өмчлөлд байсан ба 2019 онд байгуулагдсан эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу ОУХБ-д шилжсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар “ХХ” ХК нь “БИ” болж нэрээ өөрчилж, энэ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь “БИ” ХХК-д байж байгаад “ОУХБ” руу шилжсэн ба дунд нь К дээр бүртгэгдсэн бүртгэл байхгүй. Манай компанийн өмчлөлд байсан 5,781 м.кв үйлчилгээний 3 давхар барилгын тодорхой хэсэгт “К” ХХК үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ банк татан буугдсантай холбоотойгоор ямар нэгэн маргаан гараагүй, ... асуудал нь эрүүгийн хэрэгтэйгээ хамтдаа нэгэнт шүүхийн шийдвэрээр шийдэгдчихсэн.
“К” ХХК нь өөрийн 2013 болон 2015 онд “ОУХБ” ХХК-аас авсан зээлийн төлбөрийг төлж барагдуулж дуусгавар болгоогүй гэдэг нь тогтоогдож байгаа юм. Энэ өр төлбөрт шилжүүлсэн гээд байгаа барилгууд нь өөр хуулийн этгээдийн эзэмшилд шилжчихсэн. “К” ХХК-ийн зөвшөөрлөөр энэ зээлийн өр төлбөр шилжүүлэх гэрээ, мөн өмчлөх эрх шилжүүлэх гэрээнүүд хийгдсэн байдаг. Иргэний хуульд заасан хууль зөрчсөн хэлцэл гэсэн тайлбар нь өөрөө хууль ёсны үндэслэлгүй байна.
Түүнчлэн “Г” хэлбэрийн байрны нэг талын 1-3 давхарт нь л “К” ХХК үйл ажиллагаа явуулж байснаас бусад хэсэгт нь өөр компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хууль ёсны үндэслэлгүй” гэсэн.
8.3.Хариуцагч “ОУХБ” нь “...Иргэний хуулийн 56.4-т заасан үр дагаврыг арилгуулах зохицуулалтаар тухайн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх ёстой. Гэрээний талууд хэлцлийн талаар шаардлага гаргаагүй, эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр хэвээр. Монголбанкны албан шаардлагыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй. Аливаа этгээдийн албан шаардлагыг зөрчсөн, мөн захиргааны актыг зөрчсөн гэдэг ойлголт хуульд байхгүй. Энэ гэрээ ямар нэгэн хууль зөрчөөгүй, Монгол банкны ерөнхийлөгчийн албан шаардлага нь хууль тогтоомж биш. Тухайн албан шаардлагыг “ОУХБ” ХХК дагаж мөрдөх үүрэггүй тул Иргэний хуулийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй. Түүнчлэн холбогдох хуульд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж, ... улсын бүртгэл... үнэн зөв гэж тооцно гэсэн зохицуулалттай. Хэрвээ энэ гэрээ хүчин төгөлдөр бус болох юм бол манайх “БИ” ХХК-д өгнө. Зээлээ төлүүлэхийн тулд тухайн зээлийн өрийг бусад этгээд рүү шилжүүлэхийг зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийг гэрээгээр шилжүүлж авсан, хуулиараа манай өмч. Түүнчлэн газрын өмчлөгч байлаа гээд тухайн барилгын өмчлөгч болох ойлголт байхгүй. Манай банк бол Олон Улсын гэрээний нөхцөлөөр үйл ажиллагаа явуулдаг Нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэлтэй олон улсын байгууллага. Энэ асуудлыг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлэхийн тулд манай банк зөвшөөрөх ёстой. Зөвшөөрөөгүй тул тус шүүхэд харьяалагдахгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “… “ОУХБ”, “К” ХХК, “БТ” ХХК, “БИ” ХХК-уудын хооронд байгуулагдсан 2019.01.25-ны өдрийн Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ, хэлцлийн дагуу маргаан бүхий барьцааны зүйлийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн байна. Иймд барьцааны зүйлийн өмчлөгч биш “К” нь хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн нэхэмжлэл гаргах хууль зүйн боломжгүй тул түүнийг сонирхогч этгээд гэж үзэхгүй. Уг хэлцлийн үр дүнд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй, түүнд барьцааны эрхийг дуусгавар болгох субьектив шаардах эрх үүсээгүй буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх анх “ХХ” ХК-ийн өмчлөлд 1998.07.21-ний өдөр бүртгэгдэж, тус компанийн нэрийг “БИ” ХК болгон өөрчилсөн. “БИ” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд талуудын хооронд 2019.01.25-ны өдөр Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй, хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй.
Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь гэрээний дагуу 2019.02.14-ний өдөр “ОУХБ”-ны өмчлөлд шилжсэн бүртгэл хүчин төгөлдөр байна. “К” ХХК-ийн “ОУХБ”-аас авсан зээлийн гэрээнүүдийн үүрэг өнөөдрийг хүртэл дуусгавар болоогүй болох нь тогтоогдсон. Нөгөөтэйгүүр, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн *** тоот К-д авах зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай тушаалаар банкны төлөөлөн удирдах зөвлөлд банкны үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байх, зээл, авлага, өмчлөх бусад хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй байхыг даалгасан нь “К” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгөд хамаарах болохоос өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө хамаарахгүй тул хариуцагч нарыг Банкны тухай хуулийн холбогдох заалтыг болон зөрчсөн гэж үзэхгүй. Хэргийн харьяаллын тухайд, 2025.07.01-ний өдрийн 191/ШЗ2025/28649 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, гомдол гаргасныг шүүх хүлээн авч 2025.08.01-ний өдрийн 191/ШТ2025/00701 дугаартай Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоолоор хүчингүй болгосон. Мөн Иргэний хуулийн 548 дугаар зүйлийн 548.5-д заасны дагуу ... үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 56.5-д заасныг хэрэглэсэн байна.
10.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан. Магадлалд “ ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч байгууллагын нэр дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байгаагүй, мөн гэрээгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн бүртгэх үүргийг хэргийн оролцогчийн хэн аль нь хүлээсэн үүргийн хэлцэл байгуулагдаагүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. “К” ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөд бүртгэж, хуульд нийцэхгүй хэлбэрээр банкны актив хөрөнгийг хийсвэр байдлаар өсгөж байсан нь маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх боломжгүйн зэрэгцээ Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг зөрчсөн болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн *** тоот “К”-д авах зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай тушаалын 1.12-д заасан банкны үндсэн хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй байхыг даалгасан хориглосон хэм хэмжээнд хамаарахгүй.
Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн, нэхэмжлэгчид уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүссэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй, эзэмшиж, ашиглаж, засварын зардал гаргаснаар өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй, мөн Төв К-ны үндсэн хөрөнгө, материалыг тоолсон тухай тайлан, К барилгын жагсаалтад /2019.04.12/ тусгагдаагүй, дотоодын дансны хуулга, санхүүгийн тайланд авлагаар бүртгэгдсэн нь өмчлөх эрхийг үүсгэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.6 дэх хэсэгт заасныг баримтласныг хасч, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж өөрчлөн найруулна” гэжээ.
11.Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
12.Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.1.2-т заасны дагуу Монголбанкнаас “К” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, банканд хуульд заасан бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй болсны улмаас 2019.04.08-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн *** тоот “К” ХХК-ийг албадан татан буулгах тухай, ***тоот “К” ХХК-д эрх хүлээн авагч томилох тухай тушаалууд гарч тухайн хуулийн этгээдийг энэ өдрөөс эхлэн албадан татан буулгахаар шийдвэрлэж, энэ ажиллагаа үргэлжилж байгаа талаар талууд маргаагүй.
13.Зохигчид нэхэмжлэгчийн шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь “К”-ны өмч мөн эсэх, “ОУХБ”-аас зээлсэн зээлийн өр төлөгдсөн эсэх, мөн “БТ ХХК болон “БИ” ХХК нь “ОУХБ”-тай 2019.01.25-ны өдөр байгуулсан “Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй эсэх талаар маргасан гэж үзэхээр байна.
14.Хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль хэрэглээний дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
15.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд "БГ”-ын хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019.01.25-ны өдрийн 02/05 дугаар тогтоол гарчээ. Энэ тогтоол нь "БГ” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаас гэсэн агуулгатай байх бөгөөд нэрлэн заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан авах нөхцөлтэйгөөр ОХУ-ын Москва хотод байрлах ОУХБ-тай байгуулах “Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ”-гээр шилжүүлэхийг тус группийн гүйцэтгэх захирал А.Ч-д даалгасан ба уг тогтоолд хувьцаа эзэмшигч гэж А.С, Ч.Д гэсэн гарын үсэг зурагдсан ба тогтоолд шилжүүлэх хөрөнгийн дотор маргааны зүйл болж буй эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө багтсан байна.
16.Түүнчлэн “К” ХХК-ийн хувь нийлүүлэгчээр “БТ” ХХК, “БИ” ХХК, “БХ” ХХК байх бөгөөд “К” ХХК-ийн захирал болон ТУЗ-ийн дарга нь А.А гэсэн байна.
17.“БХ” ХХК-ийн хувь нийлүүлэгч нь А.А, Б.У нар гэх ба харин гүйцэтгэх захирал нь А.Ч гэсэн баримт хэрэгт байна. Мөн “БП” ХХК гэж хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нь А.А, Б.У нар гэх ба харин гүйцэтгэх захирал нь А.А байна.
18.Маргааны үндэслэл болж буй “ОУХБ”-тай байгуулсан “Эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай гэрээ”-нд А.Ч нь “БТ” ХХК болон “БИ” ХХК-ийг тус тус төлөөлж гарын үсэг зурсан байна.
19.Дээрх баримтаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийг "БГ” ХХК-ийн шийдвэрээр шилжүүлэх тогтоол гарсан байхад энэ хуулийн этгээдтэй холбогдох баримт болон хариуцагч “БТ” ХХК болон “БИ” ХХК-тай ямар харилцаа, хамааралтай гэдгийг тогтоох баримт байхгүй байна. Улмаар "К" ХХК, "БТ" ХХК, "БХ" ХХК, “БИ” ХХК, “БГ” ХХК гэсэн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч хэн болох, мөн эдгээр компаниуд болон захирал гэх А.А, А.Ч нарын харилцан хамаарлыг тогтоогоогүй тохиолдолд Монголбанкнаас “К” ХХК-д хяналт шалгалт хийж эхэлснээс хойш тус банкийг татан буулгах хүртэлх хугацааны хооронд хариуцагч нарын хооронд байгуулагдсан эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хяналтын шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзэхээр байна.
20.Нэхэмжлэлийн шаардлагын зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө нь эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолын хавсралтад заагдсан хөрөнгө байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Улмаар хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлийн шаардлага гарч байгаа тохиолдолд маргааны зүйлийг бусдын эд хөрөнгө гэж үзэж хураасан асуудал байгаа эсэх талаар тодруулах шаардлагатай юм. Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхан шатны шүүхэд ирүүлсэн 2024.11.18-ны өдрийн 5/14526 тоот албан бичгээс үзвэл уг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 10а-3/6487 дугаартай албан бичиг, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 2019 оны 4060 дугаартай прокурорын зөвшөөрлөөр түдгэлзүүлсэн байна гэжээ. Түүнчлэн “К” ХХК-ийн “ОУХБ”-аас авсан 2 удаагийн зээлийн эргэн төлөлтийн хэмжээний талаар талууд мэтгэлцсэн байх боловч зохигчид өөр өөр тайлбар гаргадаг, түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд хүүгийн зардлыг 10 тэрбум төгрөгөөр өсгөж тооцсон гэх зэргээр ялгаатай тайлбарууд байна.
Дээр дурдсан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/09586 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2026/00189 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД