Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/150

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

Улсын яллагч Г.Ганбагана,

Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******өд холбогдох хэргийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, *******т төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд

Архангай аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 144 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

мөн шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 177 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 241 дүгээр зүйлд зааснаар 6 сар, нийт 1 жил 6 сарын хорих ялаар,

мөн шүүххийн 2001 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 241 дүгээр зүйлд зааснаар 1 жил, нийт 4 жил хорих ялаар,

мөн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж,

******* овогт *******гийн ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн*******, од Ч.*******г тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр рүү хөлөөрөө өшиглөж, модоор бие рүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогчийн мэдүүлэг /хх-12-13/, шинжээчийн дүгнэлт /хх-19-21/, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг унь зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Ж.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Хохирогч согтуу манай гэрийн гадаа ирээд модонд суугаад надаас юм асуух гэхээр нь би юугаа асуудаг юм гээд хариулаагүй, тэгээд маргалдаад би униар цохисон...” гэв.

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ж.*******өд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.******* нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн*******, од Ч.*******г тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр рүү хөлөөрөө өшиглөж, модоор бие рүү цохиж биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, хамар духанд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь:

  1. 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-5-7 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны хохирогчоор Ч.*******н өгсөн: “...бор царайтай хар өнгийн юүдэнтэй цамцтай залуу хүрч ирээд юм хэлэхгүй шууд миний нүүр хэсэг рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөж шалны модор нуруу хэсэгт нэг удаа цохичхоод гэр рүүгээ орсон. Тэгэхээр нь араас нь ороод ахыгаа яагаад зодов гэхэд уучлаарай хүн андуурчхаж гэхээр нь би гэртээ очиж амарсан. Тэгээд манай хүүхдүүд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-12-13 дугаар тал/

  1. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 322 дугаар: “Ч.*******н биед биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, хамар духанд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-20-21 дүгээр тал/

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд,

/хх-37, 40-60 дугаар тал/

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-33-36 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.******* нь хохирогч Ч.*******н нүүр рүү хөлөөрөө өшиглөж, модоор бие рүү цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 322 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргав.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Ч.*******н биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

Харин шүүгдэгч Ж.*******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хугархай унь хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хугархай унийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ