Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 47

 

О.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолтой, О.О-д холбогдох, 1935004430088 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 09-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Таван од ССТ-Од ХХК-ийн манаач ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын.. дугаар багийн .. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш овогт О-гийн О.

Шүүгдэгч О.О нь Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн нутагт байрлах хохирогч С.О-ийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд 2019 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогч С.Октябрийн гэрээс эд зүйл хулгайлж, 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шаавай овогт Орсоогийн Отгоныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар шүүгдэгч О.О-д 2 /хоёр/ жил хорих ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч О.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх надад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцоод 2 жилийн хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие үйлдсэн эрүүгийн гэмт хэргээ анхан шатны шүүхийн гэм буруутай гэсэн дүгнэлтээр хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж барагдуулсан. Эрүүгийн хариуцлагын хурал дээр өөрийн үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа ойлгож байгаа талаараа мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх надад хоёр жилийн хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаад хорих ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч О.О нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Шүүгдэгч О.Оы хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухамсарлаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийг халдааж өгнө үү гэсэн агуулгатай гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Х.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлэг өгөхдөө “гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэдүүлсэн боловч өмгөөлөгчийн туслалцаа авснаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2 үе шаттай явуулсан. Шүүгдэгч О.О нь шүүхийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн шийдвэрийг ухамсартайгаар хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан. Иймд  О.О-ы хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн байдлуудыг харгалзан үзээд хорих ялыг хөнгөрүүлж  өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул би Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсгийг удирдлага болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн О.Од холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу оролцож дүгнэлтээ гаргаж байна. Шүүгдэгч О.О-ыг Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.О-ыг Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн нутагт байрлах хохирогч С.О-ийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогч С.О-ийн гэрээс эд зүйл хулгайлж, 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулсан ба ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдэж, хохирол төлсөн байдлыг харгалзан үзээд тухайн зүйл ангид оногдуулж болох хорих ялын доод хэмжээг оногдуулсан нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч О.О түүний өмгөөлөгчийн зүгээс “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийг халдааж өгнө үү” гэсэн агуулгатай гомдол гаргасан байна. Шүүгдэгч О.О-ы хувьд мөрдөн байцаалтын шатнаас анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй учир шүүх хуралдаан 2 үе шаттай явагдсан. Анхан шатны шүүх хуралдааны үед гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийг халдаах боломжтой байдаг тул Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учир хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн түүнд  холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч О.О нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Увс аймгийн Сагил сумын 2 дугаар багийн нутагт байрлах иргэн С.Октябрийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 5 хос Өргөө хивс, тэмээний ноосон цамц, 1 ширхэг 0.75 литрийн “Алтантүрүү” нэртэй архи 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 600.000/ зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүх хурлаар хянан хэлэлцэгдсэн, хохирогч С.О, гэрч Д.Т, Ю.Х, С.Б, Э.Ц, Н.З, Х.А, Ц.Т нарын мэдүүлгүүдээр нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч О.Оыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Монгол гэр нь хүн байнга амьдрах орон байранд хамаарах бөгөөд гэрийн  хаалганы цоожийг хүчээр эвдэн нэвтэрч, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын “ ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн байхад шүүх хоёр жил хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү “ гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.Учир нь:

Шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл нь  анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудал хэлэлцэгдэх үед болон түүний өмнөх шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарласан  байхыг ойлгоно.

Шүүгдэгч О.О нь мөрдөн байцаалт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болох нь түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг,  шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

О.О нь  анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэр гарсны дараа хохирол нөхөн төлөх зорилгоор завсарлага авч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн  төлсөн  байх боловч хохирол нөхөн төлснөөр шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхээс О.Оы гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан дээрх зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээ болох хоёр жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байх бөгөөд уг ялыг  хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын хамтран гаргасан  давж заалдсан гомдлыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Шүүгдэгч О.О-ы 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанаас 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон нийт 84 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаар  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус зааснаар шүүгдэгч О.О-ы  2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан  тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

 

                                                                        Н.МӨНХЖАРГАЛ