Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 126

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч Д.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Чиргиз овогт Дамдинсүрэнгийн Даариймаад холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726030556 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн боовны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамжны 652 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Чиргиз овогт Дамдинсүрэнгийн Даариймаа /РД:ШГ81110167/

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Даариймаа нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Эм Жи” зочид буудалд үйлчлэгч ажилтай Ц.Цагаанцэцэгийг өрөө хэсэж явлаа гэснээс харилцан маргалдаж улмаар хохирогч Ц.Цагаанцэцэгийн үснээс зулгааж, үсдэж дараад нүүрэн тус газар нь маажиж түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Даариймаа нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Эм Жи” зочид буудалд үйлчлэгч ажилтай Ц.Цагаанцэцэгийг өрөө хэсэж явлаа гэснээс харилцан маргалдаж улмаар хохирогч Ц.Цагаанцэцэгийн үснээс зулгааж, үсдэж дараад нүүрэн тус газар нь маажиж түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Д.Даариймаагийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн...Хохиролд 300.000  төгрөг нэхэмжилсэн. Би 300.000 төгрөгийг төлж барагдуулсан...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй, өөрийгөө хянаж амьдрах болно...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

            2. Хохирогч Г.Цагаанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг МЖ зочид буудалд ресепшин буюу буудлын хүлээн авагчаар ажиллаж байсан юм. Тэр өдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө 23 цагийн үед манай буудлын 207 тоот өрөөнд Даариймаа гэх эмэгтэй нэг залуутай хамт хоносон юм. Тэгээд тэр залуу нь маргааш өглөө 06 цагт ажилтай гээд гараад явсан, тэгээд маргааш өглөө 09 цаг 30 минутын үед Даариймаагийн өрөөнд хүмүүс шуугилдаад байхаар нь 207 тоот өрөө рүү ороход Даариймаа 3 залуутай хамт пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь би Даариймаад өрөөнд битгий гаднаас элдэв янзын хүмүүс оруулаад бай гэж хэлтэл манай найзууд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд гаднаас нэг залуугийн ээж нь орж ирсэн. Тэгэхэд Даариймаа өрөөнөөс гараад явсан. Тэгээд би 1 номерын лукс өрөө рүү тооцоогоо авах гээд ортол Даариймаа сууж байхаар нь чи яасан сонин хүн бэ урьд шөнө эрэгтэй хүнтэй хамт хоночихоод өрөө хэсээд яваад байдаг хүн байхгүй гэж хэлэхэд Даариймаа яадаг юм чмад ямар хамаатай юм гэж хэлээд надруу дайраад үсдэж аваад буйдан руу унагааж байгаад миний нүүрийг маажсан. Тэгээд би арай гэж салаад хамгаалагчийг дуудахад хамгаалагч орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28/

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5454/-ний дүгнэлт:

                        -Цагаанцэцэгийн биед дух, эрүүний зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

                        -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 30/

            4. Сэжигтэн Д.Даариймаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг МЖ зочид буудалд найз залуу Бат-Очирын хамт 207 дугаартай өрөөг хоногоор авсан. Тэгээд буцаж гараад Аеро бааранд Бат-Очирын хамт сууж байтал Сод-Эрдэнэ, Баттөмөр 2 орж ирсэн. Тэгээд 4-үүлээ нэг нэг пиво уучихаад гарсан. Тэгээд Бат-Очиртой хамт МЖ зочид буудлын 207 дугаартай өрөөнд хоносон. Бат-Очир өглөө 06 цагт ажилтай гээд явсан. Тэгээд би унтаж байгаад өрөөнөөсөө гарахад мухрын өрөөний хаалгыг Сод-Эрдэнэ, Баттөмөр 2 нүдээд зогсож байсан. Тэгэхээр нь би 207 тоот өрөөнд байгаа гэж хэлсэн. Тэгээд би өрөө рүүгээ ороход араас дагаад ороод ирсэн. Тэгээд Сод-Эрдэнэ, Баттөмөр хоёр 1 том 2,5 литрын пиво гаргаад ирсэн. Тэгээд би нөгөө пивоноос нь уух гээд байж байтал буудлын ресепшин орж ирээд өрөө хэсэж явдаг янхан, өрөөндөө олон залуучууд цуглуулдаг янхан гар зайл гээд байхаар нь би өрөөнөөсөө гараад нэг танихгүй өрөөнд ортол нэг залуу сууж байсан тэгээд би тэр залуутай юм яриад сууж байхад нөгөө буудлын ресепшин эгч орж ирээд янхан минь бас өрөө хэсэж янхандаж явна уу гэж хэлээд гар зайл гээд байхаар нь миний уур хүрээд нөгөө эгчийн үснээс нь зулгааж буйдан руу унагаасан. Тэгээд араас Сод-Эрдэнэ, Баттөмөр орж ирээд салгасан. Тэгээд нөгөө эгч гараад явсан. Цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаа дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-39/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Даариймаа нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн 44/-аар тогтоогдлоо.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5454/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Даариймааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Харин хохирогч Г.Цагаанцэцэг нь шүүгдэгч Д.Даариймаатай сайн дураар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан /хх-ийн 67/ байх тул Д.Даариймаад холбогдуулан прокуророос сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Даариймаад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тэмдэглэе.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298, 418 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Чиргиз овогт Дамдинсүрэнгийн Даариймааг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Чиргиз овогт Дамдинсүрэнгийн Даариймаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Д.Даариймаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Д.Даариймаад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

  5.  Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.  Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Даариймаад таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР