Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 202/МА2018/00039

 

Т.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

        Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 137/ШШ2018/00269 дүгээр шийдвэртэй, 

          Нэхэмжлэгч:  Т-ийн О /РД:......../-ын  нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: БНХАУ-ын Төмөр замын *** дүгээр компани, захирал Л /Л/-д холбогдох,

          Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 22800000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Замын-Үүд суманд каргоны хашааны барилга барихаар дэд бүтцийн угсралтын гэрээг байгуулан ажилласан. Ажлын хөлсийг м2-аар тооцож авахаар тохиролцсон юм. Ингээд миний бие 15-35 ажилтантай, 3 крантай ажиллаж ажлыг хийж дуусгасан. Ажлын явц материалын дутагдлаас болоод удааширч 2018 оны 08 дугаар сарын дунд хүрсэн. Гэтэл уг компани нь тохиролцсон ёсоороо ажлын хөлс өгөхгүй миний болон хамт олныг минь цалин мөнгөгүй олон хоногоор эрх ашгийг зөрчиж байна. Сургууль, цэцэрлэг эхлээд хүмүүст маань мөнгөний хэрэгцээ их байна. Ажлын хөлсөө авъя гэхээр  одоо өгнө, маргааш өгнө гэж өдөр хоног өнгөрөөж байгаад БНХАУ руугаа гараад явчихвал Монгол иргэд бид хохирох болоод байгаа тул бидний эрх ашгийг хамгаалж БНХАУ-ын компаниас 22800000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Төмөр замын 21 дүгээр товчоо, групп OU YANG HUI шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Т.От 60000 юань өгөх бодолгүй байна. Учир нь гүйцэтгэгч компани Т.О гэрээний хугацааны дагуу ажил хийж дуусгаагүй. Гүйцэтгэгч компани авах мөнгөнөөсөө илүү мөнгө авсан. Мөнгө авсан баримт нь бүгд байгаа. Одоо болтол ажил дуусаагүй. Одоогоор өөр хүн авч  ажлаа хийлгэж байгаа. Гүйцэтгэгч компани нь мэргэжлийн хүмүүс биш байсан. Инженер техникээс бараа материал авахдаа зурагт заасны дагуу инженер техникт хэлж авах байтал заримдаа хэлэхгүй, дур мэдэн материал авч бас стандартын дагуу тайраагүйгээс материалын гологдол, дутагдал ихээр гаргадаг байсан. Хариуцаж байгаа инженерийг зодож гэмтээж, 2 удаа цагдаад мэдэгдэж байсан гэжээ.

            Анхан шатны шүүх: Нэхэмжлэгч Т.О-ын нэхэмжлэлтэй хариуцагч БНХАУ-ын Төмөр замын 21 дүгээр компанийн захирал Лд /Л/ холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 22800000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулсан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдаж,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх ИХШХШТХуулийн 38 дугаар зрүйлийн 38.1-т зааснаар зохигч нь шаардлага, татгалзлаа үндслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргийнхээ хүрээнд гаргаж өгсөн “Дэд бүтцийн угсралтын гэрээ”-г байгуулж гарын үсэг зурсан этгээд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хариуцагчаар татсан этгээд болох БНХАУ-ын иргэн Лд гарын үсэг зурж харилцан гэрээ байгуулаагүй нь хариуцагч БНХАУ-ын иргэн Лдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дэд бүтцийн гэрээ зэргээр тогтоогдож байна ...гэж дүгнээд ИХШХШТХуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. Учир нь хуулийн энэ заалт нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор байхад иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хэргийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хоёр өөр ойлголт гэж үзэж байна.

        ИХШХШТХуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтыг төрийн байгууллагаас гаргуулж өгөөч гэсэн хүсэлтийг хангахгүй гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг мөн ноцтой зөрчсөн байна. Өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт цуглуулах үүднээс шүүхэд 2 удаа хүсэлт гаргасан ч 2 удаа хангахгүй тухай захирамж гаргахдаа гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан байдаг. Нэхэмжэгчийн зүгээс нотлох баримт гаргуулах эрх ноцтой зөрчигдсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн хариуцагч гээд байгаа Лиу гэдэг хүн нь 21 дүгээр компанид ямар үүрэг гүйцэтгэдэг хүн юм бэ гэдгийг тодруулах шаардлагатай. Тухайн үед орчуулагч хийж байсан орчуулагч нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө би орчуулаагүй гээд мэдүүлэг өгчихсөн. Мөн хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд 2018.09.17-ны өдөр өгсөн хариуцагч гээд байгаа хүний тайлбар байгаа. Шүүх хуралдаанд оролцсон хариуцагч паспортоо гаргаад иртэл Лг гэдэг хүн байсан. Гэтэл хариу тайлбар өгсөн хүн нь Ou Yang Hui гэдэг нэртэй хүн байгаа. Түүний гаргасан нэхэмжлэл гэж бичээд өгснийг нэхэмжлэл гэж үүзэх юм уу, тайлбар гэж үзэх юм уу, үүн дээр шүүх дүгнэлт хийгээгүй. Шийдвэрт хариуцагчийг тодорхойлж чадаагүй гээд хэргийг хэрэгсэхгүй болголоо гэж байгаа. Лиу гэдэг хүнийг яагаад татсан бэ гэхээр О-ын хувьд нүдний шилтэй хүнтэй аман гэрээ хийсэн. Нүдний шилтэй хятад захирал чинь хэн бэ гэхээр орчуулагч Цагаан нь Лиуг гэж зааж өгдөг. Лиу нь мөн юм уу, биш юм уу гээд уулзах гэхээр Улаанбаатар хотод ажилтай явж байна гээд уулзаж чаддаггүй. Шүүх хуралдаан дээр ороод ирэхэд нь О энэ хүн дүрээрээ мөн байна гэж хэлдэг. Гэтэл Лиу нь би тухайн компанид хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, тухайн үед эдгээр хүмүүст ажлын зааварчилгааг нь өгдөг, ажлыг хийлгэдэг хүн байсан. Шүүх орчуулагч Сүлд-Очирыг 2018.09.03-ны өдөр томилсон байдаг. Орчуулагч Цагаантай Лиу гэж хэн бэ гэж утсаар ярихад та нар Лиутай гэрээ байгуулсан. Би тэр хүнийг чинь шүүх дээр аваачиж нэхэмжлэлийг нь гардуулсан гэдэг боловч тухайн үед албан ёсоор Сүлд-Очир нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авахад орчуулагчаар оролцсон эсэх нь тодорхойгүй байгаа. Та оролцсон юм уу гэж Сүлд-Очироос асуухад яалаа даа гэж хариулдаг. Үүнээс харахад шүүх албан ёсоор орчуулагчийг томилж, эрх үүргийг нь тайлбарласан эсэх дээр эрхийг нь зөрчсөн юм уу гэж харж байна. Лиу гэдэг хүнийг хилээр гаргахыг хязгаарлаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг минь шийдвэрлээгүй. Хэргийн оролцогч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Тэгтэл жинхэнэ хариуцагч биш гэдгээ юугаар нотлоод байгаа юм бэ, ямар ч нотолсон зүйл байхгүй. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглараагүй байхад шүүх хуралдааныг хуралдуулж нэг талыг барьсан шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

         Нэхэмжлэгч Т.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нүдний шилтэй хүнтэй амаар гэрээ хийгээд ажилласан. Тэр хүн өөрөө мэдэж байгаа хэрнээ анхан шаты шүүх хуралдаан дээр мэдэхгүй гэж хэлээд байгаа. 20 гаран хүн надаас цалингаа нэхээд байгаа, намайг мөнгийг нь аваад идчихсэн гэж бодоод байх шиг байгаа юм, энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна гэв.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч БНХАУ-ын Төмөр замын 21 дүгээр компанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг буюу ажлын хөлсөнд 60000 юань буюу 22800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ дэд бүтцийн угсралтын гэрээнд үндэслэж, хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээний хугацаанд ажлыг дуусгаагүй, илүү мөнгө төлсөн, мэргэжлийн хүн ажиллуулаагүйгээс материалын гологдол, дутагдал гаргасан гэж маргажээ.

      Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

          Давж заалдах шатны шүүх гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

         Энэ нь: 1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчийг “...БНХАУ-ын Төмөр замын 21 дүгээр компани Лу ... , ... бидний эрх ашгийг хамгаалж БНХАУ-ын компаниас 22800000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж хариуцагчийг  БНХАУ-ын Төмөр замын 21 дүгээр компани гэж дурдсан байхад анхан шатны шүүх Liu Xin Fand –д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн нь ойлгомжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан “хариуцагч гэж ... нэхэмжлэлд дурдагдсан этгээдийг хэлнэ.” гэсэнтэй нийцээгүй байна.

        Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд каргоны хашаа төсөл буюу барилга барих ажлыг иргэн Т.О гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байх боловч гэрээнд захиалагч нь хэн болохыг тодорхой заагаагүй /А тал гээд нэрийг хятадаар бичсэн орчуулгагүй, хүний нэр, эсхүл байгууллагын нэр болох нь тодорхойгүй/ хэдий ч энэхүү гэрээний нэг тал нь гадаад улсын иргэн, эсхүл байгууллага байхын гадна гэрээг БНХАУ-ын хуулийг үндэслэн байгуулсан байх ба энэ утгаараа  гэрээ нь олон улсын иргэний эрх зүй гэрээ болох талтай буюу гэрээнд маргааныг аль улсын шүүхээр шийдвэрлүүлэх талаар заагаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан хэргийг өөрийн харъяалалд хамааруулан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болох эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй.

         2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг Л-д гардуулсан боловч нэхэмжлэлд хариу тайлбарыг OU YANG HUI гэсэн нэр бүхий этгээд гаргасан байх ба түүний тайлбарын агуулгаас үзэхэд тэрээр Хятадын төмөр замын 21-р товчоо группийг төлөөлөн шүүхэд тайлбар гаргасан гэж үзэхээр байна.

         Гэтэл анхан шатны шүүх Liu Xin Fand-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн атлаа Л-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хариу тайлбарыг OU YANG HUI гэсэн нэр бүхий этгээд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасантай нийцээгүй, иргэний хэрэг үүсгэх болон нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

        Үүнд мөн анхан шатны шүүх хариуцагчийн нэрийг  Liu Xin Fand,  Л гэж өөр өөрөөр бичсэн, тухайн этгээдийн иргэний бичиг баримт хэрэгт авагдаагүйгээс нэхэмжлэлд дурдагдсан хариуцагч мөн эсэх болон түүний нэр хэн болох нь тодорхойгүй болжээ.

        3. Анхан шатны шүүх OU YANG HUI гэсэн нэр бүхий этгээдээс нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарыг хүлээн авсан атлаа түүнийг хилээр нэвтрэх эрхийг хязгаарлуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д нийцээгүй буюу энэхүү хуульд зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах хүсэлтийг нэхэмжлэгч тал гаргах эрхтэй юм.

          Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн.

         3. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай заалтыг удирдлага болгосон атлаа хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцээгүй, шүүх шийдвэр гаргах журмыг зөрчсөн гэж үзнэ.

       Иймд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэгийн  давж заалдсан гомдол үндэслэлтэй тул хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 137/ШШ2018/00269 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

        3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

          4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                               Н.БАТЧИМЭГ