Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/65

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Чулуунхүү

Шүүгдэгч Ж.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Шт холбогдох эрүүгийн ...................... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол улсын иргэн, Ө овогт Ж.Шыг

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Ш нь Завхан аймгийн Их-Уул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан үүргийг гүйцэтгэж байхдаа Хөвсгөл аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрт Т.Н хууль бусаар бэлтгэсэн модыг Улаанбаатар хот луу тээвэрлэхэд Завхан аймгийн Их-Уул сумаас бэлтгэсэн болгож, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23-042904 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0214678 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг тус тус Завхан аймгийн Их-Уул сумын байгаль хамгаалагч Б.Б бичүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын байгаль орчны улсын байцаагч С.О 0214678 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг баталгаажуулан өгч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Т.Н 36,082,260 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй модыг Улаанбаатар хот луу тээвэрлэхэд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ж.Шт холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримтын тухайд

 

1.1. Шүүгдэгч Ж.Ш нь Завхан аймгийн Их-Уул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан үүргийг гүйцэтгэж байхдаа Хөвсгөл аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрт Т.Н хууль бусаар бэлтгэсэн модыг Улаанбаатар хот луу тээвэрлэхэд Завхан аймгийн Их-Уул сумаас бэлтгэсэн болгож, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23-042904 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0214678 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг тус тус Завхан аймгийн Их-Уул сумын байгаль хамгаалагч Б.Б бичүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын байгаль орчны улсын байцаагч С.О 0214678 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг баталгаажуулан өгч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Т.Н 36,082,260 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй модыг Улаанбаатар хот луу тээвэрлэхэд давуу байдал бий болгосон үйл баримт нь:

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн Их-Уул суманд байгаль хамгаалагч, улсын байцаагч нар хамтран хяналт тавьж ажилладаг бөгөөд түлээний мод бэлтгэх, хэрэглээний модны эрхийн бичгийг байгаль хамгаалагч нараас олгодог. Мод бэлтгэх эрхийн бичгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангиас падаан бичиж авдаг. Хэрэглээний модны зөвшөөрлийг иргэд ямар зориулалтаар мод бэлтгэх гэж байгаагаас шалтгаан багийн Засаг дарга нараас тодорхойлолт авч, иргэдийн өргөдлийг үндэслэж сумын байгаль хамгаалагч олгодог. Манай сум нь орон тоогоор 3 байгаль хамгаалагчийн орон тоотой бөгөөд нэг байгаль хамгаалагч Т жирэмсний амралтаа аваад С.О эгч бид хоёр ажиллаж байсан. Аж ахуй нэгжүүд нь мод бэлтгэх талбай тусгаарлалтыг Сум дундын ойн ангиар хийлгэж эхлэл болон төгсгөлийн актыг байгаль хамгаалагчаар бичүүлж тусгай хамгаалалтын газар нутгийн байгаль хамгаалагч болон манай байгаль орчны байцаагч нар нийлж хяналт тавьдаг. Мод, Модон материалын гарал үүслийн гэрчилгээг зөвхөн аж ахуй нэгжүүдэд олгодог бөгөөд иргэд олгодоггүй. Жилийн эцсийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар аж ахуй нэгж болон хувь хүн иргэдийн түлээний модны хэмжээг баталж сумын засаг даргын захирамж гардаг. Тухайн баталсан хэмжээний дагуу зөвшөөрлийг байгаль хамгаалагч нар олгодог мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ дээр байгаль хамгаалагч улсын байцаагч, хуулийн этгээдийн захирал нар гарын үсэг зурж тэмдэг Дарсан байдаг. ...Т овогтой Н гэх хүнийг танихгүй. Энэ хүнийг саяхнаас мэдэх болсон. Яаж мэдэх болсон гэхээр манай суманд олгогдсон “Мод бэлтгэх эрхийн бичиг", "Мод Модон материалын гарал үүслийн гэрчилгээ”-г ашиглаж мод тээвэрлэж яваад Экологийн цагдаагийн албанд шалгагдаад мэдэх болсон. Энэ хүнтэй ямар нэгэн дотно харилцаа холбоо байхгүй 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23-042904 дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг", 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0214678 дугаартай "Мод. Модон материалын гарал үүслийн гэрчилгээ”-г манай сумын улсын байцаагчийн ажлыг түр орлон гүйцэтгэгч Ш надаас гуйгаад байхаар нь бичээд өгсөн. Нармандах гэдэг хүн гуйгаад байна бичээд өгчих гэж зөндөө гуйсан. Тухайн үед би үгүй гэж байсан боловч хамт ажилладаг хамт олон, найз нөхөд бодоод бичээд өгсөн. Надаас авсан "Мод бэлтгэх эрхийн бичиг", "Мод, Модон материалын гарал үүслийн гэрчилгээ"-ээр Улаанбаатар хот луу зүсмэл модон материал тааварлана гэж бичүүлсэн. Хаанаас ямар мод авч явах гэж байгаа талаар бол мэдээгүй. Надад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23-042904 дугаартай "Мод бэлтгэх эрхийн бичиг", 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0214678 дугаартай "Мод, Модон материалын гарал үүслийн гэрчилгээ”-г бичиж өгөхөд ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлсэн, шан харамж амласан, өгсөн зүйл байхгүй. Зүгээр Ш гуйгаад байхаар нь тус болох гээд өгчихсөн юм. Энэ бичгүүдийг бичиж өгөхөд ямар нэгэн албан тушаалтнуудын зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй. 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23-042904 дугаартай "Мод бэлтгэх эрхийн бичиг", 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0214678 дугаартай "Мод, Модон материалын гарал үүслийн гэрчилгээ"-г хууль бусаар бусдад өгнө гэдгийг мэдэж байсан. Тэр эрхийн бичгийг авсан Нармандах нь асуудалгүй өөрөө араа даана гэж хэлүүлсэн байсан. Ж.Ш болон бусад эрх бүхий албан тушаалтан, иргэнд өмнө нь зөвшөөрөлгүй модонд Мод бэлтгэх эрхийн бичиг", "Мод, Модон материалын гарал үүслийн гэрчилгээ"-г гарган өгч байгаагүй. Миний гаргаж өгсөн мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээ бүгд бүртгэлтэй байдаг...” гэсэн мэдүүлэг /1хх 91-94/,

 Гэрч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн даргын ажлын үндсэн чиг үүрэг бол ойн санг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах, ойн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Манай сум дундын ойн анги Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Тэлмэн сумдыг хариуцан ажилладаг. Энэ хариуцсан сумдын эрх бүхий албан тушаалтнуудад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгодог. Сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тухайн сум Засаг даргын тамгын газрын дарга нь томилдог, байгаль хамгаалагч нарыг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга томилж чөлөөлдөг. Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь тухайн сумын засаг даргын тамгын газрын ажилтан аль хамгаалагч нар бол аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт харьяалагддаг. Байгаль хамгаалагч нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх үүргийг хавсран гүйцэтгэх болсон талаар би мэдэхгүй байна. Байгаль хамгаалагч улсын байцаагчийг хавсран гүйцэтгэх эрхтэй эсэхийг мэдэхгүй байна. хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч нар нь зөрчилд хариуцлага тооцох эрхгүй учир Байгаль орчны яамнаас байгаль хамгаалагч нарт байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгож зөрчилд хариуцлага тооцуулж байгаа. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн анги нь хариуцсан сумын Засаг даргын тамгын газрын хүсэлтээр шаардлагатай эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгодог. Тэгээд падаанаас байгаль хамгаалагч нартаа олгодог Мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагч олгодог. Мод, Модон материалын гарал үүслийн гэрчилгээг суманд Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтан олгохоор Ойн тухай хуульд заасан байдаг. Завхан аймгийн Их-Уул сумаас он 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23-042904 дугаартай мод бэлтгэхийн бичиг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0214678 дугаартай мод, материалын гарал үүслийн гэрчилгээний талаар надад мэдэх зүйл байхгүй. Уг эрхийн бичиг, гэрчилгээг Завхан аймгийн Их-Уул сумын байгаль хамгаалагч нарт манайхаас олгосон эрхийн бичиг, гэрчилгээ мөн байсан. Завхан аймгийн Их-Уул суманд олгогдсон мод бэлтгэх эрхийн бичиг, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгээр өөр аймаг, сумаас бэлтгэсэн мод болон зүсмэл материал тээвэрлэж болохгүй. Зөвхөн тухайн сумаас зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн мод, зүсмэл материалыг бусад аймаг сум руу тээвэрлэхдээ ашиглах ёстой...” гэсэн мэдүүлэг /1хх 109-112/,

 Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тухайн сумын Засаг даргын тамгын газрын дарга нь томилдог, байгаль хамгаалагч нарыг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга томилж чөлөөлдөг. Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь тухайн сумын Засаг даргын тамгын газарт, байгаль хамгаалагч нар бол манай Байгаль орчин аялал жуулчлалын газарт харьяалагддаг. Байгаль хамгаалагч нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх үүргийг эдэлж хавсран гүйцэтгэдэг. Жишээлбэл ээлжийн амралттай үед нь ажлыг түр орлон гүйцэтгэдэг. Гэхдээ бол байгаль орчны хяналтын улсын байцаагчийн бүх эрхийг эдлэхгүй. Хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг эрх эдлэхгүй. Завхан аймгийн Их-Уул суманд байгаль хамгаалагч С.О нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхтэй. Уг эрхийг Байгаль орчин аялал жуулчлалын яасны сайдын тушаалаар олгодог 2018 оноос өмнө аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас дамжуулж сумдын Ойн анги авч сумдын байгаль хамгаалагч нарт тараадаг байсан. Харин 2018 оноос хойш Сумын ойн анги нь Ойн газраас өөрсдөө захилгаа өгч авдаг болсон. Мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагч олгож байгаа. Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг Ойн ангиас авах бөгөөд суманд байгаль хамгаалагч нар олгож байгаа. Завхан аймгийн Их-Уул сумаас олгосон 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23-042904 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0214678 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг бусдад олгосон талаар надад мэдэх зүйл байхгүй. Завхан аймгийн Их-Уул суманд олгогдсон мод бэлтгэх эрхийн бичиг, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ тус бүрээр өөр аймаг, сумаас бэлтгэсэн мод болон зүсмэл материал тээвэрлэж болохгүй. Зөвхөн тухайн сумаас зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн мод, зүсмэл материалыг бусад аймаг сум руу тээвэрлэхдээ ашиглах ёстой. Завхан аймгийн Их-Уул суманд олгогдсон мод бэлтгэх эрхийн бичиг, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг өөр аймаг, сумаас бэлтгэсэн мод болон зүсмэл материал тээвэрлэхэд өгч болохгүй мэдүүлэг /1хх 114-117/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “Сонин Өндөр” ХХК нь 2023 онд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн Ухаат багийн гэдэг газарт 5 га талбайд 2 удаа тусгаарлалт хийлгэж 10 га газарт ойн цэвэрлэгээний ажил хийхээр эрх авч тухайн газраас мод бэлтгэсэн. Тухайн газруудаас ямар хэмжээтэй мод бэлтгэх эрх авч хэдэн хэмжээтэй мод бэлтгэсэн талаараа материал дээрээсээ харахгүй бол одоо бол хэлж мэдэхгүй байна. Бэлтгэсэн мод болон модон зүсмэл материал нь бүгд эрхийн бичигтэй, зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан. 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр буюу 5 дахь өдөр байсан санагдаж байна. Тухайн өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Байгаль орчны хатын байцаагч Ш над дээр ирээд 5м/куб түлээний мод Улаанбаатар хот луу явуулах гэсэн юм та компанийн тамга дараад гарын үсэг зураад өгөөч гэсэн бөгөөд өөрөө мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг авчирсан. Тухайн гарал үүслийн гэрчилгээнд ямар нэгэн бичилт хийгдээгүй байсан. Тэгээд би түлээний мод юм бол гайгүй байх гэж бодоод компанийн тэмдэг дарж гарын үсэг зурсан. Харин дараа нь би байгаль хамгаалагч Б мод бэлтгэх эрхийн бичгийг хуулбарлан авч байсан. Мод бэлтгэх, тээвэрлэхэд зөвшөөрлийн дагуу модоо бэлтгэж Завхан аймгийн Их-Уул сумын байгаль хамгаалагч Баярмандах нь мод бэлтгэх эрхийн бичиг, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг бичүүлсний дараа хуулийн этгээд тамга тэмдгээ дарж гарын үсэг зураад үүний дараа улсын байцаагч хяналт хийж тэгээд тээвэрлэлт хийдэг...” гэсэн мэдүүлэг /1хх 119-120/,

 Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын газар дээр хамт ажилладаг Б хамт нэг өрөөнд суудаг юм. Тэгээд Б нь манай сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөлтэй “Сонин өндөр” ХХК-ийн тамга тэмдэгтэй, захирал нь гарын үсэг зурсан гарал үүслийн бичиг, мод бэлтгэх эрхийн бичиг надад өгсөн. Ш тухайн бичгийг авч байгаа гэж хэлсэн. Би тухайн үед "Сонин өндөр” ХХК нь бэлтгэсэн зүсмэл модон материалаа Улаанбаатар хот луу авч явах гэж байна гэж бодоод гарын үсэг зурж хянасан. Ш нь улсын байцаагчийн эрхтэй орон тоон дээр ажилладаг бөгөөд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй гээд тамга тэмдэг аваагүй байгаа. Тийм учраас Сумын засаг даргын захирамжаар намайг улсын байцаагчийн эрх бүхий гарал үүслийн бичиг хянах эрх олгож тэмдэг дардаг юм. Тэгээд Ш өөрөө улсын байцаагч учир хянаад шалгасан байх гэж бодоод гарын үсэг зурж тэмдэг дарсан. Надад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23-042904 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0214678 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг бичиж өгөхөд ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлсэн, шан харамж амласан, өгсөн зүйл байхгүй. "Сонин өндөр" ХХК-аас явж байгаа мод гэж ойлгосон, бичиг баримт нь бүрэн байсан Мод бэлтгэх эрхийн бичиг, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг хууль бусаар бусдад өгнө гэдгийг би мэдээгүй. Компанийн захирал гарын үсгээ зураад тамгаа дарсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 100-102/,

Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчийг Засаг даргын тамгын газрын дарга томилдог бөгөөд байгаль хамгаалагч нарыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга томилж чөлөөлдөг юм. Завхан аймгийн Их-Уул сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Шт улсын байцаагчийн эрх ирсэн боловч ажлын байр нь түр байсан бөгөөд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй ажлын байр нь баталгаажаагүй байсан учир ажлын байр нь баталгаажиж байж эрхээ авах ёстой байсан. Би 2023.05.01-ний өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Өмнө нь яагаад ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаагүй талаар мэдэхгүй байна. Намайг ажил авахад 2023 оны 04 дүгээр сард Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5ш ажиллагааны хүрээнд зөрчилтэй томилогдсон алба хаагчдын зөрчлийг арилгах талаар бичиг ирсэн байсан. Тэгээд би 2023 оны 2 дугаар улирлаас ерөнхий шалгалтыг өгөх боломжоор хангаж шалгалтыг өгүүлсэн. Ж.Ш нь ерөнхий шалгалтыг 2023 оны 11 дүгээр сард өгч тэнцсэн бөгөөд өмнө нь нэг бүртгэлээс хоцорч, дараа нь шалгалтаа өгөөд унасан. Тэгээд ерөнхий шалгалтад тэнцсэний дараа тусгай шалгалтыг зарлахаар Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх 130-132/,

Гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчийг тухайн сумын Засаг даргын тамгын газраас томилдог бөгөөд байгаль хамгаалагч нарыг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга томилдог. Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар нь сумын Засаг даргын тамгын газарт харьяалагддаг. Харин байгаль хамгаалагч нар бол Байгаль орчин аялал жуулчлалын газарт харьяалагддаг. Байгаль хамгаалагч нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эс үүргийг эдэлж хавсран гүйцэтгэж болно. Гэхдээ Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар улсын байцаагчийн эрхийг олгодог. Завхан аймгийн Их-Уул сумын байгаль хамгаалагч О нь байгаль орчны улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч байсан. байсан. Харин байгаль хамгаалагч Баярмандах бол улсын байцаагчийн эрхгүй байгаль хамгаалагч байсан. Сумдад олгодог мод бэлтгэх эрхийн бичгийг тухайн сумын байгаль хамгаалагч, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг тухайн сумын байгаль хамгаалагч бол түлээний модны гарал үүслийн гэрчилгээг, харин үйлдвэрлэлийн зориулалттай гарал гэрчилгээг бас байгаль хамгаалагч болон байгаль орчны улсын байцаагч бас бичдэг. 23-042904 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн 2 хуулбарыг харлаа. Ж.Шыг томилсон талаар бол мэхгүй байна. Ж.Ш нь тусгай шаардлага хангаагүй учир байгаль орчны хяналтын байцаагчийн эрх олгогдоогүй байсан. Завхан аймгийн Их-Уул сумаас олгосон 0214678 дугаартай гарал үүслийн гэрчилгээг бичсэн байгаль хамгаалагч Б. Б нь эрхийн дагуу ажилласан. Сумдын байгаль хамгаалагч нар бол мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээг бичиж байгаа Завхан аймгийн Их-Уул суманд олгогдсон мод бэлтгэх эрхийн бичиг, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ тус бүрээр өөр аймаг, сумаас бэлтгэсэн модон болон зүсмэл материал тээвэрлэж болохгүй. Тус суманд олгогдсон Мод бэлтгэх эрхийн бичиг, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээгээр тус сумаас бэлтгэсэн мод болон зүсмэл материалыг тээвэрлэх ёстой...” гэсэн мэдүүлэг /1хх 125-128/,  2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх 6/,  Экологийн цагдаагийн албанаас 2023.10.30-ны өдрийн 12-6/3754 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд /1хх 7-71/, Завхан аймгийн Их-Уул сумын байгаль хамгаалагч нараас мод бэлтгэх эрхийн бичиг олгосон бүртгэл /1хх- 149-187/, Завхан аймгийн Их-Уул сумаас Ойн мэргэжлийн байгууллагуудад гарал үүслийн гэрчилгээ олгосон бүртгэл /1хх 140-148/, Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/04 дугаартай захирамжаар Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд томилсон тушаал болон бусад бичгийн баримтууд /1хх 200-207/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

1.2. Шүүгдэгч Ж.Ш нь: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно. 

2. Прокуророос шүүгдэгч Ж.Шт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Энэ хуулийн үйлчлэлд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.

 Шүүгдэгч Ж.Ш нь Завхан аймгийн Их-Уул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан үүргийг гүйцэтгэж байхдаа Хөвсгөл аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрт Т.Н хууль бусаар бэлтгэсэн модыг Улаанбаатар хот луу тээвэрлэхэд Завхан аймгийн Их-Уул сумаас бэлтгэсэн болгож, 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 23-042904 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0214678 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг тус тус Завхан аймгийн Их-Уул сумын байгаль хамгаалагч Б.Б бичүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын байгаль орчны улсын байцаагч С.О 0214678 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг баталгаажуулан өгч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Т.Н 36,082,260 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй модыг Улаанбаатар хот луу тээвэрлэхэд давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутай тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Завхан аймгийн Их-Уул сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан үүргийг гүйцэтгэж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Т.Н 36,082,260 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээтэй модыг Улаанбаатар хот луу тээвэрлэхэд давуу байдал бий болгосон нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.Ш нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ж.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Ж.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шын нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ж.Шт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ш нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

6. Шүүгдэгч Ж.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ