| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2024/0062/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/66 |
| Огноо | 2024-02-10 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч Ц.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Бөд холбогдох эрүүгийн 242400000051 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ...............................................
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын “Баян-Айраг” багийн “Шар бэлчир” гэх газарт иргэн Д.Ч гэрийн гадна байх Б.Өгийн эзэмшлийн 18-94 ЗАВ улсын дугаартай “landcruiser-80” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц.Бөд холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын “Баян-Айраг” багийн “Шар бэлчир” гэх газарт иргэн Д.Ч гэрийн гадна байх Б.Өгийн эзэмшлийн 18-94 ЗАВ улсын дугаартай “landcruiser-80” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт нь:
Хохирогч Б.Өгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Манайх 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн үед гэрээ ачаалан “Шар бэлчир” гэх нэртэй газарт иргэн Д.Чхтэй хамт зусаж намаржаа руугаа буюу тус сумын Баян-Айраг багийн “Дунд шумуултай” гэх газар руу нүүсэн. Тэр үед өөрийн эзэмшлийн 18-94 ЗАВ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг саахалт айл болох Ч гэрийн гадаа үлдээсэн. Үлдээх үедээ Чойжилсүрэнд маргааш ирж авна гэж хэлээд машиныхаа түлхүүрийг дотор хийж үлдээгээд гэр ачсан машиныг жолоодон явсан. Саахалт зусаж байсан Чойжилсүрэн нь намаржаандаа буучихсан байхад буюу 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 07 цагийн үед манай намаржааны гэрт ирээд намайг гэртээ байхгүй байхад таны машин болох 18-94 ЗАВ улсын дугаартай сувдан цагаан ангийн Ланд Круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг Дорж ирээд аваад явсан байна. Тосон явсан байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд Ч хамт намаржааны гэрээс Тосонцэнгэл сум руу явсан. Тосон руу орж ирээд авто засварын хажуу талын шороон замаар өнгөрөх гэж байхад миний машин тухайн засвар дэргэд зогсож байсан. Тэгэхлээр би машины дэргэд очоод хартал машины дэргэд хүн байхгүй байсан. Би тухайн засвар онгорхой байхаар нь ортол нутгийнхан Дорж гэж дууддаг нэрийг нь Батмөнх гэдэг залуу 2 эмэгтэй хүний хамт тухайн засвар дотор байсан. Тэгээд Дгоос ямар учраас миний машиныг унаад аваад явчихсан юм бэ гэж асуухад надад хүний машин эвдэрчхээд унаад ирлээ гэж хэлсэн. Тэгэхлээр би надаас зөвшөөрөл авалгүйгээр яагаад аваад явчихсан юм бэ гэхэд Д надад яадаг юм, үхлээ юу гэж хэлсэн. Тэгээд би Д хэлдэг газарт хэллээ гэхэд Д тэг ээ тэг гэхээр би өөрийн дугаар болох 80453757 дугаараас 80251102 дугаар руу залгаад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед би авто засварт дотор байхад дуудлага өгчхөөд засварын газраас гараад ирэхэд Д байхгүй байсан. Харин хамт явсан гэх 2 эмэгтэй засвар дотор байсан. Тэгээд би цагдаагийн ажилтантай хамт машин байсан гэх газар руу цагдаагийн машин суугаад явсан. Тэнд машин байсан гэх газарт үзлэг хийгээд буцаж ирээд миний машинд үзлэг хийсэн. Тэгээд би машинаа хүлээж авсан. Би 2024.08.18-ны өдрийн 15 цагийн үед “Шумуултайн даваа” өгсөж байхад замд нэг улаан өнгийн машин гэрлээрээ дохиод байсан. Тэгэхлээр би зогстол тухайн машинаас Д буюу Батмөнх бууж ирээд надаас нүүж байгаа юм уу ах гэж асуухаар би тэгж байна гэж хэлсэн. Тэгэхэд Д нь жимсэнд явах гэж байгаа гэж надад хэлсэн. Тэгээд улаан машиндаа суугаад уруудсан. Би Д буюу Батмөнхөд өөрийн эзэмшлийн 18-94 ЗАВ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрөл өгөөгүй. Надтай таарах үедээ асуусан зүйл байхгүй. Надад хэлэлгүйгээр миний машиныг Ч гэрийн хажуугаас аваад явсан байсан. Надад 200,000 төгрөгийг өгчихвөл гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 17-18, 20/,
Гэрч Б.Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Норжинсүрэнгийн гэрийн үүдэнд анх Д буюу Батмөнхтэй анх 2024.08.17-ны өдрийн 15-16 цагийн үед таарсан. Тэгээд Д ахтай мэндлэхэд ах нь 4-н замын цаахна унаж явсан гэх мотоциклын бензин дуусахаар нь орхиод ирлээ. Нэг литр бензин хэрэгтэй байна. Ахад нь мөнгө байдаггүй туслаач гэсэн. Тэгэхлээр найз Норжинсүрэнгийн хамт өмнө бид хоёр жимсэнд явах замыг заагаад хамт түүгээд тусалж байсныг нь бодоод бид хоёр 2 литр бензин аваад би өөрийн эзэмшлийн Хонда маркийн CR-V загварын 30-87 ЗАА улсын дугаартай улаан хүрэн өнгийн машиндаа суулгаад мотоцикл байсан гэх газарт нь хүргэж өгсөн. Найз Нгийн хамт бензин аваад явж байхад Д ахаас замдаа гайгүйхэн жимс ихтэй газар мэдэхгүй биз гэж асуухад тэгэлгүй яах вэ 2 дүү ингэж тус болж байгаа юм чинь болно гэж хэлсэн. Тэгээд маргааш буюу 2024.08.18-ны өдрийн 06 цагийн үед хүрээд ирээрэй Норжинсүрэн найз хэлсэн. Нн гэр нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан баг Хөдөө аж ахуйн хороо 12-1224 тоотод оршин суудаг юм. Маргааш дугуй хагарчихсан байхаар нь өөр 2 дугуй хийх гээд өөр тийшээ явсан байсан. Тэгээд нь өглөө 07 цагийн үед ирсэн гэж надад найз Н хэлсэн. Би тухайн үед хуучин 2 машиндаа Н, Д, Нгийн 2 жаахан хүүхдийн хамт 11 цагийн үед найз Нгийн гэрт очиход Д ах ирчихсэн байсан. Тэгээд би өөрөө Тосонгоос хөдөлсөн. Тосонгоос шууд Завхан аймгийн Тэлмэн сум Баян-Айраг багт байх Д ахын жимс зааж өгнө гэсэн газар руу явсан. Тэгтэл тус багийн Шар бэлчир гэх газарт миний машины зүүн хойд дугуйны цафны шарик нурсан дуу гарахаар нь би зогсоод шалгахад цафны шарик нурсан байсан. Тэгэхэд 2024.08.18-ны өдрийн 13 цаг өнгөрч байсан. Тэгээд Нгийн хамт янзалж байхад Д ахаас Тосон руу явах унаа зохицуулах боломж байна уу гэж лавлаж асуухад болно гэсэн. Тэгэхлээр би Н бид хоёр зүүн хойд талын дугуйны цафыг тайлж аваад дуусах гэж байхад Д ах машинд байх газрын хойд талд байх нэг айл руу явсан. Тухайн айлд 20 орчим минут болсон. Тэгээд тэр айлын гэрийн баруун талд гадаа байсан Ланд-80 маркийн сувдан цагаан өнгийн машиныг Д ах жолоодон уруудан өөр нэг айл руу явж байгаад харагдсан. Тэгээд удалгүй буцаад бид хоёрын машин дээр ирсэн. Тэгэхлээр би машин зохицуулчихлаа, машины эзэнтэй нь ярьчихлаа, тохирчихсон юм байна гэж дотроо бодсон. Тэгтэл Д ах Тосон руу явах бензин хийгээд өгөхөд асуудал байхгүй гэхээр нь эзэнтэй ярьчихсан юм байна. Ярьж тохирчхоод ирсэн юм байна гэж бодсон. Машины шарикаа авч дуусахаас өмнө нь Ланд-80 маркийн машин байсан гэх айл руу очиж тогоог нь гуйгаад гадаа байсан гэх гал дээр хоол хийж идсэн. Тэр үед гэрийн гадаа 3 хүүхэд байсан. Том хүү нь тогоо ашиглаж болно хэлсэн. Өөр том хүн харагдаагүй. Тэгж байгаад 2024.08.18-ны өдрийн 17 цагийн үед тухайн газар буюу миний машины цафний шарик нурсан гэх газраас 18-94 ЗАВ улсын дугаартай сувдан цагаан өнгийн Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг Д ах миний машины хажуугаас засмал зам хүртэл барьсан. Д ах засмал замын хажууд зогсчхоод машинтай зөрөхөд эвгүй байдаг юм гэж хэлээд машинаас буухаар нь тухайн машин жолоодон Тосон руу барьж орж ирсэн. Тосонд 21 цагийн үед орж ирсэн. Тэгээд 2 засварын газраар ороход цоожтой байсан. Харин хуучин халуун усны газарт байх засварчин дээр очиход ах нь цаф янзалдаггүй юм аа гэж хэлсэн. Тэгээд цааш хуучин захиргааны урд талд байх машин янзалдаг хүн дээр очиход 32-ын түлхүүр байхгүй гэхээр олоод ирэх юм бол янзлаад өгье гэж хэлсэн. Тэгэхлээр бид гурав Мөндөөгийн сэлбэгээс түлхүүр аваад тухайн газарт буцаж очоод янзлуулахад цафны шарик нь хагараад үйрмэг болсон байсан. Тэгээд надад явж байсан гэх нэг шарик нь таарах шарик биш байсан учир маргааш янзлуулъя гэж хэлээд тэндээс хөдөлсөн. Тухайн газрын эзний нэрийг би мэдэхгүй. Тэндээсээ хөдлөөд шууд Түмэндорж гуайн колонк дээр ирээд 30.000 төгрөгийн бензин хийсэн. Тэндээсээ Нгийн гэрт ирээд тухайн машиныг зогсоосон. Тэгээд Д ахыг Сайрын цаад талд байх нэг айлд хүргэж өгсөн. Хэн гэдэг айл гэдгийг нь мэдэхгүй байна. Маргааш өглөө буюу 2024.09.19-ний өглөө 05 цаг 36 минутад Чойжилсүрэн гэдэг хүн байна. Манай гэрийн гадаа байсан машиныг яагаад аваад явчихав аа, машины эзэн нь машинаа очиж авна гэж хэлж байна. Хаягаа хэлээд өг гэхээр Хөдөө аж ахуйн хороолол 12-1224 тоот гэж хэлсэн. Тэгж хэлээд салгасан. Тэгээд хөөе юу болоод байна гэж бодоод Нг сэрээгээд энэ талаар хэлсэн. Тэгэхэд яасан бэ гэхээр нь бид хоёр хоорондоо нөгөө машины эзэнд хэлээгүй аваад явсан байна Д ахад энэ талаар хэлсэн дээр гэж бодоод өмнө хүргэж өгсөн айлын хашаанд ирэхэд Д ах байхгүй байсан. Тэгээд тэндээсээ Нгийн гэрт очоод яахав гэж Нтой ярьж байхад гаднаас Д ах ороод ирсэн. Тэгэхлээр би та чинь хаачихдаг юм бэ хөдөөнөөс хүн залгаад байна,. Д ахаас Н бид хоёр машины эзнээс нь зөвшөөрөл хүнтэй нь яриад өг гэж хэлээд өөрийн утаснаас 89998479 дугаар руу залгахад утас нь тэр холбогдохгүй байсан. Ах нь уулзаж ярьчихна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Д ахад авсан юм уу гэж асуухад нэг нутгийн хүн юм чинь учрыг нь олоод хэлэхэд ойлгох байх гэсэн. Тэгээд бид хоёр Д ахад Нгийн гэрт байж байгаарай машины эзэн нь ирээд машинаа авна гэсэн. Хойд талд байх машины засварын газарт оччихоод ирье гэж хэлээд гарсан. Засварын дотор байж байхад Дорж ах орж ирэхээр нь та чинь яагаад машин унаад ирэв хүн ирж авна шүү дээ хэлэхэд гаднаас Өнөрөө гэх нэртэй ах эхнэрийнхээ хамт орж ирсэн. Хэсэг хугацааны дараагаар Өнөрөө гэх нэртэй ах эхнэр болон Д ахын хамт засвараас гарсан. Тэр хэдийг орж ирэхэд Н шаригинд амбаар руу явсан. Буцаж орж ирээд шаригаа надад өгсөн. Тэгээд байж байхад тухайн засварын гадаа цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 22-23/,
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024.08.17-ны өдрийн 16 цагийн үед манай хашааны үүдэнд Д буюу Батмөнхтэй таарсан. Д ах нь 4-н замын цаахна унаж явсан гэх мотоциклын бензин дуусахаар нь орхиод ирлээ. Бензин хэрэгтэй байна. Ахад нь мөнгө байдаггүй нэг литр бензин аваад өгч туслаач гэсэн. Тэгэхлээр найз Гэрэлтуяагийн хамт өмнө бид хоёр жимсэнд явах замыг заагаад хамт түүгээд тусалж байсныг нь бодоод бид хоёр 2 литр бензин аваад Гэрлээгийн эзэмшлийн улаан хүрэн өнгийн машиндаа суулгаад мотоцикл байгаа гэх газарт нь хүргэж өгсөн. Тэгээд бид хоёр дөрвөн замын урдаас салаад гол орж усанд орчоод гэр лүүгээ харьсан. Маргааш өглөө буюу 2024.08.18-ны өглөө нь Дорж ах манайд ирээд жимсэндээ явъя гэсэн. Гэрлээгийн машинд би, 2 жаахан хүүхэд, Д нарын хамт Тосонгоос хөдөлсөн. Хөдлөхөөс өмнө нь хаашаагаа жимсэнд явах гэхэд Д ах “Жугна” гэх нэртэй газар байгаа гэсэн. Замд Д ах нэг шил юм аваад өгөөч гэж гуйгаад байхаар нь дэлгүүрээс 0.33 литрийн хэмжээтэй Хараа гэх нэртэй архи авч өгсөн. Тухайн архийг бид хоёр уугаагүй. Харин Д ах замдаа ууж явсан. Тэгээд Тосонгоос шууд Завхан аймгийн Тэлмэн сум Баян-Айраг багт байх Д ахын жимс зааж өгнө гэсэн газар руу явсан. Тэгээд Шар бэлчир гэх газарт Гэрлээгийн машины зүүн хойд дугуйны хэсэгт таг таг хийх чимээ гарахаар нь Гэрлээ машинаа зогсоод шалгахад цафны шарик нурсан байна гэж надад хэлэхэд 2024.08.18-ны 13 цаг өнгөрч байсан. Тэгээд Гэрлээгийн хамт машиныг нь янзалж байхад Д ахаас Тосон руу явах унаа зохицуулах боломж байна уу гэж лавлаж асуухад болно гэсэн. Тэгэхлээр би Гэрлээгийн машины байх газрын хойд талд байх нэг айл руу алхаад явсан. бид хоёр зүүн хойд талын дугуйны цафыг тайлж аваад дуусах гэж байхад сувдан цагаан өнгийн машиныг Д ах жолоодон уруудаж нэг айл руу ороод хэсэг байж байгаад гарч ирсэн. Тэгээд удалгүй буцаад бид хоёрын машин дээр ирсэн. Асуудал байхгүй гэхээр нь би эзэнтэй ярьчихсан юм байна. Ярьж тохирчхоод ирсэн юм шиг байна даа гэж бодсон. Тэгж байгаад 2024.08.18-ны өдрийн 17 цагийн үед тухайн газар буюу Гэрлээгийн машины цафний шарик нурсан гэх газраас сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг Д ах Гэрлээгийн машины хажуугаас засмал зам хүртэл барьсан. Д ах засмал замын хажууд зогсчхоод машинтай зөрөхөд эвгүй байдаг юм гэж хэлээд машинаас буухаар нь тухайн машиныг Гэрлээ Тосон руу жолоодон орж ирсэн. Тосонд 20-21 цагийн үед орж ирсэн. Тэгээд засварын 2 газраар ороход цоожтой байсан. Цааш хуучин захиргааны урд талд байх машин янзалдаг хүн дээр очиход 32-ын түлхүүр байхгүй, олоод ирэх юм бол янзлаад өгье гэж хэлсэн. Тэгэхлээр бид гурав Мөндөөгийн сэлбэгээс түлхүүр аваад тухайн газарт буцаж очоод янзлуулахад цафны шарикаа янзлуулсан. Тэгтэл Гэрлээгийн авч явсан гэх шарик таарахгүй шарик байсан болохоор маргааш нь янзлуулахаар болсон. Тэндээсээ хөдлөөд шууд Түмэндорж гуайн колонк дээр очоод 30,000 төгрөгийн бензин хийсэн. Тэндээсээ манайх руу яваад машиныг хашаанд зогсоосон. Тэгээд Д ахыг Саарийн цаад талд байх нэг айлд Гэрлээгийн хамт явганаар хүргэж өгсөн. Хэн гэдэг айл гэдгийг нь мэдэхгүй байна. Маргааш өглөө буюу 2024.09.19-ний өглөө Гэрлээ нөгөө машины эзэнд Д ах хэлээгүй аваад явсан байна. Д ахад энэ талаар хэлсэн дээр гэж Гэрлээ гэрээс гараад явсан. Удаа ч үгүй гаднаас Д ах ороод ирсэн. Тэгэхлээр Гэрлээ та чинь хааччихдаг юм бэ хөдөөнөөс хүн залгаад байна. Тэр хүнтэй нь яриад өг гэж хэлээд Гэрлээ өөрийнхөө утаснаас нэг дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Д ахаас Гэрлээ бид хоёр машины эзнээс нь зөвшөөрөл авсан юм уу гэж асуухад нэг нутгийн хүн юм чинь учрыг нь олоод хэлэхэд ойлгох байлгүй дээ, ах нь уулзаж ярьчихна гэж хэлсэн. Тэр үед тухайн машины эзнээс зөвшөөрөл аваагүй юм байна гэж Гэрлээ бид хоёр бодсон. Тэгээд бид хоёр манайхаас гараад цаф янзлуулахаар арын сэлбэгийн дэлгүүр орсон. Засвар дээр машинаа янзлуулж байхад Д ах нөгөө цагаан машиныг унаад засварын үүдэнд ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 25-26/,
Насанд хүрээгүй гэрч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг Шар бэлчир гэх нэртэй газарт аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг юм. Манайх тухайн газарт нэг газарт айл байсан. Тэгээд 2024.08.18-ны өдрийн 15-16 цагийн хооронд Өнөрнасан ахынх манай хажуугаас намаржаа руугаа буухаар гэрээ цагаан өнгийн Маяти маркийн бүхээгтэй машиндаа ачаалсан. Тэр үед ах ланд-80 маркийн цагаан өнгийн машиныг үлдээгээд явсан. Тэр үед манай аав, ээж 2 би, манай аав Чойжилсүрэн бид 2 тусалсан. Тэгээд манай гэрийн баруун талд Өнөрөө хаашаа явах талаараа хэлээгүй. Тэгтэл манай нутгийн ах Д нь гэрийн гадаа ирсэн. Д ах манай гэрт орж ирэхээсээ өмнө нь Өнөрөө ахын машинд суугаад түлхүүрийг хайгаад олж авч байгаа харагдсан. Тэгээд манай гэрт орж ирээд Өнөрөө ахын машиныг асаагаад улаан хүрэн машины дэргэд очсон. Тухайн машины Өнөрөө ахын машиныг аваад явлаа, Тосон орно гэж хэлсэн. Тэгээд Өнөрөө ахын машиныг асаагаад улаан хүрэн машины дэргэд очсон тухайн машины дэргэд 2 эгч байсныг суулгаад уруудаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 28-29/,
Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг Шар бэлчир гэх нэртэй газарт Өнөрнасанг гэх айлтай энэ жил хамт зуссан. Тэгээд 2024.08.18-ны 14-15 цагийн хооронд гэрээ ачаалахад нь хүү Мөнхсүлдийн хамт тусалсан. Тэгээд цагаан өнгийн машиндаа гэрээ ачаалж дууссаны дараагаар манай гэрийн хажууд цагаан өнгийн Ланд-80 маркийн машинаа үлдээгээд маргааш ирж авна гэж хэлээд намаржаа буюу Дунд шумуултай гэх нэртэй газар руу нүүсэн. Тэгээд би малдаа явчхаад гэртээ ирэхэд манай хүү Мөнхсүлд нь Өнөрөө ахын машиныг Д ах гэрийн хажуугаас асаагаад явчихсан гэсэн. Тэгэхлээр нь би маргааш өглөө нь Гэрэлтуяа гэх хүний хамаатан болох Банжгай гэх хүнээс дугаарыг нь аваад танай гэр хаана байдаг юм, машины эзэн нь машинаа авах гээд байна, яагаад хэлэлгүй аваад явсан юм гэж асуухад Д ах машины эзнээс хэлж байгаад авсан гэж хэлсэн. Тэгээд одоо Тосонд байна гэж хэлсэн. Тэгэхээр би тухайн хүний гэрийн хаягийг аваад үүрээр буюу 05 цагийн үед хөдөө гэрээсээ Өнөрөө ахын намаржаа руу явсан. Тэгээд тэднийд очоод болсон асуудлын талаар хэлэхэд намайг дагаад Тосонд 2024.08.19-ний 08 цагт орж ирсэн. Тэгээд Бүрэн авто засварын хажуугаар өнгөрч байхад Өнөрөө ахын машин урд нь зогсож байсан. Тэгээд машинаас Өнөрөө ах буугаад би гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх 31/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
1.2. Шүүгдэгч Ц.Б нь: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар маргах зүйлгүй...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Прокуророос шүүгдэгч Ц.Бөд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг нь хүний өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч Ц.Бийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын "Баян-Айраг" багийн "Шар бэлчир" гэх газарт иргэн Д.Ч гэрийн гадна байх Б.Өгийн эзэмшлийн 18-94 ЗАВ улсын дугаартай “landcruiser-80” маркийн тээврийн хэрэгслийг хохирогчид мэдэгдэлгүйгээр унаж явсан үйлдэл нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.
Хохирогч Б.Өгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 200,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ц.Б нь төлж барагдуулсан болох нь Хаан банкны хуулгаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Б нь энэ гэмт хэрэгт бусдад төлөх хохирол төлбөргүй болно.
5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бөд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ