Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

Улсын яллагч Г.Ганбагана /томилолтоор/,

Хохирогч А.*******,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 161 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* т төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******гийн ******* /РД.*******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” рестораны хашаанд байх Монгол гэрт иргэн А.*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, А.******* рүү төмөр сав шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогчийн мэдүүлэг /хх-6-7, 9/, яллагдагчийн мэдүүлэг /хх-45-46/, шинжээчийн дүгнэлт /хх-21-22/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.******* нь  шүүхийн хэлэлцүүлэгт:  “Тухайн үед дэлгүүр явж байгаад хоёр найзтайгаа таарсан. Гэрт найзуудаараа нийлж жоохон ууж байгаад бага охиноо аваад гол явсан. Маргааш өглөө нь ******* эгч рүү залгаад би Аялгуутай цуг гол дээр ирсэн байна та ирж аваарай гэж залгасан. Манай охин юм идээгүй тул та гэрээсээ ууж идэх юм аваад ирээрэй гэж хэлсэн. ******* эгч рүү залгахдаа хаягаа тодорхой хэлж чадаагүй ******* эгч хайгаад олоогүй. Хажууд байсан хүмүүсээс гуйгаад шаварнаас машинаа гаргуулсан. Гэрт ирээд байж байхад ******* эгч орж ирсэн. 4 пивотой ирэхээр нь түүнээс нь уусан, дэлгүүр орж дахиж пиво авч уусан. Манай найзууд өдөр 2, 3 цагийн алдад яваад өгсөн байсан, ******* эгч бид хоёр хоёулаа үлдсэн. Би тэгээд унтаж байсан, манай гэрт хүү, охин хүүхдүүд, хажуу айлын хүүхдүүд байсан. ******* эгч намайг дуудаад хүүхдүүд чинь намайг барьж идлээ өмөөрдөггүй юм уу гэж дуудсан. Манай найзын 15 настай охиныг чи аавдаа хүчиндүүлсэн янхан, золбин гэж байсан. Мөн манай хүү өөг золбин гэж өшиглөж авсан, охиныг том болоод ээж шигээ янхан болно гэж хэлсэн. Тухайн үед хүүхдүүд муудалцаж байгаад бүгд гараад яваад өгсөн, би хүүхдээ өмөөрөөд ******* эгчтэй цуг үлдээд ширээний хажууд байсан юмыг аваад чулуудсан байсан. Тэр нь төмпөн байсан, найз залуу орой 10 цаг өнгөрөөд бүх юм дууссаны дараа ирсэн” гэв.

Хохирогч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт:  “Өглөө над руу 07 цаг өнгөрч байхад залгахад нь би нойроо харамлаад унтаад өгсөн. Дахиж 2, 3 удаа залгахаар нь би гэртээ халуун липтон цай сахартай найруулаад дэлгүүрээс нэг хиам, ундаа, печень аваад очсон. Туул голын эрэг дээр байна гэсэн, би очоод хайгаад олоогүй, цаг гаран явсан. Сүүлдээ сигналдахад хүмүүс өглөө унтаж байхад гээд уурласан. Би машинаа тавьчхаад голын эргээр хайж зөндөө явсан. Цаг гаран хайсан бөгөөд залгахад би шавраас татуулаад гарсан, харьж явна гэсэн. Тэгээд би авсан юмаа аваачиж өгөхөөр гэрт нь очиход ирээгүй байсан, хашааных нь гадаа хүлээж байхад тэд нар ирсэн. Би Ганзаяа гээд залууг нь таньдаг, нөгөө хоёрыг нь танихгүй тэр гурав байсан. Бид хэд эднийд ирэхэд эрэгтэй хүмүүс нь архиа уусан, бид хоёр машинд байсан 4 лааз пивийг уусан. Дахиж дэлгүүр явж пиво авч уусан. Уг нь эднийхээр аягүй их орж гардаг залуу байдаг, ирэх юм бол та дагуулж ирсэн гэж хэлээрэй гэсэн. Тэгээд жоохон байж байгаад 2 залуу нь архиа ууж байгаад яваад өгсөн. Айлын охинтой яагаад маргалдсан бэ гэхээр тэр охинд би “энд олон эрэгтэй хүмүүс архи ууж байна хариач” гэж хэлсэн чинь урдаас аав, ээж хоёр гэр буулгаж байна, загнаад байна намайг гэсэн. Тэгэхээр нь би 16, 17 нас хүрчихсэн ийм том болчхоод гэр орондоо туслахгүй юм уу гэж загнаж байсан. Бид хоёр тасарч унатлаа согтоогүй, ийм болохоороо аав, ээждээ алуулж байхдаа таарсан юм загнасан. Аавдаа шаалгуулаад байхдаа таарсан юм гэж хэлээгүй, би уурлахдаа ч янз бүрийн үг хэлдэггүй, яаж уурласан би охин хүүхдэд ингэж хэлэхгүй. Би өөрөө том 2 охин хүүхэдтэй, эгч, эмэгтэй дүүтэй хүн. Би хүний хүүхдийг тэгж хэлэхгүй, эцэг эхдээ тусалсангүй гэж л загнаж хэрүүл болсон. Орой болоход гээд залуу нь үлдээд гадаа унтаж байсан. Би чиний тэгж хэлсэнийг чагнасан гэсэн. Би огт тэгж хэлээгүй, манай нөхөр 13 жилийн өмнө нас барсан, би хоёр охинтой, нэг удаа би ийм муухай үг хэлж байгаагүй. Тэгээд орой найз залуу нь ирэх болоход бид хэд хэвтсэн. Тэр залуу нь юун залуу ирсэн юм гэж уурласан чинь ******* харин тийм писда чинь гэр орон бузарлаад хүн дагуулж ирлээ гэсэн. Тэгэхээр нь би уурласан, намайг тэгж хэллээ гэтэл нөгөө залуу год үсрээд гараад явсан. Бос зайл гээд намайг хөөгөөд байсан, миний утас уначихсан байсан, би хөл нүцгэн гарсан. Миний хамарнаас цус гоожоод тогтохгүй байсан, зайл зайлахгүй бол ална шүү гээд байхаар нь гарсан. Би хөл нүцгэн гараад МТ колонкийн хажуунаас такси зогсооход нэг хөгшин ах л зогсож авсан. Тэр ахад би танд өгөх мөнгө төгрөг байхгүй байна, айлд ороод хамар хугарчих шиг боллоо цагдаа хүргээд өг гээд хүргүүлсэн. Цагдаа дээр очиход намайг түргэн рүү хүргэж өгсөн бөгөөд тэндээс манай хоёр эгч, хүргэн, эрэгтэй дүү ирж авсан. Бид нар буцах замдаа *******тай орж уулзъя гэсэн. Уг нь бид хоёр ийм харилцаатай хүмүүс биш. Гэрт нь ороход ******* байгаагүй, нөгөө залуу, охин нь, хүүтэйгээ 3 гурвуулаа байсан. Миний хамар хугарахад уг нь тэр залуу байсан, чи айлын хүүхэд тэгж хэлсэн биз дээ гэсэн яриатай л байсан. Нэгнийгээ ингэж болохгүй, чи гайгүй юу гэж асуусан юм байхгүй. Анх хэрэлдэхэд л эднийхээс хөөгөөд байх шиг байсан. Өмнө нь эднийд пиво уугаад л хоночихдог байсан. 4 настай хүүхдийг би юу гэж тэгж хэлэх юм, бид хоёр ч ам зөрж хэрэлдэж байгаагүй, би хараалын үг хэлдэггүй. Чи өөрөө голын эргээс 3 залуу нэг хүүхэнтэй ирсэн биз дээ гэдгийг нь хэлсэн чинь гараад яваад өгсөн. Чи хүний амьдралд гай боллоо юу гээд байгаа юм пизда чинь гээд сав шидсэн. Сав нь 3 литрийн никл сав байсан, би эмнэлэг цагдаагаар явахад манай гэрийнхэн ирж авсан. Цагдаа дээр байсан мөрдөгч нь маргааш ир гэсэн. Ирэхэд та нар нөгөө талтайгаа уулзсан юм уу гэсэн, миний хавдаад тэгширсэн байсан. Хамар хугараад хавдаад нүүр тэгширсэн байсан болохоор ******* юу яриад байгаа юм, нүүр лүү чинь цохиогүй гэж уурлаж хэрэлдсэн. Наадах чинь ойлгохгүй юм байна гээд бид хэд явсан” гэв.

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” рестораны хашаанд байх Монгол гэрт иргэн А.*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, А.******* рүү төмөр сав шидэж түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.*******ийн өгсөн: “...*******ыг би голын эрэг дээр хайгаад олоогүй учир гэрт нь очсон. Гэрт нь хамт пиво уусан ба найз залуу нь уурласан асуудлаас болж надтай маргалдсан. Тухайн үед намайг загнаад байхаар нь би уурласан...Миний нүүр рүү ******* никель хувин шидэж, хамар онож, хугалсан...” гэх мэдүүлэг,

/хх-6-7 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр С.гийн өгсөн: “...Жавзаа эгчийн гэр рүү ороход тэнд байсан ******* гэх эгч *******ын эгчийн хүүхдийг “охиныг нь янхан болно, хүүг нь золбин болно” гээд хараагаад загнаад байсан. Тэгээд би дундуур нь ороод яагаад байгаа юм бэ гэхэд намайг шууд алгадсан. Тэгээд би хүүхдүүдийг нь аваад гэрт нь ороод суусан...” гэх мэдүүлэг,

/хх-18-19 дүгээр тал/

 

  1. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 395 дугаар: “А.*******ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-21-22 дугаар тал/

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд,

/хх-59 дүгээр тал/

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-28-32, 52-58 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч А.*******ийн нүүр рүү төмөр сав шидсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 395 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчШүүгдэгч Б.******* нь 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр *******ны нутаг дэвсгэр рестораны хашаанд байх монгол гэрт иргэн А.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, А.******* рүү төмөр сав шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувьд 4 болон 11 настай хоёр хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл түүний хувийн байдал зэргийг харгалзаж үзээд 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Мөн хохирогч А.******* нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Цаашид хамар хугарсантай холбогдуулаад гарсан зардлыг баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн зүйлгүй, Б.******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүйг дурдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч А.*******ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

Харин шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ